Т.Аюурсайхан: Монголын 69 дипломатч, улстөрчийг Польшид эрэн сурвалжилж байна

Өнөөдөр /2019.09.30/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Т.Аюурсайхан:
"Польш улсын хуулийн байгууллагаас манай 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ ирсэн. Тэдний зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь төрийн албанд, тэр ч бүү хэл улстөрийн нам удирдах хэмжээнд ажиллаж байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүсийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийг хуулийн байгууллагад өгсөн.
Польш улсаас ирүүлсэн 69 хүний мэдээллээс эхний ээлжинд зургааг нь танилцуулъя. Одоогоор эдгээр зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа” хэмээгээд, тэрхүү зургаан хүний нэрийг зарласан юм.
Үүнд:
Х.Даваадорж /Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан/
Б.Болор /Х.Даваадоржийн гэргий. Мөн одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа/
А.Батсайхан /БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа/
Д.Мөнх-Эрдэнэ /БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаас чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон/
Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр нар /Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан/
С.Эрдэнэ /2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан/ нар багтаж байна.
Х.ЭРХЭС





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.