СУРВАЛЖИЛГА: Өрх гэрийн өмөг түшиг болсон халуун дулаан "Асрал" төв
-ДАЛАЙ ЛАМЫН ЗАРЛИГААР БАЙГУУЛСАН ШАШИН, ХҮМҮҮНЛЭГИЙН ТӨВ-
III, IV хорооллын ар дэнжид байрлах “Асрал” төвийг зорин очлоо. Хаалгаар ороход л амар амгаланг мэдрүүлэх аж. Нямбайлан засч, тордож ургуулсан цэцэрлэг, зүлэг цаашлаад ороход эгнүүлэн тавьсан хүүхдийн гутлууд, харин хажуу тийш эргэхэд бурхан шашны цэлгэр, саруулхан том өрөө угтав. Бяцхан охин энд амирлангуйгаар мөргөл үйлдэнэ. Хажуудаа чамин хөөрхөн бичгийн хэрэгслүүд тавьчхаж. Хаа нэгтээгээс хүүхдүүд инээн хөгжилдөнө. Эмэгтэйчүүд голдуу хүмүүс эсгий хийж, бусад нь шаахай урлах ажилд шамдаад биднийг анзаарах сөхөөгүй. Энэ бол монголд буддын шашныг дэлгэрүүлэх зорилгоор Дээрхийн гэгээн XIV Далай ламын зарлигаар байгуулсан Гүнчав Жамбаалан шашны төв, эрүүл мэнд, боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Асрал” төв ТББ юм.
Одоогоос 25 жилийн өмнө Далай лам Монголд бурханы шашныг дэлгэрүүлэх болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлэхийг түмэн олныг гийгүүлэгч Банчэн Ойбрүл ринбүчид зарлиг болгожээ. Банчэн Ойбрүл ринбүчи Монголд ирээд гэр хорооллоор явж, ямар үйл ажиллагаа явуулбал оновчтой вэ гэдгээ судлав. Ингэхдээ нэг айлд ороход жаахан хүүхдийг орноос уяж, хажууд нь боорцог, ус бэлдэж, үлдээсэн байжээ.
Гэгээнтэн ихэд гайхан, тэр айлд саатаж, хэн нэгний ирэхийг хүлээв. Харуй бүрийтэй уралдан ирсэн эмэгтэй “Хүүхэд маань хоёр настай, би ганц бие ээж, хүүхдээ орхиж, ажил хийхээс өөр аргагүй. Бид хоёрыг тэжээх хүн байхгүй” гэжээ. Сэтгэл өвтгөм амьдралыг харсан гэгээнтэн Далай багшийн зарлигийг дагах, нөгөө талаас номын багш Галсанчойдогийн ач тусыг санаж, Монголд дээрх үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Өдгөө Гүнчав Жамбаалан шашны төв бурханы шашныг дэлгэрүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг, харин “Асрал” төв хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэн 25 дахь жилдээ ажиллаж байгаа нь энэ.
-ЭЭЖҮҮДИЙН УРЛАСАН ШААХАЙ ИРЛАНД, НЕДАРЛАНДЫГ ЗОРЬДОГ-
Бид эхлээд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмждэг Made in Mongolia буюу MIM төсөлтэй танилцлаа. Энд 15 хүн ажиллаж байна. Ноосыг өөрсдөө боловсруулж эсгий хийнэ. Асрах төвд өсөж, насанд хүрсэн хоёр охиныг энд ажилд авч. Ноосыг хөвсийлгэж, өд мэт хөнгөн зөөлөн болгож, эсгий бэлддэг юм байна. Үүний дараа будах, хавтгайлах, эсгэх, оёх, чимэглэх ажлууд үргэлжилнэ. Гоёмсог, донжтой эсгий бүрхүүд, савхин ултай, цэвэр эсгийн шаахайнууд хэмжээ бүрээр бас бэлэг дурсгалын зүйлс урлажээ. Эндээс гарч буй бүх бүтээгдэхүүн Ирланд, Недарланд улс руу экспортод гардаг. Тэд бүгдээрээ маш өндөр ур чадварыг эзэмшиж чаджээ. MIM төсөлтэй амьдралаа холбоод 13 жилийг үдэж буй А.Алтантуяа өдгөө төслийн ахлах ажилтан. Тэрбээр “Энд олон хүн төслийн үр шимийг хүртэж, ажилладаг. Ноос, эсгий гэж мэдэхгүй хүн орж ирээд бүх шат дамжлагыг сурч, чадавхжаж байгаа нь бахархалтай. Цэвэр эсгийгээр маш чанартай, хөнгөн, зөөлөн, дулаахан, жилийн аль ч улиралд өмсөх шаахайнууд хийдэг. Гадаадад л гарна. Тэндхийн дэлгүүрүүдийнхээ захиалгыг цаг тухайд нь нийлүүлэхийн тулд бид нар нарийн зохион байгуулалттай, өндөр бүтээмжтэй ажилладаг” гэж ярилаа. Гүнчав Жамбаалан шашны төвийг байгуулсан Банчэн Ойбрүл ринбүчи нь Ирландад суурьшин амьдардаг гэнэ. Тэр ч утгаараа Ирланд улс руу тэд эсгий бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.
-"ХАЛУУН ХООЛ" ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ, ИХРҮҮД АНГЛИ ХЭЛ ЗААЖ БАЙНА-
Мөнөөх олон гутлын эзэд энд англи хэл заалгахаар цуглажээ. “Асрал” төв “Халуун хоол” төслийнхөө хүрээнд зуны амралтаар хүүхдүүдээ зусланд явуулах, хөгжүүлэх сургалт зэрэгт хамруулдгийн нэг нь энэ. АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн ангийн II курсын оюутан М.Отгон-Эрдэнэ, СЭЗДС-ийн эрхзүй, санхүүгийн ангийн II курсын оюутан М.Сод-Эрдэнэ нар "Хобби" дунд сургуулийг дүүргэсэн. Нийгмийн дадлагын хүрээнд сайн дурын ажил хийхээр "Асрал" төвд иржээ. Ихэр залуус энд хоёр долоо хоног 24 цагийн хичээл заана. Бас тус төвд ирэх гадаадын зочдод орчуулагч хийнэ. Тэд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч мөн англи хэл зааж өгчээ. Усны дусал мэт ялгахын аргагүй ихэр ах нар жаалуудад хичээлээс ч илүү сонирхолтой бас бахархалтай санагдаж байгаа нь тэдний харцнаас илт. “Халуун хоол” төсөл мөн л хориод жилийн түүхтэй. Хүүхдүүд эндээ ирж халуун хоолоо идэж, хичээлээ давтаж, сайн дурын багш нар математик, монгол хэлний хичээлийг тогтмол хийлгэнэ. 30-40 хүүхдийн өдөр өнжүүлэх, хоцрогдол арилгах эл сургалтад арван жил хамрагдаж, амьдралд хөл тавьсан хориод хүүхэд бий.
Тэдний зарим нь "Асрал" төвдөө ажиллаж байгаад алс орныг зорьсон бол, Банчэн Ойбрүл ринбүчи багшийнхаа тусламжаар гадаад, дотоодын спонсортой болж, их сургуулийн төлбөрөө шийдсэн нь олон. Мөн зорилтот 15-20 айлын хүүхдийг жил бүр улсын цэцэрлэгтэй гэрээ байгуулан хамруулж, хичээлийн хэрэгсэл, шаардлагатай эд зүйлс, витаминаар хангана. "Халуун хоол" төсөлд хамрагддаг хүүхдүүдээр нь дамжуулж тэдний ар гэр, аав ээжид нь туслана.
-ЖИЖИГХЭН ТОСГОНД ТАРЬСАН ҮР ЖИМС БУЮУ "ГАЧУУРТ" ТӨСӨЛ-
Гачуурт орчмын 25-30 айлд ногооны үр, ногоогоо услах усны мөнгийг нь хүртэл шийдэж өгсөн төслийн үр шимээр олон иргэн ногоо тарьж сурч, өрхийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй орлоготой болжээ. Нийслэлийн хэмжээнд цор ганц "Гачуурт" тосгоны дотуур байрны гал тогоог шинэчлэн тохижуулж, сурагчдын өрөөг эрүүл, эко модон ортой болгож, Шархоолойд гэр цэцэрлэг барьсан нь жижигхэн энэ сууринд "тарьсан" эдний хүмүүнлэгийн ажлын үр жимс юм.
-ӨНДӨРШИЛД ӨВЧЛӨЛ БУУРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮД ЭКСПОРТОД НЭГДЭВ-
Говийн ус давс, хужир ихтэй хатуулаг шинж чанартай. Тэр ч утгаараа Дундговь аймгийн Өндөршил суманд хоол боловсруулах эрхтний өвчлөлийн тохиолдол их байв. Харин тус төвөөс шүүлтүүртэй худаг барьж, ундны усны хэрэгцээг хангаснаар өвчлөл тодорхой хувиар буурчээ. Худгийн шүүлтүүрийг 1-2 жилд тогтмол солино. Энд бас MIM төсөл хэрэгжиж, говийн бүсгүйчүүд цэвэр эсгийгээр чанартай гэрийн шаахай үйлдвэрлэж, экспортод нэгдээд чамгүй олон жилийг үджээ.
"Асрал" төв өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, иргэдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болгохыг зорьдог. Хамгийн сүүлд ӨЭМТ-д хандивласан нярайн шарлалт хэмжих аппаратны тусламжтайгаар нэг жилд найман нярайн амийг аварлаа хэмээн эрхийн эмч нь баяртай мэдээ дуулгасан гэв.
-ҮҮД НЬ ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ БУРХАН НОМЫН ӨРГӨӨ-
Гүнчав Жамбаалан шашны төв. Эхэнд дурьдсанчлан цэлгэр уудам, саруулхан номын өргөөний үүд хаалга сүсэгтэн олонд үргэлж нээлттэй байдаг аж. Энд тогтмол 50-60 хүн ирж сүсэглэн, мөргөл үйлдэж, бурханы ном сургаал уншдаг. Шинийн 8, 15, 25-ны өдрүүдэд Дарь эх, Алтангэрэл, Ламын чодва буюу багшийг тахихуй номуудыг хурна. Хүүхдүүд болон насанд хүрэгчдэд бурхан шашны номлол, ёс суртахуун, зөвт байдлын тухай хичээл орно. Далай ламын зөвшөөрлөөр сургаал, номлолыг нь эмхэтгэн ном гаргаж, сүсэгтэн олонд үнэгүй хүргэдэг. Ингэхдээ спонсор байгууллага олж, номоо хэвлүүлдэг байна. Харин сүүлийн үед бурхан болоочийнхоо хойдын буянд зориулан иргэд хэвлэхэд бэлдсэн эхүүдээс авч, хэвлүүлэн сүсэгтэн олонд тараадаг болжээ. Бямба, ням гарагт энд насанд хүрэгчдэд зориулсан ёс суртахууны хичээлийг үнэ төлбөргүй хичээл заадаг аж.
-ХЭН НЭГНИЙ ТУСЫГ БУСДАД ХҮРГЭХ АЛХМУУД -
Тэд эмэгтэйчүүдийн болон хүүхдийн хорих ангиуд, асрамжийн газруудтай хамтран ажилладаг. Гурав хүртэлх насны хүүхэдтэйгээ хамт буй хоригдол ээжүүдийг эргээд нийгмийн амьдралд хөл тавихад бэлтгэх, сэтгэлзүйн сургалт өгөх, хүүхдүүдийг сүү, живх, хувцсаар тусална. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд "Асрал" төвийн УЗ-ийн гишүүн, Щвейцарийн иргэн Uili Minder үргэлжид халуун сэтгэлээ дэлгэсээр иржээ. Танд бас надад хэрэггүй болсон эд зүйлс, юмсаар хэн нэгэн дутаж явдаг. Тэр ч утгаараа "Асрал" төв хэрэггүй зүйлээ хэн нэгэндээ өгөөч нэртэй аянг өрнүүлж буй. Төвд цугларсан тоглоом, хувцас, хүнсийг асрамжийн төв, хорих анги, БГД-ийн зарим хороодод хүргэнэ. Өндөршилд мөндөрт цохиулан гэргүй болсон айлд гэрийн мод авч өгч, хорихоос суллагдсан эмэгтэйд оёдлын машин авч өгөх гээд тэд хэн нэгний тусыг бусдад хүргэх ажлаа амжуулсаар байгаа нь ярианаас нь мэдрэгдэнэ. "Асрал" төвийн захирал С.Бурмаа "Цаашид нийгмийн ёс суртахууныг сайжруулахад чиглэн ажиллана. Нийгмийн ёс суртахуун нийтээрээ доройтож байгаад сэтгэл эмзэглэдэг. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд хамба номуун багшийг нэгэн ламхай шүхрээр сүүдэрлэж зогсоог ихэд шүүмжиллээ. Тэр хүүхэд өөрөө хүссэн байвал яах вэ? Буддын шашны сургаалаар хүмүүжсэн хүмүүс хүнийг сайхан байлгахын төлөө бүхнээ зориулдаг. Манайд төслүүдэд хамрагдсан хүүхдүүд энэрэн хайрлах сэтгэлтэй, зөв даруу болж төлөвшдөг. Ёс суртахууны хувьд бид хаана хаанаа анхаарч, засч залруулах цаг хэдийн болсон. Мөн цаашид MIM төслөө өргөжүүлж, өрх толгойлсон олон ээжийг ажлын байртай болгоно. Түүнчлэн зорилтот бүлэгт нэн шаардлагатай түр байрлах байр барих мөрөөдөл бий. Өнөөдөр манайх гэр бүлийн ямар нэг хүчирхийлэлд өртсөн ээжүүд, хүүхдүүдийг байгаа ганц, хоёр өрөөндөө авдаг. Энэ нь хангалттай биш. Мөнгө төгрөгний асуудал хүнд ч асуудлаа шийдэгдтэл айх аюулгүй амар тайван амарч, хонох түр байрлах байртай болохын төлөө ажиллана. Манай төв олон хүүхдийн, олон айлын нийтийн байрны түрээсийг төлөөд явж байгаа" хэмээн ярилаа.
25 жилийн хугацаанд эдгээр төслийн үр шимийг 12500 хүн шууд хүртжээ. Мэдээж хэрэг, энэ тооны цаана нэгэн гэр бүл бий. Нөгөө талаас амьдралд өв тэгш, зөв, ёс суртахуунтай, хүмүүнлэг иргэн болж хөл тавих эрхэм үүргийг олонтаа биелүүлж. Шашин, хүмүүнлэгийн цогцолбор төвийн ажилтан бүр сайн үйлс, бусдын сайхан амьдрал, амар амгалан байдлын төлөө сэтгэл, бие, эд эсээ зориулан ажилладаг. Тэдэнтэй хамтран, бусдын тус хэрэгтэй хүмүүст, бяцхан хүүхдүүдэд тусалж, дэмжих хүмүүстэй нээлттэй хамтран ажиллаж, хүссэн буяныг чин сэтгэлээсээ хийж өгдөг байна, ЭНД.
Гүнчав Жамбаалан төв, Асрал төв төрийн бус байгууллага.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ л х�##�уун дулаан орчинд тайвшр�##�ыг олоод 8н жил болжээ, ????????????
✍️Хүмүүнлэгийн үйлсээр дамжуулан олон хүмүүсийн амьдр�##�ыг өөрчилж, байгаад туйлын их баяртай байдаг. Хүн бүр нийгмийн сайн сайхны төлөө байв�##� амьдр�##� тэр чигээрээ аз жарг�##� юм уу даа.????
Энэрэн нигүүлсэх сэтгэл зүг бүрт дэлгэрэх болтугай, үр шим нь арвидаж хүн, байг�##�ь, амьтан адгуус амирлах болтугай.
Сэтгэл амар байх сайхан газар