УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЯрилцлага

Ч.Отгочулуу: Архи, тамхины татварыг нэмж байгаа нь монголчуудыг их ууж, тат гэдгээс ялгаагүй

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт ирэх 2022 оны төсвийн төслийг өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

--Энэ (2021) оны төсвийн орлогыг 13 их наяд төгрөг, зарлагыг 15 их наяд төгрөг гэж хуульчилсан байсан. Харин ирэх 2022 оны төсвийн орлогыг 16.4, зарлагыг 18.1 их наяд төгрөг гэж төсөөлжээ. Орлого, зарлагаа өнгөрсөн жилийнхээс даруй гурван их наядаар нэмчхэж. Огцом өсгөсөн нь юунд найдсаных гэж та дүгнэж байна вэ?

-Ирэх оны төсөлд зэсийн үнийг 8,900, алтыг 1,800, нүүрсийг 129 ам.доллароор таамаглажээ. Биет хэмжээний хувьд нүүрс 36 сая тонн, зэсийн баяжмал 1.2 сая тонн, алтыг 20 тонноор экспортолно гэж өөдрөгөөр авсан байна. Мөн үүнээс гадна НӨАТ болон хүн амын орлогын албан татварын орлогыг өсгөнө гэжээ. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн албан татвар 158 тэрбум төгрөгөөр буюу 25 хувиар өснө л гэнэ. Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж тооцсон байна. Шимтгэлээ өсгөх юм байлгүй дээ. Архи, ундаа, тамхины онцгой албан татварын орлогыг 500 тэрбум төгрөгөөр өсгөнө гэж тусгасан байгаа юм. Энэ нь монголчуудыг илүү их архи уу, тамхи тат гэж байгааагаас ялгаагүй.

Хүн амын орлогын албан татварын нийт орлогыг 14 хувь, НӨАТ-ыг 20 хувиар тус, тус өсгөжээ. Харин бодит байдал дээр ажилгүйдэл ихсэж, иргэдийн цалин багасаж байна. Хэрхэн бүрдүүлэх юм бол доо? Ажил хийж байгаа цөөхөн хэдээ нэмж мөлжих гээд байх шиг. Ерөнхийдөө төсвийн орлогыг өөдрөгөөр тооцож, татвар төлөгчдийн үүрч буй ачааг дунджаар 20-30 хувиар өсгөхөөр тооцсон гээд хэлчхэж болно. Энэ бол аюултай үзэгдэл юм.


-Орлогыг бодит байдлаас давуулан тооцох нь ямар хэрэгтэй юм бэ?

-Орлогыг өндөр тооцож байгаагийн гол шалтгаан нь үрэлгэн зарлагаа нуух сонирхол юм. Сүүлийн жилүүдэд хоёр их наядын алдагдалтай төсөв баталж ирсэн. Тэгээд тодотгол оруулж ирээд таван их наяд болгоод өсгөчихдөг жишиг тогтсон.

-Бодит алдагдал их байх нь тооцооллоос болдог уу, үүнийг яаж барьдаг вэ?

-Хэт өөдрөг, зориудын зохиомол төсөөллөөс болдог. Уг нь дунд хугацааны алдагдлыг бага байлгах механизм байдаг. Үүнийг тэд хэрхэн зальдаж тойрдог вэ гэхээр дунд хугацааныхаа төсөөллийг жил бүр өөрчилчихдөг юм. 2020 оноор жишээ авъя л даа. 2021 онд баахан алдагдал гаргана. Үүнийгээ 2022-2023 онд алдагдал багатай байх учраас дунд хугацаандаа хуулийнхаа шаардлагад бариулна гээд төсөөллөө өөрчилнө. 2022 он болонгуут мөн л дараагийн хоёр жилийн алдагдлыг зориудаар бага байлгах замаар хуулийг гурилдана, нэг ёсондоо төсвийн сахилга батыг дөнгөчхөж байгаа юм. Бодит байдал дээр манай төсвийн хуримтлагдсан алдагдал гурав, дөрөвхөн жилийн дотор бараг 15 их наяд болчихлоо. Ингэж улс төрчид өөрсдийгөө хуурч буйн бодит төлөөсийг нийгмээрээ хэд дахин өндөр үнээр төлнө.

Үүн дээр ойлгомжтой жишээ татвал, тамхинаас гарах гэж байгаа хүн өнөөдөр гурвыг, маргааш хоёрыг, нөгөөдөр нэгийг татна, нийтдээ гурван өдөрт ердөө  зургааг татна гэж амлалт өгөг. Тэгснээ за за өнөөдөр зургааг татаад маргааш нөгөөдөр огт татахгүй гэж өөрчлөв. Маргааш нь болохоор за за өнөөдөр шинээр гурван хоног эхлүүлье, өнөөдрөөс зургааг маргааш тэг гэх зэргээр өөрийгөө хуураад байгаагаас огт ялгаагүй.

МАНАЙ УЛС ТӨСВИЙН АЛДАГДЛАА СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД НӨХӨӨГҮЙ. ИРЭХ ЖИЛ Ч БОЛОМЖГҮЙ

-Алдагдсан төсвөө гадаад өр болон үнэт цаас гаргаж нөхнө гэдэг. Ирэх жил ч гэсэн ийм арга хэмжээ авна гэж онцолсон байсан?

- Алдагдлыг хоёр эх сурвалжаар буюу гадаад зээл тусламж болон дотоодын бонд гэх сувгуудаар нөхнө гэсэн байна лээ. Өмнөх жилүүүдэд ч ингэж ирсэн. Төсөв алдагдах нь иргэнд яаж мэдрэгдэх вэ гэвэл хамгийн наанадаж төлөх татвар нь ихэсдэг. Хойч үе маань илүү их ажиллаж, илүү их татвар, шимтгэл, хураамж төлөх замаар илүү олон дарга нарыг тэжээнэ гэсэн үг.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ дээр төсвийн зарлагаа нэмж тэлэх боломжгүй болгосон. Зарлагаа ахин тэлэх боломжгүй учраас тулсан дүнг Засгийн газраас УИХ-руу оруулдаг нь бас нэг шалтгаан мөн биз дээ?

-Тийм. Засгийн газар төсвөө оруулахаар УИХ-ын гишүүд нь зардлыг өсгөдөг байсныг болиулсан. Тэглээ гээд асуудлыг шийдээгүй. Учир нь Засгийн газар өөрсдөө зардлаа зохиомлоор өсгөөд байгаа. Дараа нь дундаас нь зохицуулах арга хэрэглэдэг. Сүүлд ковидын хуулиар төсвийн эрх мэдлийг УИХ-аас бүрмөсөн булаагаад авчихсан. УИХ бол ЗГ-ын оруулж ирсэн төсөв дээр гарын үсэг зурах л эрхтэй болсон. Ингэхээр Засгийн газар “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” стайлын өндөр алдагдал, зардалтай төсвийг айж ичилгүйгээр оруулж байна.


-2021 оны төсөвт 28 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Гэвч бодит байдал дээр 18 сая тоннд ч хүрэхгүй болов уу. Ирэх жилийн төсөвт 36 сая тонныг экспортлоно гэсэн тоо тавьжээ. Нүүрс экспортын асуудал хүндхэн байна. Ийм өндөр төсөөлөлтэй байгаагийн учир юу юм бэ?

-Нүүрсний экспортыг өндөр тавихаар ДНБ зохиомлоор өндөр харагдана. ДНБ өндөр харагдахаар ДНБ-д эзлэх төсвийн алдагдал ба гадаад өр зээлийн хэмжээ нь тус, тус 5 болон 80 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалт бий. Түүндээ барьж байгаа. Өөр жишээ авъя.  1.6 метрийн өндөртэй нэг бүсгүй 80 кг-ын жинтэй байг. Эрүүл жин нь өндрөөс нь хасах зуу буюу 60 кг байх ёстой гэж төсөөлье. Мань бүсгүй турахын оронд өөрийгөө 1.8 метр өндөр гээд гэж “хэмжээд”, зохистой харьцаандаа орчихно. Мэдээж хувь хүн өөрийгөө ингэж хуураад яах ч билээ, гэтэл бусдын мөнгөөр хүүдгэнэж буй дарангуйлагчид зохист харьцаан дээр дураараа тоглож байна дөө.

ТӨСВИЙН БОЛОВСРУУЛАЛТАД СӨРӨГ ХҮЧИН ДУТАГДАЖ БАЙНА

-Манай улсад төсвийн боловсруулалт гэхээр ганц л хүний, шулуухан хэлэхэд сангийн сайдын гараар ороод гардаг. Энэ нь төсөв боловсруулалт хангалтгүй байх гол шалтгаан гэж эдийн засагчид шүүмжилдэг?

- Үнэн. Ирэх оны ДНБ-ий хэмжээг Сангийн сайд өөрөө тодорхойлдог. Статистикийн хороо төсөөлдөг гэж манайхан андуурдаг. Ер нь сангийн сайд бол төсвийг өөрөө хийнэ, төлөвлөнө, хэмжинэ, шалгуураа өөрөө тогтооно, түүндээ өөрөө дүн тавина, өөрөө тайлагнана. Уг нь Улсын их хурал хянадаг байсан ч ковидын хуулиар тэр үүргийг нь хязгаарлачихсан. Тэгэхээр Засгийн газар өөрсдөө дураараа дургиж байна. Бусад улсад хараат бус хөндлөнгийн шинжээчид төсвийг нягталдаг. Манайд тийм боломж байхгүй. Төсвийн хороо гэж нэг тоглоомын газар байгуулсан. Тэнд нь Монгол Ардын Хувьсгалт Намаас тэтгэвэртээ гарсан өвгөчүүл суудаг. Тэд шүүмжлэл хэлж чаддаггүй. Сайдтайгаа хамт хоолонд ороод, энхрий хайрт нам засгаа магтаад л, гудамжинд байгаа сөрөг хүчнээ муулаад л суудаг. Уг нь тэнд сөрөг хүчний хүмүүс болон залуус байх ёстой.


-Алдагдлыг өндрөөр тооцохын цаана маш их мөнгө хяналтгүй урсдаг. Ингэх нь хэнд ашигтай байдаг юм бэ?

-УИХ-ын гишүүд дахин сонгогдох сонирхолтой учраас тойрогтоо ахиухан төсөв батлуулчихвал сэтгэл нь ханадаг. Тэдгээр гишүүдэд урт хугацааны бодлого гэж байхгүй. Дөрвөн жилийн дараа нутаг руугаа буцаад очход иргэдийн асуудаг зүйлс нь ч их сонин л доо. “Улс эх оронд хэрэгтэй юм хийсэн үү, төсвийн сахилга баттай байсан уу” гэдэггүй. Харин “Энд гүүр барьсан уу, тэнд гэрэлтүүлэг тавьсан уу” гэцгээдэг. Тиймээс 76 гишүүн өөрсдийнхөө эрх ашгийг боддог. Тэгэхээр талын нэг тараасан үрэлгэн төсөв нь дахин сонгогдох сонирхолтой УИХ-ын гишүүдэд л ашигтай. Тиймээс тэд тойрогтоо өндөр төсөв тусгах, тууз хайчлах талаар л боддог. Энэ бол тогтолцооны гажуудал юм.

ЕРӨНХИЙ САЙДЫН ТОЙРОГТ ТЭГШ БУС ТӨСӨВ ХУВААРИЛАХ НЬ ШУДАРГА БУС


-Сүүлийн хэдэн жил цөөн аймагт өндөр төсөв тавигддаг циклтэй болчихлоо.

-Тийм. Ирэх жил Хэнтий аймагт харьцангуй өндөр төсөв тавигдлаа. Бусад аймгуудад З тэрбумын төсөвтэй яг ижил барилга дээр 300 саяыг өгч байхад Хэнтийд дунджаар 2 тэрбумыг хуваарилна. Сонгинохайрхан дүүрэгт гурван бага ангийн сурагчид ээлжээр хичээллэж байна, өвдсөн хүүхдүүд нь хэвтэх эмнэлэггүй байна. Гэтэл Хэнтийд орчин үеийн нэн өндөр өртөгтэй сургууль, сум хоорондыг холбосон хатуу хучилттай зам, цахилгаан шугам, далд уурхайн музей барьж байна. Аялал жуулчлал цар тахлын нөхцөлөөс шалтгаалаад ойрын гурван жилд явцгүй байгаа шүү дээ. Гэтэл нийслэлийн гэр хороололд хүүхдүүд эрүүл мэнд, боловсролоороо хохирч байна. СХД-ээс сонгогдсон ардын намын гишүүд тойргийн иргэддээ биш намынхаа даргадаа үйлчилж байна.

Халдвартай байгаа энэ үед боловсрол, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхдүүдэд түрүүлж хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэтэл түүний оронд Ерөнхий сайдын тойрогт 2024 оны сонгуулийн өмнө ашиглалтад орох олон барилга овоолох нь. Үүний тулд монголчууд илүү их татвар төлөхөөр байна.

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тухай хуулиа тогтвортой хөгжлийг хангасан тэгш шударга хуваарилсан гэж байгаа боловч задлаад уншвал тэгш байдал харагдахгүй байна. Дээр ярьсан Хэнтийн төсвийг Дорнодтой харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Сонгинохайрхан дүүрэг Хэнтий хоёрыг харьцуулаад үзэх хэрэгтэй. Үүнээс нь харвал Сонгинохайрхан дүүрэгт төрсөн хүүхэд хүн биш гэмээр. Төсвийг иргэдэд алагчилсан хуваарилж болохгүй. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно.

-Ирэх онд дэд бүтэц, зам тээвэрт ихээхэн ач холбогдол өгч ихэнх төсвөө хуваарилсан гээд байна билээ. Цаг үе, эдийн засгаа бодоод үзвэл зам тээвэртээ анхаарах жил биш гэдэгтэй санал нийлэх үү?

-Замыг дэмжих хэрэгтэй. Гэхдээ төсвөөс санхүүжих зам байгуулалтын ихэнх нь Хэнтий аймагт байна. Гэтэл энэ аймаг манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг билээ. Ойрын хэдэн жил аялал жуулчлал хөгжих үү, дэлхийд 100 мянган хүн тутамд тохиолдох халдварын тоогоороо тэргүүлж байгаа улс руу аялахаар ирэх юм уу, хилээ хэзээ бүрэн нээх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Ядаж Дарханы замаа эхэлж дуусгах хэрэгтэй. Гааль дээр гацсан бүтээгдэхүүнээ гаргахын тулд боомтын гарцдаа илүү хөрөнгө оруулах хэрэгтэй. БНХАУ нүүрсээ ОХУ-аас төмөр замаар авч байна. Манайхаас болон олон зуун жолоочоор дамжуулна. Ковидын хяналт хийх өртөг маш их болно. БНХАУ халдварын дэгийг сайн сахиарай гэж хоёр жилийн өмнөөс олон удаа анхааруулсан. Бензиний хангамжийн хувьд ч тэр ОХУ өнгөрсөн хавраас шатахууны нөөцөө бэлдээрэй, манай улс засвар үйлчилгээ хийнэ шүү гэж анхааруулж байсан гэсэн. Гэтэл үнийг хэт хатуу барьснаас бензин импортлогчид нөөц бэлдэх байтугай цалингаа тавьж чадахгүй болсон. Одоо манай засаг,  төрөөс хоёр хөрш улс руу бурууг чихээд сууж байна. Бүүр сүүлдээ иргэд ихээр нь авч хомстол үүсгэсэн гээд давшилж байна.


УУЛ УУРХАЙ ТЭР ДУНДАА НҮҮРСНЭЭС ӨНДӨР ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖ ХОМС

-Уул уурхайн салбараас ирэх жил 4.3 их наяд төгрөг буюу төсвийн 26 хувийг олно гэж тооцсон бололтой. Энэ дүн биеллээ олбол түүхэн дээд амжилт. Гэтэл цар тахал үргэлжлэх үед энэ нь хэр бодитой вэ?

-Зэс бол боломжтой. Учир нь Эрдэнэтийн баяжмал төмөр замаар гардаг. Хоёрдугаарт, Оюутолгойн экспорт олон улсын гэрээний зарчмын дагуу. Харин нүүрс хэцүү. Дээр нь Эрдэнэс таван толгойн менежмент их ээдрээтэй.

-Эдийн засгийн өсөлтөө 5.0 хувь гэж 2022-2024 онд тооцсон юм билээ. Хэдийгээр гадаад орчинд алт, зэсийн үнэ өсөж байгаа ч манай улс ашиглаж чадах уу?

-2022 онд Оюутолгойн далд уурхай ашиглалтад орно гэдэг төсөөлөл тавьж байгаа юм билээ. Тэгэхээр зэсийн хэмжээг өснө гэж харж байгаа байх. Тэр таамагласан 1.2 сая тонн нь баяжмалаар юм уу, эсвэл баяжмал дахь металлаар буюу цэвэр зэсээр юм уу гэдэг нь ойлгомжгүй. Хэрэв зэсээр гэж тооцож байгаа бол хэцүү. Далд уурхай дээр маргаан хэрхэн шийдэгдэх юм бол? Төсвөө харахаар олох гэж тооцсон өндөр орлого нь Оюутолгойгоос ихээхэн хамааралтай байна билээ.


-МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТГҮЙГЭЭР ТОМРОХГҮЙ-

-Ирэх оны төсвийн алдагдлыг хэдэн их наядад хүрнэ гэж бодож байна вэ?

-Тооцооллоор хоёр их наяд гэсэн ч өмнөх жилүүдтэй адил илүү их алдагдалд хүрэх боломжтой. Энэ алдагдлаа гадаад, дотоод бонд гаргаж нөхнө гэж хэлээд ам тагладаг нь хэвээр үргэлжлэх биз. Дээр нь эдийн засгийг хиймлээр өсөлттэй байна гэж оруулж ирнэ. Үнэндээ эдийн засгийн бодит өсөлт гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр явдаггүй. Хүүхэд яаж өсөж томордогтой л адил. Гаднаасаа эрдэс бодис, шим тэжээлтэй хоол идэж байж том болдог. Дотроо бодисын солилцоо хийгээд байвал өсөхгүй. Яг үүн шиг манай эдийн засагт гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол томрохгүй. Ийм үед манай төсөв дахин хуваарилалтын төсөв л болчхож байгаа юм. Учир нь ямар ч шинэ бүтээн байгуулалт үгүй.

-Шинэ бүтээн байгуулалтыг бүтээе гэвэл хэрхэн дэмжих хэрэгтэй байдаг вэ?

-Бүтээн байгуулалтыг дэмжье гэвэл НӨАТ-ыг буулгах ёстой. Хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Гэтэл боломжийг нь хумьж хээл хахуулийн үүр болсон элдэв хязгаарлалтаа л улам нэмээд байх юм.

-Үйлдвэрлэгч биш улсын зовлон энэ цаг үед бүр хүндээр илэрлээ дээ.

-Манайх үйлдвэрлэгч улс байж болох байсан. Гадаадын хөрөнгө оруулалт орж байж л үйлдвэрлэгч болдог. Өмнөд солонгост Японы хөрөнгө оруулалт орсон. Орос улсад Германы хөрөнгө оруулалт орсон. Монголчууд үйлдвэрлэгч үндэстэн биш. Хагас нүүдэлчин улс. Үйлдвэрлэж сурахын тулд гаднын үйлдвэрүүдийг оруулж ирэх ёстой. Эхэндээ ганц нэг хүндрэл гарангуут л монжуулж байна, шулуулж байна, ингэлээ тэглээ гээд хөөгөөд гаргадаг. Малайзыг хар л даа, “гадаадынханд монжуулсаар” өдий зэрэгт хүрч үйлдвэрлэгч болсон. Тайвань дайнд ялагдсаны дараа америк, японы үйлдвэрийг оруулж ирээд л дэлхийн тэргүүлэх чипны үйлдвэрлэгчийн нэг болсон.

-Орж ирсэн жаахан зээл тусламжаа халамж болгож байна?

-Ер нь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба гаднын өр зээл хоёрын зохистой харьцаа гэж байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр дүнд экспорт өсөж байвал зөв хөгжил болдог. Харин манай улс зээл тусламжаар угжуулж байна. Гэвч түүнийг эргүүлж төлөхийн тулд том төслөө явуулах хэрэгтэй. Явж байгаа том төсөл нэг ч байхгүй. Манай эдийн засаг сүүлийн 10 жилийн туршид 10-13 тэрбум доллар дотор хий эргэчихлээ. Гэтэл Вьетнамын эдийн засаг  яг ижил хугацаанд хоёр дахин томорч 260 тэрбум ам долларт хүрчээ.

Гаднын зээл тусламжаар хөгжсөн улс гэж нэг байхгүй. Ялангуяа тэрийгээ халамжид зарцуулж улам бүр тэр өр зээлээс хараат болох хэрэггүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт үүд хаалгаа зоригтой нээх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-07 08:43

Мундаг эдийн засагч. Одоогын засагт Отгочулууг гүйцэх эдийн засагч байхгүй.

100%
100%
2021-10-07 11:18

Үнэн ш дээ
Үхэх гэж байгаа юм шиг л �##�бан туша�##� нэр хүндийг хойноос эхнэр хүүхэд аав ээжийгээ ч худ�##�дахад бэлэн хүмүүс байхын. Яааааана даа манай хэд.

Zochin
Zochin
2021-10-07 11:36

Ynen shyy

.
.
2021-10-07 14:18

Отгочулууг гүйцэх эдийн засагч нээрээ л байхгүй шүү. Сэхээтнүүд нь үүргэвчээ үүрээд гудманд жагсаж байхад попууд ордонд байгаа нь тавилан юм даа

Алтаа
Алтаа
2021-10-07 19:36

Овоо юм гэсэн чинь ёстой тэнэгтдэг байнаш дэ

Ддд
Ддд
2021-10-07 20:48

Яасан ч уртын уншихаас з�##�хмаар нуршуу юмбэ

эгэл
эгэл
2021-10-10 18:53

намын цонхоор биш эдийн засагчийн нүдээр бодитоор хардаг бол намын суртлаас хол бай ийм байв�##� чамайг унших хүнгүй болно

Zochin
Zochin
2021-10-12 14:47

Yu ch medekhgui baij Uul uurkhai ch yarj l baidag arkhi tamkhi ch yarj baidag DURAK

Ф еөк 76
Ф еөк 76
2021-10-13 15:59

ЯАНА ДАА БИД

Холбоотой мэдээ

Back to top button