НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Тэргэнцэртэй иргэдийг “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд зугаалах боломжтой болгохоор зорьж буй С.Өлзийтогтох

Улаанбаатарыг түмэн өнгөөр харж болох өндөрлөг цэг дээр зогсож байна… “Уулын Нуур” хэмээн нэрийдсэн энэ газрыг хогийн цэг байхад нь цэвэрлэж тохижуулсан эрхэм дэргэд минь зогсоно. Түүнийг танилцуулъя. Содномсэлэнгийн Өлзийтогтох хэмээх энэ залууг Чингэлтэй дүүргийнхэн андахгүй биз. Тэр тусмаа тус дүүргийн XII хорооны иргэд. Өөрийнхөө хашаа байшинг зарж, “Уулын нуур”-ын дэргэд хашаа худалдан авч, мод тарьжээ. Тэр хашаандаа тоглоомын талбай барихаар төлөвлөсөн жаахан зай ч үлдээж.

Саяхан “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд Европын холбооны соёлын институтийн нэгдлийн санхүүжилттэй “Ногоон баатар” хэмээх томоохон төсөл хэрэгжин тус цэцэрлэгт хүрээлэн өнгө нэмж, хүмүүсийн зорин, зорин ирдэг газрыг нэг болжээ. “Нарантуул-2” захаас “Уулын нуур” хүртэлх 600 метр гудамжны хашааг Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зургаараа чимэглэн дахин давтагдашгүй баримлууд туурвижээ...Ийнхүү Улаанбаатарынхаа өнгө төрх, тэр тусмаа гэр хорооллын хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биесээ олж нөхөрлөхөд нь гүүр болж буй энэ л газраас шинэхэн бүтээн байгуулалтыг нь сурвалжлахаар бид зорин ирсэн нь энэ.

“Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулсан Содномсэлэнгийн Өлзийтогтох ярьж байна.

-НИЙГМЭЭРЭЭ ТЭР ХҮНИЙГ ГАДУУРХААД БАЙГАА ЮМ ШИГ МЭДРЭМЖ ТӨРДӨГ-

-Та 2012 онд энэ газрыг хогийн цэг байхад нь цэвэрлэсэн гэсэн. Тухайн үед ямар, ямар бүтээн байгуулалт хийж байсан бэ?

-Анх 2009 оны зун хойд талын уулан дээрээс Улаанбаатарыг тольдсон юм. Тэгэхэд хот маш гоё харагдаж байсан. Энэ нуур тэгэхэд байгаагүй. Дотроо усгүй, гүн хонхор газар байсан. Харин 2011 оноос нуурын дөрвөн дэнж дээр айлууд бууж, өнөөх гүн хонхор маань дүүрэн хогтой болсон. Салхинд хийсэж орсон хогийг 2012 оны хавар цэвэрлэсэн. Гэтэл зун борооны усаар тэжээгдэн, нуур болж, өвөл нь каток ажиллуулахаар хэмжээний мөстэй болсон. Тиймээс энд каток нээсэн. Тухайн үед Хайлааст, Дэнжийн мянгад каток байдаггүй болохоор хүүхдүүд хотын төв рүү явж гулгадаг байсан юм. Хүүхдүүд ч олноор ирж үйлчлүүлж, би ч тэндээс урам авсан. Тэр урмаар тэтгэгдэж, энд хүүхдүүд рүү чиглэсэн сургалт хийвэл гэж бодсон. Тэгээд л энд байшин барьж, мод тарьж эхэлсэн. Одоогийн байдлаар 1000 гаруй мод, бут тариад байна.  

-Тэгэхээр энэ нуурын ард байгаа өнгөлөг байшинг та өөрийнхөө хөрөнгөөр барьсан байх нь ээ?

-Тийм ээ. Банкнаас зээл аваад 2013 онд барьсан. Анх нэг давхар байсан юм. Тухайн үед каток тоглосон хүүхдүүдийг орж дулаацуулах зорилгоор энэ байшинг барьсан. Хүүхдүүд ангиараа ирээд багтахгүй болсон тул 2014 онд хажуу тийш нь 3 метр сунгаад, хоёр давхар болгож, томруулсан. Тэгээд 2019 онд нэг Франц найз маань байшингийн гадна талыг будаж, хээ тавьж өгсөн. Мөн хоёр АНУ-ын уран бүтээлч дотор талыг нь будаж өгсөн. Тэд хөгжим, тодорхой ном өөрсдийн мөнгөөр авч өгч хандивласан. Хандиваар ирсэн эд зүйлсийг ашгийн байдлаар зарцуулж болохгүй. Надад тийм зорилго ч байхгүй. Хамгийн гол нь юм сурья, мэдье гэсэн хүүхдүүдэд туслах л чухал. Төгөлдөр хуур сурахын тулд хүүхдүүд хотын төв рүү явж, 400 мянган төгрөгийн сургалтад сууж байна. 400 мянган төгрөг төлөөд сургалтад суух боломж хүн бүрд байхгүй. Тиймээс боломжийг нээж өгөхийг хүссэн. Тиймдээ ч 2019 оны намраас эхлэн гэр хорооллын хүүхдүүд ирээд чөлөөтэй тоглодог, мэргэжлийн багшаар үнэ төлбөргүй хөгжим заалгаж болдог сургалтын төв болсон.

-Тухайн үед хүүхдүүдэд  хөгжим зааж буй багшийн цалин, хөлсийг хэрхэн шийдсэн юм бэ?

-Сургалтын байрыг маань будаж, хээ зурж өгсөн Франц найз багшийн цалин хөлсийг шийдэж өгсөн юмаа.  

-Одоо сургалтын байрандаа засвар хийж байх шиг байна. Ямар, ямар засвар хийж байгаа вэ?

-Шал болон таазыг нь дулаалж байна. Европын холбооны соёлын институтийн нэгдлээс хөрөнгө мөнгийг нь гаргаад “Дулаан шийдэл” төслийн хамт олон дулаалга хийж өгч байгаа.

-“Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ хэзээнээс нээхээр төлөвлөж байна вэ?

-УОК-ын шийдвэрийг л хүлээж сууна. Нээгдчихвэл “GerHub” төвийн багш нар энэ зунаас хүүхдүүдэд сургалт зохион байгуулна. Төсөлд хамрагдчихсан байгаа.

Сургалтад суух хүүхэд хэдэн настай ч байж болно. Насны хязгаар заахгүй. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ сургуульд хамрагдаж чадаагүй 17-18 настай хүүхдүүд бий. Гэхдээ тэдгээр хүүхдүүдийг тэгш хамруулж, үйлчлэх үүднээс налуу шаттай болохоос эхлээд сайжруулах зүйлс байгаа. Жилийн жилд хэд, хэдэн удаа тэргэнцэртэй хүмүүс ирдэг. Гэр бүлийнхэн нь машинаа зогсоолд тавьчхаад бууж ирээд тоглож, завиар явна. Харин тэргэнцэртэй иргэд дээр үлдчихээд эргэн тойрныг, гэр бүлийнхнийгээ ажиглаж байгаа харагддаг. Тэр дүр зургийг харахаар сэтгэл хүнд оргидог. Нийгмээрээ тэр хүнийг гадуурхаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тиймдээ ч боломж нь нь үнэхээр байдаг бол “Уулын нуур” гэсэн бичигтэй тайзны араар тэргэнцэртэй иргэд бууж ирдэг шат хийх хүсэл байгаа. Хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдэхээ мэдэхгүй л байна.

-ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

-Машины зогсоолтой гэлээ. Хэчнээн машин зогсох боломжтой вэ?

-Айлын хашаа худалдаж авч, машины зогсоол гаргасан. 5-6 машин л зогсох боломжтой.

-Та өөрийн хөрөнгөөр айлын хашааг худалдаж авсан уу. Эсвэл сая хэрэгжсэн төслийн хүрээнд энэ асуудлыг шийдсэн үү?

-Ах нь өөрөө авсан. Сонгинохайрхан дүүрэгт нэг хашаа байшин байсан юм. Хашаа байшингаа 20 гаруй сая төгрөгөөр зарж, дээрээс нь банкнаас зээл авсан мөнгөө нэмэрлэж байж, дөрвөн айлаас хашаа худалдаж авсан. Гурван хашаа нь уулын орой дээр бий. Тэндээ мод тарьсан. Хүүхдийн тоглоомын талбай барихаар төлөвлөөд жижигхэн зай үлдээчихсэн байгаа.

-Банкнаас хэдэн төгрөгийн зээл авч байсан бэ. Зээлээ төлж дууссан уу?

-2019 онд 12 сая төгрөгийн зээл авч байсан. 2020 оны арванхоёрдугаар сард тэшүүрүүдээ бүгдийг нь зарж, Худалдаа хөгжлийн банк, Хас банкинд байсан зээлийн үлдэгдлээ төлсөн. Одоо ямар ч өр, зээлгүй ээ.

-Гэр хорооллын иргэд болон хүүхдүүдийн төлөө ажиллаж буй таны хувь амьдрал руу чиглэсэн ганц асуулт асууж болох уу?

-Асуу, асуу. Нээлттэй.

-Та нийгмийн сайн сайхны төлөө яваад л байдаг. Амьдралынхаа үнэтэй цаг хугацаанаас бусдад хулгайлуулж байгаа юм шиг санагддаггүй юу?

-Үгүй ээ. Ер тэгж санагддаггүй. Гэвч өөрийн амьдралд бага зэрэг мэдрэгдэнэ. Гэхдээ өвөл нь каток, зун нь завь хямдхан хөлслүүлээд бага ч болов орлого олдог. Амьдралд нэмэртэй.

-ХИЙЖ БАЙГАА АЖЛААРАА ХҮМҮҮСТ ҮЛГЭРЛЭЖ, НӨЛӨӨЛЖ ЧАДАХ ЧУХАЛ-

-Өрхийн орлого тасалдах үе байх уу?

-Тэр бол байнга. Гэхдээ тэр тийм чухал биш ээ. Хийж байгаа ажлаараа хүмүүст үлгэрлэж, нөлөөлж чадах чухал.

Ах нь ганц бие хүн. Хүүтэйгээ амьдардаг юм. Хүү маань одоо дунд ангийн сурагч. Ээж дээрээ байж байгаад өнгөрсөн жилээс надтай цуг амьдарч байгаа. Олон хүүхэдтэй биш болохоор гайгүй ээ. Болоод л байна. Аав, ээж маань хоёулаа тэтгэвэрт гарчихсан болохоор ачаа болдоггүй ээ.

-Одоо дулаан орж байна. Хөл хорио суларч үйл ажиллагаа нь нээгдвэл иргэд олноороо ирнэ. Хэчнээн завь байгаа вэ?

-20 гаруй жижиг завь бий. Том завь авъя гэхээр тээврийн зардалтайгаа нийлээд 2 сая төгрөг болчихдог байсан. Одоо бараг 2 сая 500 мянга болох байх. Уг нь би Хүүхдийн фаркаас хуучин завь хямдруулаад зарах, эсвэл хандивлах боломжтой юу гэж асууж байсан. Тэр бүтэлтэй юм болоогүй ээ.

-Одоо байгаа жижиг завин дээр хэдэн хүн сууж явах боломжтой вэ?

-Нэг л хүн суух боломжтой. Гэхдээ 80 килограммаас доош жинтэй хүн л сууж болно.

Биднийг ийн ярьж байхад баруун талын хаалганы гадна гурван хүүхэд иржээ. Тэдний нэг нь “Өлзий ах аа хэзээ онгойх вэ? Онгойх болж байгаа юм уу?” хэмээн асуух нь тэр.

С.Өлзийтогтох ах хариуд нь “Болоогүй ээ” хэмээн хэлсэн ч хүүхдүүд зогссоор л...

-Өдрийн цагаар хэсэг онгойлгож, эндэхийн хүүхдүүдийг оруулж байгаа юм уу?

-Үгүй, үгүй. Жаахан хүүхдүүд хөл хориог сайн ойлгохгүй л яваа бололтой. Өдөр болгон л ирж хэзээ онгойхыг нь асууж байна. Түүнээс бол том хүмүүс хашааны гаднаас ирж хараад зургийг нь дарчхаад явчхаж байгаа юм. Тэд хэзээ онгойх талаар барагтаа л асуухгүй яваад өгдөг.

-Ер нь цаашдаа цэцэрлэгт хүрээлэн байнга нээлттэй байх уу. Эсвэл цагийн хуваариар ажиллах уу?

-Уг нь тавдугаар сарын эхээр онгойлгочихдог юм. Тэгээд намар аравдугаар сарын 20-нд дөхүүлээд хаадаг юм. Тэгэхгүй бол нуур гүйцэд хөлдөөгүй байхад хүүхдүүд дээгүүр нь явж, цөмрөх эрсдэлтэй. Яахав байнгын манаачтай бол жилийн дөрвөн улирал нээлттэй байж болно.

Дотогш орж байгаа иргэдээс ямар ч такс авдаггүй. Харин ирсэн хүн бүхэн “Энд ийм юм хийж болж байна. Гэртээ очоод ийм юм хийе” гэсэн хүсэл тэмүүлэлтэй буцаасай гэж боддог. Зарим иргэд тодорхой хэмжээний такстай нэвтрүүлээч. Өөрийгөө бодооч гэдэг.

-Хандивын хайрцагтай болчихмоор юм байна. Тиймээ?

-Болох л юм. Цугларсан хандивын мөнгөөрөө тодорхой хэмжээнд засвар хийгээд л баймаар юм байна.

-“МАНАЙ ХАШААН ДЭЭР ХЭЗЭЭ ЗУРАХ ЮМ БЭ” ГЭЖ АСУУЦГААЖ БАЙСАН-

-Одоо хоёулаа “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд саяхан хийгдсэн бүтээн байгуулалтын талаар ярилцъя. Хэчнээн уран бүтээлч өөрсдийнхөө бүтээлийг цэцэрлэгт хүрээлэн болон гудамж талбайд сүндэрлүүлэв?

-Европын холбооны соёлын институтийн нэгдлийн санхүүжилтээр монгол уран бүтээлчид ирж, манай цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ хийлээ. Цэцэрлэгт хүрээлэн дотор нийт 12 уран бүтээлчийн 9 бүтээл бий. Мөн зургаан уран бүтээлч 600 гаруй метр газар айлуудын хашаан дээр зураг зурсан. Цаашдаа эндэхийн гудамж бүр дээр л зураг зурна.

Зарим уран бүтээлчид хог хаягдлаар хүртэл уран бүтээл хийсэн. Хар даа. Эвдэрчихсэн байсан завинуудыг ашиглаад гурван кактус хийсэн. Кактусны дээд талын улаан цэцэг нь ус, ундааны савнууд. Маш их чимхлүүр ажилтай юм билээ. Мөн байгалийн нүд гээд хаягдал модоор хийсэн бүтээл их өвөрмөц. Чингэлтэй хайрханы савдаг хэмээх энэхүү бодон гахайг л гэхэд уран бүтээлч нь 20 гаруй хоног эндээ байрлаад хийж дуусгасан. Бусад уран бүтээлчид бүтээлээ урландаа хийчхээд авчирч байрлуулсан.

-Тэгэхээр энэ төсөл цааш үргэлжилнэ гэсэн үг үү?

-Энэ төслийг 2020 оны хавар хэрэгжүүлэхээр байсан ч цар тахлын улмаас хойшилж, тавдугаар сарын 1-нд эцэслэж дуусгалаа. Мөн хөл хориотой байсан тул бид нээлтээ онлайнаар хийсэн. Гэхдээ энэ төсөл цааш үргэлжилнэ. Цаашдаа гэр хорооллын гудамжийг урлагийн гудамж болгохоор ярилцаж байгаа.

-Айлуудын хашаан дээр зураг зурахдаа зөвшөөрөл авсан байх. Иргэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Айлууд үнэнхүү дуртай байна гэсэн. “Манай хашаан дээр хэзээ зурах юм бэ” гэж асууцгааж, их л найртай хүлээж авсан байна лээ. Гэхдээ бүх айлын хашаан дээр зурах боломжгүй тул уран бүтээлчид ярилцаж байгаад аль хашаан дээр юу зурахаа шийдэцгээсэн юм билээ.

-Төслийн хүрээнд хийгдэж, дэлгэгдсэн бүтээлүүд дунд таны гар бие оролцсон бүтээл бий юу?

-Үүднээс эхлээд бүх зүйлд чадах чинээгээ тусалсан. Нүх ухалцаж, ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгч, тог цахилгааныг нь татаж өгсөн. Чингэлтэй хайрханы савдаг хэмээх энэхүү бодон гахайн доод талын чулууг зөөсөн.

-Эдгээр бүтээлүүд хүчтэй салхи, шуурганд унахгүй юу. Юугаар тогтоосон бэ?

-Хад руу нь өрөмдөж тогтоосон. Хүчтэй салхинд аль болох унахгүй байхаар хийсэн.

-УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР МУЗЕЙГ “УУЛЫН НУУР”-Т БАЙГУУЛАХ МӨРӨӨДӨЛ БИЙ-

-Бүтээлүүдийг хийж дууссанаас хойш эндхийн иргэдийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Таны ажигласнаар...

-Сая ирээд явсан хүүхдүүд шиг хүмүүс ирээд гадна талаас зургийг нь дарчхаад буцаж байна. Зарим нь хэзээ онгойхыг нь асууж байх жишээний.

Харин төсөл хэрэгжиж байх үеэр эндэхийн оршин суугчид хашаа хороогоо янзалж, шинээр байшин барьсан. Жишээ нь, баруун гар талын айл граш, түлээ, нүүрсний амбаар шинээр барьж байна. Бас нохойдоо хүртэл шинэ үүр бариад өгчихсөн байна лээ.

Мөн урд талын айл төмөр хашаагаа янзалж, хажуу талынх нь айл хоёр шинэ байшин, хойд талын айл ч шинээр байшин барьж байна. Мэдрэгдэж байгаа энэ мэт өөрчлөлтүүдээс маш их урам зориг авч байна.  

-Цаашдаа цэцэрлэгт хүрээлэн дотроо юу, юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ маш баялаг түүхтэй газар. Эндээс Сүхбаатарын талбайн болон хотын төв замын чулууг бэлтгэж байсан юм билээ. 1950 он хүртэл чулуу бэлтгэж байгаад ус ундраад гараад ирэхээр нь ашиглахаа болчихсоныг нь Үндэсний архивын газраас мэдсэн.

Тиймдээ ч нийслэлийн түүхтэй холбоотой энэ газарт Улаанбаатар хотын салбар музейг байгуулах мөрөөдөл тээж явна. Уг нь музейг гадаадын хөрөнгө оруулалтаар барих боломжтой байгаа юм. Хамгийн гол нь төр засаг музейд ажиллах ажилчдын цалин мөнгө, музейн урсгал зардлыг нь шийдээд өгчихвөл л болно. Үүнийг төр засаг маань анхаарах байхаа. Би итгэж байгаа.

Түүнтэй ярилцчихаад гарах гэж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр дотогш ороод ирчихсэн сандал дээр сууж байлаа. Тэднийг М.Мөнхбат, Л.Шүрэнтогос гэдэг ажээ. М.Мөнхбатын хувьд хоёр жилийн өмнө “Уулын нуур”-т ирсэн ирж байсан бол Л.Шүрэнтогос анх удаа ирж байгаа гэнэ.

М.Мөнхбат “Бид хоёр болзож яваа юм. Цахим сүлжээнээс мэдээлэл хараад зориод ирлээ. Маш гоё тохижуулж. Дотогш нь одоохондоо оруулахгүй байгаа юм байна. Бид хоёр дотор нь хүн байхаар нь тэсэлгүй ороод ирлээ. Өмнө нь ирэхэд ийм байгаагүй. Баасан гараг бүр ирж байя гэж бодож байна. Урин дулааны цаг ирж байгаа тул удахгүй завиар аялж болох байх. Иргэн хүний хувьд санал, сэтгэгдлээ хэлэхэд гэрэлтүүлэг ихтэй бол эрсдэл багатай амар юм байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-05-18 09:15

Ямар сайхан эерэг ах вэ

saihan
saihan
2021-05-18 09:16

Iim saihan humuusiig burhan bidend ilgeejee

Zochin
Zochin
2021-05-18 12:17

Neg uym ch gesen harah ezentei,hamgaalah huntei bval ashgui dee

Зочин
Зочин
2021-05-18 17:23

Ийм хөдөлмөрч дайчин з�##�уусаа дэмждэг төр засаг дүүрэг хороотой болоосой.УИХын гишүүдээ �######� Оюунчимэгээ дэмжээд өгөөч

Зочин
Зочин
2021-05-18 21:33

Ямар мундаг з�##�уу вэ

зочин
зочин
2021-05-21 08:38

Мод ихээр хоосон газар бүрт ньтарив�##� зуны цагт илүү гоё харагдана

Холбоотой мэдээ

Back to top button