Ярилцлага

Ж.Тэгшзаяа: Хайрын зовлонг сонгож, түүгээр амьдарсан минь тансаглал шиг санагдсан

“Тагтаа” хэвлэлийн газрыг Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа хэмээх хоёр эмэгтэй үүсгэн байгуулсан нь өдгөө цөөнгүй жилийг ардаа орхижээ. Олон сайн бүтээл монгол уншигчдад, “Тагтаа”-гаар дамжин хүрсэн. Харин Ж.Тэгшзаяа нэг хэсэг амаргүй цаг  хугацааг туулж, даваад “Нил” хэмээн өөрийн  хэвлэлийн газрыг байгууллаа. “Гоо үзэсгэлэн бол шарх” хэмээх хайрын сэдэвт шилмэл өгүүллэгүүдийн түүврээр “Нил” салхиа хагалж байна.

Бороотой өдөр бид уулзаад, хайрын тухай, тэсэж тэвчихийн чухлын тухай ярилаа.

-УРАН ЗОХИОЛООС ЗАЙ АВЪЯ ГЭЖ БОДСОН-

-Өөрөө хэвлэлийн газартай болох санааг хэзээнээс тээсэн юм бэ?

-Амьдралын шаардлагаар л энэ санаа төрсөн. “Тагтаа”-гаасаа гарсан байсан. Дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийж амьдаръя гэвэл өөрөө хэвлэлийн газар байгуулахаас өөр арга байгаагүй.

-“Тагтаа”-гаас гарсныг тань олон хүн гайхаж хүлээж авч байлаа. Энэ тухай ярихад хэр нээлттэй ханддаг вэ?

-Баясаа бид хоёр их өөр хүмүүс. Арга, билэг шиг нэг нэгийнхээ сул талыг нөхдөг. За, Баясаад бараг сул тал байхгүй дээ /Инээв/. Баясаа л миний сул талыг нөхдөг байсан байх. Их өөр хүмүүс байсан тул уран бүтээлд, албан ажилд сайн хосолдог байсан шиг санагддаг.

Энэ явдлыг хүмүүс битгий хэл би өөрөө ч цочирдон хүлээж авсан. “Тагтаа”-гаасаа гараад яг юу хийх, яах учраа олохгүй... Цаашид чухам яаж амьдрах учраа олохгүй мухардаад. Энэ үед сэтгэл гутралын хүнд нөхцөл байдал дарж байлаа. Ер шокноос нэг хэсэг гарч чадахгүй, тавьж явуулж чадахгүй байсан.

-Хэдий ч хугацаа өнгөрсөн юм дээ?

-Гурван жилийн өмнөөс энэ бүхэн эхэлсэн. Бид хоёр сайн найзууд. Нүдэн дээр нь найзынх нь амьдрал унаж байхад тэр тийм амар орхихгүй шүү дээ. Бараг жил хагас надтай зууралдсан, яг үнэнийг хэлэхэд. Болгох гээд л. Болоогүй л дээ, хүчрэгдээгүй. Тэгээд салахаас өөр аргагүй байдалд хүрсэн байх. Товчоор, тэгш хамтрагчид байж чадахаа больсон. Миний тухай үеийн нөхцөл байдал “Тагтаа”-д маань гай болоод байсан. Нэг далавч нь бүр гэмтчихсэн. Нөгөө далавчаараа хэчнээн дэвээд нэмэргүй болчихсон байсан.

Бид хоёр яаж зүтгэж “Тагтаа”-г өдий зэрэгт хүргэлээ. Хөл дээрээ яг тогтнож байсан үед нэг нь тэгж гай болох их хэцүү. Дараа нь эргэж нэгдье, нийлье гэсэн ч боломжгүй болчихсон байсан.

-Хэдий “Амьдрахын шаардлагаар” гэж ил шулуун хэлчхэж байгаа ч уран зохиолтой холбогдсон сэжим тасраагүй болохоор л та ингэж босож ирлээ?

-Уран зохиолтой холбогдсон амьдрал маань өөрөө бас мухардалд орсон. Өмнө нь уран зохиол миний амьсгалж буй агаар, аврал, бараг бүх зүйл байсан. Бичиг үсэг тайлагдсанаас хойш ном уншаагүй өдөр гэж миний амьдралд бараг байхгүй. Гэвч сэтгэл гутралын хүнд үе шатуудад уран зохиолтой ойртох тусам улам дордуулаад байсан. Нэг хэсэг уран зохиолоос зай авъя, ер нь энэ амьдралыг больё гэж бодсон, нэлээд айсан. Найдаж байсан зүйл маань улам намайг үймрүүлж, зовоогоод байсан учраас. Өөр мэргэжил эзэмшээд ч юм уу, өөр зүг рүү явъя гэж ч бодож үзсэн шүү. Гэхдээ зовлоо гээд хайртай зүйл үгүй болчихдоггүй юм байна л даа.

-Туршлагатай уншигч автахаа больсон байдаг. Яагаад уран зохиол хүртэл сэтгэл сэмлэх шалтгаан болчхож байгаа юм бэ?

-Тухайн үеийн нөхцөл байдал, нөгөө сэтгэл гутрал. Уран зохиол хэмээх бодитой дүгнэлтүүд гаргадаг, гаргалгаанд хүрч байдаг, тэр нь үгээр тод илэрч байдаг урлаг сэтгэл гутралтай хүнийг улам үймрүүлээд байдаг. Харанхуй нүхэнд уначихсан аятай ийм хүнд үед толгойгоо ажиллуулалгүй, эгэл жирийн л байх, бараг хар ажил нэг хэсэгтээ хийх эдгэрэл болдог. Би амьдралдаа анх удаа тийм нөхцөл байдалд орж үзсэн учраас мэдэхгүй, уран зохиолдоо л найдаад, тэндээс аврал эрээд байсан. Кино хүртэл хэцүү болгоод байсан. Бүх юм л хэцүү болсон. Харин энэ бүхний ард гараад, эргээд уншаад эхлэхэд нөгөө уран зохиол маань хэвээрээ л байж байсан.

-ЭХНИЙ ЦОХИЛТУУДЫГ “УУЧЛАХ ЁСТОЙ, ЧАДНА” ГЭЭД Л ХҮЛЭЭГЭЭД АВЧИХСАН-

-Сэтгэл гутрал туулсан замналаа ил ярьдаг хүн цөөхөн. Та өнгөрсөн хугацаанд ил шулуун бас цөөнгүй хуваалцлаа. Бусдыг бодсон сэтгэл байв уу?

-Нэгт, өөрийгөө бодож байгаа. Нээлттэй гаргаж ярих тусмаа би өөрөө дээрдэж байсан. Хоёрт, ижилхэн сэтгэл гутрал туулж байгаа хүмүүст яриа маань хань болох байх гэж бодсон.

Сэтгэл гутралтай үед яс горьдсон нохой шиг, ойлгохыг, сэтгэл гаргахыг бусдаас хүсээд л байдаг. Яг ийм үед сэтгэл гутралыг үзэх монголчуудын харгис хандлага улам нэрмээс болдог юм билээ. “Чи өөрөө л маяглаж байна”, “Хаяач дээ”, “Өөрөө өөрийгөө л ийм болгох юм” гэх хандлагууд их түгээмэл л дээ. Агуу зөвлөгөө өгөөд байхгүйгээр, зүгээр л сонсож, хүлээж авч байсан бол хавьгүй дээр байх байсан. Үүнээс болж их зовдог юм билээ. Ийм үед нь тэдэнд “Ганцаараа биш шүү, эдгэрээд босоод ирж болдог юм байна” гэсэн бага ч гэсэн урам, хань бараа нь болохыг хүссэн юм л даа.

-Тэд ижилссэн мэдрэмж авч байгаа байх аа. Таныг ид туулж байх үед ийм хэн нэгэн, очиж хоргодох ямар нэг ая таатай газар байсан уу?

-Харамсалтай нь надад тийм газар байгаагүй. Миний үүсгэсэн хүрээлэл л гэхэд ихэнх нь үгийн урлагийн хүмүүс.

-Хүнд хүмүүс л дээ?

-Харин тийм. Яах вэ, тэд намайг нэг их дордуулсан юм байхгүй. Их тусалж дээрдүүлсэн юм ч байхгүй. Их эмоцтой, бүгд л дотроо шархтай, асуудалтай, түүнийгээ эрүүлээр гаргадаг нь бас ховор. Манай үеийнхний хэцүү зүйл энэ. Асуудлаа эрүүлээр гадагшлуулж чаддаггүй. Уудаг ч юм уу, хурааж хуримтлуулж байгаад нэг тэсэрдэг ч юм уу. Эрүүлээр тайлах аргуудыг ер мэдэхгүй, заалгаагүй харгиа үед өсчихсөн. Харин доод үеийнхнээ харахад тийм аргуудаа мэдээд байгаа юм л даа. Хортойгоор тайлаад дээрдэхгүй гэдгийг ядаж ойлгож байна. Гэтэл би болохгүй байхад нь зүтгүүлээд л байсан. Өмнө нь дадсан зүйлсээ давтаад л. Тэр нь улам дордуулаад байхад больчхож болохгүй давтаад.

-“Ер нь ийм юм руу гулсчихлаа даа” гэсэн эхлэл мэдрэмж авсан дороо өөрийнхөө төлөө үйлдэл хийхгүй яав даа гэж боддог уу. Тэгж өөрийгөө буруутгасан удаа бий юү?

-Сэтгэл гутралын шалтгаан нь, үндэс нь хайр сэтгэл байсан. Тийм болохоор л гарч чадаагүй удсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл хайр сэтгэлийн асуудалд яаж ч хичээгээд прагматик шийдэл олж болдоггүй.

Эхний цохилтууд хамт байгаа хүнээс маань ирсэн л дээ. Түүнийг би хүлээгээд авчихсан юм. Намайг шархлуулж байхад нь “Би тэсэж чадна, энэ хүний, хайрынхаа төлөө. Уучилж чадна” гээд өөрөө өөртөө бүгдийг барьчихсанд учир байна.

Зигмунд Фройд, “Сэтгэлийн гэмтэл хэзээ ч өөрөө сарниж алга болдоггүй, илэрч гарч ирэх цагаа хүлээгээд л байж байдаг” гэж хэлсэн байсан. Энэ их үнэн. Үүнийг өөрийн зоргоор эдгээж, анагаана гэдэг бараг гэрээрсэн хүний л хийж чадах ажил. Харин би “Уучилна, болгоно, тэснэ” гэж эхний гэмтлүүдийг хүлцэн хурааснаас л энэ бүхний эхлэл тавигдсан юм.

-Шархлах тусмаа улам хагацмааргүй, улам нандигнамаар болоод байдаг... Тэгээд эцэст нь хайрлаж л хайрын шархыг давна гэдэг?

-Намайг шархлуулж, гэмтээхээс гадна “Чи надад юу ч биш. Чи надад үнэ цэнгүй” гэсэн зүйлсийг тэр хүний зан байдал мэдрүүлээд байсан. Ингээд ирэхээр л сэтгэл зүй үхдэг юм билээ. Хүн тэгээд байхад би өөрийгөө авч гараагүй, хайрлахаа ч болиогүй. Энэ их сонин парадокс санагдаж байгаа биз.

Би гэхдээ цөөнгүй харилцаа үзэж байсан. Харилцаа үүсгэнэ гэдэг сэтгэл зүйн ур чадвар шаарддаг гэдгийг мэднэ. Болохгүй л болонгуут болилоо гэж болохгүй, бүтээхийн тулд хичээх ёстой. Гэтэл түүнээсээ болоод л гэмтэл, шарх авсан. Эрүүлээр тайлж чадахгүй, уух болсон. Амьдрал нэг хэсэг там л болж хувирсан. Гаднаас нь харахад энгийн эмэгтэй явж л байдаг. Хүний үнэ цэн, сэтгэл зүйнхээ хувьд аймаар дор орсон. Энэ бүхнийг ойлгож байгаа мөртлөө хайртай хүнээ хайрлахаа болиогүй, сэтгэл огт хувираагүй. Одоо хэр хайртай хэвээр л байгаа. Тэгэхээр энэ “Намайг өвтгөж, зовоож байна” гэж гомдоллоод л хайрлахаа больж болдог эд биш байна л даа.

-Хэдий хүнд цаг хугацааг туулсан ч энэ адал алсдаа “хүлхэж” явах нэгэн нандигнал, утга учир болж үлдвэл сайхан уу. Бүр эдгэрч, аниад, мартагдаасай гэж бодож байна уу?

-Уг нь тэр хүн ч бас хэцүү зүйлийг туулсан л даа. Энэ бүх хугацаанд, эцсийн бүлэгт надтай хамт байсан хүн. Сэтгэл гутралын хүнд үед байгаа хүнтэй хамт байна гэдэг хүнд өвчтэй хүн асарч сахихтай л зүйрлэж болох зүйл. Тэр дунд шантраад явсан үе ч байсан. Тэгсэн ч эргэж ирээд, энэ хүртэл надтай хамт байгаад, эдгээлцсэн хүн. Тийм учраас хүнд үеийг хамтдаа туулаад гарсан нь харилцааны үнэ цэн, сэтгэлийн холбоог ч гэсэн бататгасан хэрэг байх.

Тиймээс тэр хүнийг сэтгэлээсээ авч хаяах, мартах надад бол боломжгүй. Тэр хүнийг хайрлаж байгаа нь нэгт ийм хайр сэтгэлээ хайрлаж байгаа хэрэг, хоёрт хэцүү бүхнийг хамт туулаад гарсан хүнээ эдгэрээд ирмэгц мартчих тийм хүн чанаргүй зан яагаад ч гаргаж чадахгүй, тиймээс хүн чанараа бас давхар бодож байгаа хэрэг.

-БИ ЭГЭЛ ЖИРИЙН АМЬДРАЛЫГ СОНГОВОЛ СОНГОЖ ЧАДАХ ХҮН-

-Энэ бүхний дараа хайрын сэдэвт өгүүллэгийн түүвэр хэвлүүллээ. Цаашид уран бүтээлийн хувьд хайрын тухай, ийм нэг циклээс гарахыг тэмүүлж байгаа юу?

-Би зохиолч биш орчуулагч, мөн хэвлэлийн газар эрхэлж буй хүний хувьд хүссэн хүсээгүй өөр сэдэв, агуулга руу орж таарна. Энэ өгүүллэгийн түүврийн тухайд, тэр бүхнээс өмнө эхэлчихсэн байсан “төсөл” юм. Харин амьдралын маань ийм нэг үе, нөхцөл байдал, замналтай давхцаж таарсан болохоор тайлал болгож, “Гоо үзэсгэлэн бол шарх” түүврээ хэвлүүлсэн. “Одоо цаашаа явна аа” гэсэн бэлгэдэл болгож хэвлүүлсэн.

Миний амьдрал ч бас эдгэж, хэвийн сэтгэл зүйгээрээ хайртай хүнээ хайрлах, тэр зүйл рүү явах байх. Одоо би арай дээрдэж байна. Тэр мөчлөгөөс хурдан гарч, хэвийн сэтгэл зүйгээр хайртай хүнээ хайрлаж, хамт байхыг л хүсэж байна. Мөн уран бүтээлээ хийх, хэвлэлийн газраа давгүй авч явахыг.

-Таны үлдсэн амьдралаа туулж өнгөрүүлэх чиг шугамд “Бусдад юм үлдээх юм сан” гэсэн бодол хэр жин дардаг вэ. Ямар үнэ цэнтэй вэ, хүмүүсийн төлөө гэх сэтгэлгээ?

-Өмнө нь надад энэ үзэл бодол маш хүчтэй байсан. Бараг миний амьдралын утга учир шиг л байсан. Гэхдээ үүнийн задалж бодоод үзвэл, уран бүтээлч хүний хийж бүтээх шуналын нэг хэсэг ч байх магадтай.  

Хүнд хэрэгтэй юм хийх, хийсэн бүтээснээрээ бусдад нөлөөлөх гэдэг сайхан зүйл мөн. Харин бүтээж буй хувь хүндээ тулаад ирэхээр, энэ ер өөрийгөө бодож байгаа үйлдэл ч байж мэдэх. Маниус хорин хэдтэйдээ хийж бүтээхийг л утга учир болгож явсан. Харин “Би үнэхээр хүнд хэрэгтэй зүйл бүтээх гээд байна уу, эсвэл өөрийнхөө амбицыг тэжээх гээд байна уу” гэдгээ ялгаж, салгах гэж үзэх хэрэгтэй байх. Үнэхээр хүний төлөө юм бол тийм шуналаар биш, арай өөр, цэвэр сэтгэлээр хийх ёстой шиг санагддаг. Би гудайхгүй цэвэр сэтгэлээр хийхийг бол хүсэж байгаа, хэрэв чадвал. Чадахгүй бол өөрөө өөрийгөө болгоод л амьдарна даа.

-Яг тийм “гялайж, гялтайх” зүйлгүйгээр амьдрахад харамсахын шалтгаангүй гэж үү?

-Тийм ээ, өдий болтол бүх юм маань шахуу байсан, хэрэндээ тэмцэж энэ хүрсэн уран зохиолтой холбоотой, уран зохиолын агуулга бүтээдэг энэ амьдралаа орхивол орхиж чадахаар хүн санагдсан.

-Өдгөө туулж буй насаа ямар нүдээр хардаг вэ?

-Би 36 настай мөртлөө гэр бүлгүй, хүүхэдгүй. Тэгэхээр ахуйн зовлон бэрхшээл ер мэдэхгүй. Хүмүүс “Чи яг өсвөр насны охин шиг л амьдарч байна” гэж хэлдэг. Тийм учраас миний туулж буй гучин хэдэн нас бусдынхтай харьцуулахад нэлээд өөр байх. Ахуйн хариуцлага, зовлон байгаагүй хэдий ч, энэ бүхний дараа харахад сэтгэл зүйн хувьд ер гудайхгүй, цөлх үе рүүгээ орж байна. Мөн хүний амьдралыг илүү нарийн харж чадаж байна. Цаг хугацааны явцад, өдөр болгон амьдарч буйнхаа хэрээр бий болдог хараа, туршлага гэж байдаг. Дандаа нэг зүйлээ давтаж, шинэ зүйлгүйгээр амьдарч өнгөрүүлсэн байлаа ч тэр цаг хугацааных нь явцад бий болдог туршлага маягийн зүйл гэж бий. Тийм болохоор амьдралд нэг их адгахаа ч больж эхэлж байна.

-Таны 20 настай зургийг харахад харц нь яг одоогийнхоороо байх шиг санагдсан. Суурь төлөвшлөө эрт олчхож гэж бодсон.

-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Өөрийнхөө хувьд нэлээд зүйлийг тэвчиж ирсэн. Оюутан байхад энэ сургуулийг орхимоор, уран зохиолын ямар нэгэн юм хиймээр адгаад л. Нэг л хүссэнээрээ амьдарч чадахгүй, өөрөө өөртөө шоовдор хүүхэд шиг амьдардаг байсан. Гэхдээ би тэсээд л байсан. Сургуулиа төгссөн. Төгсөөд кино орчуулж эхэлсэн. Зарим хүн өөрийн хүсээгүй зүйлийг удаан тэвчиж амьдарч чадахгүй байж мэднэ. Би тэгж сурсан байсан л даа. Одоо ч харж байхад, тийм их гэмтэл шарх ирж байхад “Тэснэ ээ” гэж хүлээж авч байсан нь аливааг сэтгэл зүйн хувьд тэсэж сурсных шиг.

Нөгөө талдаа энэ бас хэцүү. Дотор тэд зөрчилдөж, мөргөлдөж, тал тал тийш бутрах гээд байдаг. Үүнийг нэгтгэж, амирлуулж амьдрах амаргүй. Харин төгсөөд, яг хүсэж байсан амьдралын хэв маягаа олоход үнэхээр гоё байсан. Баясаатайгаа танилцаад, “Тагтаа”-гаа байгуулаад, уран зохиолын хүрээлэл рүү ороод ирэхэд үнэхээр гоё байсан. Энэ дунд орчуулгын ажилд зовж барих бол юу ч биш.

Англи хэл маань ч гоц гойд сайн байгаагүй үедээ Франц Кафкаг орчуулахаар сэтгэл шулуудан барьж авсан байх юм. Хамгийн айхавтар үгсийг хэргээр сонгоод биччихсэн юм шиг, маш хүнд шүү дээ, англи хувилбар нь. 10 үгийн зургааг нь мэдэхгүй байгаа байхгүй юү. Тэр бүрийг тольдоод л, нэг цогцолбор ч орчуулж барахгүй өдөр байсан. Тэгсэн мөртлөө үүний ард гарч чадаж. Одоо энд хүрээд бодоход, бас л аймаар санагддаг юм /Инээв/.

Энэ бүхэн үнэхээр төлөвшил эсэхийг хэлж мэдэхгүй юм. Зарим хүсээгүй зүйлээ тэсэх бас хэрэгтэй юу. Би бол тэсээд байдаг төрлийн хүн. Дараа нь нэлээд ачаа зовлон бий болно. Үүгээрээ сул дорой ч хүн юм шиг санагддаг. Хэрэв хүчтэй хүн байсан бол тэр дор нь ямар нэг зүйл хийх байсан ч юм шиг. Тэсэж тэсэж байгаад тэсэшгүй түвшинд хүрэхэд нь л ямар нэг зүйл хийж байгаа юм.

-Өөрийгөө сонссон учраас л тэсэж үлддэг болов уу. Яг зөв сонсож чадсан бол ирэх хариуцлагыг үүрэх чадал нь ч байдаг гэх. Гэхдээ улам л өөрийнхөөрөө амьдрагч үе түрэн гарч ирж байна?

-Манай доод үе улам л өөрийнхөөрөө амьдрах, хүслээрээ байх эрмэлзэлтэй болж байна. Биднээс ялгаатай нь тэсээд, харзнаад байхгүй. Тэд тэсэж цаг хугацаа алдахгүй л юм билээ. Хүсэхгүй бол болино. Хариу үйлдэл нь хурдтай. Гэхдээ үр дүн нь тэсэж, цаг хугацааг туулж үзсэн туршлагаас өөр байж таарна. Хүслээ тэр даруйд нь хангаад байхаар сүүлдээ түүндээ ороогдож байгаа юм л даа. Сүүлдээ юу хүсэж байгаа нь ч барьцгүй болж ирээд. Өөрийгөө олох хүсэл гээч нь өнөө цагт өөрөө өөртөө ороогдож байгааг анзаарсан. Эрэл хайгуул дундах хурдтай шийдвэр, орхин явалтууд дунд “Өөрөө” гэдэг зүйл хаана нь ч байхгүй юм шиг, барьцгүй шинж рүүгээ ороод. Чи үүнийг анзаардаг уу?

-Тэгдэг ээ. Имиж нь өөрийгөө олчихсон, хувь тогтсон ертөнцтэй шиг боловч яг эргэн харьяалагдах, тогтох мөн чанаргүй залуус олширсоор байгаа санагддаг. Энэ тэсэж, тэвчихтэй холбогдож байна уу?

-Тэгж байна. Ер нь тэсэж, тэвчээд үзчихсэн учраас аливаа зүйлийн утга учир гэж зүйл бүрэлддэг юм шиг. Тэссээр, тэссээр тодорхой цэгт хүрээд, эцэст нь дуусгалаа гэхэд дараагийнхад хөл тавихдаа түүнийг хавьгүй утга учиртай хүлээж авна шүү дээ. Ялангуяа орчин үеийн кинонуудад энэ агуулга тод харагддаг болсон байна билээ. Залуу найруулагчдыг яг үүнийг хараад байна даа гэж анзаарсан.

-БИ ХАЙРЫН ТӨЛӨӨ Л ӨӨРИЙГӨӨ ЗОЛЬЖ ЧАДНА-

-Та гэхдээ бусдын өмнө үүрэг хүлээхгүй, хэт аминчхан амьдарсан уу?

-Би ер нь өөрийгөө л бодох хүн байх. Өөрийгөө бодож хийсэн зүйл маань бусдад ямар нэг байдлаар хань, тус болж байвал сайн л байна. Харин би ер “Бусдын төлөө” гэж үйлдэх анхны өгөгдөлтэй хүн биш. Яг цагаа тулахаар үүний цаадах хүсэл, шуналыг ялгаж, салгах хэрэгтэй талаар өмнө ярьсан даа.  “Бусдын төлөө” гээд хийж байгаа нь зэрэгцээд өөр зүйл рүү хөлөө дүрж буй хэрэг байж мэднэ. Энэ их ярвигтай асуудал.

-Бусдын төлөө, өөрийн төлөө хоёр толины тусгал шиг зүйл л дээ, гарцаагүй.

-Би бусдын төлөө ямар нэг зүйл хийнэ гэхээс илүү өөрийн хүн чанар, элдэв үзэл санаандаа л үнэнч яваа. Энэ маань бусдад ямар нэг байдлаар хэрэгцээтэй байвал болж л байна. Тэгэхгүй байлаа ч “Би бусдын төлөө амьдарч чадахгүй байна даа” гэж шаналах хүн биш юм байна. Мөн хамгийн гол нь, өөрийгөө бодож байна гээд бусдад хор хохирол учруулах хүн огтоос биш. Хэчнээн өөрийгөө хайрлалаа ч тэр бусад руу хальж, халдаж болохгүй.

-Хэдий тийм ч, өөрийгөө эцсийн эцэст хөндлөнгийн зүйлийн өмнөөс зольж чадах хүн биш гэж үү?

-Би ер юуны төлөө өөрийгөө зольж чадах вэ гэхээр, хайрынхаа төлөө л юм билээ. Олон зовлон дундаас сонгоё гэвэл хайрын зовлонг сонгоно. Яагаад ч юм хүн, хайр гэдэг зүйл надад их чухал байгаад байна л даа.

-Амиа хорлох үйлдлүүдийг аминч үйлдэл гэдэг, таныхаар?

-Тэр бол хүний туйлын мухардал, цөхрөл байх. Өөр ямар ч гарцгүй болж буй нөхцөл байдал байх. Зөв л дөө, өөрийгөө л бодож байна, үлдэж буй хүмүүсээ эс хайхарлаа гэж. Амьдарснаас илүү тэр үйлдлийг хийх нь амар байна шүү дээ, өөрт нь. Тэгтлээ л зовж байна, тэгтлээ л хэцүү байна гэсэн үг. Би ч тийм үйлдлүүд хийж байсан. Гэхдээ бас... Гэхдээ эцсийн мөчид дотроос зуурч үлдээсэн зүйл бол бусдыг бодох мэдрэмж мөн байгаа юм л даа. “Ээж минь яах билээ” гээд л.

Амиа хорлох аминчхан үйлдэл мөн, нөгөө талд тэгтлээ мухардаж, цөхөрч байна. Ямар нэг хүнийг бодоод үлдье гэлээ ч амьдралд нь тийм хүн байхгүй байвал яах билээ. Тэгэхээр энэ бол тийм их мухардал, цөхрөлийн л үр дүн. Ойр дотнын хүрээллээсээ ч ийм үйлдлүүдийг харлаа. Тэдэнд хэн ч байгаагүй юм шиг мэдрэмж төрдөг. Түүнийг хайрлах эсвэл тэр өөрөө хайрлах хэн нэгэн байгаагүй.

-Хайрын мэдрэмжийг багадаа зөвөөр нь, бүрэн дүүрэн мэдэрч үзсэн хүн хожим хайрыг ингэж зүрхэндээ хүчтэйгээр хүлээж авдаг гэж боддог оо. Та хүүхэд насандаа хэр хайраар дүүрэн өссөн бэ?

-Маш их хайр дунд өссөн. Өвөөгийн хүүхэд байлаа, түүнээс асар их хайр авсан. Үүнийгээ их санадаг, мэддэг. Энэ ертөнц дээр ирээд л хайраар дүүрсэн, энэ нь өөрөө намайг бий болгосон учраас, том болсон хойно түүнийгээ эрээд байгаа хэрэг биш үү. Би ч бас тэгж анзаарч байсан. “Би түүнийгээ л амьдралаас хайгаад байна даа” гэж. Энэ нь мөн болшгүй зүйл юм байна гэдгийг ойлгосон. Ер нь хүн багадаа хайрыг дутуу хагас амссан бол сэтгэл зүйн хувьд нэлээд хатуу, цэвдэг байдаг юм билээ шүү дээ. Хүн бий болох үйл явцад яах ч аргагүй тийм нөлөөлөл байдаг шиг санагддаг.

Би хэдий хайран дунд өссөн ч түүний зэрэгцээ гэмтлүүд байсан л даа. Хайр, гэмтэл хоёрын дунд их хуваагдсан байгаа юм. Энэ нь сэтгэл гутрал ч юм уу, хүнд үеүдэд буцаад босож ирдэг юм билээ. Нэг талд хайр, нөгөө талд гэмтлүүд тэмцэлдэж байсан. Хэрэв гэмтэл, хар бараан нь дийлэнх байсан бол би босож ирэхгүй ч байх байсан байж магад.  

-Хайрын юу нь тийм сайхан юм?

-Хайр уу. Миний хувьд хайртай хүнтэйгээ хийж буй л бол бүгд сайхан байдаг. Хайртай хүнтэйгээ байхаар дэлгүүрт хүнс цуглуулаад явж байсан ч, хоол хийгээд идсэн ч, бүгд гоё. Ялангуяа өдөр тутмын энгийн үйлдлүүдийг хайртай хүнтэйгээ хийхэд маш сайхан мэдрэмж төрдөг. Хамт байхад ер юуг ч даван туулмаар. Жирийн үйлдлүүдийг тийм аз жаргалтай болгож байхад, зөрүүлээд ирэх зовлонг нь гудайхгүй туулчих ёстой л гэж би боддог. Аз жаргал, сайн сайхныг нь мэдэрчхээд зовлон, шарх ирэнгүүт нь түлхэж болохгүй.  

Хайр гэдэг хараад байхад хүний амьдралын тансаглал байгаа юм л даа. Хайрын зовлонг сонгоод, үүгээрээ амьдарч чадаж байгаа нь нэлээд тансаг “хэрэглээ” шиг санагдсан. Миний эргэн тойронд хайрын зовлонг сайн дураараа сонгох ч сөхөө завдалгүй амьдралууд бий. Амьдралын эрхээр тулгагдсан харилцааг хүлцэж буй тэдний дэргэд миний хайрын зовлон гээч нь тансаглал шиг санагдсан хэрэг л дээ.

-Ийм зүйлийг давж гарсны дараа ухаанаар удирдаж л харилцаа үүсгэх шаардлага гарна биз дээ?

-Одоо тэр бүгд эдгэрч эхэлж байна. Удахгүй анина. Тийм хэвийн сэтгэл зүйгээр хайртай хүнээ хайрлах ямар байх нь л анхаарал татаж байна. Өмнө нь гэмтэл шархаа эдгээх явцдаа илүү анхаарч байж дээ. Одоо хайр хэвийн сэтгэл зүйгээр үргэлжлэхэд уйдах, залхах мэдрэмж гарч ирнэ гэдгийг ч мэдэж л байна. Үүнээс гадна нөгөө хүн маань хэрхэн хандахаас ч мөн их зүйл шалтгаална л даа.

-Эцэстээ эргэлдэж буй огторгуйн дэргэд бидний амьдрал хуруу инчдэх дайны л өчүүхэн. “Амьдрал үүгээрээ л гоё”, “Хүн төрлийг олж төрсөн минь ингээд л сайхан” гэж бодогдуулдаг амьдралын энгийн тохиолдлуудаас хуваалцаач?

-Нээрэн сэтгэл гутрал туулсны дараа амьдралын эгэл жирийний гоо сайхныг илүү анзаардаг юм билээ. Жаргал гэдэг халгиж, цалгисан зүйл биш эгэл жирийн тогтвортой сэтгэл зүй ч юм шиг. Тэгж санагдах болсон. Би өөрөө эмоци өндөртэй хүн болохоор, заавал онцгой, хүчтэй мэдрэмж авч байж л жаргаж байна, сайхан байна гэж боддог байсан. Энэ маань ч сэтгэл гутрал руу орох нэг шалтгаан байсан байж мэднэ. Амьдралын эгэл жирийн, бидний голдог “давталт”-ууд байгаагаараа л сайхан зүйл гэдгийг ойлгосон. Ер хүчтэй сэтгэл хөдлөлөөс илүү тайван тогтвортой, эгэл жирийн байдал илүү жаргалтай санагдах болсон доо. Тэгээд ч амьдрал буй байгаагаараа сайхан зүйл. Ангилж, ялгах нь увайгүй хэрэг болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 08:47

Мэдрэмжиндээ хөтлөгдсөн өвөрмөц бүсгүй юмаа

Зочин
Зочин
2022-05-30 13:07

goy yria boljee ulam ih amjilt husey

Зочин
Зочин
2022-05-30 14:18

эмэгтэй хүнд хайртай болжээ дээ. Тэгж л санагдлаа. Өвөрмөц өөрийн гэсэн ертөнцтэй бүсгүй байнаа. Сайхан ярилцлага уншлаа

зочин
зочин
2022-05-30 18:37

Маш сайхан ярилцлага...

Их зан
Их зан
2022-05-30 19:11

Сүртэй шдээ. Өвчин юм даа

Зочин
Зочин
2022-05-30 21:38

Сайн охиндоо! Аз жарг�##� ерөөе! Мундаг, чад�##�тай, гайхамшигтай гэж хэлж болохоор хөдөлмөрч, авьяаслаг, сэтгэлтэй, мэдрэмжтэй, уха�##�аг, ... магтах үг олдохгүй байна... үнэхээр хүндэлж явдаг охидуудын маань нэгдээ!

Уншигч
Уншигч
2022-05-30 21:59

Би ойлгох гэж хичээсэн ч хувь хүнийг нь сайн ойлгосонгүй. Өвөрмөц ертөнц юм байна.

Зочин
Зочин
2022-05-30 23:29

Hariulah albagui asuultuud yasan ch ih tavisiin .ene hun ch gesen gem hiisen met tailbar tavisan n taagui sanagdlaa.Zugeer l gants biy hun baij bolohgui yu?

m.mandaxai.
m.mandaxai.
2022-05-30 23:38

uxaalag taatai .goe

Болд
Болд
2022-05-31 04:48

36 хүрчихээд яагаад хүнтэй сууж хүүхэдтэй болъё гэдэггүй хүүхэн бэ.
Аваад с суучих юмсан. Ккк

Тэгшээ эгчдээ <3
Тэгшээ эгчдээ <3
2022-05-31 14:02
Reply to  Болд

Өөрт чинь хамаар�##�гүй асууд�##� биш үү? Хэдэн онд хэнийг юу гээд байгаа юм.

Заяа
Заяа
2022-05-31 15:42

Нэг хүн надтай уулзаад "амиа хорлох гээд байшингийн дээвэр рүү гарснаа, тэгээд яг үсрэхээр шийдсэнээ, тэгээд фээсбүүктээ нэг үг бичих гэж байснаа, тэгж байгаад фээсбүүкээс Тэгшээгийн бичсэн зүйлийг уншаад гэнэт хүчтэй байх ёстой гэдгээ ойлгосноо, тэгээд одоо амьд мэнд чамтай яриад сууж байна" гэж хэлсэн. Ш�##� хэрэггүй гэж боддог байсан бичвэрүүд чинь хүний амь аварсан гэдгийг тэгж мэдсэн шүү.

Заяа
Заяа
2022-05-31 15:46
Reply to  Заяа

hal palgui, tsal buural, tal taliin, taltsal, 5 hoshuu m#l, hamaaral gej bichij boldgui site bna xaxaxaxa al yumaa

Заяа
Заяа
2022-05-31 15:45
Reply to  Заяа

Х�##� п�##�гүй, ц�##� буур�##�, т�##� т�##�ын авьяастай, 5 хошуу м�##�, нийгмийн хамаар�##�, намын т�##�ц�##�... Хахахаха за болиоч дээ танай сайт онигоотой юм бэ хахаха

Заяа
Заяа
2022-05-31 15:43
Reply to  Заяа

shal гэж бичихээр сүүлийн хоёр үсэг нь #### болчих юм ккк. Шааааа�##� гэж бичдэг байжээ.

Zochin
Zochin
2022-06-02 17:07

Neelttei yriltssan saihan yriltslaga boljee

Тэнгис Нандин
Тэнгис Нандин
2022-09-16 09:35

Сэтгүүлч нь ямар гоё жижүүрийн бус асуултууд тавьсан юм бэ????????????
Хамгийн түрүүнд сэтгүүлч з�##�ууд баяр хүргэмээр байна????
Тэр бүр таардаггүй онцгой сайхан ярилцлага болжээ.
Тэгшээг ер нь тиймэрхүү мэдрэмжтэй явааг нь давхар мэдрээд өөрөө туулсан болохоор гадна дотроо их дэмждэг, хайрладаг юмаа.
Тэгшээ чамайг энэ хорвоод мэндэлсэнд т�##�архдаг хүний нэг байнаа????????

Холбоотой мэдээ

Back to top button