НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Бамбай хоншоорт могойд хатгуулсан үед хорыг сорж болохгүй

Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад нийслэлийн суурьшмал бүсэд орж ирэх тохиолдол ихэссэн. Үүнтэй холбоотой бамбай хоншоортой хорт могой хотын төв хэсгүүдээр гарч ирэх тохиолдол их гарч байгааг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулсан юм.

Тэгвэл бид энэ талаар Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

-МОГОЙН ХУВЬД ҮЕРИЙН УС, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗӨӨВӨРЛӨГДӨН ОРЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ БИЙ-

-Нийслэлд бамбай хоншоорт могой орж ирэх нь ямар шалтгаантай вэ?

-Сүүлийн жилүүдэд нийслэлийн суурьшмал бүсүүдэд зэрлэг амьтан орж ирсэн тохиолдол ихээр бүртгэгдэх болсон. Хот руу орж ирж буй амьтдын дуудлага 2019 онд 43 байсан бол өнгөрсөн жил болж 116 болж нэмэгдсэн. Эдгээр амьтад идэш тэжээл хайж, эсвэл гэмтэж бэртсэний улмаас ихэвчлэн орж ирдэг. Харин могойн хувьд үерийн усаар болон тээврийн хэрэгслээр зөөвөрлөгдөж орж ирэх тохиолдол бий.

Улаанбаатар хотын ойр хадархаг газарт рашааны могой болон бамбай хоншоорт могой элбэг тархсан байдаг нь энэ төрлийн дуудлага их ирэх шалтгаан болдог. Өнгөрсөн жилийн нийт зэрлэг амьтадын дуудлагын 30 хувь нь могойн талаар байсан. Тэгвэл сүүлийн үед эдгээр могой хотын төв рүү орж ирэх хандлага ажиглагдаж байна. Энэ жил бамбай хоншоорт могойн дуудлага нийтдээ долоо, наадмын амралтын өдрүүдээр л гэхэд гурван ирсэн.

-Иргэд могой хашаанд нь ороод ирсэн тохиолдолд ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ?

-Аль болох тайван байлгах юм бол могой хүнд хор хүргэдэггүй. Харин гэрт ороод ирсэн тохиолдолд огцом хөдөлгөөн хийхгүйгээр гадаа гарч тусламж очтол хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй. Зарим үед дуудлага өгсөн айлын хашаа өндөр өвстэй бол очиход могой алга болчихсон байдаг. Ийм тохиолдолд иргэд урт мод юм уу хүрзээр торгоогоод байж байх хэрэгтэй.

-МОГОЙД ХАТГУУЛСАН БОЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ДУУДАЖ, МОГОЙН ЗУРГИЙГ АВАХ ШААРДЛАГАТАЙ-

-Могойг байгальд нь буцааж тавихдаа ямар тогтоцтой хэсэгт тавьдаг вэ?

-Суурьшмал бүсээс хол голын сайр, эсвэл хадтай газрыг бараадуулж тавьдаг.

-Та өөрийн зүгээс олон нийтэд хандах зөвлөх зүйл байвал хүргээч?

-Жилийн энэ улиралд иргэд амралт зугаалгаар их явдаг. Ялангуяа өндөр өвстэй газар явах үедээ эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт сайн тавих шаардлагатай. Мөн өндөр түрийтэй гутал өмсөх нь зөв.

Хэрэв могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн тусламж дуудаж, могойн зургийг авах шаардлагатай. Учир нь ямар могой вэ гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь өөр өөр байдаг.

Хорт могойд хатгуулсан тохиолдолд авах арга хэмжээ:

Хорт могойд хатгуулсан тохиолдолд анхны тусламж үзүүлэхэд хорыг сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин үүний оронд гарын доорх материалаар хазуулсан газрын дээр чангалуур тавьж хатгуулсан газрыг зүсэж цус гадагшлуулах хэрэгтэй.

Иргэн та хотын бүсэд могой харсан бол ажлын цагуудаар Нийслэлийн байгаль орны газрын 323780 дугаар руу залгаж мэдээлээрэй. Харин ажлын бус цагаар Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 300005 дугаарын утас руу холбогдоорой.

                                                                                                                   О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button