Top StoriesНийгэм ярилцлагаЯрилцлага

Г.Тэнүүн-Эрдэнэ: Манай кино "Оскар" авчих юм байна гэх мэдрэмж төрсөн

Дэвэн дүүлэх авьяас. Түүний тоглосон “Эргэж ирэхгүй намар” киног үзчихээд танхимаас гарчээ явахад эл тодорхойлолт гэмээр үг л бодолд хашигдаад бэлчсэнгүй. Өмнө нь “Солиот эх”-ийн Бороо хүү, “Тэгри Чину” киноны Хавтайн дүрээр уулзаж байсан түүнтэй  “Түнтүүлэй” хэмээх хүүгийн дүрээр уулзсан хэрэг.

Дүрүүдийнх нь нэрээр танилцуулаад буй болохоос биш түүнийг Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ гэдэг юм. 13 настай, “Оюунлаг сургууль”-ийн наймдугаар ангийн сурагч. 14 кинонд гол болон туслах дүр авч ажилласан.

Түүний тоглосон “Эргэж ирэхгүй намар” кино Монголыг төлөөлөн “Оскар 2022” наадамд “уралдаж” буй. Энэхүү киног МЗЭ-ийн шагналт Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэсэн.

Тэрбээр гурван жилийн өмнө тоглосон энэхүү бүтээлээ хэдхэн хоногийн өмнө кино театрын дэлгэцээс анх удаа үзсэн юм. Би ч бас анхны үзэгчдийнх нь нэг болсон хэрэг. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Сошиал хуудаснууд:


-Өөрийгөө таниагүй-

-Гурван жил хүлээсэн киногоо үзлээ. Хүлээлтэд чинь хүрсэн уран бүтээл болж уу. Үзээд, өөртөө ямар дүн тавив?

-Өөрийгөө ёстой дүгнэж чаддаггүй юм даа.

-Яагаад?

-Өөрийгөө сайн гээд суугаад байх нь хаашаа юм. Бас муулаад байх нь ч бас. Дүгнээд үзье гэвэл ер нь сайн байж. Киногоо үзэхэд өөрийгөө танихгүй байна лээ.

Өмнө нь тоглож байсан кинонуудаа ойлгож үзэж чаддаггүй байсан юм. Өөрийнхөө тоглолтыг л хараад л. Ерөөсөө өөрийгөө л өөлж үздэг байсан.  Харин сая “Эргэж ирэхгүй намар”-ыг үзэхдээ ер тэгсэнгүй.  Кинондоо орж үзлээ. Миний сэтгэлд аймар хүрсэн. “Оскар”-т яадаг бол гэж бодогдсон. Нуулгүй хэлэхэд, “Манай кино “Оскар” бараг авчих юм байна даа” гэх мэдрэмж сэтгэлийн мухарт мэдрэгдсэн.

-Киноны нээлтийн дараа “Түнтүүлэй”-г хүмүүс заалаар хайгаад л. Харин өнөөх “Түнтүүлэй” нь өндөр залуу болчихсон босож ирээд, хүмүүсийг нэлээн сандаргасан...

-Хүмүүсийг тэгж гайхах байх гэж бодож байсан. “Гурван жилийн дараа намайг таних хүн байхгүй дээ” гэж постероо харах бүрдээ л бодсон. Нээлтэд түрүүлж очоод, хүмүүсийг хүлээж байхад Амраа ах намайг танихгүй яваад байсан. Тэгтлээ их өөрчлөгдөж, хувирсан байгаа юм чинь.

Гэр бүлийнхэн маань киноны нээлтэд ирсэн. Зэрэгцээ суудал дээр сууж үзсэн юм. Хажуу тийш хартал, аав уйлаад л үзээд байсан. Ээж маань ч уйлчихсан сууж байсан. Гэр бүлийнхнийгээ надад ямар их хайртайг нь ойлгосон. Бас өөрийгөө дүрээ сайн гаргаж дээ бодсон. Аав танхимаар гарч ирээд “мундаг тоглосон байна” гэж хэлээд үнссэн. Тэр нь урам зориг өгсөн. Итгэдэг, хайртай хүнээсээ урмын үг сонсох хэчнээн сайхан гээ.

-Сэтгэл зүйн бэлтгэл-

-“Түнтүүлэй”-г бүтээх хэр хэцүү байв?

-Хэцүү. Гэхдээ хамтран тоглосон Б.Амарсайхан ах их амар болгож өгсөн. Зураг авалтын гадуур ч үеийн найз шиг харьцаад л. Тэр нь дүрээ сайн гаргахад минь их тус болсон.

-Өөрөө найруулагч хүн учир дүрийн чинь уур амьсгалаас гаргахгүй гэсэн тактиктай ажилласан бололтой?

-Анхнаасаа тийм тактиктай байсан юм билээ. Надтай үеийн юм шиг харьцаад л. Загнах үедээ загнаад л. Тэгээд төгсгөлийн уйлдаг сцен дээр загнуулсан зангирлаа тайлна байх гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Сүүлийн сцен дээр намайг тэвэрч аваад, жинхэнээсээ асгаруулж, бүх гомдлыг минь тайлуулсан даа.

-Хамтран тоглосон жүжигчин тань киногоо давхар найруулсан. Ер нь жүжигчний ажиллагааны тал дээр чинь ямар, ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Түнтүүлэйгийн дүрийг 2016 оноос хойш хайсан юм билээ, Амраа ах. Гурван жил аймаг сумын наадмаар хэсэж, хайгаад олоогүй гэсэн. Миний  тоглосон “Солиот эх” киног үзээд, энэ мөн байна гэсэн юм шиг байна лээ. “Уулзъя” гэсэн. Бид хоёр ч уулзсан. Тэгээд л тоглохоор болсон доо. Өгүүллэг, кино зохиолыг нь уншихгүйгээр шууд зөвшөөрсөн.  Тэгэхэд 2019 оны зун байсан. Намар нь киноны маань зураг авалт эхэлсэн юм.

Зураг авалтын үеэр Амраа ах зөвлөгөө өгнө. Шөнө нь хоёул зохиолоо ярьж сууна. Ер нь бид маш сайн ойлголцдог байсан. “Түнтүүлэй”-гийн дүрийг Амраа гэдэг хүн байсан тулдаа гаргасан гэж боддог. Зохиол дээр ч амьдрал дээр ч тэр. Тийм сайн хамтрагчтай байсан тулдаа л би “Түнтүүлэй” болсон.

-Жүжиглэлтээс чинь угаас хөдөө өссөн хүүг тоглуулж гэж харахаар байсан. Ер нь чиний бага нас хаана өнгөрөв. Морь, малтай хэр ойр өссөн бэ?

-Би чинь хотын хүүхэд. Киноны зураг авалтын үеэр л хөдөө явж байсан. Зураг авалт эхлэхийн өмнө сар гаруй хөдөө байсан. Дүрдээ бэлдэж, морь унаж сурсан юм.

-Хөдөө өсөөгүй, амьдралынх нь нарийн нандиныг мэдэхгүй хэрнэ дүрээ тодруулж сайн гаргасны нууц нь яг юундаа байсан гэж бодож байна?

-Би жинхэнээсээ хөдөө амьдардаг, хөдөөгийн хүүхэд байсан бол яг ямар үйлдэл гаргах бол гэж төсөөлж, сэтгэл зүйн бэлтгэл хийдэг байсан. Тэр маань л түлхэц болсон болов уу, гэж бодогдоно.

Хөдөөгийн намрыг, өвс ачаад  хөдөлж буй агшиныг тэгэхэд анх удаа харсан. Тал тэнүүн нутаг, хөдөөгийн амьдрал үнэхээр амар амгалан юм билээ. Би чинь тэнд зураг авалтынхаа дундуур, камерын ард хадлан хадаж хүртэл үзсэн. Тэгэхэд хадуур нь их хүнд санагдсан шүү.

-Хамгийн хэцүү, шандас шаардсан сцен ямар сцен байв?

-Илүү хичээх ёстой гэсэн сцен байгаагүй. Бүх сцен дээрээ л адил хичээх ёстой. Текстгүй хэсэг дээр ч үйл хөдлөлөө үнэн байлгаж хичээх хэрэгтэй гэж боддог.

Харин хамгийн санаа зовж байсан сцен бол төгсгөлийнх. Амраа ахаас салаад уйлдаг хэсэг дээр л жаахан айдастай байсан. Яах бол гэж бодоод л. Бид хоёр тэр сценийг нэг л явсан.

-Би өөрөө тэр орчинд байхгүй юм шиг-

-Текст багатай кино жүжигчнээс асар их чадвар шаарддаг. Чиний нүүрний хувирал их сайн байсан. Ер нь өөртөөгөө толинд харж ажиллах ч гэдэг юм уу жүжигчний тухайлсан арга барил бий юу?

-Хүмүүсээс нэг их зөвлөгөө аваад байдаггүй.  Толинд ч нэг их хардаггүй. Дүрээ л сайн ойлгочихсон байхад л хөдөлгөөн, нүүрний хувирал , текст аяндаа цэгцрээд явчихна гэж боддог.

-“Эргэж ирэхгүй намар” киноныхоо цалингаар төгөлдөр хуур аваад, догь тоглож сурсан гэж сонссон...

-Тэгсэн. Эхлээд зүгээр л тоглож үзсэн юм. Тэгээд л сонирхож эхэлсэн. Гэрийнхэндээ хэлэхгүй их дэлгүүр рүү явж тоглодог болсон. Сонирхол нэгэнт татагдсан тул киноныхоо цалингаар төгөлдөр хуур худалдаж авсан юм.  

Хөгжим хүний сэтгэл зүйг өөрчилдөг. Тоглож байх үед би өөрөө тэр орчинд байхгүй юм шиг санагддаг. Одоогоор арав гаруй ая тоглож сураад байгаа.

-Хөгжимд сонирхолтой юм байна. Тэгэхээр цаашид жүжигчин, хөгжимчин гэх урлагийн төрлүүдээсээ аль нэгийг нь сонгоод мэргэших үү. Эсвэл өөр салбар руу хүч сорих уу. Ер нь цаашдын карьераа хэрхэн төсөөлж, харж байна?

-Одоогийн байдлаар шийдээгүй байгаа. Нэг тодорхой юм нь сонирхлоороо кинонд тоглоно, хөгжмөө тоглоно.

Сэтгүүлч өгүүлэх нь: Эднийх урлагийн гэр бүл. Аав Б.Гарамханд нь найруулагч, жүжигчин. Ээж нь Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилладаг, дуучин. Ах Г.Дөлгөөн-Эрдэнэ нь Холливудын ододтой хамтран “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд тоглож байсан. Одоо БНХАУ-д зураглаачаар суралцаж буй.

-100 хувь өөрийнхөөрөө-

-Зураг авалт дууссанаас хойш үе, үе бодогдож, сэтгэлээс чинь чангаагаад байсан сцен байв уу?

-Сүүлийн сцен. Сүүлийн сцен нэг бодогдсон. Ямар болсон бол гээд л. Алдаа гаргачхаагүй байгаа гэж ч бодогдсон.  Тэр сцен дээр “Түнтүүлэй”-гийн харах өнцгөөс аавын тухай бодож үзсэн.

-Кино гэр бүл салалт хүүхдэд ямар сүүдэр тусгадаг. Бидний чөлөө завгүй амьдрал сэтгэлд нь хэрхэн тусдаг юм гэдгийг сууриар нь хөндсөн байсан. Чи энэ бүхнийг зүрхээрээ мэдэрч, тоглосон учир үүнийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ер нь гэр бүл салалт хүүхдүүдэд хэрхэн тусдаг юм байна?

-Гэр бүл салалтад хүүхэд ямар ч буруугүй. Эцэг эх хоорондоо асуудалтай болсон болохоос биш хүүхэд ямар ч буруугүй. Хоёр хүний хувийн асуудлаас болж. Хүүхэд хохирох ёсгүй гэж боддог...

-Одоо чи 13-тай. Наснаасаа олон кинонд тоглож. Зарим нь нь хараахан нээлтээ хийгээгүй байгаа юм байна. Ер нь кинонд тоглох саналуудад ямар шалгуураар ханддаг вэ?

-Киноны санал надад биш ааваар дамжиж ирдэг. Аав намайг “өөрөө мэд” гэдэг юм. Би эхлээд зохиолыг нь уншиж үздэг. Дараа нь мэдээж киноны бүрэлдэхүүнийг харна.

Кино бүтээлд тоглохын сайхан нь дэлгэцээр харж өссөн хүмүүстэйгээ нэг кинонд бүр нэг сценд тоглох. Тэдэнтэй дотносно гэдэг гоё мэдрэмж. Магадгүй энэ нь л миний кинонд тоглох олон шалтгаануудын нэг байх.

-Олон жүжигчидтэй кино баг болж ажиллаж үзсэн. Гэхдээ тэдний дотроос чамд буй биеэрээ үлгэрлэсэн жүжигчин гэвэл хэнийг нэрлэх бол?

-С.Ариунбямба ах. “Тэгри чину” киноны зураг авалттай хөдөө явахад хэд хоног орноосоо босохгүй, зохиолоо уншаад л байсан. Амандаа давтаад л. Би бүр гайхсан шдэ. Ингэж аймар бэлдэнэ гэж байдгаа гээд л. Тэгж бэлдэж байгаад, талбай дээр гараад нэг л явж байгаа юм чинь. С.Ариунбямба ахын хэсэг сцен бүр дээр 2-3 нүүр текст. Гэтэл өөртөө текстээ суулгачхаад алдалгүй нэг л явж байгаа юм. Энэ хүнээс л их “юм” авсан даа. Түүнээс хойш киноныхоо зохиол дээр нэлээн ажилладаг болсон.

Мөн “Эргэж ирэхгүй намар” кинонд тоглох үеэрээ камерын өмнө өөрийнхөөрөө, 100 хувь өөрийнхөөрөө байх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Залуу үеэ ойлгодог болчихсон байгаасай-

-Сургуулийн чинь үүдний жижүүрээс эхлээд “Чиний тоглосон тийм киног үзсэн” гээд яриа өрнүүлэх үү. Ер нь багаасаа хүмүүсийн таньдаг хүн байх хэцүү санагдаж байв уу?

-Хүмүүс нэг их таниад байдаггүй шдэ. Би чинь өсвөр насандаа л кинонд тоглож байсан. Төрхийн хувьд өөрчлөгдөөд л тул. “Солиот эх”-д тоглож байсан гэхээр хүмүүс одоо танихгүй. Тухайн үед бол гудамжаар явж байхад хүмүүс таниад, янз бүрийн асуулт асууна. Гуравдугаар анги байсан юм. Анхандаа тэр нь анх гоё санагддаг байлаа.

-Одоо тийм уран бүтээлд тоглож, тэр найруулагчтай ажиллах юм сан гэсэн уран бүтээлчийн шунал төрж байна уу?

-Тийм кинонд л тоглоно, тэр найруулагчтай л ажиллана гэж бодсон юм алга, одоохондоо. Гэхдээ олон улсын кино төсөлд орж ажиллах юм сан гэх хүсэл байгаа. Жонни Депптэй нэг кинонд тоглож үзмээр байна. Ахынхаа мэдэрсэн мэдрэмжийг мэдэрч үзмээр байна. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд англи хэл эрчимтэй сурч буй.

-Залуу үеийн төлөөл болсон уран бүтээлчтэй ярилцаж буйнх, ирээдүйн тухай асуултаар ярилцлагаа өндөрлөе. Тав юм уу арван жилийн дараа Монгол орон хэрхэн өөрчлөгдөж, нийгмийн амьдрал, сэтгэлгээ ямар шатанд гаргачихсан байгаасай гэж залуу хүний хувьд хүсдэг вэ?

-Залуу үеэ ойлгодог болчихсон байгаасай л гэж боддог. Дээд үеийнхэн нь. Залуу үе нь юм хийх гэхээр өөлж доошоо хийх биш зүгээр л ойлгодог болчихсон байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бадрал
Бадрал
2022-11-16 08:04

Мундаг хүү

Баярмаа
Баярмаа
2022-11-16 08:11

Оскар авна

Зочин
Зочин
2022-11-16 08:40

Manai zaluuus oorsdiigoo bur bagaasaa hogjuulj erdem nomdoo shamdan suraltsaj oorsdiigooo hogjuulehed ih tsagaa zartsuuldag boljee uneheer baharhaj bn

Зочин
Зочин
2022-11-16 08:40

Хичэээл зүтгэл байхад хэзээд амжилтанд хүрнэ дээ дүү минь амжилт

Зочин
Зочин
2022-11-16 08:41

Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж сайхан үгийг үргэлж яваарай

Улаанаа
Улаанаа
2022-11-16 08:41

Амжилт Тэнүүнээ

Зочин
Зочин
2022-11-16 09:03

Ийм том болчих гэж

Зочин
Зочин
2022-11-16 09:04

Хавтай хүү юу гоё дүр шүү

Зочин
Зочин
2022-11-16 09:24

мундаг хүү юмаа

Зочин
Зочин
2022-11-16 09:52

Tomooos tom amjilt husey

Зочин
Зочин
2022-11-16 10:46

Хөөрхөн уха�##�аг хүү.

Зочин
Зочин
2022-11-16 12:10

Сайхан ярилцлага байна

Зочин
Зочин
2022-11-16 12:41

жүжиглэлтээ бодит амьдр�##� дээр мэт гаргаж чадсан мундаг хүү ????????❤️

Зочин
Зочин
2022-11-16 15:39

Za Oscar ch yu we

Зочин
Зочин
2022-11-16 20:44

Тэгэж том шааагаад яах вэ дүү мэнь. Араамандаа заажигнаарай

Зочин
Зочин
2022-11-17 00:45
Reply to  Зочин

Солиотой �####� вэ чи

Зочин
Зочин
2022-11-16 23:20

Унтахын өмнө ёстой сайхан яриа уншлаа

Зочин
Зочин
2022-11-16 23:22

Оскар авна

Холбоотой мэдээ

Back to top button