СУРВАЛЖИЛГА: Даршилсан ногооны хачрыг урд хөршөөс оруулж ирдэг

“Миний”, “Номин”, “Сансар”, “Оргил” тэргүүтэй томоохон хүнсний сүлжээ дэлгүүр болоод захуудад элбэг зарагддаг даршилсан ногооны хачирны талаар сурвалжиллаа. Уг бүтээгдэхүүн манай зах зээлд худалдаалагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч, хэрэглэгчид ч тогтмол худалдан авдаг болсон хэдий ч хаанаас оруулж ирдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх нь тодорхойгүй хэвээр. Иймд манай сурвалжлах баг юун түрүүнд “Миний” сүлжээ дэлгүүрийн нэг салбараар орлоо.
-БНХАУ-ААС ОРУУЛЖ ИРСЭН ПАКЕТТАЙ НОГООГ ЗАДЛААД ЗАРДАГ ГЭВ-

“Миний” Хайпермаркет дэлгүүрт төрөл бүрийн даршилсан ногоонууд задгай хэлбэрээр зарагдаж байв. Хүмүүс өөрсдийн хүссэн хэмжээгээр граммлуулан худалдаж авдаг аж. Нэг киллограмм нь 7200 төгрөг. Худалдагчаас хаанаас оруулж ирдэг талаар нь тодруулахад, “пакеттэй даршилсан ногоог задлаад зардаг” хэмээн хариулав. Чингээд хөргөгчин дотроосоо хятад бичигтэй ууталсан ногоо гаргаж ирэн үзүүлсэн юм.
Үзвэл “Яруу зүйл” ХХК урд хөршөөс эдгээр ууталсан бүтээгдэхүүнийг оруулж иржээ. Мөн “Гантуяа” гэсэн компани дотооддоо үйлдвэрлэн худалдаалдаг юм байна.
Ингээд “Яруу зүйл” ХХК-руу утсаар холбогдон зарим асуултад хариулт авсан юм. Тэд БНХАУ-ын Тяньжин хотын хүнсний үйлдвэрээс энэхүү даршилсан ногоонуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оруулж ирдэг ба шинжилгээний бичиг, худалдаалах зөвшөөрөл сэлт бүгд бэлэн байгаа талаар ярилаа. Цаашлаад эдгээр бүтээгдэхүүнээ дээр дурьдсан бүх сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний захуудад нийлүүлдэг юм байна. Мөн зарим хувь хүн Эрээнээс ийм даршилсан ногоог оруулж ирэн, шинжилгээний бичиггүй худалддаг учир худалдан авахдаа болгоомжтой хандахыг зөвлөж байв.
Үүний дараа бид Хархорин захыг зорилоо. Даршилсан ногоонууд хэд хэдэн газар задгай хэлбэрээр зарагдаж байна. Гаднаасаа бохир дүр зурагтай харагдаж байсныг гэрэл зурагт дараах байдлаар буулгав. Энд даршилсан ногоо нэг киллограм нь 7500 төгрөгийн үнэтэй байв. Бид жишээ болгон хоёр лангууны худалдагчтай өрнүүлсэн яриагаа бичвэрт буулгалаа.

Эхний лангууны худалдагч мөн адил Хятадаас оруулж ирсэн пакеттай даршилсан ногоог задлаад зардаг аж. Ууттай хэлбэрийг нь гартаа барьж үзэхэд оруулж ирсэн компанийн ямар нэг хаяг мэдээлэлгүй байгаа нь анзаарагдав. Худалдагч Эрээнээс авчирдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч ямар компаниар дамжуулж авдгаа хэлсэнгүй.


Харин хоёр дахь лангууны худалдагч дээр дурьдсан “Яруу зүйл” ХХК-аас даршилсан ногоонуудаа татдаг юм байна. Хүмүүс их ирж авдаг, зарим Солонгос хоолны газрууд ч ирж их хэмжээний худалдан авалт хийдэг гэх мэдээллийг өгөв.
-ДАРШИЛСАН НОГОО ДАГАСАН ОЛОН ЭРСДЛҮҮД БИЙ-
Ихэвчлэн урд хөршид үйлдвэрлэгдсэн эдгээр бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, эсвэл эсрэгээрээ тустай байж болох. Иймд бид дараах хүнсний бүтээгдэхүүний талаар зөвлөгөө мэдээлэл авахаар ШУТИС-ийн дэд Профессор.Ц. Одбаяртай холбогдлоо. Тэрбээр,
“Эдгээр даршилсан ногооны түүхий эдийг хаана, яаж тариалсан бэ? гэдэг хамгийн эхний асуудал. Дараа нь ямар үйлдвэрт боловсруулж, бэлтгэсэн бэ, тухайн үйлдвэр нь чанарын ямар баталгаажуулалт бүхий вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Мөн манай орон руу тээвэрлэгдэж ирэх явцдаа ямар нэг хадгалагдах нөхцлийн горим зөрчигдсөн эсэхийг зайлшгүй шалгах хэрэгтэй. Худалдаалж буй лангууны температур бүгд адил байх учиртай гэх мэт эрсдэл дагуулах зүйл олон.
Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль гэсэн хоёр хуулиар ийм асуудал зохицуулагддаг. Хэрэв худалдагч дээрх асуултуудад хариулт өгч чадахгүй бол үүнийг худалдаалах эрхгүй гэсэн үг” хэмээн ярилаа.
“Худалдагчдаас зохих хэмжээнд эдгээр эрсдлийг лавлаж, асуух хэрэгтэй. Хариулт өгч чадахгүй байвал худалдаж аваад хэрэггүй. Халдварт болон халдварт бус олон өвчлөлийг бий болгодог байх магадлал дагаад бий болно” гэсэн юм.
-УНШИГЧДЫН ХҮНСНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД...-
Томоохон сүлжээ дэлгүүрүүд болоод хүнсний захуудаар БНХАУ-аас оруулж ирсэн даршилсан ногооны хачрыг өргөнөөр худалдаалж, хүмүүс худалдан авсаар байна. Нэр дурьдсан компани шинжилгээний бичигтэй гэдгээ илэрхийлсэн ч, Эрээнээс оруулж ирээд зардаг хувь хүмүүсийн асуудал бүрхэг хэвээр үлдэв. Бид аль нэг компани руу чиглэхийг хүссэнгүй. Уншигчдын хүнсний эрүүл, аюулгүй байдалдаа тавих анхаарлыг нэмэгдүүлэх үүднээс эрсдэл бүхий даршилсан ногооны хачрыг урд хөршөөс оруулж ирдэг болохыг дэлгэлээ. Дэд профессор Ц. Одбаярын зөвлөсний дагуу, зохих асуултуудыг худалдагчдад тавьж, хүнсэндээ хэрэглэхдээ хянамгай хандахыг иргэдэд анхааруулж байна.
Х.ЭРХЭС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.