ЭДИЙН ЗАСАГ

Монгол дахь нүүрсний метан хий хайгуулын төслүүд “хөдөлж” эхэллээ

Австралид төвтэй “Elixir Energy” компани цар тахлын улмаас багагүй хугацаанд завсарласны эцэст нүүрсний метан хийн хайгуулын ажлаа үргэлжлүүлж эхэлжээ.

Тус компани Өмнөговь аймагт орших Номгон VIII, Номгон IX талбайдаа “Major Drilling Group”-тай хамтран өрөмдлөг хийж эхэлсэн талаар гүйцэтгэх захирал Нейл Янг мэдээлсэн байна.

Нэг цооног нь 600 орчим метр гүнтэй, сар хүрэхгүй хугацаанд өрөмдөж дуусгана. Ажил цаашдаа үргэлжлээд жилийн дараа гэхэд зорилгоо биелүүлчих найдлагатай гэсэн өөдрөг төсөөллийг Нейл Янг илэрхийлжээ.

Нүүрсний метан хий нь байгалийн хийг бодвол байгаа газар нь тодорхой /нүүрсний ордууд/ хайгуулын өртөг зардал хямд зэрэг давуу талтай тул улс орнууд энэ талын судалгаагаа эрчимжүүлж буй. Олчихвол ач холбогдол нь байгалийн хийтэй ижил, олдсон улс орныхоо эдийн засагт ач холбогдлоо өгдөг байна.

Жишээ нь, нүүрсний ихээхэн нөөцтэй гэдгээрээ манайхтай төстэй Австрали улс нүүрсний метан хийн ихээхэн нөөцтэй. Сиднейн бассейны метан хийн нөөцийг 145 тэрбум шоо метр, Гүннеда бассейны нөөцийг 150 тэрбум шоо метр, Клэрэнс-Морэтор бассейны нөөцийг 215 тэрбум шоо метр орчим гэж тус тус тогтоож байжээ.

Манай улсын хувьд, Таван толгой зэрэг нүүрсний томоохон ордууд дээрээ энэ чиглэлийн судалгааг явуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Нүүрсний метан хий олборлоход байгаль орчинд хор хөнөөл байхгүй. Илчлэг өндөртэй, тухайлбал, Тавантолгойн нүүрс 5500-6000 ккал байхад метан хий 8000 ккал илчлэгтэй. 1 метр/куб метан хийгээр 3,3кВт эрчим хүч үйлдвэрлэдэг байна.

Эдийн засгийн чухал ач холбогдолтой нүүрсний метан хий Монголд байгаа нь зайлшгүй, тиймээс олж илрүүлэх ажил ийнхүү урагштай явж байгаа нь сайн мэдээ юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд метан хийн хайгуул хийж буй "TMK Energy” компани өнгөрсөн сард хайгуулын ажлын явцын үр дүнгээ танилцуулсан юм.

Танилцуулгад, судалгааны дүнд нүүрсний давхаргуудын усанд ханасан байдал маш өндөр байгааг тогтоосон, ингэснээр усыг соруулж, хийг олборлоход илүү дөхөм болохоос гадна нийт олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой" хэмээн онцолсон байсан бөгөөд Гүйцэтгэх захирал "Brendan Stats” "Хайгуулын ажлын үр дүн хүлээлтээс нь давсаар байна" гэж мэдэгдсэн юм. Энэ компани хайгуулын ажлын эхний үе шатаа мөн энэ оныдоо багтааж дуусгах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button