ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Хоёр Толгойн учрыг олох "таван толгой"

Аравдугаар сарын эхээр Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “2026 оны төсөвт тусгасан экспортын төлөвлөгөө эхний есөн сардаа 100% хангагдсан” хэмээн цатгалан муур шиг ярвайлттай хэлээд байсан. Гэтэл өдгөө "хараал хүрсэн" юм шиг Монгол Улсын нүүрсний 50 хувь, зэсийн баяжмал экспортолдог гол боомт Гашуунсухайтын экспорт 40-70 хувь хүртэл саатаад Канад дахь "Рио тинто"-г ч сандаргаж буй.

Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт саатсанд тэвдэж сандраагүй, санаа амар хүмүүс гэвэл манай сайд нар л байна. Оюутолгойн ногдол ашиг авна авахгүй, зарцуулна зарцуулахгүй гээд биднийг талцаж байх зуурт “Оюу Толгой” компанийн зэсийн баяжмалын экспорт хил дээрээ 15 хоног саатаж, одоогоор 300 гаруй сая ам.долларын орлого тасарсан тухайгаа тэд тал тал тийш мэдэгдэж. Ногдол ашгийн тухай ярихын тулд компани эхлээд ашигтай ажиллаж, санхүүгийн мөнгөн урсгал нь тогтвортой байх ёстой шүү дээ.

Хятадын талаас Ганцмод-Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоож, зэсийн баяжмалын экспорт ердийн үед хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрөв болтол буюу 70 хувиар бууруулчхаад байхад Монголын Засгийн газар ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй л сууж байна. 

Энэ талаар бид Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Зам тээврийн яам, АҮЭБЯ болон Хилийн боомтын захиргааныхнаас асуухад бүгд “Манайд хамаагүй асуудал, тэр яамнаас асуугаарай” хэмээн нэг нэгэн рүүгээ “чулуудаж”, бодитой хариулт өгөх эзэн холбогдогч алга. Монгол Улсын экспортын гол орлого нүүрс, зэсийн баяжмалаас төвлөрдөг тул борлуулалт буурч, эдийн засгийн хохирол дагуулж мэдэхээр нөхцөл үүсчхээд байхад холбогдох яамд, эрх бүхий агентлагууд одоо хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй, загас мэт дуугүй байгаа нь ямар учиртай юм. Монгол төрд эзэн байна уу, ингэхэд???

Сангийн сайд З.Мэндсайхан “Хятадын тал наймдугаар сард эхлүүлсэн боомтын засвар үйлчилгээний ажил арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Нүүрсний хувьд зөвхөн Гашуунсухайт боомтоор гарах экспорт л 40 хувь буурсан. Зэсийн хувьд оны эхний гүйцэтгэл сайн байгаа. Төлөвлөгөөгөөр бид 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортлох ёстой байсан. Харин есдүгээр сард экспорт 2.0 сая тонн хүрсэн учраас гүйцэтгэл давж биелсэн” гэдэг арга ядсан тайлбар хэлж байна. Наймдугаар сараас хойш нүүрсний экспорт буурсныг мэдсэн хэрнээ дорвитой хариу арга хэмжээ авч чадаагүй байтал нь нэмээд зэсийн экспорт 70 хувиар буурчихлаа.

ГХЯ: БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын холбогдох байгууллагуудад бид хандсан

Уржигдрын (2026.10.28) Засгийн газрын хуралдаанд нүүрс, зэсийн экспорт буурч, саатсан асуудлыг танилцуулж, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яам тэргүүтэй холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгсөн гэж байгаа ч өнөөдүүл нь ямар гарц шийдэл эрэлхийлж, юу хийж буйгаа мэдээлэх биш, арьсаа л хамгаалах. Энэ үед ачааны хүндийг үүрэх ёстой хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Тэрбээр Хятадын талтай ямар түвшинд яриа хэлэлцээ хийхээс монголчууд нүүрс, зэсээ үнэтэй байгаа дээр нь хэр ихийг экспортолж, валютын нөөцөө нэмж зузаатгах, эсвэл түүхэн дээд амжилт тогтоосон гээд байгаа нөөцөө барах эсэх нь шалтгаалах болчихлоо.

Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Оюу Толгой” ХХК-ийн Зэсийн баяжмалын экспортын урсгал удааширсан тухай тус компанийн удирдлага энэ сарын 21-ний өдөр ГХЯ-нд хандсан. ГХЯ-ны холбогдох газар "Оюу Толгой" ХХК-тай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Хөх хот дахь Ерөнхий Консулын газраар дамжуулан БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын холбогдох байгууллагуудад хандаад байна” гэв.

Н.Учралын Засгийн газар аравдугаар сарын 8-нд мөн л Гашуунсухайтын орчим дахь зургаан уулзварын түгжрэлийг яаралтай арилгаж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүрэг сайд нартаа өгсөн ч одоогоор нэмэгдсэн юм алга.

2026 онд зэсийн баяжмалын экспортын орлого 7.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.1 тэрбумаар өссөн нь дэлхийн зах зээлийн өсөлтийг дагасан түр зуурын зол тохиол болохоос биш Монголын төрийн оновчтой бодлого, шийдвэрийн ач гавьяа биш. Тиймээс харин ч энүүхэн цонх үеийг ашиглаад авъя гэхийн оронд “Манайх болчихсоон” гээд бод идсэн боохой шиг хойш сууж хэрхэвч таарахгүй. 

Зэсийн үнэ өндөр байж орлогын төлөвлөгөө давсан ч төсвийн алдагдлыг нөхөж хүчрээгүйг санаарай

"Төлөвлөгөө давсан" нь зэсийн үнэ манайхны төсөөлсөн 9700 $/т-оос 14 000 ам.доллар давж, 40 орчим хувиар өндөр байсантай холбоотойг бүгд мэдэж байгаа. Гэтэл зэс ийм өндөр үнэтэй байхад ч Засгийн газрын төсвийн орлого төлөвлөснөөс ₮1.4 их наядаар дутаж, алдагдал нь ₮2.2 их наяд буюу 2026 онд батлагдсанаас 2 дахин их гарсан тухай өнгөрсөн долоодугаар сард хэлээд байгаагүй бил үү. 

“Чингис хаан” баялгийн сан нэгдэл ХХК-ийн захирал Б.Даваадалай нь “Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа учраас 2026 оны төсөвт төлөвлөсөн орлого, татвар, хураамж тасалдаж эрсдэл үүсэхгүй. Харин энэ хязгаарлалт цаашид үргэлжилбэл 2027 онд орлого тасрах эрсдэл үүсэж мэднэ. Оюутолгой компанийнхан Хятадын талтай өөрсдөө яриа хэлэлцээ хийж байгаа юм байна” гэх тайлбар өгсөн нь туйлын мэдрэмжгүй бөгөө хачирхалтай хариулт. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нь үүлэн чөлөөний нар шиг түр зуурын боломж, байнгын энэ хэвээрээ байх тогтмол баталгаатай үнэ биш атал ийм тайлбараар аргацаагаад байлгүй “Чингис хаан” баялгийн сан нэгдлийнхэн арга саам сүвэгчлэх л учиртай байгууллагын нэг нь шүү дээ. 

Өдөр тутмын үйлдвэрлэл нь хэвийн яваад байхад экспорт нь 70 хувиар буурч, 15 хоног хуримтлагдсан нөөцөө хэрхэх билээ гэдэг асуудалд ээрэгдсэн “Оюу Толгой” болон “Рио тинто” групп ч урд хөрштэй боломжит шугамаараа  давхар яриа хэлэлцээ хийж, зэсийн баяжмалын экспортыг хэвийн болгох тал дээр идэвхийлж ажиллах үүрэг "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхэд ч мөн ногдож буй.   

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Сард 3 сая тонн нүүрс экспортолж байсан бол сүүлийн гурван сар багассаар одоо сарын дундаж хэмжээ 1.9 сая тонн болсон. Экспортын хэмжээ буурсан шалтгаан нь Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай уялдуулан Хятадын тал хилийн татан авалтыг багасгасантай холбоотой” хэмээн асуудлыг өөрөөсөө холдуулаад байлгүй шийдэх боломжтой эрх бүхий албан тушаалтнуудад зоригтойгоор шаардлагаа тавьж, үгээ хэлж, шахах ёстой. Монгол Улс одоогоор 90 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд он дуустал нэмж 10 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьсандаа хүрэхийн тулд илүү л хичээмээр.

"Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрч түүхэн амжилт үзүүлсэн бөгөөд оны төгсгөл рүү 10 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсан" хэмээн сайд нар ам уралдан ярьж байсан шүлс нь хатаж амжаагүй байтал том сорилт гараад ирлээ. Ирэх онд Монгол Улс төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг 10.9 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 9.5 орчим хувийг бүрдүүлнэ гэж тооцсоны цаана өнөөх л нүүрс, зэсий экспорт жин дарж буй.

Тэгэхээр Н.Учралын Засгийн газар ойрын үед Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, зэс, нүүрсний экспортын хил нэвтрэлтийг нэн яаралтай хэвийн болгоход анхаарч таарна. Үүнд хүссэн ч хүсээгүй ч дээрх таван толгой чиглэл чиглэлээрээ хэрхэн ажиллаж, зөвшилцөх холбоосыг яаж хийхээс олон зүйл шалтгаална даа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button