Нийгмийн

С.Бямбадэлгэр: Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн захиалагчийн ихэнх нь гадаадын иргэд байна

Сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгайн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эргүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн тасгийн дарга, хошууч С.Бямбадэлгэр “2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлаад оруулсан.

  • 25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах
  • 25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах
  • 25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
  • 25.4 дүгээр зүйл.Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх
  • 25.5 дугаар зүйл.Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
  • 25.6 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх гэж зүйлчилсэн байдаг.

Гэвч тухайн төрлийн гэмт хэрэг нь хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байна. Мөн эртний булш, бунхан хэрэгсүүр ухаж сүйтгэх, тухайн булшнаас гарсан эд зүйлийг хууль бусаар хил давуулж, худалдан борлуулахаар аргаар үйлдэгдэж байна. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийг авч үзэх юм бол эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд байгаа юм. Бас энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж, удаа дараа л шийтгэл авч байсан этгээдүүд байна. Захиалагч нар нь гадаадын иргэд, ялангуяа манай улсад тогтмол оршин сууж байгаа, эсвэл цагаачлан амьдарч байгаа, түр хугацаагаар оршин сууж байгаа гаднын иргэд байгаа нь харагдаж байна. Мөн амар хялбар аргаар ашиг олох зорилгоор археологи, палентологийн хууль бус малтлагыг хийж, эртний хүн амьтан, бичил биетэн ургамлын чулуужсан олдворыг цуглуулж, хил дамлан худалдаалах гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заагдсан дээрх гэмт хэргүүд нь хууль хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш 20 бүртгэгдэж, хяналтын ажиллагаа явагдсан. Үүний 11 хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, эцэслэн шийдвэрлэгдсэн. Одоогоор есөн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Харин Түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг хадгалагдаж байгаа музей хийдээс нь хулгайлж буй хэрэг жил ирэх тусам өсөн нэмэгдэх хандлагатай байна. Статистик хэлэхэд, 2021 оны эхний найман сарын дотор нийт долоон энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага зургаан хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдагчаар татсан. Мөн нэг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад сүүлийн дөрвөн сарын байдлаар хулгайлах төрлийн гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн. Үүний хүрээнд ажлын хэсэг байгуулж, ажилласны үр дүнд Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан шалгасан. Тухайн таван иргэн нь нийтдээ зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдээс гурван ширхэг Майдар бурхан, хоёр ширхэг Богд зонхов бурхан, нэг ширхэг Өндөр гэгээн Занабазар бурхан,  нэг ширхэг Зэс бунхан, Алтангэрэл судар, Эмээлийн тоноглол хулгайлсан болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг порокрурын байгууллагад хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн таван иргэний хоёр нь өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээд байсан. Дээрх этгээдүүд нь хулгайлсан эд зүйлсээ эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг ченж иргэнд худалдан борлуулсан байсныг тогтоож, хулгайлагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Гадны хулгайч луйварчид дарга нартай нийлээд хууль үйлчилэхгүй хулгайлч дээрэмдэж болно гээд ойлгочохсон байна шүү дээ хатуу чанга арга хэмжээ авч байж тас цохин доо

Back to top button