ДЭЛХИЙ

ГЕОПОЛИТИК: Монгол Улс газарзүйн байршлаараа эзэрхэг хоёр орны худалдааны дамжин өнгөрөх цэг нь

Монголын гадаад бодлого, улс төр судлаач, тоймч Лхаажавын Болор, Сингапур дахь сангийн менежер Алекс Турнбулл /Alex Turnbull/ нарын www.foreignpolicy.com сайтад нийтлэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Арваад жил ширүүн, маргаантай байсан улс төрийн хэлэлцүүлгийн дараа Монгол Улс Хятад руу ачаа тээврийн ложистикээ өргөжүүлэх аюулгүй байдлаа хангахын тулд энэ оны эцэс гэхэд гурван ч чухал төмөр замын ажлаа барьж дуусгах төлөвтэй байна. Эл үйл явц нь түүхий эдийн зах зээлд асар их нөлөө үзүүлж, Хятад, Орос хоёр улсад дотооддоо худалдаа хийх, ялангуяа нүүрс, металл гэх зэрэг задгай түүхий эдийг хайж олох боломжийг олгож, хоёр орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хориг арга хэмжээний дарамтад өртөхгүй байх бололцоог олгоно.

Монгол далайд гарцгүй улс учраас тус улсын эдийн засагт хөрш орнуудтайгаа стратегийн холбоо сүлбээ, худалдааны боомт шаардлагатай байгаа нь зүйн хэрэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс БНХАУ-тай 13 худалдааны боомтоор харилцаж, голчлон нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалаа экспортолж байна. Хэдэн арван жилийн турш Монгол Улс хуучнаар ЗХУ-ын хуучин төмөр зам, хурдны замаас хамааралтай байсаар ирсэн агаад экспортын хувьд ерөнхийдөө ачааны машиныг худалдааны эргэлтэд ашигладаг байжээ. Одоогоор Монгол Улс дэд бүтцийн суурь хязгаарлалт, бэрхшээлээсээ болоод экспортын хүчин чадалдаа дөхөж ч чадахгүй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард Бээжин хотод айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар Монгол Улсын ашигт малтмалаар баялаг Өмнөговиос Хятад руу чиглэсэн гурван гол төмөр замын төслийн Монгол-Хятадын боомтын асуудлыг эцэслэн шийдсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км урттай, нэмэлтээр 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий төмөр замын барилгын ажлыг аравдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Тавантолгой-Гашуунсухайт боомтоор 30 сая тонн ачаа тээвэрлэх бол Зүүнбаян-Ханги чиглэлд 226 км урттай төмөр замаар Мандал дахь Хятадын боомт руу тээвэр хийх юм. 20 сая тонн ачаа экспортлох зорилготой эл шугамыг аль хэдийн гуравдугаар сард тавиад эхэлсэн.

2009 оноос хойш Монгол Улс дотоодын дэд бүтцээ сайжруулах тал дээр томоохон үсрэлт хийсэн. Тэдгээр дэд бүтцийн зорилтууд нь Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. 

Өмнө нь автозамын сүлжээ муу байсан тус улсад 2016-2020 оны хооронд Монголын Засгийн газар 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой холбосон хурдны замын системийг барьж байгуулж чадсан.

Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар удтал гацаанд ороод байсан Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн нийт 426,6 км төмөр зам, мөн Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1,255 км-ийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлэх тухай тогтоолыг баталсан.

Эдгээр төмөр замын асуудал аль 2013 оноос хойш яригдсаар ирсэн ба тэдгээрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны байгууллагаас Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын томоохон төсөлд концессын сонгон шалгаруулалтыг зарласан.

Энэ нь байгалийн баялаг ихтэй боловч хүн ам багатай, ложистикийн харилцан уялдаа муутай Монголын баруун бүс нутгийг илүү ойртуулах юм. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны эл томоохон мега төсөлд оролцох хүсэлтэй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэлтийн хүлээн авах хугацаа саяхан дууссан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улс түүхий эдийн экспорт, ялангуяа коксжих нүүрс, зэсийн экспортоо нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байгааг онцолсон. Төрийн өмчит компаниудыг хэсэгчлэн хувьчлах Засгийн газрын төлөвлөгөөнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрчим хүч, хилийн боомт, үйлдвэржилтийн мега төслүүдэд татах зорилт тавьж, 150 их наяд төгрөгийн буюу 48 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх зорилт тавьсан. “S&P Global Commodity Insights”-ийн мэдээлснээр, “Монгол бол Хятадад нүүрс, зэсийн баяжмалыг нийлүүлэгч гол улс, худалдааныхаа дийлэнхийг харин ачааны машинаар хийдэг гэж дурджээ. Гэсэн ч, 2021 онд Монголын талаас ачааны машинууд коронавируст цар тахлын улмаас хилийн боомт дээр тавьсан хязгаарлалтын улмаас Хятад руу ачаа тээвэрлэх ложистикийн ноцтой асуудалтай тулгарсан гэдгийг мөн онцолсон юм.

Харин төмөр зам баригдснаараа тэдгээр бүх тээвэр, ложистикийн сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэж, экспорт 2025-2028 онд 14-17 тэрбум ам.доллар, 2029 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүрэх юм.

2020 онд нэг тонн нүүрсний үнийг 200 ам.доллар байсан гэж тооцвол 65 сая тонн буюу нийт экспорт ердөө 8.47 тэрбум ам.доллар байсан тус улсын зөвхөн коксжих нүүрсний экспорт 13 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдэнэ гэсэн үг. Мөн уул уурхайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн татвараас олох Монгол Улсын төсвийн орлого ихээхэн хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Уламжлалт байдлаар тооцож үзвэл, энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого гэж 800 сая ам.доллар, мөн хөрөнгийн биржид бүртгэлтэй нүүрсний компаниудын санхүүгийн үзүүлэлтэд тулгуурлан 6 хувийн нөөц ашигласны төлбөр гээд олон зуун сая ам.долларын татварын орлого нэмэгдэх болно.

Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, өр барагдуулах чадварт бүтцийн өөрчлөлтийг оруулна. Хэрэв ийм зүйл боллоо гэхэд Монгол Улс энэ бүх санхүүгийн урсгалын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой барихын тулд баялгийн санг бий болгох шаардлагатай юу, эс бөгөөс орон нутгийн хөрөнгийн зах зээлийг хөөрөгдөж, буруу хуваарилалт руу орох уу гэсэн асуулт урган гарна. Тиймээс төсвийн эл өсөлтийг зохицуулах нь чухал ач холбогдолтой, учир нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийн гаргасан хувилбараар дэлхийн нүүрстөрөгчгүй болох гол зорилтын дагуу коксжих нүүрсний эрэлт 2030-аад оны дунд үеэс буурч эхэлнэ гэсэн үг.

Мөн, Хятадад энэ бүх нүүрс үнэхээр хэрэгтэй юу, үгүй юу гэдэг том асуулт бас урган гарна. Уур амьсгал болон гангийн чиглэлд Хятадын эрх баригчдын сүүлийн үеийн дэвшүүлж буй гол зорилтоороо коксжих нүүрсний эрэлтийн өсөлт хязгаарлагдмал байгааг тодорхойлсон. Хятад улс 2025 он гэхэд нүүрсний ялгаруулалтыг дээд цэгт, 2030 он гэхэд гангийн ялгаруулалтыг дээд цэгт нь хүргэхээр төлөвлөж байгаагаа олон нийтэд зарлаж, коксжих нүүрс ашигладаг ган үйлдвэрлэлийн хэмжээг багасгахын тулд цахилгаан зуухны хэрэглээ рүү шилжиж байгаа юм. Учир нь, гангийн үйлдвэрлэл бол дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 11 хувийг эзэлдэг хамгийн их эрчим хүч шаарддаг салбаруудын нэг юм. Тиймээс ган төмөрлөгийн үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн хэмжээг багасгахын тулд ийнхүү цахилгаан зуухны үйлдвэрлэл рүү шилжиж байгаа аж. Олон шинжээчид үүнийг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө биелэнэ хэмээн найдаж байгаа юм. Монгол Улсын экспортын хэмжээг их хэмжээгээр, хурдацтай өргөжүүлснээр үлдсэн салбаруудаа залгиж магадгүй гэсэн таамаг ч байгаа юм.

Түүнчлэн, Монголын төмөр замын өргөтгөл нь Хятад-Оросын одоогийн дэд бүтцийн төлөвлөгөөний урьдчилсан таамаглал. Хятад-Оросын хил дамнасан анхны төмөр замыг 355 сая ам.долларын өртөгтэйгөөр наймдугаар сард барьж дуусгах төлөвтэй байна. Орос, Хятад хоёр улс эрчим хүчээр холбогдох нь Монгол Улсын эрчим хүчний эмзэг байдлыг илтгэж, Монгол Улс яагаад ийм томоохон бүтээн байгуулалтад хамрагдах нь стратегийн хувьд ач холбогдолтой болохыг улам тодотгож байгаа хэрэг.

Түүгээр ч үл барам, Орос, Хятад “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой зэрэг бусад томоохон төслүүдэд хамтран ажиллаж байгаа билээ. Энэ нь 2019 онд баригдсан “Газпром” компанийн хоолойгоор дамжуулан өмнө нь Европ руу нийлүүлж байсан Ямалийн хойг дахь ордуудаас Оросын хийн экспортын 80 гаруй тэрбум шоо метр буюу ойролцоогоор 70 орчим хувийг Хятад руу шилжүүлэх боломжийг олгоно.

Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хариуд Монгол Улс 2019 онд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, “Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер нар уулзаж, Оросын талаас эл төсөлд улс төрийн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Энэхүү дэд бүтцийг өргөжүүлэх төлөвлөгөө нь Зүүн хойд Азийн эрчим хүчний салбарт нөлөөлөх боломжтой ч Орос, Украины дайн, хоригийн улмаас гол тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд саад болж байгаа учир эл төслийг 2025 он гэхэд төлөвлөсөн хугацаандаа дуусгахад хэцүү. Хэрэв Украины дайн дуусвал, эсхүл худалдаа хэвийн горимдоо эргэн орвол төслийг хэрэгжүүлж дуусгаснаар Оросын экспортын чиглэлийг Европ руу биш харин Хятад руу гаргахад хүргэх юм.

Мөн, удаан үргэлжилсэн цар тахал болон Хятадын ковидыг хязгаарласан бодлого нь Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байна. Өнөөдрийн байдлаар ердөө тавхан худалдааны боомт ажиллаж байна. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 21-ний хооронд Монгол Улс Хятад руу нийт 3,342 мянган тонн бүхий 300 чингэлэг нүүрс экспортложээ.

Энэ нь Хятад улс далайгаар дамжуулан материалын эх үүсвэрээ олж авдаг  хамааралтай байдалд нь хүртэл бодитоор нөлөөлж, Хятадын тэнгисийн аюулгүй байдлын талаарх үзэл бодолд ч нөлөөлөх нь дамжиггүй. Хэрвээ Хятадад Зүүн Хятадын тэнгист хоол хүнс, түлш нийлүүлэх далайн нээлттэй зам шаардлагагүй юм бол Хар тэнгист ажиглагдаж буй худалдааны зогсолтыг Хятад улс даван туулах чадвар байгаагаасаа илүү өндөр байж, цаашлаад Тайванийн аюулгүй байдалд ч нөлөөлнө. Хятад улс Орос, Монголоос нийлүүлэх хүнсний болон эрчим хүч, түлшний импортын хязгаарлалттай тулгараагүй бол Тайванийн төлөөх цаашдын тэмцэлдээ илүү удаан, шаргуу тэмцэж чадна. Харин энэ хооронд Тайваньд эрчим хүчний сүлжээгээ хэвийн байлгаж, ард иргэдээ тэжээхэд нь мэдээж далайн ложистик хэрэгтэй хэвээр байх болно.

Хятад, Оросын дэд бүтцийн хамтын ажиллагаа өргөжсөн нь даяарчлалд садаа учруулж байна гэгдэж байгаа хэдий ч геополитикийн хувьд ашиг сонирхол нь нийцэж нэгдсэн улс орон, бүс нутгийн хоорондын худалдаа эрчимжсэнээр үнэт зүйл, ашиг сонирхлын хувьд зөрүү гарах нь буурч байгааг илтгэж байгаа юм. Монгол улс ардчилсан орон байж болох ч газар зүйн байршлаараа эдгээр хоёр эзэрхэг улсуудын худалдааны замынх нь гол дамжин өнгөрөх цэг болж байна.

Эх сурвалж: Foreignpolicy

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button