Нийгмийн

Сурагчид ЭЕШ хойшилсонд НЭМЭХ, багш нар ХАСАХ үнэлгээ өгөв

“Элсэлтийн ерөнхий шалгалт 2021”-ийг танхимаар энэ сарын 01-04-ний өдрүүдэд авах байсан ч халдварын эрсдэлтэй багш, сурагч олон байгаа тул ЭЕШ-ыг хойшлуулсан. Энэ сарын 10-нд шалгалт авах товыг зарлана хэмээн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн билээ. Тэгвэл орон нутгийн сурагчид ЭЕШ хойшилсныг боломж гэж харж байна уу эсвэл буруу шийдвэр гэж харж байна уу. Бид тэдний байр суурийг хүргэхээр бэлтгэлээ.


М.ЖАРГАЛ: БИ ОЛОН ДҮҮТЭЙ, ЭМЭЭ МААНЬ ӨНДӨР НАСТАЙ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТААС ИЛҮҮ ЦАР ТАХЛААС АЙЖ БАЙНА

/Дундговь аймгийн Говь-Угтаал сум, М.Жаргал/

Би Үйлдвэр урлалын политехник коллежийг Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 2021 оны өвөл төгссөн. Дээл оёж, эсгүүр гаргах дуртай учраас есдүгээр ангиа төгсөөд оёдолчноор сурах шийдвэрийг гэрийнхэнтэйгээ ярилцаж, зөвлөлдөөд шийдсэн юм. Харин энэ найман сард АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд сурахаар төлөвлөлөө. Тиймээс хими, биологийн хичээлийг түлхүү давтаж байна. Өнгөрсөн хавраас хойш элсэлтийн шалгалтдаа бэлдэж байгаа. УОК элсэлтийн шалгалтыг хойшлуулсанд би баярлаад байгаа. Нүдээ олно гэдэг шиг, цагаа олсон шийдвэр. Цаг үеийн байдал цар тахалтай их л хүндхэн байна. Би олон дүү нартай, эмээ маань өндөр настай. Элсэлтийн ерөнхий шалгалтыг үнэндээ коронавирус намжихаар авсан нь дээр гэж бодож байна. Олон хүүхэдтэй ангид орж удаан хугацаанд сууна. Надад вирус халдварлавал эсвэл тээгч болбол гэрийнхэн минь баларна.

Би оёмол бүтээгдэхүүний ангид сурч байх хугацаандаа туж цахимаар хичээл үзлээ. Үнэхээр уйтгартай байсан. өөрөө сурах хүсэл, сонирхол байсан тулдаа л данган ойлгож, мэргэжлээ эзэмшээд төгслөө. Сувилахуйн сургуульд битгий л цахимаар хичээллээсэй. Цахим дэвшилттэй хэдий ч үнэхээр уйтгарын далай, хуулан бичлэгийн цаг болж өнгөрдөг.

У.БУМБАЯР: ЭЕШ-ЫГ ХОЙШЛУУЛСАН НЬ БОЛОМЖ

/Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр арван жилийн 12а ангийн сурагч У.Бумбаяр/

Элсэлтийн шалгалтдаа илүү бэлдэх боломж шалгалтын хуваарь хойшлуулснаар гарлаа. Би ХСИС-д суралцахаар гэр бүлтэйгээ ярилцаж зөвлөлдөөд шийдсэн. Өөрөө ч дуртай, багш, гэрийнхэн ч их дэмжсэн. Цар тахлын үед олон хүүхдүүдтэй шалгалтын танхимаас коронавирусийн халдвар авах болов уу гэсэн айдас бага зэрэг байна. Хэдийгээр зай барьж амны хаалтыг зүүх ч гэлээ. Манай сумын хүүхдүүд аймгийнхаа төв рүү очиж шалгалт өгнө. Элсэлтийн шалгалтыг хойшлуулсан гээд назгайрч санаа амраагүй, боломж болж илүү бэлдэх цаг гарлаа. Миний сурах сургууль шинэ сонсогчдоо зун карентинд явуулж, хээрийн бэлтгэл хийдэг. ЭЕШ хойшилсон учраас, хуваарь авах хугацаа хойшилж шууд л хичээлдээ орох болж байх шиг байна. Тиймээс ур чадвараа сайн бэлдэж, сургуулилт хийж байгаа.

Г.НАНСАЛМАА: МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН УЧИР ЭЕШ ХОЙШЛОХ НЬ НАДАД ОНЦ БИШ

/Говь-Алтай аймгийн Төгрөг сум, 12б ангийн сурагч Г.Нансалмаа/

Миний хувьд элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь зөв шийдвэр гэж харж байгаа. Шалгалт дөхөх тусам айж, би бэлэн билүү гэж бодож байсан. Гэтэл хойшлуулах шийдвэр гаргаснаар өөрийгөө тайвшруулж, илүү бэлдэж, шалгалтдаа бэлэн болох боломж, хугацааг өгсөн гэж харж байгаа.

Сурах мэргэжлээ сонгосон байсан учраас элсэлтийн ерөнхий шалгалт хойшилсон нь тийм ч ач холбогдолгүй. Хүүхдэд хайртай учраас бага ангийн багшаар сурна. Энэ шийдвэрийг би өөрөө гаргасан.

Э.ОЛОНЦЭЦЭГ: ХОЁРХОН ЦАГИЙН ХИЧЭЭЛ ЗААХЫН ТУЛД ТАВАН ЦАГ ХАЙГУУЛ ХИЙЖ, ХИЧЭЭЛЭЭ СОНИРХОЛТОЙ БОЛГОДОГ

/ГСА-ийн Сүмбэр сумын тавдугаар сургуулийн Монгол хэл, Монгол бичгийн багш Э.Олонцэцэг/

Элсэлтийн шалгалт болох ёстой хугацаандаа л болох байсан юм. Тэр шийдвэрт би эсрэг байр суурьтай байна. Монголчууд юмыг тулгаж хийдэг зантай. Уяа сойлго нь таарна гэдэг шиг хүүхдүүд маань их аятайхан болж байсан. Манай аймгаас хоёр ч удаа урьдчилсан жишиг шалгалтыг авч чиглүүлж байх жишээтэй.

Багш нар долоо хоногт цагийн хуваарийн дагуу өдөрт хоёр цагаар давтлага өгнө. Цахимаар орж байгаа учир уйдааж залхаахгүйн тулд маш их эрэл хийж нийтдээ таван цаг зарцуулсаар байна. Настай багш нар маань ядаргаанд орж, нүдээ өвдтөл цахимд хичээл зааж байна. Үүний тулд хайгуул хийж, цахим үзүүлэнгээ бэлддэг. Одоо хүүхдүүд назгайраад зарим нь давтлагадаа орж ирдэг нь буурч байна. Хэсэг бүлэг нь дүрсээ хаагаад юу хийж байгаа, сурч байгаа эсэх нь эргэлзээтэй болсон.

ДҮГНЭЛТ: Эдгээр сурагчийн байр суурийг ЭЕШ өгөх бүх сурагчдаар төлөөлүүлэн ойлгох боломжгүй ч тэд ЭЕШ хойшилсныг эерэг байрнаас харж, боломж хэмээн үзэж буй юм. Харин багш нар назгайрал гэж харж, зэрэг сөрөг байр сууринд зогсож байна.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button