Нийгмийн

Монгол хүний сүүний хэрэглээ НҮБ-ын зөвлөмжөөс 3.4 дахин бага байна

Монголын Үндэсний статистикийн хороо монгол хүний жилийн дундаж сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 11 литр гэсэн тоо гаргаж. Нийслэлийн иргэдийн хэрэглээ жилд дунджаар 8.2 литр, орон нутгийн иргэд 14.4 литр байна гэсэн судалгаа байна. Харин НҮБ нэг хүн жилийн хугацаанд 180 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөдөг. Монгол хүн дээрх зөвлөмжөөс 3.4 дахин бага буюу 52 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгааг тэд гаргажээ.

246.3 мянган малчин өрхтэй, 200-аад сүүний цех, үйлдвэртэй, 67.3 сая малтай хэрнээ сүү, сүүн бүтээгдэхүүнээр иргэдээ хангаж чадахгүй байна гэдэг бол чамлалттай. Хүн амаасаа 20 дахин их малтай боловч өнгөрсөн онд үйлдвэрийн аргаар 176.2 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь маш хангалтгүй үзүүлэлт юм.

Өнгөрсөн жил 5 сая үхэр тоологдсоноос 2 сая нь саалийн үнээ байна. Нэг үнээнээс жилд 563 литр сааль авдаг гэсэн салбарын дундаж тоо бий. Энэ бол 3.3 сая иргэн тус бүрт жилдээ 341 литр үнээний сүү оногдож болох тоо. Тооны машин цохиод үзэхэд, 2 сая үнээнээсээ 1.12 тэрбум литр сааль авах боломж байна. Ийм хэмжээний үнээний сүүний нөөцтэй боловч сүүнээс усыг нь ууршуулж хатаах үйлдвэр мал аж ахуйн орон гэгддэг манай Монголд одоо ч байхгүй. Хэрэв хатаамал сүүний үйлдвэртэй болчихвол монгол үнээний сүүгээр жилийн дөрвөн улиралд монголчууд тасрахгүй болно.

Саяхан Ерөнхий сайд хүнсний салбарынхантай Төрийн ордонд уулзах үеэр “АПУ Дэйри” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай энэ тухай хөндсөн байна. Тэрээр, Олон улсад эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжид заасан нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээг хангая гэвэл дотоодын сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Бид 1000 гаруй малчин өрхөөс сүү цуглуулж байна. Үүнээс гадна манай улс жилд дунджаар 30 орчим сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хатаамал сүү импортоор авч байна. Тиймээс хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ эрчимтэй нийлүүлж, нөөцөлсний үр дүнд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Мөн 21 аймаг, бүс нутгуудад сүүний анхан шатны боловсруулалт хийх цэгүүд байгуулах шаардлага бий. Энэ ажлыг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бид өндөр ашиг шимт фермерийн үнээний аж ахуйг хөгжүүлснээр сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.

Энэ нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэсэнтэй зорилго нийцэж байна. Үйлдвэрүүд дулааны улиралд малчдаас үнээний шингэн сүүг нь худалдан авч, үйлдвэрийн аргаар усыг нь ууршуулж хатаан нөөцөлснөөр дараа нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ сэргээн ашиглах боломжтой, тэрхүү сэргээсэн сүү нь шингэн сүүтэй ижил найрлагатай гэдгээрээ давуу талтай юм билээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр зарласны нэг салбар нь “Хөдөө аж ахуйн сэргэлт”. Энэ бодлогын үр нөлөө нь нэг талдаа сүүний ашиг шимийг хүртэгч малчин, фермерүүд, нөгөө талдаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын үйл ажиллагааг дэмжин эцсийн дүнд бид эрүүл, аюулгүй хүнсээр хангагдахад орших учиртай.

Хатаамал сүүний үйлдвэртэй болох төслийг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс үе үеийн Засгийн газарт тавьж ирсэн. Бүр тодорхой болгоод бэлдсэн төслүүд ч бий.

Хэнтийн хатаамал сүүний үйлдвэр

Хоногт 40 тонн сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай Хатаамал сүүний үйлдвэр байгуулах төсөл. Энэ үйлдвэрийг Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров, Өмнөдэлгэр сумын малчидтай хамтран 35 мянган толгой саалийн үнээг түшиглэн байгуулахаар бэлджээ. Тэд шинээр 40 ажлын байр бий болгож, жилд дунджаар 655 тонн хатаамал сүү, 151 тонн бяслаг, 403 тонн цөцгий үйлдвэрлэнэ. Импортын үнээр тооцвол 10 сая ам.долларын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн үг. Засгийн газар хөгжлийн томоохон төслүүд, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж, үйлдвэрлэгч орон болох зорилго тавьж байгаа бол хүнсний салбараас дээрх Хатаамал сүүний үйлдвэрийн төслийг дэмжих хэрэгтэй санагдсан.

Кластер ферм байгуулах төсөл

Фермер эрхлэгчидтэй хамтран Улаанбаатар хотын ойролцоо 6 кластер ферм байгуулах төсөл бэлэн байна. Төсөл санаачлагчид 1 кластерыг 400 үхэртэй байхаар тооцоолж 10 мянган тонн сүү хүлээн авахаар төлөвлөжээ. Хатаамал сүүгээр жишвэл энэ нь 1400 тонн буюу 6.5 сая ам.долларын хатаамал сүүний импортыг орлох үйлдвэрлэл юм байна.

Бэлчээрийн үхрийн саалийн хоног жилд 90 хоног, хоногийн дундаж гарц 3-5 литр гэж үзвэл жилд 1 үхэр 270-450 литр сааль өгнө. Харин сүүний чиглэлийн өндөр ашигт шимт үхрийн саалийн хоног 305, хоногийн дундаж гарц 10-15 литр байдаг ажээ. Кластер фермийг Засгийн газар бодлогоор дэмжвэл чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан сүүний тогтвортой нийлүүлэлтийг Монголд бий болно. Жил бүр нийлүүлэх сүүнээс гадна төл хүлээн авч, өндөр ашиг шимт саалийн үнээний сүргийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм билээ.

Д.Төгөлдөр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button