Нийгмийн

“Тяньжин боомтод бараа маань байгаа эсэхэд эргэлзэж байна”

Монгол улсын нэгдүгээр хаалга бол Тяньжин боомт юм. Үүгээр манай улсад орж ирдэг дийлэнх импортын бараа дамжин өртөөлсөөр улсын хоёрдугаар хаалга гэгдэх Замын-Үүдийн боомтоор нэвтэрдэг. Эл боомтод нөхцөл байдал хүнд хэвээрээ. Асуудал болж яригдсаар л. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хаалган дээр манай улс руу орохоор 4000 гаруй чингэлэг ачаа түгжигдсэн байдалтай байна. Тэнд ачаа, бараа гацсанаас үүдэн иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт орж, Монгол улсад эл явдал хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Тяньжин боомтоос ачааг хамгийн эхэнд гардаж авдаг хүн бол Замын-Үүдийн ачаа тээврийн жолооч юм. Иймээс ачаа тээврийн зөвшөөрөлтэй жолооч А.Тулгатаас ямар шат дамжлага, шалгуурыг давсны дараа ачааг тээвэрлэж буй талаар тодрууллаа.

-АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧ: ТЯНЬЖИНААС ТАВАН ЖОЛООЧИЙН ГАР ДАМЖИЖ МОНГОЛД ИРДЭГ-

Энд нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэн юм огт байхгүй. Дарга нар ирж байдлыг сайжруулж байна гэж мэдээгээр гарч байгаа ч тийм юм болоогүй. Тяньжин байтугай Эрээнээс бараагаа татаж авахад их хүндрэлтэй хэвээр байна. Тяньжинаас таван жолоочийн гар дамжиж бараанууд ирдэг юм. Би Замын-Үүдийн хойхно байрладаг. Дотогш орох хориотой. Энд ачаа ачих дарааллаа хүлээгээд сар болж байна.

БНХАУ-аас ачааг сайн чихэж зөөвөрлөдөг. Ойролцоогоор 70 орчим тонн бараа нэг машинд ирнэ. Үүнийг нь гурван машинд хувааж аваад Улаанбаатарт авч ирдэг. Яагаад гурван машинд хувааж авдаг вэ гэхээр Монголын зам дээр 25 тонноос илүү ачаа ачиж явахыг хориглодог юм. Тяньжин боомтоос БНХАУ-ын жолооч тээвэрлэсээр Эрээн дэх Монголоос хуваарилагдсан 50 жолоочийн нэгт нь дамжуулна. Тэд Монголын хил дээр авч ирдэг. Түүнийг нь нааш дамжуулахаар дахин ачна. Олон дамжлага дамжиж байгаа ч бид маш хурдан ачдаг. Тээвэрлэх үнийг улсаас хязгаарласан. Хөлсөө бид таван жолооч хувааж аваад цалинждаг гэлээ.  

-ТЯНЬЖИНЫ АСУУДАЛ АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТАЙ ХОЛБООГҮЙ-

-ӨДӨРТ 50 ЧИНГЭЛЭГ АЧАА ИРЖ БАЙГАА-

Харин Тяньжин дахь ачаа бараа саатсан өнөөгийн нөхцөл байдлын тухайд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал хэлэхдээ,

Улс орнуудын эдийн засаг сэргэх үед бараа бүтээгдэхүүний захиалга өссөн. Үүний адилаар манай улс гаднын улсуудаас их хэмжээгээр захиалга хийсэн байна. Хэсэг хугацаанд хил хаалттай байх үеэр ачаа овоорчихсон. Тиймээс өнгөрсөн тавдугаар сард Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтээр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, “Улаанбаатар төмөр зам ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч, чингэлгээр ачааг татах болсон.


Зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын сүүл гэхэд 4,800 гаруй импортын ачаатай чингэлэг Монголд ирсэн. Гэсэн ч Тяньжин боомт руу импортын ачаа тасралтгүй ирж байгаа тул чингэлгийн бөөгнөрөл арилаагүй хэвээр байна.Үүнээс гадна БНХАУ-ын Тяньжин боомтоос хоногт дунджаар нэг чингэлгийн галт тэрэг буюу Монгол улсын импортын 40 фут буюу 50 гаруй чингэлэг ачигдаж байна.


Манайх Тяньжинаас Эрээн хүртэл хоногт хэдэн цуваа чингэлэг гаргах гэрээ хийнэ түүнийхээ дагуу тээвэрлэдэг. Цаашид төмөр зам ЗТХЯ гэрээгээ шинэчлэх, наашаа ирж байгаа ачааны урсгал нэмэгдсэн тохиолдолд түүндээ тааруулсан төлөлт хий гэдэг дохиог өгч буй. Тэгэхээр төмөр замууд энэ жилийнхээ төлөвлөгөөнд тодотгол хий гэж байгаа юм. Эсвэл дараа жилийнхээ төлөвлөгөөг шинэчилж улам өргөн хүрээтэй эдийн засаг, худалдаатай холбоотой шинэчлэл хийж тоогоо нэмэх хэрэгтэй. Нэг талаар ачааны бөөгнөрөл, гацалт нь Элчин сайдын яамны хийх ажил боловч төлөвлөлт буруу байгаагаас асуудал үүсээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй гэж ярьсан юм.

Нэгдүгээр хаалга буюу Тяньжинд буй ачаа тээврүүд агуулах тус бүрт ачаагаа хадгалуулсныхаа хөлсөнд өдөрт 10-50 америк доллар төлдөг. Энэ нь 28 мянган төгрөгөөс 142 мянган төгрөг юм. Үүнээс гадна манай улсын зүгээс авч болох аргуудыг хэрэглэж, хэлэлцээрүүдийг хийсэн. Гэвч БНХАУ манай улсыг эрсдэлтэй хэмээн үзэж буйд учир бий. Гэхдээ манай хоёр улс хоорондоо коронавирусийн халдварыг дамжуулсан тохиол бүртгэгдээгүй аж.


-ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ: ХАВРААС ХОЙШ ТЯНЬЖИН ДЭЭР АЧАА МААНЬ ГАЦЛАА-

Хувиараа бизнес эрхлэгч А.Тэргэлийн ачаа Тяньжин боомтод саатаад таван сар болж байна. Өөрөөсөө гадна хоёр хүнийг цалинжуулдаг бөгөөд Нарантуул худалдааны төвд агуулах контейнер түрээслэдэг аж. Тэрбээр, дөрөвдүгээр сард 300 сая гаруй төгрөгөөр Солонгос улсаас 10 гаруй тонн бараа захиалжээ. Тээвэр зуучаар дамжуулж авдаг ачаа нь Тяньжин боомтод хавар саатсан байна. Түүнээс хойш хоёр ажилтнаа цалинжуулж хажуугаар нь Нарантуул дахь агуулахын түрээс гэж сард 450 мянган төгрөгийг төлсөөр ирсэн байна. Үүнийгээ түрээслэхгүй байж чадахгүй нь. Учир нь Нарантуул захад бараа агуулдаг контейнер дахиж олдохдоо маш бэрх байдаг юм.

Оноос өмнө ачаагаа ирнэ гээд өөр хүнд өгч чадаагүй, хоосон түрээс төлсөөр л байна. Бизнесээ эхлүүлэх гэж их хэмжээний зээл авч байсан. Зээлээ төлж чадахгүйд хүрч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л боллоо. Бараа маань тэнд байгаа үгүй нь тодорхойгүй болохоор унтаж чаддаггүй. Бүр бараа маань тэнд байгаа эсэхэд эргэлзэж байна. Учир нь манай тээвэр зуучийн компани Тяньжин боомттой хавраас хойш огт холбогдож чадахгүй байгаа. Оноос өмнө ирчих байх гээд хий хоосон хүлээгээд л байна гэсэн юм.


Нэгдүгээр хаалганы буюу Тяньжин боомтын ачаа барааны гацалт Монгол улсын өнөөгийн байдалд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Тухайлбал, манай улсад мөнгөөр арилждаг бүхий л юмны үнэ нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь хоёр шалтгаантай. Нэг нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж, үүнийг дагаад дэлхийн бүх улсад шатахууны үнэ нэмэгдсэн. Учир нь шатахуун бол үнийн хөөрөгдөл үүсгэх суурь гурван хүчин зүйлийн нэгт тооцогддог аж. Эдийн засаг том, хөгжил ихтэй улсад энэ нь талхны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэнтэй л агаар нэг. Манайх шиг хөгжил буурай, олон улсаас бүхий л салбартаа хандив, тусламж авдаг орны хувьд эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж, савлуулж хүчтэй нөлөөлдөг аж.

Харин хоёр дахь шалтгаан нь БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан Монгол улсын эдийн засаг, ачаа барааны асуудал юм. Хүнсний бараа биш ч хүнсээ залгуулдаг эх үүсвэр нь гацав. Эдийн засгийн хэцүүхэн цаг үед гэдийчхээд, чингэлэг тээврээр Монголын ачаа барааг илгээхгүй цар тахал, эрсдэл хэмээх үгсээр хашчихаад байгаа хөршийнхөө бодлогыг ард түмэн аль хэдийнээ анзаарчээ. Ёстой л зовох цагт нөхрийн чанар танигдана гэхчээр хорлогчин хөршийн хатуухан шоглоомонд өртөв. Гэвч тэд үргэлжлүүлж, цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй хэмээн манай эдийн засгийг гацааж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тагласаар.


-ТЯНЬЖИНД АЧАА ГАЦСАНААС БОЛЖ “ДА ХҮРЭЭ” ЗАХЫН МАШИНУУД ХАМГИЙН БАГАДАА 3-5 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-

Авто машин худалдаалдаг Да хүрээ төвлөрсөн төвд Япон улсаас ирдэг машинууд Тяньжин боомтоор дамжин Монголд орж ирдэг. Үүнээс болоод манай Да хүрээ авто худалдааны төвлөрсөн төв машины хомстолд орсон. Тэр байтугай авто машины сэлбэг хүртэл ховордлоо. Үнэнийг хэлэхэд дандаа шилэгдээд үлдсэн машинууд л байна. Үүнээс болж цөөн тоотой, ховорхон орж ирж байгаа машинууд үнэтэй болсон.

Тяньжинд гацсан ачааг хадгалж байгаа контейнерт өдөр өдрөөр түрээс төлж байна. Наашаа таталт нь удаашралтай учраас түрээсэнд мөнгө урсгасаар. Үүнээс болж давхар үнэ нэмэгдэж байгаа юм. Хуучин машины засвар хүртэл үнэд орох нь аргагүй байна. Ер нь хилээр орж ирж байгаа авто машин хамгийн багадаа 3-5 сая төгрөгөөр нэмэгдсэн. Да хүрээ захад энгийн үед зарагддаггүй байсан портер, бонго төрлийн машин үнэд орж ховордсон тухай Да хүрээ-н наймаачид ярьж байлаа.


Төр засгийн бодлого маруухан байх тал бий. Үүнийг зарим иргэд “Хэрэглээний төлбөрүүдийг төр засгаас тэглэсэн учраас энэ мэт башир аргаар, барааны үнийг нэмэгдүүлж эргүүлэн олох гэж байгаа юм” хэмээн талцаад эхэлчхэж. Бодит нөхцөл байдлыг харахад Монголын тээвэрчдийг нэвтрүүлэхгүй байгаа. Тиймээс тээвэрлэлтийг 100 хувь БНХАУ-ын тал гүйцэтгэж буй. Ингэхийн тулд төрийн түшээд нар айлчлал хийж, утсаар гуйж гувшсаар л байгаа аж. БНХАУ үүнд тун дурамчхан дусал дуслаар дусаана гэдэг шиг чингэлгээр цөөн тоогоор гэлдрүүлээд л байх. Харин үүнд хувиараа арилжаа наймаа хийж, хоногийн бор хоолоо импортын бараагаар залгуулдаг олон мянган бизнес эрхлэгч энэ шуурганд хамгийн ихээр өртөөд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-01 10:35

Amarsaihan gej erguu nowshiin hiij baigaa gai shuu dee. 3, 4 sard gaali teever zuuchiinhniig hul haaj ajliig ni zogsoogood baahan containeriin tuvlurul uusgechihsen. Hytaduud zugeer yavj baisan ursgaliig ni Mongold saatuulsnaas bolood Tenjind buun ovoorol iissend durguitseed baigaa.

Холбоотой мэдээ

Back to top button