ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ: Орос-Монгол-Хятад

-ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ-

Орос-Монгол-Хятад гэсэн гурвалжингийн стратегийн тэнцвэртэй байдлыг хадгалан тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь геополитикийн өнөөгийн нөхцөл байдалд гурван улсын хамгийн чухал үүрэг. Үүнд шаардлагатай бүх урьдчилсан нөхцөл нь ч бий: улс төрийн хүсэл зориг, гурван улсын түүхэн болоод нийгэм, эдийн засгийн харилцаа, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт хамтран ажиллах боломж байна.

Орос-Монгол-Хятад учиртай гурван толгойн олон улсын харилцааны түүх нь өөр өөр цаг үед өөр өөр бүтэцтэй байсаар ирсэн. Монголын эзэнт гүрний үед Оросын ноёд, Хятад бүхэлдээ Монголчуудад захирагдаж байлаа. Манж Чин гүрний үед Монгол улс түүний нэг хэсэг нь байв. 1911 онд Гадаад Монгол Зөвлөлт засгийн дэмжлэгтэйгээр автономит эрхээ олж аван, дараа нь тусгаар тогтнолоо зарлан тунхагласан билээ. Үүнийг бид умартах учиргүй. Тухайн үед оросууд монголчуудыг хятадын гамингуудаас цэвэрлээгүй бол одоогийн Дэлхийн газрын зураг байх байсныг хэн ч таашгүй. 1920-1991 он хүртэл БНМАУ хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын эдийн засаг, улс төрийн нөлөөлөл дор байв.

Орчин үеийн Монголын Орос, Хятадтай байгуулсан эдийн засаг, улс төрийн харилцаа, энэ бүс нутаг дахь олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа нь уг макро бүс нутагт тогтвортой байдлын баталгаа болсоор байгаа билээ.

Одоогоос гучаад жилийн өмнө монголчууд ардчилсан хувьсгалын зам руу эргэлт буцалтгүй орж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн замд хөл тавив. Үндсэн хуулиа ч батлан үүнийгээ улам баталгаажуулав. Хоёр их гүрний дунд оршин өөрсдийн тусгаар тогтнол, хэл соёлоо хадгалах бодлогыг баримталж байна. Энэхүү түүхэн туршлагыг нухацтай авч үзэх шаардлагатай. Хэл соёлоо хадгалах бодлого нь харин сүүлийн үед нэлээд алдагдах болсон нь жаахан харамсмаар гэлтэй. Гэвч энэ бол тусдаа хөндөх сэдэв.

-МОНГОЛ УЛС ЯГ ЖИНЛҮҮРИЙН ОРД ШИГ БАЙХ УЧИРТАЙ-

Монгол Улс газарзүйн байршлын хувьд Төв Азид геополитикийн чухал байр суурь эзэлдэг ба энэ нь зөвхөн БНХАУ, ОХУ-д төдийгүй “гуравдагч хөрш” гэгддэг улс орны хувьд ч тун чухал асуудал. Монголчуудын гуравдагч хөрш бол АНУ, Япон, БНСУ /Өмнөд Солонгос/, Европын орнууд. Монгол Улс эдгээр улстай тэнцвэртэй харилцаатай байхыг сонирхож, олон чиглэлд прагматик гадаад бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Орчин үеийн Монгол улс хөгжлийнхөө чухал үеийг туулж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, эрэлт буурч, Монголоос экспортлох зэс, нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ буурсан нь аж ахуйн нэгж, компаниудын ашиг орлого, ажил эрхлэлт, улсын төсвийн орлогыг ч бууруулсан.

Монгол Улс өндөр чанартай нүүрс /Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт/ болон бусад стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн байгалийн баялагийн асар их нөөцтэйг дэлхийн мэддэг болсон.  Эдгээр түүхий эд нь улсын төсвийн орлогын тэргүүлэгч эх үүсвэр бөгөөд 60 гаруй хувийг эзэлдэг. Үүнтэй холбогдуулан дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь тус улсын эдийн засгийн байдалд шууд нөлөөлж байгаа нь орчин үеийн Монголын эдийн засгийн сул тал болж буй. Монголоос түүхий эдийн гол худалдан авагч нь монополь байдлаа ашиглан Монголын зах зээлийн үнийн бодлогод нөлөөлж байгаа нь энэ нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Ийм нөхцөлд Монголын эдийн засгийг төрөлжүүлэх ялангуяа хамгийн түрүүнд үйлдвэрлэл, мэдлэг ур чадвар шаарддаг эдийн засгийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн дэлхийн зах зээлд гадаад эдийн засгийн шинэ түнш хайж олох нь монголчуудын тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага болоод байна.

-ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС БОЛОХ БОЛОМЖ БИЙ ЮУ-

Түүхий эдийн борлуулалт нь зөвхөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны зорилтыг хангаад зогсохгүй улс орны эдийн засаг, санхүүгийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгааг ч бас анхаарах нь чухал. Монголын түүхий эдийг нарийн боловсруулж, орчин үеийн технологид суурилсан, байгаль орчны шинэ шаардлагыг харгалзан зохих үйлдвэр, аж үйлдвэрийн төвийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бий болгох бодит шаардлага тулгарсан. Үндсэндээ монголд аж үйлдвэрийн хөгжил огт байхгүй гэсэн үг. Санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаа бас мэргэжлийн боловсон хүчин ч энэ чиглэлийг хэрэгжүүлэн хөгжүүлэхэд саад тушаа болсоор.

Жишээлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр барих, орчин үеийн металлургийн үйлдвэрлэл бий болгох, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг нь Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой байдлыг хангах боломжийг олгох нь тодорхой. Дээд зэргээр боловсруулсан бүтээгдэхүүн нь илүү их ашиг авчрах төдийгүй боловсон хүчний өндөр ур чадвар шаарддаг орчин үеийн ажлын байрыг ч бий болгох учиртай. Гэтэл тийм зүйл алга. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон ирээдүй уг нь бий. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 23-нд болсон Монголын эдийн засгийн форум дээр түүхий эдийг нарийн боловсруулж, орчин үеийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг эх орондоо бий болгох нь Монгол Улсын эдийн засгийн бодлогын тэргүүлэх зорилт гэж тодорхойлсон. Энэ нь аж үйлдвэржилт ямар чухал болохыг ойлгосон хүний үг, бодол.

-АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД-

Манж Чин улс ч бай, Зөвлөлтийн социалист орнуудын аль нь ч бай Монгол улс эдийн засаг, улс төрийн бүрэн эрхт байдлаа хадгалахыг эрмэлзсээр ирсэн. Гэвч энэ байдлаа улам хүчирхэгжиж буй урд хөрш Хятад улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, зээл гэх мэт эдийн засгийн нөлөөн дор хөндөлгүй хадгалан “амьд үлдэх” шаардлагатай тулгарч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бүгд л Монголын эдийн засаг хоёр хөршөөсөө /ялангуяа хятад/ ихээхэн хамааралтай байгааг онцолж байгаа ажиглагдсан. Тиймээс Орос-Монгол-Хятадын гурвалсан харилцааг тэнцвэржүүлэхийн тулд Орос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг өмнөхөөсөө улам өргөжүүлэх шаардлагатай болов уу. Харин хэт нэг талыг баримталсан бодлого явуулахгүй байхыг бодолцох учиртай.   

Орос орон бол Орос-Монголын хамтын ажиллагаанд эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, техникийн сонирхолоо илэрхийлж, энэ чиглэлд алхам хийж байгаа боловч өнөөг хүртэл Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, Хятадын хөрөнгө оруулалт, боломж зэрэгтэй харьцуулах аргагүй байдалд нэгэнт хүрчихээд байгааг энд хэлэх нь зүй. Монголын эдийн засаг Хятадын нөлөөний “тойрог зам”-д улам бүр гүнзгий унасаар л. Хятадууд өгч, Монголчууд авсаар л. Өгсөн бол буцаагаад авах нь жам. Авсан л бол эргүүлж өгөх нь тодорхой. Хятадуудын хувьд өгсөнөөсөө илүүг л авах гэж улайрах нь дамжиггүй. Наймаанд бол хятадууд алдана гэж үгүй. Хятадууд харин Монголоос юу авах бол. Энэ их сонирхол татахуйц тусдаа сэдэв.

-МОНГОЛЧУУДЫН ХАТУУ ХЭРНЭЭ СУЛ ТАЛ-

Өмнөх үйл явдлыг сануулахад, Далай ламын Монголд хийсэн айлчлалд Хятадын эрх баригчид нэлээд “муухай ширүүн харц” чулуудсан. Зарим судлаачид орчин үеийн Монгол, Хятадын харилцааг Хятадын талаас “зөөлөн хүч”-ний стратеги явуулж байгаа гэж дүгнэх нь бий. Монгол харин тэдний эсрэг “хатуу сул тал”-тай ханддаг гэлцдэг. Монголын тэрхүү “хатуу сул тал”-ын гол цэг нь газарзүйн байршил, угсаатны онцлог, дэлхийн өнөөгийн чиг хандлага. Эдгээр бүх бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо уялдаа холбоотой. Өнгөц харахад эдгээр нь эмзэг сул талаа даван туулах боломжгүй мэт. Гэвч монголчууд эдгээр сул талаа цогцоор нь ашиглах нь тэднийг “хатуу сул тал”-аа “давуу тал” болгон ашиглаж том хөршүүдтэйгээ харилцах янз бүрийн сорилтуудыг маш үр дүнтэй сөрөн зогсох боломжийг олгох “шанс” бий.  

Ерөнхийдөө Орос-Монгол-Хятад “гурван толгой”-н Орос, Монголын байр суурь ижил төстэй биш ч гэлээ утгаараа нэлээд төстэй гэхэд хол зөрөхгүй. Хятадад оруулж буй экспортын бүтцээрээ орос, монгол адил. Тэд хурдацтай хөгжиж буй Хятадын эдийн засагт зориулан түүхий эдийн эх үүсвэр, түүхий эд нийлүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Орос, Монгол гэхээсээ илүү Хятадын үндэсний болон эдийн засгийн ашиг сонирхолд тун нийцэж байгаа юм. Энэ мэт цаашдын хөгжил нь Хятадын эдийн засгаас шууд хамааралтай болчихсон Монголын эдийн засагт төдийгүй Орос, Монголын эдийн засагт ч сөрөг үр дагавар авчирна.

-АШИГ СОНИРХОЛ ДЭЭР НЬ ДӨРӨӨЛӨӨД АВАХ-

Монгол дахь Оросын үндэсний ашиг сонирхол нь Төв Ази дахь геополитик, эдийн засгийн нөлөөгөө хадгалах, Орос-Монгол-Хятад гурвалсан цэрэг-улс төрийн нөхцөл байдлын тогтвортой байдлыг хадгалах явдал. Монголын нутаг дэвсгэр дээр гуравдагч орнуудын цэргийн бааз байгуулах нь Орос, Хятадын ашиг сонирхолд бол нийцэхгүй. Оросын эдийн засгийн ашиг сонирхол бол Буриад, Байгаль нуурын хязгаар, Эрхүү муж, Тува, Красноярск муж, Кемерово муж мөн мэдээж Монгол улстай хил дамнасан хамтын ажиллагаа юм. ОХУ нь Монгол Улсад инженерийн бүтээгдэхүүн /автомашин, нисэх онгоц, нисдэг тэрэг, үйлдвэрийн тоног төхөөрөмж/ экспортлох сонирхолтой. Оросын компаниуд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөрш зэргэлдээ орнуудад борлуулахад ч бэлэн байгаа: үр тариа, сүүн бүтээгдэхүүн гэх мэт. Оросын томоохон компаниуд уул уурхайн салбарт мөн чухал ач холбогдолтой том том төсөл хэрэгжүүлэн тээврийн дэд бүтцийг бий болгох сонирхол бий. Хоёр орны их дээд сургууль, шинжлэх ухааны болон соёл боловсролын хамтын ажиллагаагаа ч өргөжүүлэхэд бэлэн байгаа юм.

Орос улс нь Монголыг Зүүн Азийн дамжин өнгөрөх чухал коридор, Орос-Монгол-Хятадын гурвалсан хамтарсан тээврийн төслүүдийг хөгжүүлэхийг ч сонирхсоор ирснийг нуух зүйлгүй. Улаанбаатар төмөр замыг шинэчлэн хоёр дахь төмөр замыг барьж төмөр замын төв коридорыг цахилгаан эрчим хүчээр ханган үүгээрээ дамжин өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх сонирхол ч бий. Томоохон ордуудын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хилийн боомттой холбож Монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд, түүний дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх нь чухал. Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан аж үйлдвэрийн төвүүд болон Алс Дорнод дахь далайн боомтоор тээвэрлэх хөнгөлөлттэй үнийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

-ОРОС УУ, ХЯТАД УУ. ЭСВЭЛ АМЕРИК УУ. ХЭН НЬ ҮНЭНЧ ТҮНШ БАЙХ БОЛ-

Орос улс Монголд улс төрийн найдвартай холбоотон, эдийн засгийн түнш гэсэн таатай дүр төрхөө хадгалан үлдэх сонирхол их бий. Барууны орнуудад энэ таалагдахгүй орос-монголын хооронд сэв суулгаж биднийг салгахыг оролдож байгаа юм. Тодруулбал, АНУ болон барууны бусад орнууд өөрсдийн соёл уламжлалыг монголд хүчтэй нэвтрүүлж эхэлсэн. Монголчуудын дунд орос хэл, оросын соёл боловсролыг үлдэн хөөж, Монголын нийгэмд барууны үнэт зүйлсийг хүчээр нутагшуулан жинхэнээсээ “зөөлөн хүч”-ний бодлого стратегиа хэрэгжүүлсээр л.

Орос, Монгол, Хятадын харилцааг өнөөгийн шатанд хөгжүүлэх таатай нөхцөл байдал үүсээд байна. Улс хоорондын хилийн зөрүүтэй байдлаа арилгасан нь үүнд нөлөөлсөн. Гурван улсын улс төрийн удирдагчдын байр суурь хэд хэдэн гол зүйлд давхцаж байгаа юм. үүнтэй зэрэгцээд ОХУ болон БНХАУ-д АНУ-ын үзүүлэх дарамт шахал улам даамжирч байгаа нь энэ бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

“Учиртай гурван толгой”-н улс төрийн оролцоо бас өндөр байна. Гурван улсын удирдагчдын тогтмол, үр дүнтэй уулзалт нь хамтын ажиллагааны стратегийн чиглэлийг тодорхойлж өгдөг. Гэвч Монголд эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх түвшинд зарим нэг “проблем”, чөдөр тушаа гарч ирсээр байгаа нь харамсалтай. Тухайлбал, өөрийн гэсэн корпорацийн ашиг сонирхол бүхий томоохон корпорациуд монополь байдал дээрээ дөрөөлөн чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож, хамтын ажиллагаа, өрсөлдөөний зарчмыг зөрчиж ноёрхон эдийн засгийн харилцааны нарийн төвөгтэй тогтолцоог бий болгож байгаа юм.  

1990-ээд оны дундуур Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа боловсруулахдаа Монгол Улс гол түншүүдтэйгээ харилцах “30:30:40” гэсэн Орос, Хятад, гуравдагч хөрштэйгээ эдийн засгийн харилцааны оновчтой харьцах томъёог боловсруулсан.

-ТЭНЦВЭРТЭЙ СТРАТЕГИ ЧУХАЛ-

Монгол Улс тэнцвэртэй байх зарчмыг баримталж, “гол тоглогч”-дын ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хангаж, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг хичээж явна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн Монгол Улс ОХУ, БНХАУ болон гуравдагч орнуудын тэнцвэрийг амжилттай хадгалж, өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, геополитикийн ач холбогдлоо хадгалсаар байна. Дэлхийн ямар ч улсын дургүй зэвүүг хүргэчихгүй байхыг хичээх нь Монгол Улс дэлхийн тавцанд нэр хүндээ, нөлөөгөө тэр хэрээрээр өндөрт аваачихна тодорхой. Монгол Улсад үзүүлэх гадны улс төрийн болон эдийн засгийн дарамт нэмэгдэх нь монголчуудад л муу.   

Монгол Улсын үндэсний ашиг сонирхол нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны өрсөлдөөнт орчин, Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос, Барууны орнуудын Монголд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаатай нийцдэг. Ийм нөхцөлд шинэ өндөр ур чадвартай мэргэшсэн хүний нөөц, ажлын байрыг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй стандартыг дагаж мөрдөн бүх татвар, төлбөрийг Монгол Улсын төсөвт цаг тухайд нь бүрдүүлэх зэрэг нь Монгол Улсын хувьд таатай нөхцөлөөр жинхэнэ өрсөлдөөнийг бий болгоход сайнаар нөлөөлнө.

Харамсалтай нь, одоогоор ашигт малтмалын түүхий эд олборлох явцад байгаль орчноо эвдэн сүйтгэж нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь толгой сэгсэрч харамсмаар. Ашигт малтмал олборлохдоо зөвхөн түр зуурын эрчим хүч, тээврийн дэд бүтцийг бий болгож, түр хурдны зам тавьж, Монголын орны байгалийн үзэмж, орчноо сүйтгэсээр. Хуучны сайн сайхныг дурсвал зөвлөлт оросууд монголчуудад зориулан тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр гээд нийгмийн бүх л дэд бүтэцтэй нь хамт хот, тосгодыг бүтээн байгуулж босгож өгсөн билээ.

Орос, Монголын үндэсний ашиг сонирхол илүү их хэмжээгээр давхцаж байгаа ч гэлээ хөрш орнуудын эдийн засгийг өөрийн эдийн засгийн хөгжлийн загварын “нэмэлт тэжээл” гэж үздэг Хятадын үндэсний ашиг сонирхолд нийцүүлэх шаардлага тулгарч эхэлсэн. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд өндөр байгаа нь хөрш орнуудыг эдийн засгийн хараат муж болгож байгаа юм.

-ТӨЛӨВШИЖ АМЖААГҮЙ УЧИРТАЙ ГУРАВ-

Орос-Монгол-Хятад “учиртай гурав”-ын хөгжлийн үйл явц хараахан бүрэн төлөвшөөгүй, зөвхөн төлөвших шатандаа л явж байна. Тиймээс, нэгтгэх үйл явц, эдийн засгийн томоохон төслүүд /тээвэр, эрчим хүчний коридор, хилийн дэд бүтцийг бий болгох гэх мэт/ -д тэгш оролцоотой байх нь юу юунаас чухал. Оролцогч бүр бүсчлэх үйл явцыг өөрийнхөө өнцөг, үзэл баристлалаар хардаг болохоор энэ нь төслийг хэрэгжүүлэх үе шатанд зөрчилдөөн, эдийн засгийн хүндрэл үүсэхэд хүргэдэг. Түүгээр ч үл барам “учиртай гурав”-ын бүс нутаг нь ч эдийн засгийн хөгжлийнхөө  асинхрон /хам цагийн бус/ үе шатандаа байна.

Дэлхийн эдийн засаг геополитикийн тэнцвэргүй байдал, БНХАУ, АНУ-ын өрсөлдөөн нэмэгдэж, дэлхийн түүхий эд, санхүүгийн нөөцийг дахин хуваарилах үе рүү орлоо. Үүнтэй уялдаад манай “учиртай гурав”-ын субъектүүд олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байр сууриа хадгалж үлдэхийн зэрэгцээ улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь чухал болсон.

АНУ, БНХАУ хооронд үүссэн “худалдааны дайн” нь Орос-Монгол-Хятад гурвалжин дахь олон талт хэлхээ холбоог өргөжүүлэх нөхцөлийг бодитой бүрдүүлж байна. Энэхүү макро түвшний “гурван толгой” тогтвортой байдал, энх тайван, урт хугацааны найрсаг харилцааны үлгэр жишээ болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-10-21 08:01

Аль ч цаг үед монголын төр засаг ямар бодлого явуулна тэр нь хоёр хөрштэй харьцах харьцааг тодорхойлж ирсэн. Сүүлийн 20 жилд монголчууд улам бүр шавар б�##�чигт шигдэж байгаа нь эрх баригч намын чадваргүй удирдагчдаас л болж байна. Төрийн толгойд хэтэрхий олон чадваргүй хүмүүс гарснаас болж тогтвортой бодлого ч байхгүй болсон. Монгол улсад УИХ- гишүүд 25-с хэтрэхгүй байх. Одоогийн яам, тамгын газар, агентлагуудын т�##� нь л байх хэрэгтэй. Монголчууд бүтээн байгуулах ямар ч сэтгэлгүй болсон учир хоёр хөршийн нөлөөнд уусхаас өөр яах вэ дээ. Дарга улс хөгжих үү, үйлдвэрлэгч улс хөгжих үү. Сонгуулиас өөр ажилгүй солиотой төртөй байснаас гайгүйхэн улсын колони болох нь дээр болжээ.

ҮНЭН
ҮНЭН
2021-10-21 11:07

ЧАМАЙГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГЭХЭД ДЭНДҮҮ ИЧМЭЭР АРЧААГҮЙ БООЛЫН ЗАЯТАЙ ХУЛГАЙЧ БАЙНА

зөвлөгч
зөвлөгч
2021-10-21 16:49

1911 онд зөвлөлт засаг байгаагүй.үндсэний эрх чөлөөний хөдөлгөөний ачаар манжаас с�##�сан .одоогийн сэтгүүлч сурв�##�жлагч нарын мэдлэг гэж нохойн чүүтүүз болжээ.та нарт захихад �##�ь болох юм бичихгүй бай.

Дорж
Дорж
2021-10-23 19:14
Reply to  зөвлөгч

Яг үнэн. 1911 онд ЗХУ байгаагүй. ЗХУ 1920 1921 онуудад монголд байсан гаминуудтай огт байлдаагүй. Харин Барон Унгерн Фон Штернберг жанжин гамин цэргийг дарж өгсөн. Ер нь ардын хувьсг�##� гээч юм огт болоогүй. АХгээч юм нь Барон жанжны ял�##�тан дээр бүжиглэсэн драмын жүжиг төдий зүйл юм.

Холбоотой мэдээ

Back to top button