АМЬДРАЛЫН НОМНийгмийнЯРИЛЦЛАГА

АМЬДРАЛЫН НОМ | Дулмаагийн Нандинцэцэг: Уй гунигтаа живсэн шиг живээд, дараа нь боссон шиг босоорой

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа “Nandin’s book cafe” пэйж хуудсын админ, чөлөөт сэтгүүлч Дулмаагийн Нандинцэцэгийг урилаа. Тэрбээр өдгөө БНСУ-д докторантурт суралцаж буй юм.

Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

МӨНГӨГҮЙ БАЙСАН Ч МӨРӨӨДӨЛ ТАНЬ МАШ ТОМ ЭД БАЯЛАГ

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Миний амьдралд хүчтэй нөлөөлсөн гээд нэг номыг онцлоод хэлэхэд хэцүү юм.  Номын тухай ярья гэхээр бага насны дурсамж, дурдатгал руу тархи толгой шууд л гэлдэрч байна. Миний бага нас Дорнод аймаг Дашбалбар суманд өнгөрсөн. Багадаа “Ээжийгээ үлгэр ярьж, ном уншиж өгөөч” гэж шалдаг хүүхэд байлаа. Ээж ч надад үлгэр, домог ярьж өгнө. Дан ганц надад үлгэр уншиж өгөхгүй ээ, сонин их уншдаг байсан. Би ч ээжийн хажууд суугаад сониноо буруу, заримдаа зөв харуулаад уншина. Учир нь сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан юм. Яваандаа ээж надад нэг ном авч өгсөн. Тэр нь “Бувардай ба түүний нөхөд” нэртэй ном байсан санагдаж байна. Энэ номыг сургуульд ортлоо уншиж, “царай муут” болгосон доо. Харин сургуульд ороод идэвхтэй ном уншиж эхэлсэн. Хөдөөх сууринд бүтэн ном олдоно гэдэг өдрийн од мэт. Дандаа л урагдсан, эсвэл сонирхолтой хэсэг нь байхгүй болчихсон байдаг байсан. Тэгээд урагдаад байхгүй болчихсон хэсгийг нь төсөөлж уншдаг байлаа. Тухайн үед хамгийн гүн сэтгэгдэл төрүүлж байсан ном бол Александр Дюмагийн “Монте Кристо гүн”. Надад ер бүтнээрээ олдоггүй байсан. Тэгээд л сурсан зангаараа үйл явдлыг нь эвлүүлдэг тоглоом шиг бодож, төсөөлнө.

Харин уг номыг нэг хүн “Зарна” гээд зар оруулчихсан байхтай таарч, хэдэн жилийн өмнө Монголоос захиж авсан. Миний амьдралд их нөлөөлсөн номуудын нэг гэж боддог. Энэ номыг уншаад үнэн, шударга байх ёстойг ойлгож, зоригтой болсон. Уг номоос гадна бага байхдаа уншсан, амьдралд минь нөлөөлсөн номууд бол С.Эрдэнэ, Д.Намдаг гуайн номууд. Үүнээс гадна Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн”, Чингиз Айтматовын “Цаазын тавцан” номуудыг уншиж байсан. Ээж маань Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц” номыг уншчихаад надад ярьж өгдөг байсан сан.

Аавгүй өссөн болохоор ч тэр юм уу, номыг миний аав хэмээн боддог байсан. Одоо ч ингэж боддог хэвээрээ. Учир нь хэн нэгнээс асуухыг хүссэн, огт мэдэхгүй зүйлд минь ном бэлхнээ хариулдаг. Энэ мэт хуучны эрдэнэ болсон номууд аавын хоосон орон зайг өдий хүртэл дүүргэж байна. Байнга л цүнхэндээ ямар нэгэн ном авч явдаг тул аавтайгаа хамт яваа юм шиг санагддаг байсан. Шилжилтийн насанд сэтгэл хямрах үед ном доторх сэтгэлд хүрч буй өгүүлбэрийг уншаад “Энэ үгийг аав минь хэлж байна шүү” гэж боддог сон. Тэр ч утгаараа ном миний амьдралыг бүрэн бүтэн болгосон. Гэхдээ миний амьдралд номоос хөндийрсөн үе бий. Оюутан насандаа хичээлдээ анхаарч, хажуугаар нь олон давхар ажил хийснээс л болсон хэрэг. Мөн найз залуутай болсон нь үүнд хамаатай. Учир нь би хүсэл мөрөөдлөө орхиод, найз залуугийнхаа хүслээр амьдрах гэж өөрийгөө зовоож эхэлсэн. Гэтэл амьдралын хамгийн амин чухал зүйлсээ орхисон байсан. Номоос алс суусан цаг хугацаанд миний амьдралд таагүй зүйлс тулгарсан. Тиймээс охид минь, хэн нэгэнд хайртай, үр хүүхэдтэй болж болно. Гэхдээ чи дотроо тээж яваа хүсэл тэмүүллээ битгий унтраагаарай.

Миний хувьд тухайн үедээ хүсэл мөрөөдлөө гээж явсан гэдгээ хожим “Дайвар хүйстэн” номыг уншаад бат, нот ойлгосон. Энэ номыг өрнийн хүүхнүүдийн ширээний ном гэгдэг.

Би БНСУ-д ирээд магистрт суралцаж байхдаа эл номыг Монголоос захиж аваад уншсан. Амьдрал минь үнэхээр их гажчихсан байсныг ойлгуулж, амьдралын хэцүү гацаанаас гарахад, өөрийгөө олоход минь тус болсон ном яахын аргагүй. Тэрч утгаараа охидыг энэ номыг аль болох залуу байхдаа уншчихаасай гэж залбирдаг.

Харин намайг түшиж тулсан ном бол Лев Толстойн “Анна каренина”. Энэ номыг унших үед ч би өөрөө сэтгэл зүйн гутралтай, эмзэг байсан. Шалдаа буучихсан, хэцүү байхад минь зориг өгч, гараас татаж босгосон ном.

Миний хайртай номуудын нэг бол Мишэль дө Монтэний “Сонгомол эсээнүүд”.  Урам зоригийг, олж байгаа юмаа тэр чигээр нь хүлээж авах чадварыг, “Хэцүү байсан ч уй гунигтаа живсэн шиг живээд, дараа нь боссон шиг босоорой” хэмээн тархин дотор байнга хашхирч байдаг ном.

Харин одоо Д.Батбаяр гуайн бүхий л номыг онцолмоор байна. Энэ хүний шавь нь байх аз дутсан ч гэсэн надад номууд нь бий гэж бодохоор сэтгэл цаанаа л нэг өег. Тэр хүн амьсгал замхарсан ч өөрийнхөө багш юм шиг боддог. Түүний бүтээсэн бүх номон суварга намайг уран бүтээлч сэтгэлгээтэй байхад минь тус болдог.

Харин дараагийн нэрлэх ном бол зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул”. Энэ номыг орчуулагч Д.Болортуяа эгч төрсний маань дараахан илгээмжээр явуулж байсан. Ойрхон хоёр төрчихсөн болохоор ядарсан, сэтгэл зүйн хувьд хүнд байсан. Яг тэр үед энэ ном яг халбага тайтгаралтай халуун кофе шиг нуугьсан, амар амгалан… Энэ номыг уншаад “Монгол хэл маань ийм сайхан билүү” хэмээн бодож, шуналгүйгээр хүүхдээ унтуулчхаад өдөрт 5-6 хуудас уншдаг байсан. Гамнан, гамнан уншсан, 2020 онд уншсан шилдэг ном минь.

Мөн намайг төрөөд удаагүй байхад ХБНГУ-д амьдардаг эрх зүйч Д.Чанцалдулам эгч над руу  “Сониуч зүрх” номоо явуулж байсан. Энэ номыг уншсаны дараа дотор нуугдаж байсан нэгэн хүсэл сэрсэн. Би наймдугаар ангид байхдаа загвар зохион бүтээгч болно хэмээн зурдаг байсан. Энэ номтой таарснаас хойш хувцас загварт хайртай юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд тэр чиглэлийн мэдээ мэдээлэл сонирхож, сэтгүүл уншдаг болсон. Тиймээс энэ номыг надад нөлөөлсөн номын нэгээр нэрлэж байна.

Харин дараагийн ном бол “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд”. Хоёр дахь хүүгээ төрүүлчхээд шөнө унтсан хоёрхон цагт нь энэ номыг уншдаг байсан. Миний хүндэлж, хайрлаж явдаг эмэгтэйчүүд ямар амьдралаас боссоныг өгүүлсэн, гайхамшигтай ном. Уг номын хамгийн арын хуудсанд би ч мөн өөрийнхөө түүхийг гараараа бичсэн. Багад минь хүмүүс хүсэл мөрөөдлийг үгүйсгэдэг байсан ч гадаадад заавал сурна гэж зорьж, би эцэст нь зорьсондоо хүрсэн тухайгаа бичсэн юм. Ер нь хүн ямар амьдралтай байх хамаагүй. Зорилгоо л байнга санаж явах, тэгээд түүндээ хүрэхийн тулд алхам хийх хэрэгтэй. Мөнгөгүй байсан ч мөрөөдөл гэдэг чинь маш том эд баялаг. Тийм болохоор энэ номонд их хайртай. Ялангуяа төрсний дараах сэтгэл гутралаас аварсан. “Би хэнд ч хэрэггүй хүн болчихлоо. Насаараа хүүхэдтэй зууралдаад амьдрах нь” гэсэн бодлоос минь энэ ном татаж босгосон. Хэдий ээж болсон ч гэсэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг гээж болохгүйг хэлж, амьдрах итгэл, гэрэл гэгээ өгсөн дөө. Өөрийн гараар бичсэн түүхийн минь хажуу талын нь хуудсан дээр нөхөр маань хөргийг минь зурж өгнө гэсэн.

Танай сайтын “Амьдралын ном” буланд оролцсон хүмүүс бараг бүгд уран бүтээлч байсан. Харин би бол гэртээ хүүхдүүдээ харахын хажуугаар докторантурт суралцаж буй ээж. Тиймээс хүүхдийн хүмүүжлийн нэг ном нэрлэе гэж бодож байна. Хүүхдийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч доктор У Ин Ён хэмээх эрхмийн “Яаж хэлбэл зүгээр вэ” гэх хүүхдийн хүмүүжилд дэм болохуйц ном. Зарим ээж, аавууд “Чи яасан гэж уйлаад байгаа юм” гэдэг. Харин энэ номонд ийм нөхцөл байдалтай нүүр тулбал, “Уйлж дуустал ээж нь хүлээе. Юу болсон бэ, яриач” хэмээн хэлж болохыг бичсэн байгаа. Тэр утгаараа энэ ном надад маш их хань болж буй.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-Багадаа сургуулийнхаа номын санч эгчтэй найзлаад номын санд байсан бараг л бүх номыг уншсан. Мөн нагац ах нар маань маш их ном уншдаг хүмүүс байсан. Номын сангаас нь ном сонирхож байгаад заримдаа ч сануулга авна. “Энэ том хүний ном. Уншиж болохгүй шүү” гэнэ. Харин би тэднийг ажилдаа явсан хойгуур нь хулгайгаар уншчихаад яг байсан байранд нь тавина. Санаж байгаагаас Теодор Драйзерын “Керри эгч”, Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн “Манан Будан”-г нууцаар уншиж байсан.

Харин “Монте Кристо гүн” номыг би 5-6 ангид байхдаа айлаас авч, уншиж байсан. Эргүүлж өгөхөд өнөөх маань урагдчихсан, хуудас нь дутуу байсан санагдана. Тухайн үед хуудас нь дутуу ном уншчихсан даа ч тэр үү сэтгэлд харамсал төрдөг байлаа. Тиймээс сэтгэл дахь харамслын шархаа эдгээж, баяр хөөрийг эдлэх гэж гурван жилийн өмнө “Монте Кристо гүн”-г олж авсан.

Харин “Дайвар хүйстэн” номыг авчхаад сэтгэл их хямарч билээ. Авах гэсэн ч олдоггүй ном л доо. Тэгээд хайсаар эцэст нь номын худалдаачнаас олж авсан юм. Гэтэл яасан гээч дэлгээд, хартал Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх сэтгүүлч коллежийн номын сангийн ном байсан. Тэгээд би тэвчилгүй номын худалдаачинд уураа гаргасан. Угаас яаж тэвчих билээ дээ. Өчнөөн олон оюутны боломжийг хулгай хийсэн мэт харамсалтай санагдсан. Одоо ч тийм. Энэ номоос ахиад нэгийг олж авчхаад Хэвлэлийн хүрээлэнгийн номын санд нь өгөх юмсан гэж боддог юм.

Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Зориггүй, ичимхий бүрэг хүүхэд байсан. Миний энэ чанарыг “Монте Кристо гүн” задалж, зоримог болгож өгсөн, эрэгтэй эрчимтэй ном. Гэхдээ дан ганц энэ ном оюун санааг, бие хүнийг бүтээсэн гэвэл өрөөсгөл. Өнөөдрийг хүртэл уншсан бүх ном минь надад нөлөөлсөн. Үүнээс гадна ээж маань үлгэр домог ярьж өгдөг байсан. Энэ бүхний үр өгөөж л өнөөдрийн намайг бүтээсэн байх.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

Яруу найргийн тухай яримаар санагдаж байна. Би багадаа шүлэг бичдэг байсан. Одоо ч гэсэн хүүхдээ хараад сууж байхад сэтгэл уясаад шүлгийн мөрт орж ирдэг.

Тэгээд яагаад ч юм Л.Өлзийтөгс эгчийн “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-оос нэг шүлэг эшлэмээр санагдлаа.

“Энэ үзгээр би зуун шүлэг бичсэн

ахиад зуун шүлэг бичнэ.

Эргэлзэж тээнэгэлзэлгүй дараа нь

гээж орхино.

Хоёр зуун нэг дэх шүлгийг

өөр үзгээр бичнэ.

Хоргодох юмгүйгээр би

өчигдрөөсөө хагацаж чадна.”

Энэ шүлэгт би хайртай. Санаанд сэрвэлзэж буй өнгөрсөн дахь алдаа, түүнээс үүдсэн харамслыг энэ шүлэг илааршуулдаг. Тэр ч утгаараа дэм болдог ном.

Би Д.Батбаяр гуайг уншихаар цаанаасаа аймар их тайвширдаг. Тиймээс “Навчсын хүүрнэл” номоос мөн нэгэн хэсгийг эшлэе.

Ерөөс өнчрөл хагацал амсаагүй зохиолчяруу найрагч дэлхийн уран зохиолд ховор байдаг. Магадгүй, өнчрөл хагацал нь цагаас эрт биеэ даасан, өөрийн үзэл бодолтой хүн болоход нь нөлөөлж, сэтгэл санаанаасаа өмөрч хоцорсон орон зайг уран зохиолоор нөхөх болсонтой нь ч холбоотой байж мэднэ.

Уран зохиол бол уйтгар гуниг учраас хар нялхаасаа сэтгэл санаа нь уйтгар гунигаар хөглөгддөгөөс ч болдог байж мэднэ”.

Энэ хэсгийг уншихаар надад хэлсэн юм шиг санагддаг.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-УИХ-ын гишүүн асан, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл эгчийг уримаар байна. Хийж бүтээж буй ажил нь миний зүрхэнд байнга хүрдэг.  Надаас гадна түүнийг дэмждэг эмэгтэйчүүд бий байх. Тэр утгаараа ямар, ямар хэцүү зүйлтэй тулгарч, ямар ном бүтээлийн хүчээр босож, өндийсөн бол гэдэг сонин байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: Доржийн Болортуяа

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button