УЛС ТӨР

МАН БА ЕРӨНХИЙЛӨГЧ: ҮХЦ дээр маргаан үүсгэнэ, үүсгэхгүй. Бүрэлдэхүүнийг солино, солихгүй

“Цэцийн хуралдаан болон зөвлөлдөөн хууль тогтоомжид заасан амралтын цагаас бусад хугацаанд ТАСРАЛТГҮЙ явагдана”. Энэ бол ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дэх заалт юм.  Гэвч ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан хэлэлцэж буй асуудлаа тасалж, 10 хоноод байна. Хэдийгээр хурал хойшилж, бүрэлдэхүүн солих зохицуулалтууд нээлттэй ч ингэж удаан завсарлаж буй нь эрхгүй анхаарал татах асуудал юм. Уг асуудлаар,  

Ерөнхийлөгчийн талынхан: “Тогтоол баталгаажсан учир Бага суудал хуралдах үндэслэлгүй”

МАН-ынхан: “Бага суудлын хуралдаан болж, Ерөнхийлөгчид хамаарах заалтыг хэлэлцэнэ”

ҮХЦ: Үргэлжлүүлэн хэлэлцэнэ, бага суудлаас албажсан шийдвэр гараагүй.

Талуудын хүлээлт, уур амьсгал товчхондоо ийм байна. Түүхэндээ Үндсэн хуулийн хэрэгжилтийг сахин хамгаалдаг цэц хэлэлцэж буй асуудлаа ингэж удаан тасалж байсан кэйс ер үгүй гэх. Яагаад өдий хүртэл ҮХЦ-ийн Бага суудлын “үргэлжлэх” тов зарлагдахгүй байгаа вэ?

Эхлээд маргааны агуулгыг товчилбол: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх ба одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг зааж өгөх ёстой гэх агуулгаар Т.Доржханд нар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлсэн.  Уг мэдээлэл Цэцийн гишүүн Д.Солонгод хуваарилагдсан бөгөөд тэрээр тус асуудлыг хянаад Цэцийн маргаан үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Харин ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр “Д.Солонгын саналыг хэлэлцэх шаардлагагүй” гэх агуулгаарх санал гаргасан бөгөөд түүний саналын дагуу Цэцийн гишүүн Д.Солонгын маргаан үүсгэх нь үндэслэлтэй эсэхийг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн билээ.

ЯАГААД ҮХЦ-ИЙН БАГА СУУДЛЫН “ҮРГЭЛЖЛЭХ” ТОВ ЗАРЛАГДАХГҮЙ БАЙГАА ВЭ?

Шалтгаан 1:

МАРГААН: Бага суудал хуралдах үндэслэлтэй, үндэслэлгүй

Уг асуудлаарх Бага суудлын хуралдаанд оролцсон Ш.Цогтоо “Гурван гишүүн гурвуулаа бага суудлын хуралдаанд оролцсон. Цэцийн шийдвэр гардгаараа гарсан. Бага суудлын хуралдааны гишүүний олонх цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзсэн” гээд илэрхийлчихсэн. Эх сурвалжуудын мэдээллүүд ч тэр Д.Одбаяр хурлыг орхиж гарсан ч Ш.Цогтоо, Д.Нанзаддорж нар олонхийн шийдвэрээр тогтоолоо баталгаажуулж, гарын үсгээ зурсан гэгдэж буй.

Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэрийн гаргасан саналын дагуу Д.Солонгын үүсгэсэн маргааныг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэсэн үг. Нэгэнт хуралдчихсан бага хурал дахин уг асуудлаараа хуралдах үндэслэлгүй. Харин эсрэг талд нь, ҮХЦ-ээс “Шийдвэр албажаагүй учир хуралдах үндэслэл хадгалагдана” гэсэн тайлбар өгч байгаа юм.

Яг шийдвэр гарсан эсэхийг тухайн хурлын тэмдэглэлийг ил гаргаж байж л мэдэгдэх боломжтой. Гэвч ҮХЦ-ийн дунд, их суудлын хуралдааны тэмдэглэлийг хүсэлт ирсэн тохиолдолд гаргаж өгдөг, бага суудлын зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл хаалттай байдаг аж. Үнэхээр тэмдэглэл дээр тогтоол албажаагүй бол ҮХЦ хэдийнэ бага суудлын хуралдаанаа зарлачих хугацаа өнгөрсөн. Хуулийн тээгэнд ороод гацсан гэх хардах өнцөг энд ихээхэн анхаарал татаж байна.

Шалтгаан 2:

ЕРӨНХИЙЛӨГЧ БА МАН: Бага суудлын бүрэлдэхүүнд өөрсдийн төлөөллөө оролцуулах өрсөлдөөн

Хэрвээ Бага суудлын хуралдаан үргэлжлэхээр болбол, бүрэлдэхүүн солигдох нь тодорхой байна. МАН-ы зүгээс Ерөнхийлөгчийн саналаар ҮХЦ-ийн гишүүн болсон Ц.Нанзаддоржийг хасах тактик барих аж. Тиймээс ч саяхан Ерөнхийлөгчийн хүмүүстэй илтэд хамааралтай Ц.Нанзаддоржийн баримтуудыг олон нийтэд ил гаргаж, “шидсэн”. Эсрэг талд нь Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн саналаар томилсон гишүүдээсээ багтаах тооцооллыг өрөх нь тодорхой. Тэднийх гурван гишүүнтэй ч Б.Буяндэлгэр санал оруулсан учраас Бага суудалд багтах учиргүй.

Харин эрх баригч намын гол хөзөр нь ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр. Тэрбээр намынхаа хамаг чухал үүрэг даалгаврыг үүрэх үүрэг хүлээж, хариуд нь дипломат албан тушаал авах тохироо хийсэн талаар яригдаж буй. Д.Одбаярыг уг бүрэлдэхүүнээс хаслаа гэхэд Г.Баясгалан нарын МАН-д шууд хамааралтай гишүүнийг багтаахаар тооцсон гэх.

Гурван гишүүний хоёр нь л Ерөнхийлөгчийн юм уу МАН-ын талд орох хүн байх учиртай. Ийм хүслүүд тал талаасаа уулзаж, зөрчилдөөн үүсгээд байгаа учраас Бага суудлын хуралдааныг товлож чадахгүй гацсан гэх логик харагдаж байна. Мөнхүү өмнөх Бага суудлын хуралдаанд оролцсон Ш.Цогтоо эдүгээ албаа өгсөн нь ч шинэ нөхцөл байдал үүсэхэд нөлөөлж буй юм.

БАЙР СУУРЬ: БАГА СУУДАЛ ХУРАЛДАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ

Б.ГҮНБИЛЭГ: ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААГААГҮЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖГҮЙ

Цэцийн гишүүн нь асуудлаа шийдээд дууссан гэх агуулгаар яриа өгсөн байсан. Энэ асуудал өөрөө их сонин. Цэцээс болохоор хурал дуусаагүй гэсэн. Тиймээс ч хуульчдын хувьд хурлын тэмдэглэлийг харж, яг тогтоол үйлдсэн эсэхийг мэдэж байж л байр сууриа илэрхийлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. ҮХЦ-ийн үйл ажиллагаа ил тод байх хуулийн зохицуулалттай. Бага суудлын хуралдаанаа хийсэн юм уу, хийгээгүй юм уу гэдгээ зарчмын дагуу тайлбарлаж чадахгүй байж ҮХЦ яаж хуулиа манаж чадах юм.

Бага суудлыг хуралдаан дуусгавар болоогүй гэж үзэж байгаа бол цэцийн гишүүн чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ хуралдаан хийх хуулийн зохицуулалттай. Гэхдээ ҮХЦ нь Үндсэн хуульд заагаагүй зүйлээр маргаан үүсгэх боломжгүй. Үүнд 100 хувь итгэлтэй байна. Эрх мэдлээ илүү гарган хэрэглэж болохгүй. Үндсэн хуулийн цэц хууль тогтоох байгууллага биш. Энэ нь УИХ-д хамаардаг онцгой эрх. Өөрийн байр суурийг улс төрийн маргаан дээр цэц илэрхийлэх нь буруу.

Б.МЭРГЭН: ШИЙДВЭР ЭЦЭСЛЭН ГАРААГҮЙ ҮЕД ЦЭЦИЙН ГИШҮҮН СОЛИГДСОН БОЛ ШИНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

Миний хувьд маргааны оролцогч биш учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийн хүрээнд хөндлөнгийн байр суурьнаас л ажиглаж байна. Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх хэрэгжиж байх үед Бага суудлын хуралдаан албан ёсоор болж, шийдвэрээ эцэслэн гаргасан бол түүнээс хойш бүрэн эрх нь түдгэлзсэн гэдэг нь маргааныг дахин шинэ бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Харин Бага суудлын хуралдааны шийдвэр эцэслэн гараагүй буюу зарим гишүүний тайлбарлаж байгаачлан үргэлжилж буй тохиолдолд хуралдаан эхлэхэд оролцож байсан гишүүний бүрэн эрх дууссан, түдгэлзсэн бол шинэ гишүүний бүрэлдэхүүнтэйгээр маргааныг дахин эхнээс нь хэлэлцэх ёстой. Хэдийгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн хуралдаан тасралтгүй явагдана гэж заасан боловч гэрч, мэргэжилтэн, шинжээч дуудах, томилох, шинээр нотлох баримт бүрдүүлэх, хуралдаан үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гишүүний оронд өөр гишүүнийг нөхөн томилох зэрэг шалтгаанаар завсарлаж болно.

Эдгээр шалтгаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд уг нөхцөл байдлыг арилгах боломжтой хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулдаг. Бага суудлын хуралдаан хойшилж болно. Үндсэн хуулийн цэц болон зарим гишүүдийн тайлбарлаж байгаачлан хуралдаан үргэлжилж байгаа гэж үзвэл дээрх шалтгаануудаар хойшилсон байж болох бөгөөд дараа дахин хуралдсаны эцэст л шийдвэр эцэслэн гарна. Энэ хооронд бүрэн эрх нь түдгэлзсэн, дуусгавар болсон гишүүнийг нөхөн томилоод хуралдаанаа эхнээс нь хийнэ гэсэн үг л дээ.

ХУУЛИЙН ЗААЛТУУД:

Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль:

7.3 Маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнд оролцсон гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг нөхөн томилж хуралдааны ажиллагааг эхнээс нь дахин шинээр явуулна.

8.1 Цэцийн хуралдаан болон зөвлөлдөөн хууль тогтоомжид заасан амралтын цагаас бусад хугацаанд тасралтгүй явагдана.

8.4. Тухайн хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл, байдал үүсвэл уг нөхцөл, байдлыг арилгах боломжтой хугацаагаар  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үндсэндээ Бага суудал хуралдана, хуралдахгүй, бүрэлдэхүүнийг миний, чиний талын улсуудаар солино гэх МАН болоод Ерөнхийлөгчийн эрх ашгийн зөрчилдөөнөөс үүдэж, гацаа үүсчээ. Үндсэн хуулийг сахин хамгаалах учиртай цэц ингэж томилсон субьектүүдээсээ бүрэн хамаарч, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй гацсан нь манай улсын тогтолцооны гажуудлыг тод хариулсан кэйс болов. Түүнчлэн эл асуудал дээр Ерөнхийлөгчийг ч, МАН-ыг ч, Цэцийг ч зөвтгөн харах боломжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-04-02 09:01

Баттулгыг яаж буландуулах уу гээд бодоод суучихаж дээ

хуульч
хуульч
2021-04-02 09:04

Мэргэн сайн тайлбар өгсөн байна

эрхзүйч
эрхзүйч
2021-04-02 12:31

ҮХЦ арчаагүй

Зочин
Зочин
2021-04-05 20:29

МАН-ыхан ийм тэнэг юм байх даа. Баттулгыг ингэж оролдох тусмаа Хүрэлсүхийг жижигрүүлж, Баттулгын ПиАр-ыг өөрсдөө сайн дураараа хийж өгөөд байх юм. Ерөнхий сайдын суудлыг байж болох хамгийн муу хувилбараар тавьж өгсөн. Одоо Баттулгын эсрэг хийж байгаа юм нь үлдсэн нэр дүндээ улам багасгаж байгаа үйлдэл болоод байна даа. Аягүй бол удахгүй соци�##�ист лоозон маягийн өнгө аястай Хүрэлсүхийн рекламууд бөмбөгдөөд бүр амьдр�##�аас таслаад хаях байх даа. Энхбаярыг дэвшүүлэн �######�уулсан шиг Хүрэлсүх дээр МАНАН ийм тоглолт хийгээд байх шиг хар төрөөд ун�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button