СПОРТ

Гурвуулаа дэлхийн аваргын медальтай шатарчин эгч, дүүс

Шатрын спортын хөгжилд гэр бүлээрээ зүтгэж яваа төлөөллийн нэг бол яах аргагүй Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Г.Даваахүүгийнх. Тэрбээр өхөөрдөм гурван охиноо шатраар хичээллүүлж, өөрөө дасгалжуулан дэлхийн энтэй тамирчин болгосон нь бахархам.

Үүний сацуу “Монголын гурван Полгар” гэгдэж буй өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн хошой аварга, Азийн аварга Д.Мөнхзул (15 нас), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Д.Өнөрзул (13 нас), сурагчдын дэлхийн аварга, Улаанбаатар хотын аварга Д.Хонгорзул (19 нас) нараар бахархахгүй байх аргагүй.

Шатарчин охидоороо Монголоо дэлхийд гоёж буй Г.Даваахүүгийнх

Нэг айлын гурван охин адил спортоор хичээллэж, дэлхийн медальт шатарчин болно гэдэг амаргүй нь мэдээж. Үүнд Г.Даваахүү болон түүний гэргий Н.Наранцэцэгийн сэтгэл, уйгагүй хөдөлмөр, зүтгэл нөлөөлсөн нь дамжиггүй.

Д.Мөнхзул 2014 онд өсвөрийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд төрийнхөө дууллыг эгшиглүүлэн, монгол түмнээ баярлуулсан. Тэгэхдээ тус тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр дахь (анхных нь Д.Номин-Эрдэнэ) шатарчин болж, тухайн жил Оны онцлох хүүхдээр тодорсон билээ. Үүний сацуу сурагчдын ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт, Азийн аварга тэрбээр 2020 онд Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн юм.

MASS.mn - Д.Мөнхзул: Гадаадын хүүхдүүд шатартаа сайн төвлөрдөг юм билээ

2018 оны Хүүхдийн баяраар, сурагчдын ДАШТ-д хоёр дараа түрүүлээд ирэхэд нь Д.Мөнхзултай уулзахад “Энэ жил ДАШТ-д оролцох үеэр аав, ээж хоёр БНСУ-д байсан болохоор надтай хамт явж чадаагүй. Тэмцээнд өмнө нь хоёр ч удаа ганцаараа оролцож байсан тул айгаагүй ээ. Тайван, ухаалаг тоглоё л гэж бодсон. Бас ДАШТ-ий үеэр утаснаасаа фэйсбүүкийн аппликэйшнээ устгасан. Тэмцээнд оюунаа сорьж бус, зусланд бэлтгэл хийж байна гэж бодоод л оролцлоо. ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүлсэн болохоор гоё санагдсан, гэхдээ би тийм ч их баярлаагүй ээ. Өнгөрсөн жил дэлхийн хошой аварга болохдоо л их баярласан” хэмээн хэзээний хал үзэж, хашир суусан тамирчин аятай өгүүлсэн.

Мөн түүний аав Г.Даваахүү “Мөнхзулыг найман настай байхад нь манайх “Сансар” хороололд амьдардаг байлаа. Ажилтай болохоор эхнэр бид хоёр охиноо бэлтгэлд нь тэр бүр хүргэж өгч амждаггүй. Мөнхзул өглөө гэрээсээ 08.00 цаг ялимгүй өнгөрөөж гараад Төмөр замд байдаг Дамдин багшийнд очиж бэлтгэл хийнэ. Тэнд хоёр цаг давтчихаад IV хороололд байдаг Их мастер Хатанбаатараар шатар заалгадаг байлаа. Төмөр замаас IV хорооллын эцэс рүү алхана, заримдаа автобусанд сууна. Мастерынд хоёр цаг гаруй бэлтгэл хийчихээд 17.00 цагийн үед гэртээ ирдэг. Наймхан настай жаахан охиндоо санаа зоволгүй яах вэ. Байсхийгээд утсаар холбоо барин, тэгээрээ, ингээрэй гэж захидаг байлаа. Охин минь хоёр сар гаруй тэгж бэлтгэл хийн, Сансраас Төмөр зам, Төмөр замаас IV хороолол, IV хорооллоос Сансар руу жим гартал гүйсэн хөдөлмөрийнхөө үр шимээр тэр жил дэлхийн аварга болсон. Мөөжөө багаасаа бие даасан болохоор их хэрсүү. Одоо 10 настай дүү нь тэгж явах нь байтугай гэртээ ганцаараа үлдэж чаддаггүй шүү дээ” хэмээн инээмсэглэсэн юм.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн

Д.Мөнхзулын дүү Д.Өнөрзул эгчийнхээ амжилтыг давтах тун дөхсөн. Дэлхийн шатрын холбооны дэд мастер тэрбээр 2016 онд өсвөр үеийн ДАШТ-д анх оролцохдоо мөнгөн медаль хүртэн, дэлхийн дэд аварга болсон.

Сонирхолтой нь ДАШТ-ий үеэр Д.Өнөрзулын төрсөн өдөр тохиосон. Медалийн өнгийг нь шийдэх чухал тоглолтууд хүлээж байсан болохоор анхаарал нь сарних вий гэж болгоомжлоод тэмцээний үеэр төрсөн өдрийг нь тэмдэглээгүй, охиндоо ч хэлээгүй гэнэ лээ.

Өмнөх жилүүдийн дэлхийн аваргад Д.Мөнхзул оролцохдоо ээжийгээ санаад, бүрэн төвлөрч чадахгүй байгаа нь анзаарагджээ.  Тиймээс тэр жил жил хоёр охиныхоо (Д.Мөнхзул, Өнөрзул) сэтгэлзүйг тогтвортой байлгахын тулд аав, ээж хоёр нь хамт явсан юм. Үүний сацуу Өнөрзул “Та бид гуравтай хамт явахгүй бол би лав дэлхийн аваргад оролцохгүй шүү” гэж ээжийгээ айлгасан гэнэ лээ.

Тэгж хоёр охинтойгоо аав, ээж нь хамт явсны үр дүнд бага охин нь дэлхийн аварга болсноор Д.Мөнхзул, Д.Өнөрзул нар дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын анхны шатарчин эгч, дүүс болсон юм. Үүний сацуу сурагчдын ДАШТ-ий хүрэл медальт Д.Өнөрзул Азийн АШТ-ий алт, дөрвөн мөнгөн медальтай.

ДАШТ-д хамт оролцсон дүү нь мөнгөн медаль хүртсэн баярт мөчийн тухай “Өөнөө /Өнөрзул/ их хурц тоглолттой. Анхаарлаа төвлөрүүлье, өрсөлдөгчөө заавал хожих ёстой гэж зорьсон ч “Дүү маань яаж тоглож байгаа бол. Хожигдчих вий” гэж их айсан, би. Хэдийгээр тоглолтын дундуур аав, ээж хоёр надад “Дүү нь хожно. Өөнөөдөө итгэх хэрэгтэй. “Дүү маань яаж тоглож байгаа бол. Хожигдчих вий” гэж их айсан, би. Миний охин өөрийнхөө өрөгт л анхаарлаа төвлөрүүл” гэж захисан ч санаснаар минь болсонгүй. Би хамгийн сүүлчийн өрөгт хожиж явахдаа тоглолтын дундуур Өөнөөгийн өргийг очиж харсан юм. Дүү маань ч хожиж, мөнгөн медаль авах нь тодорхой боллоо. Ширээн дээрээ буцаж ирээд тоглолтоо үргэлжлүүлэх гэтэл анхаарал огт төвлөрөөгүй. Тэгээд л хожигдчихсон” гэсэн юм.

Гурван охиноо гурвууланг нь дэлхийн аваргын медальтай болгох хүсэл Г.Даваахүү, Н.Наранцэцэг нарт байсан нь мэдээж. Энэ хүсэл нь 2017 онд биелсэн. Тэр жил Румын улсад болсон сурагчдын ДАШТ-ий блиц төрөлд түрүүлж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдарт хүрчээ. Тэгэхдээ тус тэмцээнд дүү Д.Мөнхзулын хамт түрүүлж, аав, ээжийгээ, монгол түмнээ баярлуулсан юм. Нэг дэлхийн аваргад нэг айлын хоёр охин түрүүлнэ гэдэг яах аргагүй ховор амжилт. Тэгснээр “Монголын гурван Зул” гурвуулаа дэлхийн аваргын медальтай болсон юм.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 6 хүн, үүний дотор Gonchig Davaakhuu, Tsetsegee Nyamosor

Тэдний удамд Гунгаабазар гэдэг спортын мастер цолтой хүн байсан юм билээ. 1970-аад оны үед Монголын шигшээ багт багтан, дэлхийн шатрын олимпиадад оролцож байсан гэдэг.

Г.Даваахүү охидынхоо талаар “Дэлхийн алдарт шатарчид болох Унгарын гурван Полгар шиг эгч дүү гурван шатарчин гарч ирж байна гээд спорт сонирхогчид ярихад нь би их баярладаг. Яагаад болохгүй гэж. Шатрын спортын оргил бүхэнд гурван охиноо гаргахын төлөө би бүхнээ зориулна аа.

Охидоо Унгарын гурван Полгар шиг алдартай тамирчин болгох нь миний мөрөөдөл. Унгарын алдарт эгч дүү гурван Полгар болох Жужа 19, Софи 14, Юдит 12 настайдаа шатрын дэлхийн олимпиадад оролцон, аваргалж байсан юм. Хожим Жужа дэлхийн аварга болж, Юдит эмэгтэй шатарчдын чансааг 2879 оноогоор дээд амжилт тогтоон, эрэгтэй шатарчидтай тоглохыг илүүд үздэг Софи нь Гарри Каспаровоос авахуулаад Веселин Топалов хүртэлх дэлхийн аварга, шилдгүүдийг хожсон юм.

Санаж явахад бүтнэ гэдэг шүү дээ. Охиддоо дэлхийн топ 10 аваргын түүхийн тухай ном уншуулсан. Тамирчин хүн ямар их саад бэрхшээлийг давж амжилтад хүрдэг, үлгэр жишээ аваасай гэж бодсон юм” гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Монголыг дэлхийд гайхуулах зулууд юм. Улам өндөр амжилт эрүүл энх аз жарг####ыг хүсэе. Дараагийнх нь мастерууд ч бас байгаа юм байна .

  2. гурван Зулаараа бахархаж баярлаад баршгуй. Баярын нялмас гарч байна.Та гурвыг маани Бурхан ивээг

  3. Гайхам шигтай…Монголын бахарх####. Эд нарт л тэр тэнэг бөхчүүдэд өгдөг олон шагн####аа өгөөсэй блээ. 3 хөөрхөндөө өндөрөөсөндөр амжилт хүсэн ерөөе. Дэлхии Монголоос айн чичрэх өдөр ойртсоор л..

  4. Ямар сайхан мэдээ вэ? Ухаантай аав ээжүүд, хүүхдүүдээ, зөв юманд сургаж дэмжиж байдаг нь ёстой бахархууштай юмаа. Гурван ухаант охидод, болон ээж аавд нь баяр хүргэе ээ.

  5. Ёстой сайхан гэрэлтэй мэдээ байна. Монголыг дэлхийд дуурсагдах гайхамшигтай гавьяа байгуулж байгаа та гуравт маш их амжилт хүсэе. Энэ аав ээжийнх нь нөр их хөдөлмөр байгааг бас мартаж болохгүй. Улам их амжилт хүсэе танай гэр бүлд баярллаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button