Ярилцлага

Ц.Гантулга: Үзүүлбэрээрээ Гиннесийн дээд амжилт эзэмших зорилготой

Гиннесийн дээд амжилт шинэчлэх мөрөөдөлтэй, монгол залуу Ц.Гантулга өнөөдөр шүдээрээ 28 тонн жинтэй, залгаа автобусыг шүдээрээ чирэв.

https://www.facebook.com/158477218153058/videos/250430559694272/

Үүнтэй холбогдуулан Eguur.mn сайт Ц.Гантулгаас 2019 оны долдугаарс сарын 7-нд өгсөн ярилцлагыг сэргээн нийтлэв.

Хүнээс хэр их бяр тэнхээ гарч болохыг өөрийн сонирхолтой үзүүлбэрээр бичлэг хийж, баримтжуулан нотолж яваа Ц.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр хот хоорондын автобус болон таван ширхэг “Land cruiser 200” маркийн машин шүдээрээ амжилттай чирсэн бөгөөд удахгүй онгоц чирэх зорилготой байгаа тухайгаа бидэнд сонирхуулсан юм.

АНХ САНАМСАРГҮЙ ГАДААД ХҮН ШҮДЭЭРЭЭ АВТОБУС ЧИРЖ БУЙ БИЧЛЭГИЙГ ҮЗЭЭД МОНГОЛ ХҮН ЯАГААД ЧАДДАГГҮЙ ЮМ ГЭЖ БОДОН АЖЛЫНХАА АВТОБУСЫГ ШҮДЭЭРЭЭ ЧИРЖ БАЙСАН

-Уншигчдад маань өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Намайг Цогнэмэхийн Гантулга гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт суманд 1992 онд төрж өссөн. Сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн бяр тэнхээ шаардсан үзүүлбэр хийх дуртай.

-Таныг шүдээрээ автобус чирсэн, аваргуудын өргөж байсан чулууг өргөж үзүүлсэн зэрэг олон сонирхолтой зураг болон ярианууд байдаг. Энэ талаар хуваалцвал?

-Би анх 2017 оны долдугаар сард хүнд тээврийн микро автобусыг шүдээрээ чирж үзсэн. Тухайн үед “Youtube”-ээс олон янзын бичлэг үзэж байгаад санамсаргүй гадаад хүн шүдээрээ автобус чирж буй бичлэгийг үзсэн. Тэгээд “Үгүй ээ, яаж ингэж чирээд байна вэ? Ер нь монгол хүн яагаад чаддаггүй юм” гээд ажлынхаа автобусыг чирэх гэж оролдоход болохоор санагдсан. Цаашлаад өвөл нь хот хоорондын зорчих тээврийн 45 хүний суудалтай автобус таван метр гаруй газар чирсэн. Үүнээс хойш энэ төрлийн бяр тэнхээ шаардсан үзүүлбэрүүд хийе гэж шийдсэн. Энэ хүрээнд нэлээд хэдэн ажил хийж, хүмүүст ч танигдаж эхэлсэн.

-Тухайн үед монгол хүн автобус чирлээ, чулуу өргөлөө гэж их яригдаагүй өнгөрсөн санагдана. Таны автобус шүдээрээ чирж буй бичлэгийг олж үзсэн. Монголд хийгдсэн бичлэг үү? Эсвэл өөр оронд байсан уу?

-Микрог чирсэн үзүүлбэрийг урд хөрш буюу Хятадад хийсэн. Түүнээс бусад бүх бичлэг монголд хийгдсэн. Хамгийн сүүлд би хот хоорондын 45 хүний суудалтай хамгийн хүнд буюу “Granbird” гэдэг автобусыг шүдээрээ чирсэн. Хот хоорондын автобус нь гурван төрөл байдаг бөгөөд хамгийн хүнд нь “Granbird” юм. Үүнийг би саяхан төрөлх нутаг Баянхонгор аймагтаа очоод 24 метр газар чирсэн.

ЦОО ШИНЭ ТАВАН ШИРХЭГ "LAND CRUISER 200" МАРКИЙН ТАВАН МАШИНЫГ ШҮДЭЭРЭЭ ЧИРЖ БАЙЛАА

-Та бяр тэнхээ шаардсан үзүүлбэрүүдээ бичлэгээр баталгаажуулж авдаг шүүдээ. Иймд эзэмшиж буй рекорд бий юу?

-Одоогоор би дэлхийн хоёр рекордыг эзэмшиж байна. Гэвч ямар нэг батламж авч хараахан чадаагүй. Үүний төлөө л би одоог хүртэл зүтгэж олон төрлийн үзүүлбэрүүдийг хийж байна. Геннесийн амжилт автобусны төрөлд 15 тонн бий. Үүнийг би 17,8 тонн хүртэл тултал нь явуулсан. Учир нь миний чирсэн “Granbird” хэмээх автобус нь хоосон үедээ 16 тоннтой. Үүнийг би сүүлд дотроо хүнтэй ачаатай байхад нь Драгонд чирсэн. Гарах гэж буй автобусыг хойш нь ухрааж байгаад 45 хүнийг ачаатай нь чирж үзүүлсэн.

Нөгөө рекорд нь 2019 оны нэгдүгээр сарын 28-нд буюу цагаан сарын өмнөхөн “Таван Богд” компани дээр очиж, таван ширхэг “Land crueser 200” маркийн машин чирсэн. Энэ нь дэлхийд нэгт орохоор рекорд юм.

-Автобус чирэхэд юу хамгийн хүндрэлтэй байсан бэ?

-Бодоход л 16,7 тонны бүхэл том зүйлийг энгийн хүн чирнэ гэдэг өөрөө маш хүндрэлтэй бүтэшгүй мэт зүйл шүүдээ. Би өөрөө дөнгөж 72 килограм жинтэй хүн. Иймд тэр том зүйлийг шүдээрээ чирэх нь хэцүү, асуудалтай үзүүлбэр байсан.

-Маш хүнд зүйлийг хөдөлгөж байгаа учир шүдээ их анхаарах ёстой. Хүнд үзүүлбэрүүдийнхээ үеэр шүдэндээ ямар арга хэмжээ авдаг вэ? Хэрхэн хамгаалдаг вэ?

-Шүд гэмтээхгүй байхад зуулт маш чухал. Энэ талаар ямар тоног хэрэгсэл байдаг тухай судалж үзэхэд дэгээ төмөртэй юмуу түгждэг даацтай зуултыг хүмүүс хэрэглэдэг юм билээ. Миний хувьд илгэн алчуурыг өөртөө тааруулан боож зангидаж байгаад хэрэглэдэг. Материал нь маш зөөлөн бөгөөд үхрийн ширээр хийдэг давуу талтай. Дээд доод шүднүүд хазахад зөрөгдөж ордог бол үхрийн шир тийм байдалд оруулдаггүй. Урд талын шүдийг гадагш булгалах явдал тохиолдож болзошгүй тул хэрэглэхэд хялбараар илгэн алчуурийг хэрэглэдэг.

13 НАСТАЙГААСАА ЗАХ ДЭЭР "ГҮРҮҮШИГ" ХИЙДЭГ БАЙСАН

-Анх та микро чирсэн гэж хэлсэн шүүдээ. Туайн үед хэдэн настай байсан бэ?

-Тэр үед би 25 настай байсан. Одоо 27 настай. Хоёр жилийн хугацаанд л бужигнууллаа шүү /инээв/

-Түүнээс өмнө хүнд зүйл өргөж үзэх, бяр тэнхээгээ шалгах бодол орж ирж байгаагүй юу?

-Микро чирсэнээс хойш би хүнд юм өргөж үзье, даацтай зүйл чирж болох юм байна гэсэн санаа авсан. Үүнээс өмнө би 13 настайгаасаа хойш захын хар ажил буюу гурил будаа зөөдөг, хүмүүсийн нэрлэж заншсанаар “гүрүүшиг” хийсэн. Мэдлэг боловсролын хувьд би бүрэн дунд боловсролтой. Арван жилээ төгсөөд аймгийнхаа политехникийн сургуулийг дүүргэж авто засварын мэргэжилтэй болсон. Хүн ер нь сурсан зүйлээ л дагнадаг. Би 19 настайдаа “Coca Cola” компанид үйлдвэрлэдэг бидний ундаанаас сагс дүүрнийг давхарлаад 7-8 давхраар нь агуулах руу зөөдөг байсан. Тухайн үед насандаа ахадсан л ажил. Одоогийн 19, 20 настай залуучууд тийм хүнд зүйл өргөнө гэхэд ч хэцүүхэн харагдаж байна. Заримдаа хүчтэй цоглог гээд залуучуудтай ажиллахаар залхуу бяргүй  болсон мэт санагддаг.

-Таныг аваргуудын өргөж байсан чулууг өргөсөн гэсэн мэдээлэл байсан. Уг чулууг харахад нэлээд барьцгүй бөөрөнхий харагдсан. Үүнийг амжилттай өргөхөд тань багаасаа сурсан туршлага тань тус болсон уу?

-Тийм ээ. Аливаа хүнд зүйлийг өргөхөд хүнд бяр тэнхээнээс гадна туршлага бас хэрэгтэй болдог. Уг чулууны түүх бас сонирхолтой. Манлай заан Д.Долгорсүрэн, Монгол улсын аварга
Д.Сумьяабазар, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар өргөсөн байдаг. Миний хувьд цээж хүртлээ өргөж чадсан. 2017 оны долдугаар сарын 20-нд өргөж бичлэгээ цахим хаягтаа байршуулсан. "Өргөж үзнэ дээ" хэмээн бодож явсаар зорьж очсон.

БИ ХҮНД ДААЦЫН ЗҮЙЛ ЗУУХ, ЧИРЭХ ҮЗҮҮЛБЭРТЭЭ НЭГ АРААГАА АШИГЛАДАГ

-Амжилттай хийсэн томоохон үзүүлбэрүүдээсээ хуваалцана уу?

-2019 оны долдугаар сарын 13-ны өдөр ойролцоогоор 150-160 килограм гуалин мод өргөсөн. Нойтон учраас мэдээж маш хүнд байсан. Өөрийн автобус чирсэн бичлэгээ цахим хаягтаа хуваалцаад удаагүй байтал сэтгэгдэл хэсэгт нь ийм нойтон мод байна өргөж үзээч гээд зураг байршилтай нь бичиж үлдээсэн байсан. Судлаад сураглаж үзээд сонирхолтой санагдсан учраас зорьж очоод өргөж үзсэн. Түүнчлэн би шүдээрээ вагон хүртэл чирж байсан. Миний нэг талын араа асуудалтай тул чирж зуухад ашигладаггүй. Зөвхөн нэг араагаа ашиглан үзүүлбэрүүдээ хийдэг учир өргөж, чирж буй зүйлийн ачаалал бүхлээрээ ноогддог.

-Хэн хүний санаанд орж, хэрэгжүүлээд байх сонирхол биш шүүдээ. Таны ар гэр энэ асуудалд ямар хандлагатай байдаг вэ?

-Мэдээж эхэндээ уурлаж хүлээж авсан. “Чи хэрэгтэй хэрэггүй юм хийж явлаа, одоохон боль” гээд л уурладаг байлаа. Гэхдээ цаг хугацааны эрхэнд хийж буй үзүүлбэр бүхний минь ард нутаг усны нэр явж байгааг анзаарч ойлгодог болсон. Одоо бол “Нөгөөх чинь юмаа зуух гээд яваад өгсөн” гээд л хоорондоо ярьдаг гэсэн /инээв/.

-Ирээдүйд хэрэгжүүлэх зорилгуудаасаа хуваалцана уу?

-Би нисэх онгоц чирэх зорилготой байгаа бөгөөд авиа компаниуд руу хүсэлтээ явуулсан. Одоо нааштай хариу ирэхийг л хүлээж сууна даа. Өмнө нь “Таван Богд” компани дээр өөрийн биеэр очиж таван ширхэг “Land cruiser” маркийн машин чирж үзэх хүсэлтэй байна гэж хэлэхэд их нааштай хандаж, цоо шинэ машинуудаа гаргаж өгсөн. Таван том машин холбосон учраас чирэхэд нэг бүхэл автобус чирэхээс хамаагүй хэцүү байсан. Эхний удаа би туршилтын журмаар гурван машин гаргуулсан бөгөөд чирж үзээд болохоор санагдсанд сарын дараа таван машин чирэх хүсэлт гаргаад амжилттай гүйцэтгэсэн. Мэдээж зуны улирал нислэг ихтэй байгаа учир боломж бололцоо нь тааруу байгаа хэмээн таамаглаж байна.

Түүнчлэн би өөрийн үзүүлбэрүүдээр гиннест бичигдэхийг эрмэлзэж байна. Үүний дагуу гиннесийн амжилтыг эзэмшдэг монгол хүмүүстэй холбоо барьж үзэхэд байгууллагаас нь ирэх хүмүүсийн онгоцны зардал байр хоолыг даах ёстой байдаг гэсэн. Тухайн хорооныхон нь монголд ирээд нэг зааланд миний автобус чирэх үеийн дүрс бичлэгийг олон талаас нь мэргэжлийн камераар бичиж, дээрээс нь дроноор авч бататгах олон үе шаттай алжыг хийдэг юм байна. Иймд тэднийг авчрах боломж бололцоо хомс байгаагаас зорилго маань удаашралтай явагдаж байна. Би биш гэхэд өөр төрөлд олон амжилт гаргасан хүмүүсийг төр засгаас дэмжээд туслаад дэлхийн рекорд тогтоолговол цаана нь улсын маань нэр явна шүүдээ.

КЛИПНИЙ ЗУРАГ АВАЛТАНД ОРОЛЦОХДОО ТАВАН ХАНАТАЙ ГЭР ӨРГӨӨД АЛХАЖ БАЙВ

-Дурсамжтай үеээ хуваалцвал?

-Би нэг клипний зураг авалтанд урилгаар оролцож байсан юм. Тэр үед таван ханатай гэр үүрээд хол алхаж байсан. Тэр маань их дурсамжтай үе байсан.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Хамгийн эхлээд намайг урьж ярилцлага хийж буй танай хамт олонд баярлалаа. Монголын ард иргэд маань эвтэй байхдаа хүчтэй шүү. Бид нэгдэж нийлж бие биенээ дэмжиж чадвал маш олон амжилтыг эзэмших бүрэн боломжтой. Түүнчлэн хийж буй үзүүлбэрүүдийг маань үзэж, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button