ДЭЛХИЙНИЙГЭМ

Арьс, махтайгаа “занданшсан” үлэг гүрвэлийн бүтэн олдворыг үзмэрт тавьжээ

110 сая жилийн өмнөх үлэг гүрвэл гадуурх хуяг, тэр ч бүү хэл гэдэс дотор, махтайгаа олдсон нь олны төдийгүй эрдэмтдийн анхаарлыг гойд татсаар. Нодозавр хэмээх шинэ төрлийн эл үлэмж биет, өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн амьдын жин 3000 фунт буюу 1500 кг. Тэгвэл бүтнээрээ шахам үлдсэн эл үлэг гүрвэл 1250 кг орчим жин татаж байна.

Эрдэмтэд үүнийг хамгийн сайн хадгалагдсан үлэг гүрвэлийн олдвор гэж үзэж байгаа юм. Учир нь 110 сая жилийн дараа арьс, дуулга нь ясаа бүрхэн, гэдэс дотор, мах нь хэвээр байгаа гэнэ.

“Занданшсан үлэг гүрвэл”-ийг 2011 онд газрын тос олборлолтын нэгэн ажилтан олж, эрдэмтдэд хүлээлгэн өгчээ.

Ийм олон жилийн хугацаанд яаж ингэж бүтнээрээ шахам хадгалагдан, тэгээд бүр гэдэс дотор, гадуурх хуягтайгаа чулуужсаныг нь эрдэмтэд тайлж ядаж байгаа юм. “Үлэг гүрвэлийн мумми” гэгдэж буй тус олдворын нууцыг тайлах гэж эрдэмтэд зургаан жилийн турш 7000 цаг судалжээ.

“Үлэг гүрвэлийн мумми” яаж ингэж хөндөгдөөгүй, бүтнээрээ шахам олдсон нь өнөө ч нууцлаг хэвээр. Үерийн усаар далайн гүнд хаягдан, далайн олон давхар эрдэс, бодисын нөлөөгөөр ингэж хадгалагдсан байх гэж таамаглаж буй эрдэмтэн цөөнгүй.

Канадын Альберта дахь “Royal Tyrrell” музейд эл үлэг гүрвэлийн олдворыг хадгалж байсан юм.

Тус музейн судлаач Калеб Браун “Бидэнд зөвхөн араг яс бус бүтэн үлэг гүрвэл байгаа” гэж “National Geographic”-т ярьжээ.

“Занданшуулсан” үлэг гүрвэл хэдийгээр маш сайн хадгалагдсан ч эрдэмтэд өнөөгийн хэв маягт нь оруулахын тулд уйгагүй, цөхрөлтгүй ажиллажээ.  Тус олдворыг “Royal Tyrrell” музейн үзмэрт тавьж, олны хүртээл болгосон юм.

Б.БУЯНДАЛАЙ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close