УЛС ТӨР

БАЙР СУУРЬ: ҮХЦ-ийн хянах асуудалд Үндсэн хууль өөрөө багтдаггүй

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн.

Ингэхдээ “Давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарлахыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байна. Тэгвэл энэ асуудалд хуульчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

ӨМГӨӨЛӨГЧ А.ПҮРЭВДУЛАМ: ҮХЦ-ийн шийдвэр ямар ч үндэслэлгүй

"Хуульдаа ҮХЦ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага. Харин Үндсэн хуулийг өөрийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй. Цаашид маш том хор нөлөөтэй жишиг бий боллоо.

Тогтолцооны шинэчлэл гэдэг бол үндсээр нь, тогтолцоогоор нь өөрчлөхийг ойлгоно. Харин гишүүдийн тоог нэмэх, "давхар дээл"-тэй болгоно гэдгийг яавч тогтолцооны шинэчлэл гэхгүй. Үндсэн хуулийг өөрийг нь ҮХ-ийн заалт зөрчсөн гэдэг улс төрийн гар хөл болсон цэцийг татан буулгах цаг болсон. Хууль зүйн үүднээс тайлбарлахгүй л бол улс төрчид иргэдийн тархийг угаах пропаганда явагдаад эхэлсэн байгаа нь харагдаж байна.


ХУУЛЬЧ Ч.БАТ-УЯНГА: Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулиа хэрхэн хамгаалах вэ гэж санаа зовох боллоо

"Дан дээлийг давхарлана уу, давхар дээлийг нимгэлнэ үү гэдэгтээ асуудал бус. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн заалтыг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах эрх мэдэл байгаа юу гэдэгтээ юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр гэж заалт бий. Мөн Үндсэн хуулийн цэцийн хянах асуудалд Үндсэн хууль өөрөө багтдаггүй. Тийм атал хаанаас ямар эрх зүйн үндэслэлээр олж гаргаад үүнийг шийдэв гэдэг сонин байна.

Ер нь сүүлийн хэдэн жилд Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулиа хэрхэн хамгаалах вэ гэж санаа зовох боллоо. Давхар дээл нь зөв үү, буруу юу чинь дараагийн асуудал. Гол анхаарах буюу цаашид илүү хортой үр дагавартай нь ҮХЦ-ийн энэ үйлдэл юм. Давхар дээлээ өмсмөөр байсан бол УИХ өөрөө одоо энэ явж буй ҮХНӨ-өөрөө өөрчлөх ёстой. ҮХ-ийг өөрчлөх эрх зөвхөн УИХ-д хадгалагдана (цаад романтик утгаараа ард түмэнд). Эхлээд Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээтэй холбогдох асуудлаа ярилцмаар байна. Тэрнээс гаргасан шийдвэрийн агуулгыг бус. Эрх баригч намд ашигтай шийдвэр гаргахаар ҮХЦ-ийн үйлдэл зөв, шийдвэр нь үндэслэл бүхий, харин ашиггүй шийдвэр гаргахаар буруу, үндэслэлгүй болоод байж болох юм уу"


ХУУЛЬЧ П.НАМУУН: ҮХЦ ажлаа мэдэхгүй байгаа мэт дүр зураг нийгэмд харагдаж байна

"Зарчмын хувьд ҮХЦ бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих байгууллага бөгөөд Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, шийдвэр, УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, гишүүд Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхэд дээд хяналт тавих эрх хэмжээтэй байдаг. Энэ нөхцөл байдлын хувьд ҮНДСЭН ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬДАА НИЙЦЭЖ БАЙГАА эсэх дээр хуралдаж шийдвэр гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Үндсэн хууль болон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар шийдвэр гаргах ямар нэгэн зохицуулалт байхгүй тул энэ удаагийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Ер нь логикийн хувьд ч байж боломгүй тохиолдол болчхоод байгаа юм. Цэц ажлаа мэдэхгүй байгаа мэт дүр зураг нийгэмд харагдаж байна.

МУ-ын Үндсэн хуулийн 39-р зүйл нь МУ-ын Үндсэн хуулийг зөрчжээ гэдэг утгатай өргөдөл, хүсэлт гаргаж байгаа УИХ-ын гишүүд, мөн ийм утгатай шийдвэр гаргаж байгаа Цэцийн Их суудлын хуралдааны гишүүдийн хувьд ямар үзэл бодол, санаа, агуулгаар асуудлыг энэ түвшинд хүргэж байгааг ойлгохгүй байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өөрчлөх ёстой асуудал"

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Давхар дээл, дан дээлний асуудлыг цэгцэлсэн нь зөв

Зочин
Зочин

DEMJIJ BAIGAA

Зочин
Зочин

Цэцийн ийм тэнэг шийдвэрийг дэмжиж байгаа нөхдийг тэнэгүүд гэхгүй бол өөр хэнийг тэгэг гэх вэ? Ийм шийдвэр гаргасан цэцээс ичиж байна.

сонгогч
сонгогч

Цэцийн гишүүдийг огцруулах хэрэгтэй, Үндсэн хуулиар тоглож байна, гайтай

Холбоотой мэдээ

Back to top button