НийгмийнЯрилцлага

Байгаль хооллогч Ц.Оюунгэрэл

Та бүхэн идсэн, хэрэглэсэн жимс, ногооны хальсаараа юу хийдэг вэ? Шууд хаячихдаг юм биш биз. Тэгвэл анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаа нэгэн сонирхолтой зочинтой та бүхнийг уулзуулах гэж байна. Цэдэвдамбын Оюунгэрэл хэмээх энэ эрхэм хоолны органик хог хаягдал болох ногоо, мөн жимсний хог хаягдлаараа хоёр төрлийн бордоо хийж байгаль дэлхийгээ хооллож байна. Бид түүний бордоо хийх туршлагыг та бүхэнд хуваалцахаар гэрийг нь зорилоо.

Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш идсэн жимс, хэрэглэсэн ногооныхоо хаягдлыг хаяхгүй бордоо хийж байгаа аж. 18 сарын хугацаанд 15 шуудай өтгөн бордоо, 50 литр шингэн бордоог гаргаж авч, газар дэлхийгээ хоолложээ.

Энэ тухайгаа тэрбээр “Байгаль дэлхийдээ идсэн хоолныхоо шимийг буцааж өгч байгаа учир энэ ажлыг их аз жаргалтайгаар хийдэг. Зарим нэг хүмүүс “хүн болгон чам шиг ингэж уйгагүй хийхгүй дээ” гэж хэлдэг. Харин би хүмүүсийг хийх байх гэж боддог. Хийгээсэй ч гэж хүсдэг. Тиймдээ ч хүмүүст үлгэр дуурайлал болох гэж хичээдэг. Энэ ажлыг хийхээр их аз жаргалтай болдог юм. Компьютероос түр зуур холдож, тархи амраангаа гараа хөдөлгөмөөр үе хүн бүхэнд байдаг байх. Миний хувьд компютерээс холдох далим нь жимс, ногооны хальсаа бордоо болгож, боловсруулах. Хүн өөрийгөө хооллоод, өөрөө л цадаад байдаг. Гэтэл манай улсын хөрс шороо органик тэжээлгүй, өлөн болчихсон байдаг. Өлссөн, ядарсан, амьгүй болсон хөрс шороо гэдэг цемент шиг болоод хатуурчихсан, эсвэл үнс шиг нунтаг болчихсон байдаг. Тиймээс алга дарам газарт ч болов идсэн хоолоо буцааж өгч байгальдаа буян болж байна гэж бодохоор лам дээр очиж байгаа юм шиг эерэг сэтгэгдэл төрдөг” хэмээн ярьсан юм.

БИЧЛЭГ:

Бордоо хийх хамгийн чухал зэвсэг бокаши нэртэй сав аж. Ц.Оюунгэрэлийн гэрт хоёр ширхэг бокаши сав байв. Нэг нь жимс, ногооны хальсаар дүүрэн. Өнөөх нь дундуур байв. Түүнээс нэг айлд хэдэн ширхэг бокаши сав байвал тохиромжтой эсэхийг асуулаа. Тэрбээр “Хоёр савтай бол ээлжилчихдэг болохоор хугацаа алдахгүй. Хоёроос илүү сав хэрэггүй. Хэтэрхий их жимс, ногоо хэрэглэдэг айл бол гурван сав хэрэглэж болох юм. Гэхдээ хоёр сав бол үнэхээрийн хангалттай” гэлээ.

БОРДОО ХИЙХДЭЭ АШИГЛАЖ БОЛОХГҮЙ ЖИМС, НОГООНУУД

Тэрбээр бордоонд хийж болдоггүй жимс ногоонуудыг юун түрүүнд бидэнд танилцууллаа. “Онолын хувьд болох ч сармисыг битгий хийгээрэй. Мөн сонгиныг их хэмжээгээр хийж болохгүй шүү. Лимоныг ч бас. Учир нь лимон бактери устгадаг. Ер нь бол бактери устгадаг ногооны хальснуудыг хийхгүй. Мөн гурил, будаа, талх хийгээд хэрэггүй. Их исдэг юм билээ. Сагаад шүүс асгараад байдаг. Энэ гурвын хаягдлаа нохойд өгдөг хаягдал руугаа хийгээрэй” хэмээн зөвлөв. Харин одоо түүний бордоо хийх аргатай танилцъя.

Ц.ОЮУНГЭРЭЛИЙН БОРДОО ХИЙХ АРГА

This image has an empty alt attribute; its file name is Nested-Sequence-04.00_01_56_38.Still002-1024x576.jpg

НЭГ: Идсэн, хэрэглэсэн жимс, ногооныхоо хальсыг жижиглэнэ

ХОЁР: Нэг таваг юм уу, аяганд жимс, ногооныхоо хальсыг хийж байгаад дүүрэхээр нь бокоши сав руу хийж, дотор нь байдаг тагаар доош нь дарна. Тэгээд таглана.

ГУРАВ: Жимс, ногооныхоо хальсыг хийх бүрдээ бокаши савны цоргыг нээж, гарч буй шингэн бордоог авна. Авсан шингэн бордоогоо битүү тагтай саванд хийж хадгална.

ДӨРӨВ: Бокаши сав дүүрсний дараа онгойлголгүй 14 хоног болно. Ингэснээр агааргүй орчинд бактер үржинэ.

ТАВ: 14 хоногийн дараа бокаши саваа нээнэ. Нээсний дараа дээд өнгөн хэсэг нь цагаан өнгөтэй болж, мөөгөнцөртсөн байна. Үүнийг гадаа байх бордоошуулах савандаа хийнэ.

ЗУРГАА: Бордоошуулагч савандаа хийчхээд бокашины ногоогоо тараана. Тэгээд дээрээс нь адил хэмжээний модны үрдэс хийж, айраг бүлж байгаа юм шиг хутгана. Тэгээд таглана. Өдөр бүр хутгана.

Анхаар: Бордоожуулах савыг нээхэд дотор нь байгаа термометр 29 градусаас доош байвал модны үрдэс, бокашины ногоо хоёроо бүлэхээс өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй. Бордоошуулах савны доод тагийг онгойлгож, ялзмагтсан бордоог султгаж гаргаж авна. Энэ бол өтгөн бордоо.

ГАДААНАА БОРДООШУУЛАХ САВГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Гадаанаа бордоошуулах савгүй иргэд бокашинд байгаа ногоогоо газар ухаад хийх боломжтой аж. Харин орон сууцанд амьдардаг газаргүй иргэд ямар нэгэн байгууллагатай гэрээ байгуулж хашаанд тань бокашины саван дахь ногоогоо булж байя. Тэгснээр энэ газрын хөрс сэргэж,  гоё болно гэдгээ ойлгуулах хэрэгтэйг эсвэл гэр хорооллын хөрсөө сайжруулъя гэсэн хүсэлтэй айлд өгч болно. Хэрэв шороотой хутгалдахаасаа залхуурч байгаа хүмүүс байвал шороон дээр цацчихаж болно хэмээн Ц.Оюунгэрэл зөвлөлөө.  

Мөн тэрбээр “өвлийн улиралд шороо ухаж, бокашины ногоогоо газар нийлүүлэх тохиромжгүй. Иймд бордоошуулах савгүй айл бокашины ногоо хөлдөөх хэрэгтэй. Тэгээд хавар нь нэг газар булах хэрэгтэй” гэсэн юм.

ӨТГӨН БОРДООГОО ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Ц.Оюунгэрэл бидэнд бордоошуулах саваа нээж үзүүллээ. Савыг нээтэл дотор нь байх термометр 25 градусыг зааж байв. Энэ нь ялзмагжилт зогссон гэсэн үг аж. Иймд бид бордоошуулах савны доод тагийг онгойлгож, ялзмагтсан бордоог суллаж авлаа. Өтгөн бордооноос бороо орсны дараа ой модон дотор алхаж явахад үнэртдэг үнэр сэнхийж байлаа. Барьж үзвэл хүйтэн, чийгтэй байв. Өтгөн бордоог ялзмагтаж дууссаныг нь дан ганц термометрээр биш ийнхүү гараараа барьж үзээд мэдэх боломжтой гэнэ. Суллаж авсан өтгөн бордоогоо ногоон био уутанд хийлээ. Тэрбээр өтгөн бордоогоо уг уутанд хийгээд гэр хороололд амьдардаг П.Эрдэнэбат хэмээх айлд өгдөг аж. Энэ тухай тэрбээр “Өвөл шороо ухаж, бордоогоо газар нийлүүлэх тохиромжгүй тул өтгөн бордоогоо шуудайд хийж хадгалж байгаад хавар өгдөг. Харин урин дулааны цагт бол шинэ бордоо гарсан өдөр П.Эрдэнэбат руу залгаад хэлчихдэг юм. Өөрөө ирээд авчихдаг. Тэднийх төмс тарьдаг. Янзтай ургаж байгаа гэсэн. Мөн хашааных нь эрүүл бус байсан газар нь эрүүлжчихсэн” хэмээв.

Нэг хутгуур өтгөн бордоог хоёр хутгуур үржил шимгүй хөрсөнд нийлүүлдэг аж. Тэрбээр өтгөн бордооноосоо хашаан дахь нэг модны ёроолд хийжээ. Харин тухайн мод хажуу талынхаа модноос бүдүүрч байгаа аж. Жилийн дотор хэрхэн ялгаа гарахыг харж байгаад ирэх жил хажуу талынх нь модыг мөн бордох аж.

ШИНГЭН БОРДООГОО ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Шингэн бордооны өнгө бокаши саван доторх жимс, ногооноос хамаараад өөр, өөр байдаг аж. Ц. Оюунгэрэлийн тухайд шингэн бордоогоо хурааж байгаад Хөвсгөл аймагт амьдардаг эгч рүүгээ явуулдаг байна. Түүний эгч хашааныхаа хамгийн халцгай газрыг уг шингэн бордоогоор 1:100 харьцаагаар ус нэмж шингэлээд усалсан байна. Гэтэл өнөөх хэсэг газрын өвс бусдаасаа илт өтгөн ургажээ. Иймд энэ жил ч мөн эгч рүүгээ 25 литр шингэн бордоо явуулахаар болсон байна. Үүнийг 2.5 тонн усанд хийж зүлгээ усалж болно гэсэн үг юм.

Мөн тэрбээр өөрийнхөө хашааны зүлгийг шингэн бордоогоор усалсан байна. Энэ тухайгаа “Анх байшин худалдаж авч байхад манай гадна талын хөрс үржил шимгүй цемент шиг байсан. Ямар ч ногоо ургадаггүй. Хааяа нэг ногоо ургах юм бол зэрлэг ургадаг. Их муухай шарилж үнэртдэг байсан. Энэ хөрсийг эдгээхийн тулд эрүүл хөрснөөс өвс хадаж, авчирч дэвссэн. Мөн энд ургаж байсан шарилжуудыг бүгдийг нь тайраад дэвссэн. Түүний дараа өвс шалчийж, хөрсөө зөөллөн хар болгодог юм билээ. Тэгээд удалгүй эрүүл ногоо ургаж эхэлсэн. Эрүүл ногоогоо бордоотой усаар усалчихсан. Бордоотой усаар жилд хамгийн дээд тал нь хоёр удаа л усалдаг” хэмээв.

“ЭЭЖИЙНХЭЭ МЭЭМНЭЭС СҮҮГ НЬ УУЧХААД ЭРГЭЭД МААЖИЖ БАЙГААГААС ӨӨРЦГҮЙ”

Бордоо хийх шат дамжлагатай танилцаж дуусаад уйгагүй хүн л энэ ажлыг хийх юм байна даа хэмээн бодож амжив. Тэгээд өөрийн эрхгүй та энэ ажлыг хийж байхдаа залхаж, халширч байгаагүй гэж үү хэмээн эрхгүй дахин асуулаа. Тэрбээр “Үгүй ээ. Ер залхаж, халширч байгаагүй. Шингэн бордоогоор усалж, өтгөн бордоогоор “хооллосон” мод нүдэн дээр бүдүүрч ургаад, хашааны өвс нүдэн дээр өтгөрч ургаад, манайхаас өтгөн бордоо авсан айлын төмс  сайхан ургаж байгааг харахаар даатгал, буян хийлгэчихсэн юм шиг сэтгэгдэл төрдөг. Хийж байгаа ажлаа буян гэж боддог. “Дэлхийн хөрсөн дээр ургасан жимс, ногоог идлээ, май хогоо та ав” гээд хог чигээр нь байгальдаа буцааж өгөхөөр ээжийнхээ мээмнээс сүүг нь уучхаад эргээд маажиж байгаагаас өөрцгүй. Тиймээс би байгаль дэлхийн хөрсөнд ургасан хоолыг идчихээд байгаль дэлхийдээ эргээд хоол өгч байгаа юм. Ингэхдээ байгаль дэлхий өөрөө шингээж авч чадахуйц бордоо болгож өгч байна.

Иймд органик хог хаягдал буюу хоолны хог хаягдлаа зөв ялгаж, хаяж хэвшье. Байгальд хэрэг болохуйцаар нь ялгаад тусад нь бордоошуулаад сурчихвал нимгэн хөрс шороо маш их баярлана. Мөн идсэн хоолны үлдэгдэл болох мах, яс зэргээ тусад нь уутлаад нохойтой айлд өгч байгаарай” хэмээн уриаллаа. Та бүхэн түүний туршлагыг хэрэгжүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-07-30 08:37

Үнэхээр ажилсаг, боловсролтой, мундаг эмэгтэй дээ. Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Баярл�##�аа.

Zochin
Zochin
2021-07-30 09:12

Baruund ail bolgond compost gej baidag aschgui Oyuungerel echluulj bna zov taniig demjij bna olon tumendee zuraglalaar sain tanilchuulaarai. Bayrlalaa

Зочин
Зочин
2021-07-30 12:29

Хүмүүст мэдлэг түгээж,зөв дад�##�д ури�##�ж байгаа таньд амжилт хүсьё. Экстра төвийн Сувдаагийн зөвөлгөөн дээр нүхтэй саванд агаарын солилцоо хийж байх тухай бсан. Таныхаар битүү саванд эсгэх юм бна. Ялгаа нь юунд бдаг юм бол

З
З
2021-07-30 12:30

Bokashi saviig haanaas avch boloh uu. Une ni hed gedeg um bol.

Зочин
Зочин
2021-07-30 22:14

Бүтээлч эмэгтэй шүү. Амжилт хүсье чамдаа

зочин
зочин
2021-07-31 08:29

Боловсролтой ажилсаг дайчин эмэгтэй ийм хүн байг�##�ь орчнбг хамга�##�ах сайд хийгээсэй бодлогоор олон зүыл хиых байх даа

Otgon
Otgon
2022-01-23 08:03

Сайн уу бт энийг х�##�ьт олж уншаад бодоод л бгаа. Сая харин бүтэн олж уншиж анхны ойлголттой боллоо. Их сайхан эд бна. Хаанаас улам дэлгэрэнгүйг олж мэдэх, энэ бокашиг хаанаас авч бллох үнэ ямар зэрэг мэдээлэл өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button