НИЙГЭМ

Ерөнхийлөгчийн зарлигаар Ноён уулыг төрийн тахилгатай болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа.

Зарлигт “Монголчууд аа,

Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнууд аа,

Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Хүлээн авагтун.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.

Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших булшийг 1912 онд “Монгол-Ор” нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.

Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ. Эдгээрийг дурдвал:

1. Хүннүгийн угсаатны бүтэц, угсаа гарвал;

2. Нийгмийн бүтэц, Төрийн зохион байгуулалт;

3. Хүннүгийн түүхийн он цаг, дараалал;

4. Хүннүгийн амьдрал, аж ахуйн хэв маяг;

5. Хүннү гүрний газарзүйн байрлал;

6. Ази, Европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний харилцаа зэрэг юм.

Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм.

Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ.

Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болгож байна.

Төрийн албан тушаалтан, үүрэгтнүүд ээ,

Ард иргэд ээ,

Бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илтгэх, хүндлэл бахархлын үндэс суурь юм. Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч, хүлээн авагтун.

Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Ниргэсэн хойно нь хашгирав.
    Унгасан хойноо хавчив гэгчээр улс төрөөс арчигдахгүй байж хийсэн хэргүүдээ дарах гэж мөн үрчийж байна даа энэ хүн.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button