
-Шинээр мэндэлсэн хоёр унага азаргандаа “бариулж”, таван даага, сарваа хачгийн халуунаар энджээ-
Нар уулын толгойд тусан, алгуурхан мандлаа. Тунай муутайхан ээж, салхи жиндүүхэн үлээх нь өнөөдөр тийм ч дулаахан өдөр болохгүйг илтгэнэ. Хэдийгээр зуны эхэн сар гарч, урин цаг ирсэн ч тэгтлээ дулаарахгүй байгаа өдрүүд өнөөдөр мөн давтагдаж байгаа нь энэ.

Нар оройд нь туссан уулын өөд нэгэн машин аахилан, уухилан зүтгэнэ. Тэрхүү машины явж буй зам нэлээд дэржигнүүр үүсэж, байсхийгээд өөр машинтай зөрөх нь үүгээр олны хөл үл тасардгийг илтгэж байлаа. Хэчнээн олон машин үүгээр явсан ч замаасаа үл гарна. Ёс мэт яг тэр замаар л зүтгэнэ. Бид ч мөн яг л тэр замаар, бусдын адил нэг хүсэл тээн яваа нь энэ. Тэр нь Хустайн нурууны байгалийн цогцолборт ирсэн бүхий л аялагчдын адил аль болох олон төрлийн амьтан үзэх, байгалийн сайхнаар аялах. Тахь, аргаль, буга зээр зэрэг байгалийн чимэг болсон амьтдыг аль болох ойроос харах хүсэл.
Сэтгүүлч Б.Буяндалай сурвалжилгаа ерөнхийд нь базаад ингэж ярьлаа.
ХУСТАЙН НУРУУНЫ БҮХ ТАХИЙН ДЭЛ, СҮҮЛИЙГ НЬ АНДАХГҮЙ БИОЛОГИЧ

Бидэнтэй байгаль хамгаалагч Ц.Санжмятав, Ц.Батзаяа нар хамт явсан. Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт хамгийн олон жил (28) байгаль хамгаалагчаар ажиллаж буй эрхэм бол Ц.Санжмятав. Харин энэ байгууллагийн урдаа барьдаг ганц тахийн биологич бол Ц.Батзаяа. Тэр бол Хустайн нурууны бүхий л тахийг А, Б-гүй, энэ нь энэний төл, тэр нь энэний дүү гээд л анддаггүй, гол ажлыг нугалдаг байгаль хамгаалагчдын нэг нь.

Бид байгаль хамгаалагч мэргэжлийн онцлог, Хустайн нуруунд ажиллахын сайхан, жаргал, зовлонгийн талаар ярилцан явлаа. Нэг үеэ бодоход иргэдийн ухарсар сайжирсан, байгаль хамгаалагчдын ажил, мэргэжлийг ойлгодог, хүндэлдэг болсон талаар тэд ярьж байв. Гэхдээ л байгалийн тусгай хамгаалалттай бүсэд ирчихээд “Энэ Монголын газар нутаг. Энд юу хийхээ би мэдье” гэж дураараа аашилдаг нэгэн хааяа таардгийг учирлаж байлаа. Замаас гараад л шууд машинтайгаа давхичихдаг, энд, тэнд майхан бариад, юм шараад хэвчихдэг хүн мэр сэр таардаг гэнэ.
Бид явсаар нэгэн толгой орой дээр гарч ирвэл яг цаана нь 50 гаруй тахь идээшилж байлаа. Зэрвэс харахад бүгд нэг сүрэг юм шиг. Гэхдээ тийм биш. Хэд хэдээрээ тусдаа бэлчинэ. Нэгнийхээ сүрэгт ойртоход азарга нь давхиж ирээд сүргээ хураана, бусдаас харамлана, хамгаална. Биерхүү, том азаргатай эл сүргийг байгаль хамгаалагч Ц.Батзаяа харангуутаа “Галын сүрэг байна” гээд төвөггүй танив.
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН ТУЙЛЫН ХҮСЭЛ НЭГ Ч БОЛТУГАЙ АМЬТНЫ ТӨЛИЙГ ЭСЭН МЭНД ХҮЛЭЭЖ АВАХ

Хустайн нуруунд нийт 43 үржлийн сүрэгт 374 тахь бий. Энд жилд 50-60 гүү унагалдаг. Өдийд Хустайн нуруунд амьтад төллөж, байгаль хамгаалагчид ёстой нэг түмэн завгүй байдаг үе. Малчид малаа төллөхөөр хэрхэн зүтгэж, яаж завгүй байдаг билээ. Яг л түүн шиг. Нэг ч болтугай амьтны төлийг эсэн мэнд хүлээж аваад, бойжуулчих сан гээд өдөр, шөнөгүй мачийдаг, идэх хоол, унтах нойроо умартдаг цаг. Эхээсээ мэндэлсэн, нялх амьтдад дайсан мундахгүй. Үргэлж л дайсан, ямар нэгэн саад, бэрхшээл отно. Ялангуяа, өдийд тахь ид унагалж буй үе. Нялх унаганы хамгийн том дайсан нь чоно. 14 хоночихвол ер нь аргатай болчихдог. Борви тэнийх хүртэлх хэд хоногт ёстой нэг өдөр, шөнөгүй харах, манах чухал байдаг гэнэ.
ЭНЭ ЖИЛИЙН 26 ДАХЬ УНАГА МЭНДЭЛЛЭЭ

Биднийг Хустайн нуруунд очиход нэгэн баяртай мэдээ угтсан нь энэ жилийн 26 дахь унага мэндэлсэн явдал байлаа. Цомбон туурайт гэдэг азарганы Үүл гэдэг гүү үүрийн 05.00 цагт унагалжээ. Байгаль хамгаалагчид хэдийнэ Цомбон туурайтын сүрэг дээр очиж, аюулгүй байдлыг нь сайтар шаглан, хээрийн амьтан шоглохоос хамгаалжээ.
Яг эхээсээ мэндлэхэд хийсэн бичлэгийг Ц.Батзаяа руу илгээснийг бидэнд үзүүлэв. Зэрлэг адуу болоод ч тэр үү унага нь эхээс мэндэлсэн даруйдаа хөл дээрээ тэнцэн, эхийгээ даган шогшино.
Ц.Санжмятав ах “Хөөх, Үүл тэнд байна. Унага нь харагдахгүй байх чинь. Хаана байгаа юм бол” гээд сандарсан аясаар хэлэв. Дурангаа дахин сунгаснаа “Өө, ашгүй хажуу талынх нь судагт хэвтэж байна” гээд санаа нь амрав. Тэгээд дурангаа над руу сунгалаа.
Би дурандах нь ээ хөөрхөн хонгор унага, сүүлээ хааяа нэг хөдөлгөн, нүдээ анин хэвтэнэ. Ээж нь унаганыхаа дэргэдээс үл холдоно, хааяа нэг өвс зулгааснаа дахиад л алсыг харан зогсоно.
Шинэ мэндэлсэн унага харах, зураг, дүрсийг нь авах хүсэл хэчнээн байв ч замаасаа гарч, хаа хамаагүй явж болохгүй гэсэн Хустайн нурууны дүрэм биднийг “тушив”. Дүрэм бол дүрэм. Хэн дуртай нь хаа хүссэн газар руугаа давхиад байвал тусгай хамгаалалттай газрын утга алдагдана, дархан байдлаа алдана.
ШИНЭ УНАГАНД НЭР ӨГӨХӨД 220 АМ.ДОЛЛАР

Үүл нэртэй гүүний унага удахгүй өөрийн гэсэн нэртэй болно. Жил бүр уламжлал болсон зүйлсийн нэг нь тахийн унаганд нэр өгөх явдал. Төр, нийгмийн томоохон албан тушаалтан, гадаад, дотоодын алдартан, жирийн иргэдийн хэн нь ч хүсвэл тодорхой хандив өргөөд хүссэн унагандаа өөрийн хүссэн нэрийг өгөх боломжтой.
Хамгийн анх 1992 онд Хустайн нуруунд нутагшуулахаар 50 тахь авчирсан түүхтэй. Энэ үеэс өдийг хүртэл хугацаанд дэлхийн хаанаас, хэн ч тодорхой төлбөр төлөөд нэр өгсөөр ирсэн юм. Хустайн нуруунд төрсөн хамгийн анхны унаганд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Нарстай” гэдэг нэр өгсөн түүхтэй. Хустай нуруу битүү дүүрэн нарстай болохыг бэлгэшээн тэгж нэрлэсэн гэдэг.
Өдгөө шинэ унаганд нэр өгөхөд төлбөр нь 220 ам.доллар байна. Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд эцэс болгон, тухайн жилийн унаганыхаа мэдээллийг Прага руу илгээдэг. Тэндээс тухайн унаганы удмын дугаарыг явуулдаг. Ингэснээр унаганад нэр өгөх боломж иргэдэд бүрддэг гэнэ. Унаганд нэр өгөх хандиваар бүрдсэн орлогийг тахийн сүргийг хамгаалах ажилд зориулдаг юм билээ. Тахийг төдийгүй байгаль хамгаалахад оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болдгийг байгаль хамгаалагчид онцолж байлаа.
ХАРАХААС Ч НҮД ХАЛЬТИРАМ БАЙГАЛИЙН ХУУЛЬ

Хулан, тахь зэрэг амьтад өөрийн сүрэгт нь мэндэлсэн өөр азарганы төлийг “барьдаг”, хөнөөдөг нь байгалийн хууль.
Өөр азарганы төлийг барих үзэгчдлийн талаар байгаль хамгаалагчид “Нэгэнт азарга нь өөр азарганы төл гэдгийг нь мэдчихвэл ямар ч аргагүй. Унагыг хэчнээн хамгаалж, азаргыг нь хөөгөөд нэмэргүй. Азарга нь мартдаггүй.
“Овоо гайгүй болчихлоо. Хэд хоночихлоо” гэж бодож байхад л гэнэт нэг өдөр яах ийхийн зуурт дайраад л “барьчихдаг”. Гүү уг нь эхийн зөн совингоор мэдэрдэг шиг байгаа юм. Зарим гүү унагалах дөхөхөөрөө зугтаачихдаг. Бүр хол газарт унагалж, 20-иод хоноод буцаж ирдэг.
Хэдэн жилийн өмнө нэг гүү тэгж унагалсан юм. 20 гаруй хоночихсон байсан тул бид сүрэгт нь шууд нийлүүлэх үү яах вэ гэж ярилцаж байв. Гүү унагатайгаа сүрэгтээ дөхөөд очиход азарга нь эхэндээ яагаа ч үгүй. “Ашгүй дээ” гээд эргээд явах гэтэл азарга унагыг нь харангуутаа шууд дайрсан. Эх нь унагаа хэчнээн хамгаалаад яаж ч чадаагүй. Ердөө хэдхэн секундэд л бүх зүйл болоод өнгөрсөн. Азарга унагыг сэрвээнээс нь ганцхан л хазах шиг болсон. Бид яарсаар давхиад очиход унага нь аль хэдийнэ эндчихсэн байсан. Сэрвээн дээр нь нэг юм гараад ирчихсэн, арьсан дотор нь хөдлөөд байв. Бид задлан шинжилгээ хийгээд үзэхэд нэг нурууг нь суга татчихсан байсан. Тахь тийм аймар зууж, хүчтэй хаздаг амьтан” гэлээ.
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХОЁР УНАГА АЗАРГАНД “БАРИУЛЖЭЭ

Харахаас ч нүд хальтирам ийм үзэгдэл Хустайн нуруунд жилд 4-5 удаа болдог гэнэ. Эхээс мэндэлсэн даруйд л азарга нь хүзүүнээс нь зуугаад сэгсэрчихдэг, “цавччихдаг” талаар байгаль хамгаалагчид толгой сэгсрэн ярьж байлаа. Энэ жил л гэхэд хоёр унага азарганд бариулж, энджээ. Мэдээж азарга өөрийнхөө үр төлийг хэзээ ч тэгэхгүй, амиа үл хайрлан хамгаална, хайрлана.

Энэ талаар байгаль хамгаалагч Ц.Батзаяа “1992-2000 оны хооронд зургаан удаагийн тээвэрлэлтээр гадаадаас 84 тахь Монголд авч ирсэн. Эдгээр тахь өсөж, үржээд 400 гаруй болоод байгаа нь энэ. Өнөөг хүртэлх хугацаанд унага азаргандаа бариулж, эндсэн 60 гаруй тохиолдол бий.
Ороо нь орох үеэр тухайн азарга сүргээс гүү салгадаг. Хавар нь өөр азарганы унага мэндлэхэд “барьчихдаг”. Дөнгөж эхээсээ гарахад нь л барьдаг. Эхээсээ мэндлээд 10-24 цаг болчихсон үед “барихгүй” тохиолдол бий. Гэхдээ ихэнх тохиолдолд өөрийнх нь үр төл биш л бол заавал амийг нь хөнөөдөг.
Би энд гурван жил ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байсан ажилчид, судлаачдын судалгаанаас ч харахад унагыг нь хэчнээн хамгаалж, азаргыг нь хөөгөөд нэмэргүй. Тухайн азарга буцаж ирээд л барьчихдаг. Ихэнх тохиолдолд дөнгөж мэндлэхэд нь л хөнөөчихдөг.
-Хэдхэн хормын дотор л өрнөх үү?
-Тэгдэг.
-Өдийд тахь ид унагалж байна. Ийм цагт юуг хамгийн их анхаарах чухал вэ?


-Хустайн нуруунд жилд 60-70 гүү унагалдаг. Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын сүүл хүртэлх хугацаанд төллөдөг. Энэ үед монголчууд төдийгүй жуулчид ид аялдаг хугацаа таардаг.
Жуулчид, аялагчид замгүй газраар явах, машинаа үлдээчихээд уул руу алхах, орой дээр нь гараад хийморио сэргээж байна гэж орилоод амьтдыг үргээж, цочоох тохиолдол их гардаг. Зэрлэг амьтанд хэт ойртож, амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг.
Тахь төдийгүй бусад амьтан төллөх үед амгалан тайван байлгах их чухал. Дээр дурьдсан зохисгүй үйлдлийг л жуулчид, аялагчид хийхгүй байх, Хустайн нуруунд аялахдаа баримтлах заавар, зөвлөгөөг дагах хэрэгтэй.
ХАЧИГИЙН ХАЛУУНААР ТАВАН ДААГА, САРВАА ЭНДЖЭЭ

Хаврын хахир цагт бүхий л амьтан турж, эцдэг. Тахь төдийгүй бусад туруутан амьтдыг туйлдуулдаг, турж эцээдэг шалтгаануудын нэг нь хачиг, шалз. Хачигийн халуунаар жилд цөөнгүй тахь үхдэгийг байгаль хамгаалагчид онцлов. Ялангуяа даага, сарваа зэрэг бага настай амьтдын хорогдлын 30-40 хувийг хачигийн халуун эзэлдэг гэнэ.
Энэ жил гэхэд таван даага, сарваа энэ өвчнөөр үхжээ. Энэ талаар биологич Батцэрэн “Хачигны халуун, турж эцэх хоёр шинж тэмдгийн хувьд адилхан, хоорондоо их төстэй. Хачигны халуун турж, эцсэн даага, сарвааг маш ихээр шимэгчилдэг. Цусан дахь улаан эсийг нь идчихдэг. Тухайн даага, сарваа дархлаагүй болж, бие нь их халуурдаг.

Манайх ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнтэй нягт холбоотой хамтран ажилладаг. Яг хачигийн халуун уу, турж эцсэн үү гэдгийг тодорхойлуулдаг. Даага, сарвааны хорогдлын 30-40 хувийг хачигийн халуун эзлэдэг. Энэ жил таван даага, сарваа хачигийн халуунаар эндсэн. Энэ бол хаврын хаварт тохиолддог зүйл” гэлээ.
АМЬТДЫН ДИВААЖИН ХУСТАЙН НУРУУ
Хустайн нуруунд ирсэн аялагчид тахиас гадна 100 гаруй аргаль, 1500 гаруй буга, 500 гаруй зээр, 10 мянга орчим тарвагыг үзэх боломжтой. Мөн шувуу үзэх тусгай аялалыг хийх боломж бий гэнэ.
Бид Үүл гүү унагалсан газраас буцаж явахдаа 100-гаад бугын сүрэгтэй таарлаа. Цусан эвэр нь ургасан том, том буганууд баавартай нь аргагүй хөндөлсөн зогсож, янзагалах цагаа хоног тоолон хүлээж буй согоонууд ер тоосон шинжгүй өвсний сор хөөнө. Баруун аймгаас нэгэн байгаль хамгаалагч Хустайд ирээд “Хөөх, эндхийн буга хүнээс ер айж, зугтахгүй юм. Яг үхэр шиг болчихож” гэсэн гэдэг. Хустайгаас өөр газар бид эдгээр бугын сүрэгтэй таарсан бол юун ингээд дэргэдээс хараад, сүрлэг сайхныг нь бишрээд зогсох. Аль хэдийн хэд хэдэн хамар даваад талийчихсан, бид зураг дарж амжвал их юм болчихсон байгаа.
Замын хажуугаар тарваганууд сүлжилдэн, давхина. Дошин дээрээ очоод доогтой нь аргагүй хошгирно. Хүнээс айж буй шинж ер алга. "Эд нар ингээд явж л байдаг юм" гэсэн шиг хээвнэг зогсоно.
Ёстой нээрэн зэрлэг амьтдын диваажин хаана байна, энд л байна. Хустайн нуруунд Тахийн унага хөндий дүүрэн янцгааж, хөгшин борхи нарлан, согоо янзагалах цагаа хүлээж байна.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД
Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ямар бэрхшээлүүдтэй тулдаг талаар хөндсөн контентыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yostoi saihan ajil hiideg humuus baih yumaa buyn ni delgereg ?
saihan amitan shuu
онгон байг�##� энэ зэрлэг байг�##�иа хамга�##�ж байгааг харх үнхээр сайхан байна
Mongold baisan amitada ulan nomond oruultsan teneg humuus shuu
онгон байг�##�ь энэ зэрлэг байг�##�иа хамга�##�ж байгааг харх үнхээр сайхан байна
Энэ бол тохиолддог л зүйл гээд ярихын оронд хачигнаас хамга�##�сан вакцин хийж болдоггүймүү. Өар азарганы төлийг бариулж байхын оронд тусгай байранд аваачиж даага сарваа болтол нь өсгөж болдоггүймүү. Хэрэв ийм ажил зохиодог бол тахь олон болж өснө дөө. Дэлхийд байхгүй нэн ховордсон тахийг үржүүлэхэд зөвхөн байг�##�д даатгаад орхих уу. Гаднаас унтуулдаг сум, х�##�дварын вакцин нтр худ�##�даж аваач
Daaganuudaaa barij avcj emchilmeer bn
huduugiin amar amgalan????