ДЭЛХИЙ

“AstraZeneca/Oxford”-ийн вакцин өндөр настнуудыг хэр үр дүнтэй хамгаалах вэ

“AstraZeneca” компани болон Оксфордын их сургууль хамтарч гаргасан вакцин өндөр настнуудыг хэр үр дүнтэй хамгаалдаг талаар хангалттай баримт байхгүй гэнэ. Ийм шалтгаанаар Европын эмийн агентлаг тус вакциныг зөвхөн залуу хүмүүст ашиглах батламж гаргаж магадгүй байна. Европын эмийн агентлаг “AstraZeneca/Oxford”-ийн вакциныг энэ долоо хоногийн сүүлээр батлах төлөвтэй байсан юм. ЕЭА-ийн гүйцэтгэх захирал Эмер Күүк хэлэхдээ “AstraZeneca” компаниас бүрдүүлж өгсөн баримтыг бүхэлд нь шалгаж үзэж байгаа гэсэн байна.

“AstraZeneca” компанийн захирал Паскал Сориот “la Repubblica”-д ярилцлага өгөхдөө өндөр настай хүмүүст вакцины үзүүлэх нөлөөний талаарх баримт хомс гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэгсэн хэдий ч тэрбээр “Өндөр настнуудад залуу хүмүүст ажиглагддаг шиг вирусээс хамгаалж маш хүчтэй эсрэг бие үүссэн” хэмээсэн юм. Сориот нэмж хэлэхдээ “Үнэндээ бол зүгээр л дээ. Хүн болгонд хангалттай вакцин байгаа. Тийм учир тэд өндөр настнуудад өөр вакцин ашиглаад, залуу хүмүүст бас нэг вакцин хийхийг хүсэж байвал асуудал байхгүй” гэсэн байна.

Сориот ярилцлага өгөхийн өмнө нэгэн Германы сонинд тус вакциныг 65-аас дээш настай хүмүүст дөнгөж найман хувийн үр дүнтэй л байж магадгүй гэсэн нийтлэл гарсан юм. Харин “AstraZeneca” компани тус найман хувийн үр дүн гэх үзүүлэлт бүхэлдээ буруу гэж хариу мэдэгдэл хийсэн. Ингэхдээ тэд Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар болон “Lancet” эрүүл мэндийн сэтгүүл нийтэлсэн баримтыг дурдсан юм.  

Германы эрүүл мэндийн яам тус сонинд нийтэлсэн үр дүнг вакцины туршилтад оролцсон 65-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувьтай андуурсан байж магадгүй хэмээн мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд “Вакцины туршилтад оролцсон хүмүүсийн ойролцоогоор найман хувь нь 56-аас 69 настай хүмүүс байсан. Зөвхөн гурваас дөрвөн хувь нь 70-аас дээш насныхан байсан юм. Энэ нь вакцины үр дүн өндөр настнуудад найман хувь гэсэн үг биш” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button