Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хогийн цэг дээр хүмүүс амьдардаггүй, ажилладаг

Бид өмнө нь хогийн цэг дээрх хүмүүс сонгуульдаа хэрхэн оролцсон талаар сурвалжилж байсан. Харин энэ удаа хогийн цэг дээр хүмүүс юу хийж, хэрхэн аж төрж, амьдрал ахуй нь ямаршуухан өрнөдгийг сурвалжиллаа.

Нар ид төөнөж налгартсан зуны бүгчим өдөр манай сурвалжлах баг Улаанбаатар хотынхны тэр бүр очдоггүй газарт очсон юм. Үүний нэг нь бидний хэлж заншсан Цагаан давааны хогийн цэг.

Энэ газар үүдэндээ хогийн машиныг төмөр “тавцан зам” дээр явахад нь жинлэж үзээд хэдэн кг хогтой явааг нь шалгадаг. Харин буцаж гарах үед эсрэг талын урсгал замаар өнөөх машинаа дахин жинлэж, зөрүүгээр нь хэдий хэмжээний хог ирснийг тооцдог. Энэ хэсэгтээ хяналтын камертай. Цааш уулын гол руугаа уруудвал довлож бухалсан хог овоороостой. Харин зүүн талаараа 10-аад монгол гэр байх. Хогийн цэгийн дэргэдэх гэр гэхэд цагаан цавагтай, гандаж хуучраагүй улбар хаалгатай. Гаднаа бас модон жорлонтой.

Хэдэн өдрийн өмнө орсон борооны усны улмаас шавхай болжээ. Тэр хавийн зам нь нялцайж, хавь орчмын хогон дээр ялаа шавна. Энд ойролцоогоор 100 гаруй хүн байв.

Хэсэг хүмүүс нь хогон дундаас ямар нэг зүйлийг хайж ухаад байх шиг. Харин зарим нь яг нэг төрлийн зүйлсээ эмхэлж, өрж тоолоод байв. Тэдний дундаас нэг талдаа соронз, нөгөө талдаа орооцолдсон зэс утсыг ялгаж суугаа хижээл насны эмэгтэйтэй цөөн хором ярилцсан юм.

ЭНД ДАНДАА Л АЖИЛ ОЛДДОГГҮЙ 18-68 НАСНЫ ХҮМҮҮС БИЙ

-Сайн байна уу. Та юу ялгаж суугаа юм бэ?

-Сайн уу, дүү. Соронз ороосон зэс утсыг салгаж авах гээд л сууна. Утас ээрч байгаа юм шиг харагдаж байна уу?

-Тийм ээ. Энд байгаа хүмүүс ихэвчлэн түүхий эд л ялгаад байх шиг?

-Бүгд тэгж байгаа. Эндээс бид түүхий эдийг ангилж аваад ченжүүдэд тушаадаг юм. Хуванцар, лааз, шил, төмөр, түүхий эд гэгдэх бүхнийг тус тусад нь ялгаж тавина.

-Нэг ёсны ажлын талбар гэж болох уу?

-Энэ чинь ерөөсөө л ажлын газар. Би гэхэд 58 настай. Намайг ажилд авдаггүй. Энд дандаа л ажил олддоггүй, оръё гэх эрмэлзлээ унтраалгасан 18-68 насны хүмүүс бий. Намайг эндхийнхэн бүгд л мэднэ. Анх цагаан даваа нээгдэхэд л би байсан. 10 гаруй жил болж байна. Эндээс ялгаж авсан зүйлсээ түүхий эд авдаг ченжүүдэд зарна.  

Бид халуунд халж хүйтэнд хөрж, нойтонд норж л ажилладаг. Энд бороо орохоор шавхайтдаг. Тэр дундуур туучаад л бүх цаг үед ажиллана. Нэг ёсны хүнд ажил. Өглөө үүрийн гэгээтэй уралдаж ирээд л ажилладаг. Тиймээс өдөртөө цай, унд идэж уух хэрэгтэй. Машинд дайгдаад гэртээ очиж хоол унд иднэ. Зарим өглөө ирэхдээ халуун савтай цайгаа бариад ирнэ. Хааяа нэг хүүхдүүд маань хоол цай дөхүүлнэ. Тэд маань том болоод тусдаа гарч амьдрал зохиочихсон том улсууд бий.  Хот дотор амьдардаг л даа.

“ЭНЭ ЧИНЬ МИНИЙ ГЭР БИШ ШҮҮ ДЭЭ”

-Энд хүмүүс хоноглодог уу?

-Тушаасан зүйлээ ченжүүддээ үнэлүүлж мөнгө олдог. Тийм учраас мөнгө хэрэгтэй хүмүүс шөнөөр ажиллах нь их. Энэ харагдаж байгаа цагаан гэрүүд бүгд түрээсийнх. Энд ажилладаг улсууд энэ гэрийг түрээслээд хоноглодог. Хааяа надад гэр түрээсэлж хоноглох үе бий. Гэхдээ энд гэр түрээсэлж амьдрах, өөрийн гэртээ очоод амрах хоёр эрс ялгаатай. Энэ чинь миний гэр биш шүү дээ. Хогийн цэг. Миний ажлын талбар. Өглөө таван цагт ажлаа эхлээд орой хогны машин хэдэд зогсоно тэр үед нь ажлаасаа буудаг. Энд байдаг хүмүүс бүгд л үр хүүхэдтэй, ар гэр, босгосон амьдралтай.

-Ченжүүд нь ямар хүмүүс байдаг вэ. Түүсэн юмыг нь хэр үнэлж байна вэ?

-Манай ченжүүд залуухан, тогтуун улс бий. Мөнгөний бололцоо бүтэж өгөхгүй ар амьдрал мухардаад ирэхээр ченжийн хэдээсээ мөнгө зээлээд авчихдаг. Эргээд түүсэн түүхий эдээрээ өрөө дарна. Ченжүүд маань цааш нь дамлаад түүхий эдийг маань зардаг. Хужаа нарыг царай алдаад л тушаана. Тэд нь авахгүй голно, буцаана.

Нийслэл хотод байдаг том том түүхий эд боловсруулах газруудыг хятадууд авчихсан байдаг юм билээ. Жишээлбэл, Амгаланд байдаг түүхий эд боловсруулах үйлдвэрт манайхан сав, гялгар уут, цаас, усны 20 литрийн сав, лаазнуудыг өгч байна. Манай монголчуудын дахин боловсруулахаар авдаг нэг зүйл байдаг. Энэ нь APU компани архи, пиво, варень, дарсны гээд л бүх төрлийн шилээ авна.

-Энэ урд уулын бэлийг ухчихсан байх юм. Энэ хэсгийг анхаарч эргэж тойрдог хүн бий юү?

Би боддог юм. Манайхан лааз, хуванцар зэргээ хятад руу гаргаж байснаас дотооддоо дахин боловсруулаасай гэж. Хэрэв тэгвэл хөгжилд жаахан ч гэсэн дөхөж байгаа хэлбэр. Энэ чинь улс орны хөгжлийн түвшинг харуулах үзүүлэлт шүү. Гэвч эрх мэдэлтэй, шийдвэрлэх албан тушаалтнууд тоодоггүй л дээ. Монголчууд чинь цаасан хайрцаг, ундааны бөглөөг дотооддоо үйлдвэрлэдэггүй, импортоор авдаг. Адаглаад хуванцар бөглөөгөө дотооддоо үйлдвэрлэдэг болоход л бид эндээс түүсэн юмаа дотооддоо тушаана. Ядаж л монголдоо байхдаа хятадуудыг царайчлахгүй.

Бохир орчин ч гэлээ миний ажлын талбар, энэ газраас л би амьдралаа авч явж байна.

-Эндээс гэр рүүгээ яаж явдаг юм бэ?

-Манайханд унаа байдаггүй. Тиймээс хогны машин хэзээ ирээд хэзээ буцна тэр үеэр л ард нь суугаад дайгдаж хотын төв рүү ордог. Энэ хавийн айлуудад тог байдаггүй. Тиймээс зурагт мэдээ үзэж чаддаггүй. Утасны сүлжээ ч барьдаггүй. Амьхандаа л радио сонсоод сууж байна.

-Эндэхийн хүмүүс бие биендээ хэрхэн ханддаг вэ?

-Манайхан их нийтэч. Биенээ гадуурхаж, зодолдож нүдэлцдэг юм байхгүй. Чи сайн ажиглавал нүд, ам, гар хөл нь хөхөрч барьсан хүн харагдахгүй байгаа биз. Бид чинь архи уудаг хүмүүс биш шүү дээ. Хааяа ядарсан ганц нэг улсууддаа хоол цай авчраад өгчихнө. Шинээр ажилд орж байгаа хүмүүсээ ч гадуурхаж, хөөж туудаг юм байдаггүй. Юмаа даахгүй байвал өргөлцөөд өгчихнө.

Ялангуяа ахмадуудаа хүндэлж юмыг нь их өргөж тусалдаг. Манай залуус төлөвшил нь дажгүй шүү. Арчаагүй, ажилгүй, хогийн цэгийнхэн болдоггүй, архичид гэж биднийг хүмүүс хэлдэг. Энд чинь архи уудаг хүн байхгүй. Ард амьдарлаа л авч явах гэсэн улс. Хоногийн хоолоо олчихъё, өнөөдөр намайг ажилд авсангүй тиймээс энд ажиллаад тогныхоо мөнгийг өгчихье гээд л ирнэ. Орон гэртэй болчихъё, гэр орон түрээсэлж, гадуур хоног төөрүүлж амьдрахаа больё гэсэн хүмүүс дийлэнх нь. Залуу улсууд амьдрах гээд зүтгээд энэ газрыг зүглээд ирэхэд бид түлхдэггүй.

Хамгийн гол нь бид хүүхдүүдээ авч ирж ажиллуулдаггүй. Бага насны хүүхдэд хориотой дээрээс нь эрүүл мэндэд нь маш муу. Манайханд долоо, найман хүүхэдтэй хүмүүс их. Тэднийгээ тэжээхийн тулд эндээс хоолны мөнгө хийгээд орой гэрлүүгээ яараад л буцна.

Хамгийн гол нь энэ орчинг л сайжруулаад өгөөсэй гэж боддог. Хэчнээн хог ч гэсэн ирж хараад доодуулынхаа амьдралыг дээдүүл хараад дээшлүүлэхийг эрмэлзээсэй. Талбай орчинг жаахан цэгцэлж, сайжруулах хэрэгтэй. Дандаа л ингэж боддог. Хотын дарга ирээд харчихдаггүй юм байх даа гээд л үрэгдсэнийг хүлээгч шиг хүлээдэг. Урьд урьдын дарга нар ч мөн ирж байгаагүй. Хэдэн онд ч билээ хотын дарга ирлээ гээд шуугиж байгаад яг энэ халуун цэг дээр орж ирээгүй. Олон хар машин үүдний жинлүүрийн хойно байж байгаад л явсан. 10 гаруй машин ирээд нэг нь ч наашаа дөхөөгүй.

-Ярилцсанд баярлалаа.

-Заа баярлалаа.

Энүүгээр шавхайтай шүү, тэрүүгээр тойроорой гээд хошуугаараа замчлаад үлдсэн энэ эгчийн нэрийг мэдэж аваагүй ч амьдралын өөр нэг өнгийн харуулж, олон бодлыг тээхэд хүргэсэн юм.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-06-11 17:59

Бизнес гэж хашгираад бүх банкийг дампуурт�##� зээл аваад байдаг хүмүүс ийм ирээдүйтэй хүнлэг ногоон бизнес рүү хөрөнгө оруул�##�т хийх зориг ухаан байдаггүй юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button