Ярилцлага

Агрономич Ж.Бяцхандай: Таван жил арчилж, тордож ургуулсан модоо 1500 төгрөгөөр зарахад харамсалтай байдаг

"Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүн, агрономич Ж.Бяцхандайтай уулзаж ярилцлаа.

Тэрээр 1977 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг дүүргэсэн. Агрономич  мэргэжлээрээ 42 дахь жилдээ ажиллаж байна. Зөвхөн өөрөө үйлдвэрлэгч байх бус үйлдвэрлэгчдэд туслах, техникийн мэдлэгийг олгох , сургалт зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж ирсэн түүтэй энэ салбарт тулгамдаад буй асуудалыг түшиглэн ярилцлаа.

-Тариаланч та бүхний ажил хөдөлмөр ундардаг улирал ирлээ. Харин таны хувьд сургалттай байх шиг байна?

- Төмс, хүнсний ногоо тариалагчид болон жижиг үйлдвэрлэл эрхэлж буй тариаланчдад болон өрхийн үйлдвэрлэлд зориулагдсан “Өрхийн тариалан” сургалтаа 20 дахь жилдээ явуулж байна. Сургалтад маань их олон хүн хамрагддаг.  Бүх аймаг, 216 суманд очиж сургалтаа явуулсан. “Өрхийн тариалан”-гийн хүрээнд зөвхөн төмс, хүнсний ногоогоор зогсохгүй мод тарих, ногоон байгууламж, цэцэг тарих болон зэрлэг ургамлыг ашиглаж бордоо хийх зэрэг чиглэлүүд дээр чадавхжуулах олон төрлийн сургалт зохион байгуулдаг юм. Манай суралцагчид  өнөөдөр өрхийн тариалангаас эхлээд томоохон хэмжээний талбайд хүртэл үйлдвэрлэл эрхлээд явж байна. Ид хаврын тариалалтын үеэр сургалт авах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгээд талбайдаа амралтын өдрүүдээр ажиллаад бусад цагт эндээ хичээлээ зааж байна даа.

/улаан лоолийн хүлэмж/ 

-Тариаланчдад тулгамддаг асуудал олон байдаг байх?

-Их олон асуудал бий. Зуны туршид хөдөлмөрлөж ургуулсан хүнсний ногоогоо зах зээлд маш хямд үнээр гаргана. Гарал үүсэл нь найдвартай хүнс үйлдвэрлэчихээд үүнийгээ баталгаажуулж чаддаггүй. Баталгаат бус олон үйлдвэрлэл болон гаднаас янз бүрийн хүнсний ногоо орж ирдэг учир хүмүүс найдвартай бүтээгдхүүнийг одоо хүртэл ялгаж авч чадахгүй байна. Харин мод үржүүлгийн тухайд хамгийн ихээр тулгамдаад буй бэрхшээл бол утааны асуудал. Утааг бууруулахад ногоон байгууламж, мод тарих их чухал асуудал шүү дээ. Мод тарья гэхээр модыг маань аваад найдвартай ургуулдаг газар ховор байна. Хотын ногоон байгууламж, өрхийн тариаланчид,  шинээр барьж буй барилга байгууламжууд орчиндоо ногоон байгууламж бий болгохоор авдаг ч гэлээ модыг хэрхэн арчлах талаар мэдлэг тун бага байгаа нь харамсалтай. Түүнчлэн тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг зах зээлд үнэ бууруулахгүй байх борлуулалтын системийг бий болгох шаардлагатай байна.

-Маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг ажил шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Модны тариалал дээр жишээ авахад 0,2 га модны талбайтай хүн  хавар дөрвөн сараас эхлээд л арван нэгэн сар хүртэл арчилна. Мод тариалахад услагаа, арчилгааг тааруулах, зэрлэг ургамлаас хамгаалахаас эхлээд хүнсний ногооноос ч их хөдөлмөр шаарддаг юм. Энэ мэтээр цаг наргүй, тасралтгүй ажилладаг гэж ойлгож болно. Маш их хөдөлмөр зарцуулж, гурван нас хүргээд худалдаалсан модыг эзэнгүй орхичихдог нь даанч харамсалтай. Цахим ертөнцөд хүн бүр нэг мод тарья гэх уриалга яваад байдаг шүү дээ. Энэ нь санаачилга нь зөв боловч ямар ч системгүй байдаг.  Хүмүүстэй ярилцахад нэг бүү хэл арван мод тарих хүсэл, сонирхолтой байдаг. Гэвч сэтгэл гаргаад  бойжуулаад өгсөн модыг хаана аваачиж тарих, цаашид яаж усалж арчлах вэ гэх асуудал тулгардаг юм. Тэгэхээр модыг цааш хэрхэн авч явах талаарх системтэй бодлого төр засгийн зүгээс нэн тэргүүнд шаардлагатай байна.

Мөн модыг хаана тарих вэ гэх төлөвлөлт, алсын хараа их дутмаг байна. Нэг газар аваачаад тарьдаг, хэсэг хугацааны дараа энд барилга барих гэсэн юм гээд л устгачихна.  Тухайлбал манай төрийн бус байгууллага нэгэн цэцэрлэгийн гадаа хэдэн мянган мод тарьсан боловч хойтон жил нь яваад очиход дахин төлөвлөлт хийгдэж байгаа гэх шалтгаанаар өнөөх тарьж өгсөн модыг маань тэр чигт нь хуулаад авчихсан байсан.

-НОГООН БАЙГУУЛАМЖ БИЙ БОЛГОЧХООД ТҮҮНИЙГЭЭ ХАДЛАН ШИГ АВЧ ЯВДАГ-

-Нэг модны үрсэлгээг ургуулахын тулд хэдий хугацааг зарцуулдаг вэ? Үнийн хувьд ямар байдаг юм бол?

-Хоёроос таван жил зарцуулдаг. Хоёр жил ургуулчхаад 1500 төгрөгөөс эхэлж худалдаалдаг.  Дур зоргоороо мод тарих хүмүүс олон байх болж. Зарим мэргэжлийн бус хүмүүс шууд үрээр тариад, хүлэмжид нас авахуулаад нэгхэн настай модыг 1000-1500 төгрөгөөр үнэлээд гаргачихдаг байхгүй юу. Тэгэхээр энэ нь ил талбайд гараад  насаа гүйцэд аваагүй, амьдрах чадвар муутай, стандарт бус мод болчихдог.  Стандарт бус модыг бага хөдөлмөр зарцуулж ургуулсан учир хямд зарна. Тиймээс стандартын дагуу ургуулсан модыг зарахын тулд үнээ бууруулах шаардлага гардаг. Нэгэнт газраас сугалаад авчихсан модыг зарахгүй бол үндэс хатаж, амьдрах чадвараа алдчихдаг талтай. Тиймээс тариаланчдын хүнд хөдөлмөрийг үнэлэх стандарт тогтоох шаардлага чухал байдаг.

Ногоон байгууламж бий болгочхоод түүнийгээ ногоон байгууламж шиг бус, хадлан шиг замбараагүй ургуулчихдаг нь тун тоогүй. Таван жил арчилж, тордож ургуулсан модоо 1500 төгрөгөөр зарахад харамсалтай байдаг юм.

-ТӨР БИДНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА-

-Төр засгийн бодлого дэмжлэгийн талаар та юу хэлэх вэ?

/Гэр бүлийн хүн/

-Төр засгаас хэрхэн дэмждэг талаарх мэдээлэл энэ салбарт дөчөөд жил ажилласан надад бараг байхгүй. Бодлогын хүрээнд дэмжих гээд яригдаад л байгаа. Гэхдээ бодлогын төвшинд орсон ч гэсэн төр солигддог гэх асуудлаас болдог юм уу, яадаг юм тогтвортойгоор үргэлжилж чаддаггүй. Шинэ санаа гардаг ч тэр нь замаасаа унтардаг. Мэргэжлийн хэдэн хүн сайн дураараа тусламж үзүүлэхээр бор зүрхээрээ явж л байна даа. 

-Гадны улс орнууд тариалан эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажилладаг талаар та туршлага судалж байв уу?

-Би энэ чиглэлээр Ирланд улсыг зорьж нэг сар ажилласан.  Тухайн улсын мод үржүүлэгчдийг дэмжиж төрөөс нь мөнгө өгдөг.  Мөн төрөөс ногоон байгууламжаа төлөвлөж, хот төлөвлөлтөө эхлээд хийдэг нь их сайшаалтай санагдсан. Үүн дээр ахин хэзээ ч барилга байгууламж барихааргүй болгож, мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээд төр нь хүлээж авсны үндсэн дээр орон тооны ажилчин гаргаад ажилладаг юм билээ. 

/Гүзээлзгэнийн үндэсний хөрсийг сольж байгаа нь/

Миний харж байгаагаар манай улс арай л төлөвлөлтгүй, замбараагүй байна. Ургуулсан модыг арчилж мэддэггүй, арчлаад гайгүй ургуулж байгаа хэдийг нь огтолж хаячхаад дээр нь барилга барьчихдаг зэрэг асуудал нь үнэхээр л бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байгаа юм уу даа гэж боддог.

Манай улсад модыг мэргэжлийн төвшинд чадварлаг сайхан тарьж ургуулдаг олон хүмүүс бий. Гэтэл тэднээс худалдаж авахын оронд уулаас шилмүүст модыг ухаж ирээд зай завсаргүй, стандартгүй тарьдаг.  Шилмүүст мод хэдэн метрийн зайд ургах ёстой вэ, талбайд гарсан гоёлын модыг яаж арчлах ёстой, хэрхэн улам өнгө үзэмжтэй харагдуулах вэ зэргийг огт мэддэггүй  болохоор л ойгоос шууд авчирч суулгадаг байх.

Уулнаас огт мод авахгүй гэх асуудал байхгүй. Ойн цэвэрлэгээ хийх, ойг арчлах, сийрүүлэх замаар авч болно. Ургамал хэт шигүү ургах юм бол гэрэл дутаад ургалт зогсож үхэх, хэт нарийн ургах зэрэг асуудал үүсдэг юм.

-АГРОНОМИЧ МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭХЭЭР ИХ ХАЙРТАЙ-

-Агрономич мэргэжлийн ажиллах нөхцөл их хүнд харагддаг. Энэ салбарт ажиллах боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

-Ажлын нөхцөл хүнд нь хүнд.  Гэхдээ бид энэ мэргэжилдээ хайртай учраас хүнд хүчир бүрийг умартдаг. Хурдан өглөө болоосой, ажилдаа гарах юмсан гээд л орой бүр маргаашийнхаа ажлыг төлөвлөөд унтана. Үргэлж газар шороотой зууралддаг ч агрономич гэдэг үнэхээр сайхан мэргэжил. Эх дэлхийгээ хайрлаж үүнийхээ үр шимийг хүртэж байгаагийнхаа хувьд сэтгэл маш хангалуун байдаг. Одоо манай салбарт ажиллах хүчин олдохгүй байна. Залуу боловсон хүчин маш бага бэлтгэгдэж байна. Биднийг дээд сургуульд суралцаж байх үед сургалтын үзүүлэлт чанга байсан учир чанартай боловсон хүчин бэлтгэгддэг байлаа. Элсэгчид ч олон байсан. Гэтэл одоо жилд арван хэдэн оюутан л төгсөж байна шүү дээ. Цөөн хэдэн төгсөгчид нь газар тариалангийн ажлыг хүнд байна гээд голчихдог.

Үүнээс улбаалаад төр засгаас залуу боловсон хүчнүүдийг дагалдах ажлын хугацаанд урамшуулаасай гэж боддог юм.  Энэ салбарт гурван жил ажилласан агрономич мэргэжлээсээ хэзээ ч салж, холдож чадахгүй гэж би боддог юм.Учир нь эх дэлхийдээ хайртай бол ургаж байгаа тэр соёог хараад өөрийн эрхгүй сэтгэл баясдаг байхгүй юу. Хавар талбай дээр ядраад нүд анилдаад явж байхад ургаж буй ургамлаа хараад бүх ядаргаа байхгүй болчихдог юм.

Манай ахмад агрономичид бүгд 60-70 нас хүртлээ ажилладаг. Дундаас нь мэргэжлээ хаясан хүн нэг ч байхгүй. Тиймээс эхний гурван жилд нь л урамшуулалтай мэргэшүүлээд өгөх хэрэгтэй гэж боддог. Залуу ажилчдаа бэлтгэж, тэднийг дэмжиж, газар шорооны ажилд сонирхолтой болгосноор энэ салбарт тулгамдаад буй хамгийн анхан шатны асуудлыг шийдэж байна гэсэн үг.

-Үйлдвэрлэгчдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Өрхийн тариаланд сонирхолтой эзэгтэй нарт хандаж хэлэхэд эхлээд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.Тогтвортой  тариалан эрхлэлтийг эрэлхийлж байгаа бол чанартай үрслэг ургуулах нь чухал. Ингэхийн тулд сэтгэл хамгийн хамгийн ихээр шаардана. Өөрийн мэдлэг дээр тулгуурлаж бүхий л сэтгэл зүрхээрээ ажиллахад бүх зүйл болно доо. Чанартай бүтээгдэхүүнийг хүнд хүргэчихсэн байхад үйлчлүүлэгчид эргээд л тантай харьцана шүү дээ.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button