ЭРҮҮЛ МЭНД

"Ковид уушгинаас гадна зүрхний эд эсийг хүчтэй устгадаг тул дасгал, хөдөлгөөн хийх чухал"

Коронавирусийн халдвараар өвчилсний дараа зүрх ихээр өвдөж, хэм алдах шинжүүд илэрсээр байгаа билээ. Иргэдийн эрүүл мэндэд нэн тулгамдаад буй ковидоос шалтгаалсан зүрхний өвчлөл сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас зөвлөгөө мэдээллийг тодрууллаа.

-КОВИДООР ХАЛДВАРЛАХАД БӨӨРӨНД ДУТАГДАЛ, ТАРХИНД ЭСИЙН ҮХЖИЛ ЯВАГДДАГ-

-Коронавирусээр халдварлаад эдгэрсэн ч бие нь сульдах, давтан халдварлах шинжүүд үргэлжилсээр байна. Биеийн эсэргүүцэл сайжрахгүй, сульдаа хэвээр байгаа нь юунаас болж байна вэ?

-Коронавирус хүний цусны бүлэгнэлтийн механизмыг идэвхжүүлдгээс болж халдвар авсан хүмүүсийн элэг төдийгүй бүх эрхтэн системд жижиг хялгасан судасны бөглөрөл үүсгэж улмаар бүх л эрхтэн системүүдэд үхэждэг. Үүнээс шалтгаалж бөөрөнд бөөрний хурц дутагдал, элгэнд элэгний хурц дутагдал, зүрхэнд зүрхний булчингийн үхжил, тархинд тархины эсүүдийн үхжил үүсдэг. Иймээс аль ч хувилбараар хүнд өвдсөн хүмүүс амархан ядарч цуцдаг нь дээрх эрхтэн системүүд үйл ажиллагааны дутагдалд орсноос үүдэлтэй.

-Ядрах нь багассан ч зүрхний өвдөлт ковидын дараа тогтож үлдэх нь бий. Яг ямар процесс зүрхний эд эсэд явагддаг вэ?

-Зүрхний хувьд мөн Ковид вирус зүрхний эд эсэд нэвтэрдэг ба хүний дархлааны систем эдгээр халдвар авсан зүрхний булчингийн эсийг устгахдаа мөн эрүүл эд эсээ устгаж байгаагаас зүрх гэмтэж байна.

Улмаар зүрхний инфаркт 2 механизмаар үүсэж байна. Нэгдүгээрт цус өтгөрснөөс хоёрдугаарт хамгийн элбэг нь буюу зүрх ковид халдварын үед ихээхэн ачаалал авч хүчилтөрөгчийн дутагдалд ороод зүрхний инфаркт өгч байгааг АНУ Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид онцолж байна. Энэ үед буюу Ковид өвчлөлийн үед цусанд тропонин ихсэж байгаа ба энэ нь зүрхний булчин гэмтэж үхэж байгааг илэрхийлдэг бол зүрхний цахилгаан бичлэгт зүрхний инфарктын үеийнхтэй адил бичлэг гарч ирж байгаа.

-Зүрх өвдөхөд баруун гар хүнд оргих зэргээр яг зүрхэн тушаа бус өөрөөр өвчлөлийн шинж илрэх нь бий. Яг ямар шинж илэрсээр байвал эмчид хандах, эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ?

-Ковидын дараа амьсгаа авахад хэцүү болох, ихээр шээх, хөл хавагнах, хэвтэхэд амьсгалахад хэцүү болох зэрэг бол таны зүрх Ковидын дараах дутагдалд орсон гэсэн үг буюу таны зүрх ковидын үед гэмтсэн байна. Энэ шинж үргэлжилсээр байвалд эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүй.

Германы судлаачид саяхан ковидын дараах 100 хүний зүрхний булчинд хийсэн судалгаагаар зүрхний булчингийн үхжил сорвижил 70 гаран хүнд илрүүлсэн ба хүнд өвдсөн хүмүүст илүү их байгааг тогтоосон.

-ЦЭВЭР АГААР, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН БОЛ КОВИДЫН "БАМБАЙ"-

-Тэгвэл ковидын дараа өөрийгөө хэрхэн нөхөн сэргээж эд, эрхтнээ сайжруулах боломжтой вэ?

-Барих ёстой гамаа барьж, эм тангаа цагтаа уух, дасгал хөдөлгөөн хийх, агаарт гарах нь маш сайн нөхөн сэргээх эмчилгээ болно.

-Харин ковидын хүндрэлд өртөж, эд эрхтнээ дордуулахгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Цэвэр агаар, дасгал хөдөлгөөн хоёр юугаар ч орлуулшгүй дархлаа сэргээгч "эм". Тиймээс хөдөлгөөн хийж, агаарт гарахын зэрэгцээ зөв зохистой хооллож, унтах цагийг мөн тооцоолох чухал. Мөн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button