Top StoriesНИЙГЭМЯрилцлага

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол малчид газар нутгийнхаа жинхэнэ хамгаалагчаас гадна газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чухал үүрэгтэй

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авахын тулд ямар зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Бидний өмнө тулгамдаж буй цөлжилт, бэлчээрийн даац хэтрэлт зэрэг өргөн хүрээнд Монгол Улс бодлогын түвшинд анхаарч, алхам алхмаар урагшлах ёстой талаар Eguur News агентлаг НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй илэн далангүй ярилцсан юм.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Eguur News агентлагт ярилцлага өгч байгаад тань талархал илэрхийлье. Та Монголд хэзээ анх хүрэлцэн ирсэн бэ. Монголд танд ямар мэдрэмж төрүүлэв?

-Би өнгөрсөн жилийн нэгдүгээр сард буюу 2025 онд Монголд ирсэн. Анх удаагаа Монголд хөл тавьж буй минь тэр. Гэхдээ мэдээж би Монголын талаар өмнө нь сонсож байсан, бүр арван жилийн өмнөөс Монголд ирэх хүсэл сонирхол надад байсан шүү. Тухайн үед ирэхээр төлөвлөсөн маань бүтэлгүйтсэн хэдий ч одоо Монголд ирчихээд харахад үнэхээр гайхамшигтай орон гэдгийг нь мэдэрч байгаа. Байгаль нь үзэсгэлэнтэй, газар нутаг нь үнэхээр гайхалтай. Миний онцгойлон үнэлдэг нэг зүйл бол нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдын томоохон сүрэг Монголд хадгалагдан үлдсэн явдал. Жишээлбэл хуланг авч үзье. Ийм хэмжээний сүрэг өөр улсад бараг харагдахгүй болсон. Миний бодлоор энэ нь та бүхний нүүдлийн соёл, уламжлалтай холбоотой. Өөрөөр хэлбэл бэлчээр нутгаа нээлттэй хэвээр хадгалж чадсантай холбоотой юм. Мөн зөвхөн байгаль төдийгүй хүмүүсийнх нь хувьд ч, геополитикийн байр суурийнх нь хувьд ч Монгол үнэхээр сонирхолтой орон шүү.

-Монголын нүүдлийн соёл, зэрлэг ан амьтан хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Та ч мөн нүүдэллэдэг ан амьтдын энэ онцлогийг тун нарийн анзаарсан байна. Үнэхээр ч таны хэлсэнчлэн бидний энэ ахуй орчин цагт үнэхээр өвөрмөц, гайхалтай хэвээр хадгалагдаж буй гэдэгтэй санал нэг байна?

-Тийм ээ. Өнгөрсөн жил Их говийн дархан цаазат газрын А хэсэгт очихдоо энэ бүхнийг илүү сайн ойлгож эхэлсэн. Үнэхээр гайхамшигтай газар. Дараа нь бодоход бараг миний эх оронтой дүйцэхүйц том санагдсан. Газрын зураг дээр бол жижигхэн мэт харагддаг шүү дээ. Тэгэхээр Монгол ямар өргөн уудам орон болохыг төсөөлж болно. Дэлхийн хэмжээнд газар нутгийн хэмжээгээрээ 18 дугаарт ордог том улс. Харин хүн ам нь ердөө гурван сая хагас орчим. Их говьд очоод мазаалайг ажиглаж, зэрлэг тэмээ, хуланг харсны дараа туурайтан амьтдын төрөл зүйл болон нүүдлийн өв соёлын ачаар өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн гайхамшигт биологийн олон янз байдлын талаар илүү ихийг мэдэж авсан.

-Үүнийг сонсох үнэхээр сайхан байна. Би ч гэсэн Их говьд үнэхээр дурлаж, тэндхийн нам гүм байдал надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн?

-Тийм ээ, надад ч бас яг тийм мэдрэмж төрсөн. Үүнийг үгээр тайлбарлахад хэцүү. Өөрөө очиж байж л мэдрэх хэрэгтэй зүйл. Тэнд аль болох чимээ шуугиан гаргахгүй байх ёстой. Говийн хавтгай дуу чимээнд маш эмзэг байдаг шүү дээ. Маш хурдан үргэдэг, бид хавтгай үргэж байхыг нүдээр харсан. Энэ нь тусгай хамгаалалттай бүсүүдийг хамгаалахдаа маш болгоомжтой байх ёстойг бидэнд сануулж байгаа юм. Тэнд хэт саад болох чимээ шуугиан байж болохгүй нь учиртай.

-Та саяхан Их говийн дархан цаазат газрын Б хэсгээр аялсан гэж сонссон. А болон Б хэсгийн хоорондын ялгааг та хэрхэн анзаарав?

-Тийм ээ, мэдээж ялгаа бий гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд А хэсэг нь Б хэсгээсээ илүү онгон дагшин төрхөөрөө хадгалагдсан мэт санагдсан. Мөн Их говийн Б хэсэг сүүлийн 30 жилийн хугацаанд хэрхэн сэргэснийг харж болохоор байсан. Би тэнд очихдоо хамгаалагч нараас энэ талаар асуусан. Тэнд 30 жил ажилласан нэг хамгаалагч байсан бөгөөд энэ хугацаанд байгаль хэрхэн сэргэснийг маш сайн тайлбарлаж өгсөн.

Өнөөдөр очоод харахад экосистем нь бараг бүрэн бүтэн хадгалагдсан мэт харагдаж байна. Янз бүрийн, олон төрлийн экосистемүүд бий. Баянбүрдүүд, өндөр дэрс, өргөн тал гээд үнэхээр үзэсгэлэнтэй. Харин Их говийн Б хэсэг арай өөр. Мэдээж илүү цөлийн хээрийн шинжтэй. Гэхдээ өвөл болохоор олон малчин малаа авчирч бэлчээдэг. Зарим тохиолдолд бүр хэт бэлчээрлэлт явагдаж байгаа гэж боддог. Тиймээс энд асуудал бий. Бид зөв шийдлийг олох хэрэгтэй. Учир нь эдгээр газар нутгийг хамгаалахын тулд малчид, орон нутгийн иргэдтэй маш нягт хамтран ажиллах шаардлагатай.

-Одоо таны амьдарч буй Улаанбаатар хотын талаар би асуумаар санагдлаа?

-Миний өмнөх томилолт Номхон далайн хойд бүсэд байсан. Би гэр бүлийнхээ хамт тэнд гурван жил орчим ажилласан. Тэгээд Улаанбаатарт ирэхэд гэнэт л маш сайн ресторанууд, тухтай кофе шопууд, олон төрлийн үйлчилгээ нээлттэй авч болдог болсон. Тиймээс Монголд амьдралын чанар сайн байх боломжтой гэж би боддог. Учир нь очиж болох газар, авах боломжтой үйлчилгээ олон байна. Гэхдээ Улаанбаатарын хөгжил зарим талаар буруу чиглэлд явсан. Хот доторх түгжрэл хэтэрхий их байна. Агаарын бохирдол их байна. Мөн нийгмийн тэгш бус байдал, ядуурал одоо ч харагдсаар байна. Үнэндээ Монгол шиг улсын хувьд нөхцөл байдал зайлшгүй ийм байх ёстой биш шүү дээ. Та бүхэн бол дундаас дээш орлоготой улс. Нөөц боломж бий. Тиймээс бид хамтран ажиллаж энэ хүнд нөхцөлөөс хэрхэн гарах талаар бодох хэрэгтэй. Нэг сайн зүйл нь танай удирдлагууд эдгээр асуудлын талаар нээлттэй ярьдаг. Тэд асуудлыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхийг хүсэж байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага

-Та хөдөө орон нутгаар явж үзсэн, одоо Улаанбаатарт амьдарч байна. Тэгвэл Монголын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Гадаад хүний, гаднаас нь харж буй хүний хувьд бид хамтдаа зөв гарцыг олно гэж найдаж байна. Монгол Улс баялаг нүүдлийн өв соёлоо хадгалсаар байгаасай гэж хүсдэг. Малчин хэвээр үлдэхийг сонгосон хүмүүс, малчин өрхүүд хүүхдүүддээ чанартай боловсрол олгох боломжтой байгаасай. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьжиргаагаа залгуулаад зогсохгүй орлогоо нэмэгдүүлэх боломжтой байгаасай гэж хүсдэг.

Хэрэв тэд өөр улс орноор аялахыг хүсвэл, эсвэл Монголын өөр бүс нутгаар аялахыг хүсвэл тийм боломжтой байх ёстой. Заримдаа малаасаа түр холдож амрахыг хүсвэл ч бас боломжтой байх ёстой.Гэвч өнөөдөр олон хүн тийм боломжгүй байна. Ядуурал их байгаа учраас хүмүүс эдийн засгийн хүнд нөхцөлд амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Энэ нь заримдаа малчдыг тогтвортой бус шийдвэр гаргахад хүргэдэг. Үүний үр дүнд газрын доройтол, цөлжилт маш ноцтой хэмжээнд хүрсэн.

Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь доройтсон гэсэн тоо бий.

Тиймээс бид хамтдаа энэ асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна гэж найдаж байна. Хүмүүс төрөлх нутагтаа амьдрах шинэ боломж, шинэ итгэл найдвар олж аваасай гэж хүсдэг. Тэд заавал хот руу шилжих шаардлагагүй байгаасай. Мөн өөр төрлийн орлогын эх үүсвэр бий болгох боломжууд бий. Жишээлбэл малчдыг аялал жуулчлалтай холбож болно. Экологийн аялал жуулчлал, малчдын амьдралтай танилцах аялал гэх мэт. Ийм зүйлс одоо ч байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ магадгүй илүү сайн зохион байгуулж болох юм.

Жуулчид зөвхөн малчдын амьдралын хэв маягийг хараад өнгөрөх биш, тэдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг амталж үзээд, худалдаж аваад, үнэ цэнийг нь мэдэрдэг байж болно. Мөн жижиг хэмжээний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, орон нутагт ажлын байр, орлого бий болгох боломжтой. Ийм боломжууд бий. Энэ нь дугуйг дахин зохион бүтээхтэй адил зүйл биш. Харин мэддэг, хэрэгжүүлж болох шийдлүүдийг бага зэрэг сайжруулж, зөв чиглэлд өөрчлөх тухай асуудал юм.

-Монгол Улс эмзэг экосистемтэй орон гэдгийг та мөн дурдсан. Тэгвэл уламжлалт, байгальд ээлтэй тогтолцоогоо алдагдуулахгүйгээр байгаль орчноо хамгаалахын тулд цаашид ямар арга замуудыг туршиж үзэх хэрэгтэй гэж та бодож байна. Энэ талаар бидэнтэй хуваалцаач?

-Юуны өмнө Монгол Улс бусад улс орнуудаас суралцах хэрэгтэй гэж бодож байна. Тэд байгаль орчноо хэрхэн хамгаалж ирсэн, тусгай хамгаалалттай газар нутгуудаа хэрхэн хангалттай санхүүжүүлж, нөөцөөр хангаж, байгаль хамгаалагчдынхаа чадавхыг хэрхэн бэхжүүлсэн зэрэг туршлагаас суралцах нь чухал. Гэхдээ Монгол бол онцлогтой улс. Тусгай хамгаалалттай бүсүүдэд малчид, малчин өрхүүд амьдардаг. Олон зууны турш үргэлжилсэн нүүдлийн өв соёл бий. Энэ нь бусад олон оронд байдаггүй онцлог. Тиймээс Монголын өөрийн өвөрмөц туршлагыг гаднын сайн туршлагатай хослуулах шаардлагатай.

Нэг талаас байгаль орчноо сүйтгэхгүйгээр жуулчдыг хэрхэн татах вэ гэдэг асуулт бий. Миний бодлоор энэ тал дээр Монгол хараахан бэлэн биш байна. Учир нь шаардлагатай дэд бүтэц хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй, зохицуулалт болон төлөвлөлтийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байна.

Жишээ нь би жуулчин байлаа гэж бодъё. Одоогийн нөхцөлд хүссэн газраа машинаараа явж болно. Өөрийн гэсэн зам гаргаад л давхиад байж болно. Энэ нь урт хугацаандаа байгальд сөрөг нөлөө үзүүлнэ.

Би заримдаа ямар боломж байгааг АНУ-д амьдарч байсан туршлагатайгаа харьцуулдаг. 1998-2006 оны хооронд найман жил АНУ-д амьдарсан. Тухайн үед гурван бага насны хүүхэдтэй байсан учраас гэр бүлээрээ үндэсний болон мужийн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр аялах дуртай байлаа.

АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцоо үнэхээр гайхамшигтай. Өнөөдөр тэнд очиход 20-30 жилийн өмнөхтэйгөө адилхан, бүр зарим талаараа илүү сайн хадгалагдсан байдаг. Үүний нэг гол зарчим нь ул мөр үлдээхгүй байх бодлого юм. Харин Монголд эргэн тойрноо харахад, ялангуяа Улаанбаатараас гараад явахад замын хажуугаар хуванцар хог энд тэндгүй харагддаг.

Хэрэв та бүхэн жуулчин татахыг хүсэж байгаа бол жуулчид хог хаягдал харахыг хүсэхгүй. Тиймээс ул мөр үлдээхгүй байх соёлыг орон нутгийн болон үндэсний хэмжээнд төлөвшүүлэх шаардлагатай.

Хэрэв та байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдлаараа жуулчин татахыг хүсэж байгаа бол бохирдлыг бууруулах ёстой. Энэ бол асар их ажил шаардсан, амаргүй сорилт. Зарим суманд хог цуглуулах оролдлого хийж байгааг би мэднэ. Гэвч зарим тохиолдолд хогийг нүхэнд булчихаад бүрэн дардаггүй. Салхи үлээгээд буцаагаад тараачихдаг. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд яг юу шаардлагатайг хүн бүр бүрэн ойлгосон гэж би бодохгүй байна.

Мөн зохицуулалтын асуудал бий. Жуулчид хаа дуртай газраа очдог байж болохгүй. Хэрэв олон жуулчин хүлээж авахыг хүсэж байгаа бол бүгд өмнөх шигээ хүссэн газраа очоод байвал арван жилийн дараа өнөөдрийн энэ үзэсгэлэнт байгаль үлдэхгүй. Арван жилийн дараа хамгаалалттай газар нутгууд доройтсон байх болно. Тиймээс илүү хатуу хяналт, илүү тодорхой чиглүүлэлт хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын компаниудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах талаар илүү сайн чиглүүлэх шаардлагатай.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага

Тусгай хамгаалалттай газруудын тухайд миний анзаарсан нэг зүйл бий. Зарим газрын хамгаалалтын бүс буюу буфер бүсүүдийг экологийн аялал жуулчлал хөгжүүлэхэд ашиглаж болох юм.

Жуулчид хатуу хамгаалалттай үндсэн бүс рүү нэвтрэх шаардлагагүй. АНУ-д ч гэсэн зэрлэг амьтдын хамгаалалтын бүсүүд байдаг. Хүмүүс дотор нь орж чаддаггүй ч гадна талаас нь мэдэрч, танилцаж болдог.

Монгол ч гэсэн ийм загварыг ашиглаж болно. Хамгаалалтын бүсүүдийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, орон нутгийн иргэд аялал жуулчлалаас бодит орлого олдог болгох боломжтой. Энэ бол хамгийн чухал зүйл. Аялал жуулчлал нь байгаль хамгаалахын зэрэгцээ орон нутгийн иргэдэд эдийн засгийн ашиг авчрах ёстой. Миний харснаар энэ хоёр зорилгыг хослуулах бүрэн боломж бий.

-Та голчлон тусгай хамгаалалттай газруудаар аялдаг гэж ойлгож болох уу?

-Би албан тушаалынхаа ачаар үнэхээр азтай байсан. Их говийн А болон Б хэсэг зэрэг гайхамшигтай газруудаар аялах боломж олдсон. Цаашид ч илүү олон хамгаалалттай газар очихыг хүсэж байна. Мөн би Хустайн байгалийн цогцолборт газарт очиж тахийг үзсэн. Сонирхолтой нь Их говийн Б хэсэгт очихдоо Хустай нь тахийг нутагшуулах ажлыг Их говийн Б хэсгээс ердөө нэг өдрийн өмнө эхлүүлсэн гэдгийг мэдсэн. Тахь буюу Пржевальскийн адууг харахад үнэхээр гайхалтай. Эхэндээ хэдхэн адуутай байсан байх. 12 эсвэл 18 байсан уу, сайн мэдэхгүй байна. Гэхдээ олон байгаагүй. Харин өнөөдөр Их говийн Б хэсэгт 350 орчим тахь бий. Тэднийг ажиглах үнэхээр сонирхолтой. Хустайн тахьтай харьцуулахад Их говийн Б хэсгийн тахь илүү зэрлэгшин байгааг харж болно. Харин хулан бол бүр илүү зэрлэг. Зөвхөн холоос л ажиглах боломжтой.

Мөн Олон улсын тахийн бүлэгтэй хамтран ажилладаг нэг биологич бидэнд камерт бичигдсэн зургуудыг үзүүлсэн. Үнэхээр гайхамшигтай байсан.

Их говийн Б хэсэгт очиход Их говийн А хэсэг шиг шууд сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрөхгүй байж болно. Харин Их говийн А бол үнэхээр онцгой газар. Тиймээс хэзээ ч тэнд Нарансэвстэйн боомтыг нээж, зам барих зэрэг зүйлд уруу татагдаж болохгүй гэж би боддог. Тийм зүйл хийвэл А хэсгийн биологийн олон янз байдал төдийгүй тэр газрын байгалийн унаган төрхийг сүйтгэж, ирээдүй үеийнхнээс булааж авах болно.

Их говийн Б хэсэг ландшафтын хувьд А шиг өвөрмөц биш байж болох ч маш онцгой биологийн олон янз байдлыг агуулдаг. Камерын зургуудыг харахад тэнд ямар гайхамшигтай амьтдын ертөнц байдгийг ойлгож болно.

Би энэ талаар улам ихийг сурч байна. Мөн бид хөгжлийн түншүүдийн уулзалтыг гурван сар тутамд зохион байгуулдаг. Тэнд “Wildlife Conservation Society”, “The Nature Conservancy” зэрэг байгууллагууд танилцуулга хийдэг. Эдгээр мэдээллийг бид заавал сонсох ёстой. Учир нь хөгжлийн тодорхой төсөл, арга хэмжээ нь Монгол шиг орны биологийн олон янз байдалд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг ойлгох шаардлагатай. Монголын онцлог нь хулан зэрэг нүүдэллэдэг амьтдад асар урт зайд шилжин нүүх боломж олгодогт оршдог. Тэдгээр амьтдад энэ өргөн уудам орон зай хэрэгтэй. Мөн хавтгай нь дуу чимээнд маш мэдрэмтгий гэдгийг ойлгох ёстой. Ийм зүйлсийг ойлгож байж л бид байгаль орчинд хор хөнөөлгүй, биологийн олон янз байдлыг хамгаалсан хөгжлийн бодлого боловсруулж чадна.

Ингэснээр ирээдүйн монголчууд өнөөдөр бидний харж буй байгальтай танилцаад зогсохгүй, магадгүй бүр илүү сайхан нөхцөлд мэдрэх боломжтой болно.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага

-Монголд тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхол өндөр бий. Гэвч таны хэлсэнчлэн хүний нөөц, дэд бүтэц зэрэг суурь нөхцөлүүд бодит байдал дээр хангалтгүй байгаа талаар салбарынхан ярьдаг. Тэгвэл Монгол Улс байгалийнхаа энэ өвөрмөц онцлогт нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ямар сорилтуудыг даван туулах шаардлагатай вэ?

-Миний бодлоор Монгол Улс аялал жуулчлалаас эдийн засгийн ашиг хүртэх, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн иргэд үр шимийг нь хүртдэг байх тэр дундаж тэнцвэрийг олох хэрэгтэй. Жишээлбэл, аялал жуулчлалын төлбөр, хураамжийн тогтолцоог зөв хөгжүүлэх шаардлагатай.

Цугларсан орлого нь зөвхөн орон нутгийн хөгжилд бус, мөн тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд буцаж зарцуулагдах ёстой.

Гэхдээ зарим газрыг ямар ч тохиолдолд хамгаалж үлдээх шаардлагатай. Би хүн бүрт нэг зүйлийг зөвлөдөг. АНУ-ын туршлагыг судлаарай. Би өөрөө ойроос харсан учраас энэ АНУ-ын жишээг байнга ярьдаг. Тэд зарим газраа хүмүүс нэвтрэх боломжгүй байдлаар хамгаалж чадсан байдаг.

Жишээ нь зэрлэг амьтдын дархан цаазат бүсүүд. Монгол Улс ч гэсэн хатуу хамгаалалттай бүсүүддээ ийм зарчим баримтлах хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй зарим газарт зөвхөн судлаачид эсвэл тусгай зөвшөөрөлтэй зочид маш нарийн хяналтын дор нэвтрэх боломжтой байх ёстой. Харин бусад хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй. Учир нь хүний оролцоо өөрөө тухайн орчныг алдагдуулдаг. Харин тэдгээр бүсийн эргэн тойрон дахь хамгаалалтын бүсүүд болон орон нутгийн иргэд амьдардаг газруудад аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Ингэснээр жуулчид зэрлэг амьтдыг ойроос биш ч гэсэн ажиглах боломжтой хэвээр байна. Амьтад ч мөн өөрсдийн нүүдлийн замаар үргэлжлэн шилжих боломжтой. Монголд нэг хамгаалалттай бүсээс нөгөөд хүргэдэг экологийн коридорууд байдаг.

Монгол Улс хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх зорилтынхоо хүрээнд эдгээр коридорыг хамгаалалтын тогтолцоонд хамруулах талаар бодох хэрэгтэй болов уу.

Мөн магадгүй аялал жуулчлал эдгээр онцлогийг хэрхэн ашиглах талаар бодож болох юм. Жуулчдад хулан сүргээрээ давхиж байгааг харах сайхан санагдах байх. Эсвэл Их говийн А хэсгээс гарсан мазаалайн мөрийг дагаж судлах зэрэг туршлагууд сонирхолтой байж болно. Гэхдээ бас маш болгоомжтой байх хэрэгтэй. Зарим газарт жуулчин оруулах боломжгүй.

-Шинжлэх ухаан, бодлого, бизнесийг нэгэн зэрэг холбосон эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг авч үзэхдээ Монгол Улс ямар өвөрмөц орон болохыг ойлгох хэрэгтэй. Би энэ чиглэлийн мэргэжилтэн биш гэдгээ эхлээд хэлмээр байна. Тиймээс хүмүүсийг буруу чиглүүлэхийг хүсэхгүй байна.

Гэхдээ миний харж байгаагаар Монголын нүүдлийн өв соёл өнөөгийн Монгол орныг бүтээхэд маш том хувь нэмэр оруулсан. Энэ өв соёл нь байгалийн ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалахад асар их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс Монголын янз бүрийн бүс нутагт амьдардаг иргэд, малчдын уламжлалт мэдлэгийг ойлгож, хадгалж үлдэх нь маш чухал гэж бодож байна.

Үүний зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдлэг, олон улсын шилдэг туршлагуудыг ашиглах хэрэгтэй. Гол нь шинэ зүйл зохион бүтээх биш, харин дэлхийд хамгийн сайн хэрэгжиж байгаа арга туршлагыг Монголын нөхцөл байдалд тохируулан ашиглах явдал юм.

Мөн хамгийн чухал нь байгаль хамгаалал болон малчдын амьжиргааг хооронд нь холбох хэрэгтэй. Энэ бол Монголын өмнө тулгарч буй онцгой сорилт юм. Зарим оронд ийм асуудал байдаггүй.

Магадгүй COP17 бага хурлын үеэр бэлчээрийн менежмент, тогтвортой ашиглалтын асуудлыг хэлэлцэх үед энэ сэдэв өргөн яригдах байх. Монголын хувьд малчид, малчин иргэд газар нутгийнхаа жинхэнэ хамгаалагчид байх ёстой. Тэд бэлчээр нутгаа хамгаалж, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад илүү идэвхтэй оролцох хэрэгтэй. Намайг Их говийн Б хэсэгт очиход хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйлсийн нэг нь ахлах байгаль хамгаалагч нь тухайн орон нутгийн хүн байсан явдал. Энэ бол маш чухал. Хэрэв бид Их говийн А болон Б хэсгийг урт хугацаанд хамгаалахыг хүсэж байгаа бол орон нутгийн иргэд өөрсдөө хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.

Намайг Их говийн А болон Б хэсэгт байх үед хүмүүс хууль бус ашигт малтмал олборлолтод маш их дургүй байдгийг сонссон. Учир нь хууль бус олборлолт байгаль орчныг доройтуулж, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Малчид үндэсний паркуудаа гэсэн маш их сэтгэлтэй.

Үндэсний паркуудаа өөрсдийн өв соёлын нэг хэсэг гэж үздэг. Тиймээс сүйтгүүлэхийг хүсдэггүй. Цаашид ч бид энэ хандлагыг дэмжих хэрэгтэй. Миний бодлоор энэ зарчим хууль тогтоомжид ч тусгагдах ёстой. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдийг хамгаалалтын тогтолцооны салшгүй хэсэг болгох хууль хэрэгтэй.

Мөн хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэхдээ зөвхөн хэмжээг нь нэмэх биш, сайн удирдлагатай байлгах шаардлагатай. Хэрэв хангалттай санхүүжилтгүй бол сайн удирдаж чадахгүй. Тиймээс урт хугацааны тогтвортой санхүүжилт хамгаалалттай газар нутгийн хамгийн чухал асуудлын нэг юм.

Байгаль хамгааллыг иргэдийн амьжиргаатай холбосон санхүүгийн тогтолцоо хэрэгтэй. Үүний сайн жишээ бол “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр юм. Энэ нь Монгол Улсын Засгийн Газар, “The Nature Conservancy” болон Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй 198 сая ам.долларын, 15 жилийн хугацаатай санаачилга юм.

Энд Монголын Байгалийн Өв Сан нь санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлж, хамгаалалттай газар нутгуудыг урт хугацаанд санхүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна.

Миний анзаарснаар “Ногоон малчин” төрлийн санхүүгийн хөтөлбөрүүд ч хэрэгжиж байгаа. Ийм хөтөлбөрөөр дамжуулан малчдад таатай нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлж, малын тоо толгойг бууруулах, бэлчээрээ илүү хариуцлагатай ашиглахад урамшуулал бий болгож болно. COP17 бага хурлын хүрээнд хэрэгжих “Business for Land” санаачилга мөн маш чухал гэж бодож байна. Энэхүү санаачилгын зорилго нь хувийн хэвшлийг газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцэхэд татан оролцуулах, байгальд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хувьд тогтвортой бизнесийн загваруудыг бий болгох юм. Эцсийн дүндээ хамгаалалттай газар нутгийн асуудал дээр бид бүгд хамтран ажиллах шаардлагатай.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага

-Таны бодлоор энэ хөтөлбөрүүдийн үр дүнд Монголын байгаль хамгааллын салбарт ирээдүйд юу бүтээж, хамгаалж, хэрэгжүүлж чадна гэж харж байна вэ?

“Өнө Мөнхийн Монгол” санаачлагыг авч үзвэл энэ нь олон түнш байгууллагыг нэгтгэсэн урт хугацааны санхүүгийн тогтолцоо юм. Энд Монголын Байгалийн Өв Сан нь байгаль хамгааллын сангийн үүргийг гүйцэтгэж байгаа. Миний бодлоор Монгол Улс ийм хараат бус байгууллагатай болсон нь маш хүчирхэг алхам юм. Учир нь энэ нь урт хугацааны санхүүжилтийг бий болгодог. Бид жижиг, жижиг богино хугацааны төслүүд, санхүүжилтээр хамгаалалттай газар нутгийн тогтолцоог бий болгож чадахгүй. Монгол Улсад сайн удирдлагатай, сайн санхүүжүүлсэн хамгаалалттай газар нутгийн сүлжээ хэрэгтэй.

Ялангуяа эдгээр бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой бол бүр ч илүү сайн менежмент шаардлагатай. Жуулчин татна гэдэг нь байгаль хамгааллын ажлыг улам нарийн зохион байгуулах шаардлагатай гэсэн үг. Тиймээс урт хугацааны найдвартай санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Мөн өмнө дурдсанчлан малчид болон тэдний гэр бүлд чиглэсэн санхүүгийн механизм ч хэрэгтэй. Ийм санхүүгийн тогтолцоогоор дамжуулан малчдад малын тоо толгойгоо бууруулах, бэлчээрийн менежментээ сайжруулах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд илүү идэвхтэй оролцох эдийн засгийн урамшуулал бий болгож болно. Учир нь тэдний ашиглаж буй газар нутаг нь хувийн өмч биш. Энэ бол хамтын өмч. Монголын бүх иргэний өмч юм.

-Дэлхийн 190 гаруй улс орон мөн COP15 бага хурлын үеэр 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилтыг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлогод ч 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг тусгаж буй. Тэгвэл энэхүү зорилтыг тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд цаашид бид юунд илүү анхаарах шаардлагатай вэ?

-Миний бодлоор юуны өмнө Монгол Улс энэ зорилгын дагагч биш, харин анхнаасаа манлайлагч орнуудын нэг байж ирсэн гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Монгол Улс 2030 он гэхэд газар нутгийн 30 хувийг хамгаалах санаачилгын үүсгэн байгуулагч, тэргүүлэгч орнуудын нэг юм. Ерөнхийлөгчийн байр суурийг сонсоход ч энэ зорилтын талаар маш тууштай байдаг. Бүгдээрээ үүнийг бодит ажил болгохын төлөө байна.

Мөн энэ жил болох COP17 бага хурлын үеэр ч Монгол Улс 30 хувийн зорилтоо хэрэгжүүлэх хүчтэй амлалтаа дахин нотлоно гэж найдаж байна. Гэхдээ газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авч, хамгаалалтын бүс болгон зарлах нь өөрөө хангалттай биш. Түүнийг сайн зохицуулж менежмент хийх хэрэгтэй. Сайн менежмент хийхийн тулд хангалттай санхүүжүүлэх хэрэгтэй. Мөн орон нутгийн иргэдийг удирдлага, хамгааллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоохыг хангах шаардлагатай. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын маш сайн тогтолцоо, тодорхой дүрэм журам, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай сайн хууль эрх зүйн орчин шаардлагатай. Өөрөөр хэлбэл бүх зүйл хоорондоо уялдаатай байх ёстой. Миний хувьд “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр болон Монголын Байгалийн Өв Сан зэрэг байгууллагуудын хамгийн үнэ цэнтэй зүйл нь бодлого, санхүүжилт, орон нутгийн оролцоог нэг дор нэгтгэж чаддагт оршдог.

-Монгол Улс энэ оны наймдугаар сард COP17 бага хурлыг зохион байгуулах гэж байна. 1994 онд байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын хүрээнд бид байгаль орчин болон тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтод нэгдсэн. Бид энэ хурлын үеэр цөлжилтийн асуудалд зориулсан шийдлүүд дэвшүүлэх хэрэгтэй. Монгол ямар шийдэл дэвшүүлэх боломжтой вэ?

-Юуны өмнө, дээр хэлсэнчлэн 30 хувийн зорилтоо бодитоор хэрэгжүүлэх, түүнийг сайн удирддаг, хангалттай нөөцтэй хамгаалалтын тогтолцоо болгох нь хамгийн чухал. Мөн тогтвортой бэлчээрийн менежментийн асуудал маш чухал. Үүний тулд малчид болон малчин өрхүүдэд газар нутгаа илүү сайн хамгаалах урамшуулал бий болгох санхүүгийн зөв тогтолцоо хэрэгтэй. Магадгүй малын тоо толгойг цөөрүүлэх, өөр төрлийн мал түлхүү өсгөх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээг дэмжих шаардлагатай байж болно. Нөгөө талаас, газрын нөхөн сэргээлтийг томоохон хэмжээнд хэрэгжүүлэх шинэ арга замуудыг олох нь маш чухал. Өнөөдөр Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь доройтсон бөгөөд цөлжилтийн асуудал тулгарч байна. Энд хамгаалалттай газар нутгууд тодорхой үүрэг гүйцэтгэж чадна гэж боддог. Зарим газар нутаг нь биологийн олон янз байдлын хувьд үнэ цэнтэй боловч мал аж ахуйд төдийлөн ашиглагдахгүй эсвэл эдийн засгийн үр өгөөж багатай байдаг.

Ийм газруудыг хамгаалалтад авах нь логик шийдэл байж болно. Мөн тусгаарлагдсан экосистемүүдийг хооронд нь холбох хэрэгтэй. Амьтад нэг экосистемээс нөгөөд чөлөөтэй шилжин нүүх боломжтой байх ёстой. COP17-ийн тухайд миний бодлоор үндсэн зорилтууд нь:

  • Бэлчээр нутгийг хамгаалах,
  • Газар нутгийг өргөн цар хүрээнд нөхөн сэргээх,
  • Байгальд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэх,
  • Эдгээр шийдлийг тогтвортой санхүүжүүлэх,
  • Хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах,
  • Хүмүүсийг газар нутагтай нь дахин холбох,
  • Иргэдийг өөрсдийн газар нутгийн жинхэнэ хамгаалагчид болгох явдал юм.

-Таны бодлоор Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулахад бэлэн үү?

-Монгол Улс дэлхийн 18 дахь том газар нутагтай орон. Асар өргөн бэлчээртэй ч газар нутгийнх нь ихэнх хэсэг доройтсон байна. Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь доройтолд өртсөн. Гэхдээ Монгол Улс маш хүчирхэг нүүдлийн өв соёлтой. Та бүхэн энэ сорилтын цар хүрээг маш сайн ойлгодог. Газрыг ийм том хэмжээнд сэргээхэд ямар арга хэмжээ хэрэгтэйг сайн мэднэ. Мөн шийдлүүдийг аль хэдийн туршиж эхэлсэн. Санхүүгийн болон бусад төрлийн шинэ арга барилуудыг хэрэгжүүлж байна. Монгол Улс манлайлагч байхыг хүсдэг.

Миний бодлоор Монгол Улс аль хэдийн манлайлагч болсон. Жишээлбэл, энэ жил хэрэгжүүлж буй “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийг санаачлахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс Монгол Улс COP17-ийг зохион байгуулахаар шийдсэнд би хувьдаа маш их баяртай байгаа. Бид ч мөн COP17-ийг амжилттай болгохын төлөө бүх талаар дэмжиж ажиллана. Энэ арга хэмжээ түүхэн дэх хамгийн том олон улсын арга хэмжээ болохыг би ойлгож байна. Төсөөлөөд үз дээ, 196 улс орон оролцож магадгүй.

Эдгээр уулзалтад ихэвчлэн өөрсдийн улс орондоо нөлөө бүхий хүмүүс ирдэг. Тиймээс энэ бол Монгол Улсын хувьд олон талын боломж юм. Хэрэв та аялал жуулчлалаа өргөжүүлэхийг хүсэж байгаа бол яг энэ мөч бол таны боломж. Энэ бол Монгол Улсын гялалзах мөч. Зөвхөн газрын доройтол, ган, цөлжилттэй тэмцэхийн төлөө хариуцлагатай ажиллаж буй улс гэдгээ харуулаад зогсохгүй Монгол ямар үзэсгэлэнтэй орон болохыг дэлхийд харуулах боломжтой.

Өөрийн ландшафт, биологийн олон янз байдал, бүс нутгууд, өвөрмөц соёлоо харуулах боломжтой. Мөн Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яам энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж, хурлын оролцогчдыг Монгол орноор аялуулах санаачилгууд боловсруулж байгааг харахад таатай байна. Энэ нь хурлын өмнө ч байж болно, дараа нь ч байж болно, эсвэл хурлын үеэр ч байж болно.

Гэхдээ ямар ч байсан энэ бол Монгол Улс өөрийгөө дэлхийд таниулах үнэхээр гайхамшигтай боломж гэж би бодож байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага

-Тэгэхээр таны хариулт эерэг байна гэж ойлголоо, баярлалаа. Учир нь COP17 бага хурлын бэлтгэл улс төрийн тогтворгүй нөхцөл байдалтай давхцаж байгаа учраас бид үнэхээр санаа зовж байгаа?

-Монгол Улсад тодорхой сорилтууд байсан. Засгийн газар, яамдын удирдлагууд ойр ойрхон солигдож ирсэн. Мэдээж энэ нь бид бүгдийн санааг зовоодог. Гэхдээ Монголын түүхийг харахад та бүхэн ямар нэгэн байдлаар үргэлж гарцаа олж чаддаг улс юм шиг санагддаг. Миний өнөөдөр харж байгаа зүйл бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам маш дайчин сайдтай болсон явдал.

-Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн ногоон эрчим хүчний шилжилт улам хурдасч байгаа бөгөөд Монгол Улсыг энэ шилжилтэд шаардлагатай газрын ховор элементийн нийлүүлэгч гэж үзэх болсон. НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувьд Монголын чухал ашигт малтмалын хэрэгцээ болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “Газрын доройтлыг тэглэх” зорилтыг хэрхэн тэнцвэржүүлэх боломжтой гэж та үздэг вэ? Монгол Улс үнэхээр уул уурхайгаар дамжин ногоон эрчим хүчний шилжилтэд хүрч чадах уу?

-Уул уурхай, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалал гурав хоорондоо зөрчилдөх албагүй. Хэрэв зөв удирдвал зэрэгцэн орших боломжтой. Үүний тулд маш хатуу байгаль орчны стандартууд мөрдөгдөх шаардлагатай. Ингэснээр улс орон байгалийн баялгаа ашиглахын зэрэгцээ ирээдүй үеийнхэндээ хор хохирол учруулахгүй байх боломжтой.

Мөн үнэхээр онцгой, дахин давтагдашгүй байгалийн тогтоцыг сүйтгэхгүй байх ёстой. Амьтдын нүүдлийн замыг тасалдуулахгүй байх хэрэгтэй. Биологийн олон янз байдлын өвөрмөц хэлбэрүүдийг хамгаалах ёстой.

Жишээ нь Монголд маш өвөрмөц бөхөн бий. Тэр нь Монголын тодорхой бүс нутагт л амьдардаг. Тиймээс хэрэв тухайн бүсэд уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол бөхөнд нөлөөлөх эсэхийг маш нухацтай бодох хэрэгтэй. Монгол бол асар том газар нутагтай, асар их боломжтой улс. Гэхдээ эдгээр гурван зорилгыг хооронд нь зөв уялдуулах арга замыг олох ёстой. Уул уурхайн төслүүдийн хувьд бидний байнга зөвлөдөг зүйл бол орон нутгийн нөлөөллийн үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг маш сайн хийх явдал.

Мөн хууль бус олборлолттой тэмцэх хэрэгтэй. Энд тэндгүй жижиг хэмжээний хууль бус олборлолт газар нутгийг маш ихээр талхалдаг. Тиймээс зарим тохиолдолд олон жижиг олборлолтоос илүү хяналттай, томоохон хэмжээний уул уурхайн төслүүд илүү зохистой байж болно.

-Өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд дэлхийн хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд хуваагдаж байна. Олон улс орон дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн “ногоон” татаас, бодлого хэрэгжүүлж байна. Ийм нөхцөлд Монгол Улс COP17-ийн зохион байгуулагч орны хувьд ногоон технологи, ногоон санхүүжилтийн нээлттэй солилцоог хэрхэн уриалж чадах вэ?

-Энд Монгол Улс өөрөө ч тодорхой хэмжээнд сайжрах шаардлагатай гэж бодож байна. Газрын тос, чулуужсан түлшнээс хараат байдлыг нь харвал, Улаанбаатарын агаарын бохирдлыг харвал, мөн нүүрс болон бусад чулуужсан түлшээр ажиллах цахилгаан станцын талаар үргэлжилж буй хэлэлцүүлгүүдийг харвал бодит байдал болон ярьж буй зорилго хоёрын хооронд тодорхой зөрүү байгаа нь харагддаг. Миний бодлоор Монголын удирдлагууд сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү ихийг хийхийг үнэхээр хүсэж байгаа. Монгол Улс салхины асар том коридоруудтай. Мөнх хөх тэнгэртэй. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Гэхдээ үнэнийг хэлэхэд энэ боломж хараахан бодит хэмжээнд хэрэгжихгүй байна. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь одоогоор ердөө хэдхэн хувьтай байна. Хэрэв та өөрөө энэ чиглэлд бодит алхам хийхгүй бол бусдад энэ талаар уриалахдаа хангалттай итгэл төрүүлж чадахгүй. Тиймээс энэ салбарт томоохон өөрчлөлт шаардлагатай.

Гэсэн ч Монгол Улс COP17-ийн сайн зохион байгуулагч болж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Монгол Улс геополитикийн хувьд төвийг сахисан, найдвартай талбар болж чаддаг гэдгээ олон удаа харуулсан. Жишээлбэл Улаанбаатарын яриа хэлэлцээний механизмыг авч үзэж болно. Та бүхэн хоёр хүчирхэг хөршийн дунд оршдог хэр нь энх тайвнаа хадгалж, өнөөгийн ардчиллыг бий болгож чадсан. Мөн гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Монгол бол бусдыг сонсох, харилцан ойлголцох боломж олгодог төвийг сахисан орон. Тиймээс COP17 амжилттай болно гэж би өөдрөгөөр харж байна.

Монгол Улс бусдад төвийг сахисан орчин бүрдүүлж, хил дамнасан болон дотоодын эмзэг асуудлуудын талаар илэн далангүй ярилцах боломж олгож чаддаг. Жишээлбэл ган, усны асуудлыг авч үзье. Энэ асуудал ихэвчлэн улсын хил давдаг. Тиймээс маш эмзэг асуудал байдаг шүү дээ. COP17-ийн үеэр усны асуудалд зориулсан тусгай өдөр ч болно гэж ойлгож байгаа.

Сүүлийн үед “Сибирийн хүч-2” зэрэг гурван талт хамтын ажиллагааны төслүүд эрчимжиж байгаа нөхцөлд зарим шинжээч Монголын гуравдагч хөршийн бодлогын орон зай хумигдаж магадгүй гэж санаа зовдог. Таны хувьд COP17 нь Монголд барууны болон Азийн түншүүдийг нэг ширээний ард дахин цуглуулах төвийг сахисан дипломат гүүр болж чадах уу?

COP17-д дэлхийн 196 улс орон уригдана. Тиймээс энэ нь Монгол Улс өөрийгөө дэлхийд харуулах гайхамшигтай боломж байх болно. Мөн өөрийн геополитикийн байр сууриа дэлхий нийтэд харуулах боломж юм. Монгол Улс “бид хүн бүрийн найз, хэний ч дайсан биш” гэдгээ маш тодорхой илэрхийлсээр ирсэн. Магадгүй өөр үгээр хэлдэг байх, гэхдээ би үүнийг ингэж ойлгодог. Монгол бол хүн бүр ирж, ярилцаж, ойлголцож чаддаг аюулгүй орон зай юм. Тиймээс гуравдагч хөршийн бодлогоо Монгол Улс цаашид ч тууштай үргэлжлүүлэх ёстой гэж бодож байна.

Өнөөдрийн геополитикийн орчин амаргүй гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ одоогийн байдлаар Монгол Улс энэ нөхцөл байдлыг маш чадварлаг жолоодож байна гэж боддог. Үнэндээ энэ нь Монголд ирэхэд түлхэж болсон хамгийн их сонирхол татсан зүйлсийн нэг байсан.

1990 онд социалист тогтолцоотой улс байсан Монгол хэрхэн өнөөдрийн ардчилсан улс болсон бэ гэдгийг би ойроос харахыг хүссэн. Тийм ээ, та бүхэн залуу ардчилал хэвээр байна. Олон сорилт бий. Гэхдээ бас маш том зорилго, хүсэл эрмэлзэлтэй. Жишээлбэл парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилго тавьж, 25 хувьд хүрсэн нь маш сайн үзүүлэлт. Мөн хүний эрх хамгаалагчдын тухай анхны хуулиудын нэгийг баталсан гэж би ойлгодог. Энэ бол үнэхээр сайхан жишээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар энд айлчилсан. Тэр ч мөн Монголыг хүний эрхийн хувьд “баянбүрд” гэж үнэлсэн гэж бодож байна.

Мөн ирэх долоо хоногт бэлгийн чиг баримжаа, жендэрийн ялгамжит байдлын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Монголд ирсэн. Ийм айлчлал хүлээн авахад бэлэн байдаг улс дэлхийд олон биш. Учир нь энэ бол маш эмзэг сэдэв. Миний ойлгосноор энэ нь түүний хоёр, гурван жилийн хугацаанд хийж буй дөрөв дэх айлчлал. Бүх тохиолдолд улсын урилгаар ирсэн. Энэ нь Монгол Улс ямар нээлттэй, эрх чөлөөг эрхэмлэдэг орон болохыг харуулж байна. Мэдээж эдгээр эрх чөлөөг бид хамгаалж, нандигнах ёстой.Харин үүнийг хамгийн сайн хийж чадах хүмүүс бол монголчууд өөрсдөө.

-Ойлголоо. Бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа

-Та бүхэнд мөн маш их баярлалаа.

Ярилцсан Б.БУЯНДОРЖ

Р.БОЛОР

Гэрэл зургийг: Г.ЗОЛБОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малчдаа зөв дэмжиж чадвал цөлжилттэй тэмцэх хамгийн том хүч нь өөрсдөө юм шиг санагдлаа

Зочин
Зочин

Malchidaa zugeer neg halamj avdag humuus gej bish gazar nutgiin hamgaalagch gej harah tsag boljee

Зочин
Зочин

Гадаад хүн ирээд Монголын байгалийг ингэж үнэлж байхад бид өөрсдөө илүү хайрлах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Bi neg yum boddog hun am tsoon mortloo iim ih gazar nutgaa hamgaalah geheer mash ih zardal shaardah bh daa

Зочин
Зочин

Хог хаягдлын асуудлыг хөндсөн нь зөв байна хөдөө гарахаар үнэхээр харамсмаар зүйл их байдаг

Зочин
Зочин

Ayalal juulchlaliig hugjuulne geed baigalaa suitgeed baival suuld ni uzeh yumgui l uldene

Зочин
Зочин

Тусгай хамгаалалттай газар нутгаа зөв удирдахгүй бол зөвхөн нэр төдий хамгаалалт болно

Зочин
Зочин

Монголын нүүдлийн соёл байгаль хамгаалахад ийм их үүрэгтэй гэж хүмүүс тэр бүр боддоггүй байх

Зочин
Зочин

Huuli bus olborloltoos bolj gazar nutag yamar ih suitdegig bugd meddeg mortloo shiidej chadahgui l yavna

Зочин
Зочин

Малын тоо биш чанарт анхаардаг болохгүй бол бэлчээрийн асуудал улам хүндрэх байх

Зочин
Зочин

Байгаль хамгаалалт болон аялал жуулчлалыг зэрэг хөгжүүлж болно гэдэгтэй санал нийлж байна

Зочин
Зочин

Amerikiin undesnii tsetserlegt hureelen shig zohion baiguulalt heregtei gedeg ni unen

Зочин
Зочин

Гадаадынхан манай мазаалай хуланг ингэж өндөр үнэлдэг гэхээр бахархмаар юм

Зочин
Зочин

Гадаадынхан манай мазаалай хуланг ингэж өндөр үнэлдэг гэхээр бахархмаар юм

Зочин
Зочин

Ulaanbaatariin tugjrel agaariin bohirdol deer helsen ni yag unen ug bn

Зочин
Зочин

Сайхан ярилцлага болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button