НИЙГЭМЯрилцлага

Байгаль хамгаалагч Ц.Санжмятав: Иргэд зөрчил гаргачихаад “Чамаас болж баригдлаа” гэдэг

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна. Тиймээс энэ өдөрт зориулж бид өмнө нь бэлтгэсэн байгаль орчны сэдэвт ярилцлагаа сэргээн нийтэлж байна.

Бэлд нь хоёр бурхи хөөцөлдөн тоглох томоо гэгчийн сүрлэг уулын энгэрт сүрэг тахь идээшилнэ. Хаанаас, юу гараад ирэх бол гэж санаа зовж, түгшиж байгаа шинж ер алга. Бид автомашинтай дөхөн, нэлээд ойртоход ч ер тоосонгүй. Азарга нь ойр хавийг нэг гүйлгэн харснаа хаврын шинэ ногооноос зулгаана. Сүрэг тахийн харалдаа цаад уулан дахь хэсэг модны захад 100 гаруй буга идээшилж байлаа. Согоонууд нь захлан бэлчиж, зарим нь хэвтэнэ. Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын амьтад амгалан гэгч нь идээшилж, сүрэглэж байгаа нь энэ. Ёстой нэг амьтны диваажин гэж үүнийг л хэлэх болов уу. Хэрвээ амьтан хүний хэлээр ярьдаг сан бол “Хустайн нуруунд л очиж амьдрах юм сан” гэх болов уу.

Сав л хийвэл буу шийдэм агсан, хүчтэй машин хөлөглөж явах болсон өнөө цагт байгаль дэлхий, ан амьтнаа хайрлаж, хамгаалах хамгийн эрхэм, чухал үүргийг хүлээж буй хүмүүс бол байгаль хамгаалагчид. Хустайн нуруу хэдийгээр дархан цаазат газар ч хулгайн ан, сувдаг сэтгэлтний сүүдэр үл тасарна.

Энэ бүхнээс байгаль хамгаалагчид ч хамгаалж, урьдчилан сэргийлдэг. Дэлхийн ямар ч дархан цаазат газрын амьтын амгалан тайван оршихын гол үндэс нь байгаль хамгаалагч.

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын урдаа барьдаг байгаль хамгаалагчдын нэг нь Цэндээсүрэнгийн Санжмятав. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат тэрбээр энд хамгийн олон жил ажиллаж буй ажилтан. Хустайн нурууны амьтдыг хамгаалахын төлөө 28 жил зүтгэнэ гэдэг чамлахааргүй урт хугацаа. Ялангуяа, хүн бүхэн биед амар ажил хийж, төв суурин газарт амьдрахыг чухалчлах болсон өнөө цагт бүр ч ховор.

Жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг байгаль хамгаалагч амаргүй мэргэжил. Нэг ч болтугай амьтныг эсэн мэнд байлгахын төлөө борви хийх чөлөөгүй хөдөлмөрлөнө, хулгайн ан, элдэв зөрчил гаргагчидтай тэмцэнэ. Хууль бус зүйл хийгээд байгаль хамгаалагчид баригдсан хүн хэзээ ч сайн санадаггүй. “Чамаас болж баригдлаа. Чи намайг бариад өгчихлөө” л гэдэг гэнэ.

Төрдөө өргөсөн үүргээ биелүүлж, ажлаа хууль ёсны дагуу хийснийхээ төлөө сувдаг сэтгэлтнүүдэд байнга л адлуулна. Иймэрхүү саад бэрхшээлийг Ц.Санжмятав ч мөн туулсаар ирсэн. Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойг тохиолдуулан түүнтэй ярилцахаар Хустайн нурууг зорилоо.

Өдийд Хустайн нуруунд амьтад төллөж, байгаль хамгаалагчид түмэн завгүй байдаг үе. Малчид малаа төллөхөөр хэрхэн зүтгэж, яаж завгүй байдаг билээ. Яг л түүн шиг. Нэг ч болтугай амьтны төлийг эсэн мэнд хүлээж аваад, бойжуулчих юм сан гээд өдөр, шөнөгүй мачийдаг, идэх хоол, унтах нойроо умартдаг цаг. Ийм үед бид очлоо. Биднийг очсон өдөр (4.11) Цомбон туурайт гэдэг нэртэй азаргатай сүргийн Үүл гэдэг гүүнээс энэ хаврын 26 дахь унага мэндэлсэн байлаа.

БИДНИЙГ ЯРИЛЦЛАГА ХИЙХЭЭР ОЧИХОД ЭНЭ ХАВРЫН 26 ДАХЬ УНАГА МЭНДЭЛЛЭЭ

-Үүл гэдэг нэртэй гүү үүрээр унагалав уу?

-Тэглээ. Үүрээр 06.00 цагийн үед унагаллаа. Унагалах үед нь манай хоёр байгаль хамгаалагч дэргэд нь байсан. Бичлэгийг нь над руу явууллаа. Нялх унаганы хамгийн том дайсан нь хээрийн амьтан. Эхээс мэндэлсэн хэд хоногт үргэлж л харж, хамгаалж байх шаардлага гардаг. Тиймээс өдөр, шөнөгүй жижүүрлэж манадаг. За, тэгээд 14 хоночих юм бол ерөнхийдөө алзахгүй.

-Хаврын хаварт тахийн азарга унагаа барих тохиолдол гардаг гэсэн. Энэ хавар тийм тохиолдол гарсан уу?

-Шинэ мэндэлсэн хоёр унага азаргандаа бариулсан. Мэдээж азарга өөрийнхөө үр төлийг барихгүй. Шинээр хураасан сүрэгт нь өөр азарганы төл мэндэлбэл барьчихдаг юм. Хүзүүнээс зуугаад л сэгсэрчихдэг. Ийм тохиолдол хаврын хаварт гардаг. Байгалийн хуулийг яалтай. Харахаас ёстой нүд хальтирам шүү.

Хэдэн жилийн өмнө би нэг байгаль хамгаалагчтайгаа хамт явж байв. Гэтэл нэг гүү сүргээсээ тасраад, хол очоод унагалсан байв. Унага нь хөөрхөн томорчихож, лав 20-иод хоносон бололтой. Унага нь өөр азарганы төл тул эх нь үрээ хамгаалах гэсэндээ тэгж хол очиж унагалсан юм л даа. “Сүрэгт нь шууд нийлүүлэх үү, яах вэ” гээд нэлээд бодлоо.

Өнөөх гүү унагаа дагуулаад сүрэг рүүгээ дөхөв. Эхэндээ азарга нь яагаа ч үгүй. “Ашгүй дээ” гээд эргээд явах гэтэл азарга нь гэнэт ухасхийж дайраад л унагыг нь сэгсрээд шидчихсэн. Яах ийхийн зуурт, хэдхэн секундэд л болоод өнгөрч байгаа юм. Яарсаар давхиад очтол унага нь хэдийнэ эндчихсэн байсан. Азарга сэрвээнээс нь ганцхан л хазах шиг болсон. Унаганы сэрвээн дээр нь нэг юм гараад ирчихсэн, арьсан дотор нь хөдлөөд байв. Бид задлан шинжилгээ хийгээд үзэхэд нэг нурууг нь суга татчихсан байсан. Тахь тийм аймар зууж, хүчтэй хаздаг амьтан.

-Эх нь унагаа хамгаалаад нэлээд тэмцдэг юм билээ. Яагаад ч хүчрэхгүй юү?

-Хөөрхий минь, азаргаа яаж дийлэх вэ. Эцсийн хүчээ шавхартал үрээ хамгаалдаг. Азарга нь бяр тэнхээ, хүч гээд бүх юмаар дийлээд л унагыг нь барьчихдаг.

АНХААРУУЛЖ ХЭЛЭЭД БАЙХАД Л ЗАРИМ ХҮН ЗАМААС ГАРААД ДАВХИЧИХДАГ, УУЛЫН ОРОЙ ДЭЭР ГАРААД ОРИЛДОГ

-Одоо амьтад ид төллөдөг цаг. Урин дулаан болохоор Хустайн нурууг зорих аялагчдын цуваа хөвөрдөг. Энэ хэрээр ачаалал нэмэгдэх үү?

-Тэгдэг. Амьтдаа хамгаална, эргэж тойрно. Хажуугаар нь аялагчдад газарчилна, элдэв зөрчил гаргахаас урьдчилан сэргийлнэ. Нэг үеэ бодоход иргэдийн ухамсар сайжирсан, байгаль хамгаалагчдын ажил, мэргэжлийг ойлгодог, хүндэлдэг болсон. Гэхдээ л байгалийн тусгай хамгаалалттай бүсэд ирчихээд “Энэ Монголын газар нутаг. Энд юу хийхээ би мэдье” гэж дураараа аашилдаг нэгэн хааяа таардаг. Замаас гараад л шууд машинтайгаа давхичихдаг, энд, тэнд майхан бариад, юм шараад хэвтчихдэг.

Бүр ирэхэд нь л “Замаас гарч, амьтад руу хэт ойртож, үргээж болохгүй” гэж анхааруулдаг. Тэгээд байхад л ийшээ ирэв үү, үгүй юу шууд л замаас гараад давхичихдаг, амьтдыг илүү ойроос харах хүсэлдээ автаад буруу үйлдэл хийдэг, хийморио сэргээж байна гээд уулын орой дээр гараад орилдог. Тэгээд л амьтдыг үргээчихдэг.

АЖИЛД АНХ ОРОХОД НАДААС ЦЭЭЖ БИЧГИЙН ШАЛГАЛТ АВЧ БАЙЛАА

-Та Хустайн нуруунд 28 дахь жилдээ ажиллаж байна. Завхан нутгийн хүн энд ирсэн, байгаль хамгаалагч болсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Би Завхан аймгийн Алдархаан суманд төрж, өссөн. Мал зүйч, зоо техникч мэргэжилтэй. Алдархаан суманд мэргэжлээрээ нэлээд хэдэн жил ажилласан.

Хүний амьдралыг урьдчилан тааж, таамаглахын аргагүй. Амьдрал хөөн, зах зээлээ бараадаад энд нүүж ирж байлаа. Хустайн байгалийн цогцолборт газарт анх идэвхтэн бэлчээр хамгаалагчаар ажилд орж байлаа. Тэгээд дараа жил нь жинхэлсэн. Түүнээс хойш 28 дахь жилдээ ажиллаж байна.

Анх ажилд ороход ёстой нэг сонирхолтой юм болсоон. Тэр талаар ярьж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Хустайн нуруунд анх ажилд ороход цээж бичиг бичүүлж шалгаж байлаа. Одоо бодоход их хөгжилтэй, сонирхолтой санагддаг. Хустай нурууг улсын хамгаалалтад аваад удаагүй байсан болоод ч тэр үү, тухайн үед зөрчил их гардаг байв. Өөр аймгаас ирсэн, орон нутгийнхныг танихгүй хүнээр хамгаалуулан, эрчтэй ажиллуулаад элдэв төрлийн хулгайтай тэмцье гээд намайг ажилд авсан юм билээ.

Тэр үед Хустайн нуруу хус, улиастай байлаа. Ойр хавийн хамаг иргэд, малчид эндээс мод бэлтгэнэ. Хуулиараа хориотой.. Хууль бусаар мод түүхийг таслан зогсоохоос ажлаа эхлүүлж байлаа.

АЖЛЫН АЧААЛАЛ ИХ, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД Ч АМРАХ СӨХӨӨ ГАРДАГГҮЙ

-Анх ажилд ороход хамгийн хүндрэл бэрхшээлтэй зүйл нь юу байв?

-Хустайн нуруу Улаанбаатар хоттой ойрхон. Зах зээлээ бараадаад айлууд Төв аймагт их нүүж ирнэ. Ойр хавийн малчдад учир байдлыг тайлбарлаад, хууль бус үйлдэл гаргуулахгүй байж байтал дахиад айл нүүж ирнэ. Хустайн нуруу руу адуугаа туучихна. Эргэж, тойрохгүй хаячихна. Бид очоод л өнөөх адууг нь дархан цаазат бүсээс гаргана. Байгаль хамгаалахад иргэд, малчдын ухамсар их чухал. Адаглаад малчид малаа дархан цаазат бүс рүү оруулахгүй байвал тэр хэрээр бидэнд ажил удахгүй. Одоо бидний ажлыг нутгийн иргэд ойлгодог болсон.

Байгаль хамгаалагчийн ачаалал их өндөр. Хавар амьтад төллөөд, аялал жуулчлалын улирал эхлэхээр ачаалал бүр ч нэмэгддэг. Аялагчид, жуульчид зөрчил гаргахаас урьдчилан сэргийлнэ, хулгайн антай тэмцэнэ, тусгай хамгаалалттай бүс рүү орж ирсэн малыг гаргана. Судалгааны ажилд их явна. Хөтөч хийнэ. Жилд олон тооны тарвага, илийг барьж, өөр нутагт аваачин нутагшуулдаг. Амралтын өдрүүдэд ч амрах сөхөө гардаггүй. Харин ч эсрэгээрээ амралтын өдрүүдэд Хустайн нурууг хүмүүс бүр ч их зорьж ирдэг. Тэр хэрээр ачаалал нэмэгддэг.

АН АМЬТАД АМГАЛАН ТАЙВАН БАЙХЫГ ХАРААД ЯДАРЧ, ШАНТАРСНАА МАРТДАГ, УРАМШДАГ

-Өнөөг хүртэлх хугацаанд шантрах үе гарч байв уу?

-Гаралгүй яах вэ. Адаглаад амралтын өдрүүдэд хүмүүс амарч байхад бид ажиллаад, ан амьтдаа эргэж тойроод давхиж явдаг. Шөнийн цагаар ажиллана. Ямар нэгэн зөрчил гарвал илрүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй хөөцөлдөнө. Үргэлж гадаа ажилладаг, халуунд халж, хүйтэнд хөрдөг мэргэжил. Хүн танихын аргагүй тас хар болчихсон л явдаг юм. Хэчнээн ядарч, шантарсан ч ан амьтад амгалан тайван бэлчиж, өсөж, үржиж байгааг нь хараад сайхан болдог, урамшдаг. Ядарснаа ч мартчихдаг.

-Байгалиа хамгаалахын, таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Сайханыг нь ярьвал зөндөө, зөндөө. Ийм сайхан байгалийг, амьтдыг харахын тулд аялагчид, жуулчид холоос зорьж ирдэг. Хүн бүхний хүслэн болсон газарт ажиллаж, энэ сайхан байгалийг, амьтдыг өдөр бүхэн харж, хамгаалж яваагаараа бахархдаг. Аялагчид, жуулчид ирээд “Ийм олон төрлийн ховор амьтан нэг доор, зэрлэг байгаль дээр байгааг дэлхийн хаанаас ч харах боломжгүй. Ямар гоё юм бэ” гээд дуу алддаг. Тийм үед Монголынхоо байгалиар, эх орноороо, мэргэжлээрээ бүр ч бахархдаг, омогшдог.

Өглөө эрт ажлаа хийгээд уулын оройгоор явж байхад шувуу жиргээд, төрөл бүрийн амьтдыг харах хэчнээн сайхан гэж санана.

Байгалиа, ан амьдтаа хайрлах, хамгаалъя гэж уриалж буй өнөө цагт хамгийн чухал мэргэжил бол байгаль хамгаалагч. Хүний шунахай сэтгэл, хэрэглээ нэмэгдсээр байна. Ширээ дүүрэн төрөл бүрийн хоол идэж байж хүний сэтгэл ханадаг болчихсон. Хүний бүхий л хэрэглээ шинэчлэгдэн, шинэ загвар нь гардаг. Тэр бүхнийг авч, хэрэглэх гэж хүн шунадаг. Энэ хэрээр хүн байгаль, дэлхийгээ сүйтгэдэг. Хүний хэрэглээг хангахын тулд л ан амьтдыг устгаж, мод, цэцэгсийг тайрч байгаа шүү дээ. Хүн бүхэн аль болох байгаль, ан амьтаддаа ээлтэй байгаасай, хайрлаж, хамгаалаасай гэж хүсдэг.

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ "ЧАМААС БОЛООД БАРИГДЧИХЛАА" ГЭДЭГ

-Зөрчил гаргаад баригдсан хүн байгаль хамгаалагчид сайн санадаггүй нь ойлгомжтой. Ямар нэгэн заналхийлэлд өртөж байв уу?

-Хууль зөрччихөөд “Баярлалаа. Хууль бус үйлдэл хийсэн юм чинь торгуулиа төлнө” гэдэг хүн хаана ч байхгүй. Харин ч эсрэгээрээ биднийг элдвээр хэлдэг, дарамтлах гэж оролддог. Аль болох хуулийн дагуу ажиллаад, хуулиа зөв тайлбарлаад ойлгуулахыг хичээдэг. Ер нь их хэцүү. “Чи хэзээ ийм болчихсон юм бэ. Чамаас болоод баригдчихлаа. Монгол орныхоо газар нутагт юу хийх нь миний дур” л гэдэг.

-Өнөөг хүртэлх хугацаанд та ойролцоогоор хэчнээн зөрчил илрүүлээд байгаа вэ?

-За, ёстой тоолж байгаагүй юм байна. Нэлээд хэд болсон байх. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар олон нийтийн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээтэй. Иргэдийн төлсөн торгууль, нөхөн төлбөр манайд бус орон нутгийн төсөвт төвлөрдөг.

ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨРИЙН САЙДЫГ ХҮРТЭЛ ТОРГОЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯВЛАА

-Хууль бус үйлдэл хийгээд баригдсан иргэд “Тэдэн төгрөг өгье. Мэдээгүй юм шиг л өнгөрчих” гэх тохиолдол гардаг уу. Тийм үед та ямар зарчим баримталдаг вэ?

-Хуулийн дагуу л ажилладаг. Шулуухан хэлэхэд, манайх төрийн бус олон нийтийн байгууллага гэдэг нь сайхан. Төрөөс ч юм уу ямар нэгэн дарамт байхгүй. Тэр хэрээр хуулийн дагуу, бие даасан, хараат бус ажиллах боломж бидэнд бүрддэг.

Хуулийн дагуу л бол би хэнээс ч айдаггүй, хууль ёсны шаардлага л тавьдаг. Төрийн сайдыг хүртэл торгож л явлаа. Ерөнхийлөгчийг хүртэл бариад л явж байлаа. “Чи хэн юм бэ. Чамайг ажлаас чинь маргааш халуулна” гэдэг. Би хэнээс ч айдаггүй. Яагаад гэвэл би хуулийн дагуу зохих ёсных нь л шаардлагыг тавьж, торгууль ногдуулсан учраас.

-Та сая төрийн сайдыг хүртэл торгосон гэлээ. Яг хэзээ, хэнийг торгож байв?

-Шийрэвдамба гуайг нэг удаа Хустайн нуруунд буутай явахад нь торгож байлаа. Одончимэд гуай нэг удаа майхантай ирээд, хоночихсон байсан. Тэгэхээр нь би “Таны гаргасан хуулийг л би хэрэгжүүлэх гэж явна. Та хуулиа хууль болгох уу, гууль болгох уу өөрөө мөд” гээд торгоход “Өө, буруу юм хийсэн чинь торгуулиа төлөлгүй яах вэ” гэсэн. Тухайн үед манай торгуулийн дээд хэмжээ нь 20.000 төгрөг байлаа.

ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫНХАН ХУУЛЬ ЗӨРЧЧИХӨӨД АЖИЛ, МЭРГЭЖЛЭЭРЭЭ ДАЛАЙЛГАХ ГЭЖ ОРОЛДДОГ

-Ямар нэгэн шаардлага тавихад эрх мэдлээр далайлгаж, дарга, даамлаар яриулах гэж оролдох тохиолдол хэр гардаг вэ?

-Тийм үйлдэл хүчний байгууллагынхан их гаргадаг. Цагдаа, цэрэг, онцгойнхон ер нь бааварлах гэж оролддог. Тэдэнд юу гэж тэгж бааварлуулах вэ. Хууль ёсны шаардлага тавиад, арга хэмжээ авдаг. Өмнө нь нотлох баримт, бүх шаардлагатай юмыг нь бүрдүүлж өгөөд байхад л хууль бус хэргийг нь хэрэгсэхгүй болгоод, хаачихдаг байлаа. Одоо дотоодын ёс зүйн хороонд нь өгчихдөг болсон.

-Тэгэхээр хүчний байгууллагынхан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаад, өөрсдийн үйлдсэн хэргээ дарчихдаг гэсэн үг үү?

-Бараг л. Бараг ч гэж ер нь тийм дээ. Одоо тийм хууль бус үйлдэл ер нь гарахаа больсон. Экологийн цагдаагийн албатай хамжаад зохих шийтгэлийг нь оногдуулж байгаа.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ХОВОРДСООР БУЙД ЭМЗЭГЛЭЖ ЯВДАГ

-Бидний яг хажууд тахийн сүрэг бэлчиж байна. Та бүгдийг нь ялгаж таних уу?

-Ер нь ялгахад ёстой төвөгтэй, хоорондоо их адилхан. Ерөнхийд нь ийм азаргатай сүрэг явж байна гээд танина аа. Манайх тахийн биологичтой. Ц.Батзаяа гэдэг залуу бий. Хустайн нурууны тахь бүрийг сайн мэддэг, ялгадаг. Тэр нь энэний төл, тэр гүүний унага гээд андахгүй. Мэргэжилдээ эзэн болсон ёстой мундаг залуу байдаг юм.

-Байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолтой залуус хэр олон байна вэ?

-Ер нь жилээс жилд багассаар байгаа. Байгал хамгаалагчийн цалин бага. Арайхийж авчраад ажилд оруултал шантраад явж буй залуус олон. Орон нутагт ажиллах байгаль хамгаалагч бараг байхгүй болчихсон. Төрөөс л зөв бодлого баримталж, дэмжих шаардлагатай байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

"Eguur.mn" сайт тавдугаар сард байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг цувралаар хөндөж байгаа билээ. Бид Туул голын бохирдлыг хөндсөн сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 15:52

Хүүдээ баярл�##�аа үнэхээр гое ярилцлага болжээ унших завгүй явсаар өнөөдөр л уншлаа

Зочин
Зочин
2022-06-05 09:50

Ямар сайхан яриа болоо вэ

Зочин
Зочин
2022-06-05 09:50

Ойрд ийм сайхан яриа уншаагүй удаж

Холбоотой мэдээ

Back to top button