ЭДИЙН ЗАСАГ

Азийн хөгжлийн банкны 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээг баталлаа

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурав.

Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид оролцлоо.

“Далайд гарцгүй орны хувьд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нилээдгүй хувийг гадаад худалдааны орлого бүрдүүлдэг. Худалдаа эрхлэх ажиллагааг илүү ил тод, хялбар болгож, дэд бүтцийг өргөжүүлэх нь Монгол улсын худалдаа болон тээврийн салбарын хөгжилд нэн чухал” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Нийгмийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох нь АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулах боломж бүрдэх юм” хэмээн тэмдэглэв.

Одоо хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн үргэлжлэл болгон олгож буй 27 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт, Увс аймаг дахь Боршоо боомтуудыг шинэчлэн сайжруулах юм. 

Одоо хэрэгжиж буй төслөөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг болон Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж байна.

Мөн түүнчлэн одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж буй Гаалийн Автоматжуулсан Мэдээллийн Системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийг шинээр сонгогдсон хоёр боомтод нэвтрүүлнэ.Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн нэмэлт санхүүжилт болох 60 сая ам.долларын төслөөр Дархан – Алтанбулаг чиглэлийн 118 километр авто зам, Хүйтний хөндий - Арвайхээр чиглэлийн 58 километр авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, Улаанбаатар - Дархан чиглэлийн 204 километр авто замын засвар, шинэчлэлтийг хийж дуусгах юм.

Мөн авто замд гүйцэж түрүүлэх эгнээ байгуулах, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбаруудыг байршуулах зэргээр авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна. Түүнчлэн, удахгүй байгуулагдах Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор хүрэх авто замын урьдчилсан судалгааг төслийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4" төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажлыг гүйцэтгэж дуусгахад 16 сая ам.долларын нэмэлт санхүүжилт зориулагдана. Энэхүү дүүргийн эмнэлэг нь эрүүл мэндийн цогц, чанартай үйлчилгээг дүүргийн иргэдэд үзүүлэхээс гадна бусад дүүргүүдэд жишиг эмнэлэг болж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын ажил төлөвлөгөөны дагуу ирэх оны 1 дүгээр улиралд дуусна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна.

2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

ЭХ СУРВАЛЖ: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-10-09 10:59

ОУВС,АХБ нийлж монголчуудыг ахар богино хугацаанд Африк Венесуэлийн араас тавиад туучихлаа

Холбоотой мэдээ

Back to top button