ДЭЛХИЙТехнологи

Хүн төрөлхтний нисдэг машин бүтээх оролдлого, бүтэлгүйтлүүд

“Нисдэг машин удахгүй бүтээгдэх болно. Таны инээд хүрч байж ч магадгүй, гэхдээ л энэ цаг тун удахгүй”

Хенри Форд (1940)

Одоогоос 80 гаруй жилийн өмнө алдарт Хенри Форд дээрх үгийг хэлжээ. Түүний хэлсэн энэ үг, ялангуяа “Тун удахгүй” гэсэн тодорхойлолт зохион бүтээгч, автомашин сонирхогчдод итгэл, найдвар төрүүлсээр өдийг хүрэв. Гэвч өнөөдрийг хүртэл нисдэг машин “бүтээгдээгүй” хэвээр л байна.

Өнгөрсөн жилүүдэд нисдэг машин бүтээх цөөнгүй оролдлого гарсан, зарим нь бүтээж ч чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч тэдгээр нь аюулгүй байдлын хувьд олноор нь үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх хэмжээнд хүрээгүй, бас машин гэхээсээ илүү онгоцтой адилхан болчхоод байсан нь үнэн юм.

Шинжлэх ухаан, технологийн хөгжил авто машин үйлдвэрлэлийн салбарт нэвтрэхийн хэрээр үйлдвэрлэгчид шинэ, шинэ ололтууд шингээсэн бүтээлүүдээрээ хэрэглэгчдийг гайхшируулсаар буй. Гэхдээ автомашин сонирхогч, хэрэглэгчдийн дунд “Нисдэг машин хэзээ бүтээгдэх вэ” гэсэн “мөнхийн” гэмээр нэг асуулт хамгийн их байдаг бөгөөд энэ хүслийг биелүүлсэн компани цаашдаа автомашины зах зээлд бүрэн ноёрхох боломжтой.

Eguur.mn уншигч та бүхэндээ нисдэг машин бүтээх оролдлогуудын талаар мэдээллийг хүргэж байна.

CONVAIR MODEL 116/118 & AIRPHIBIAN 

Хенри Фордыг дээрх үгээ хэлж дуусав уу үгүй юу, АНУ-ын “Convair” компанийн зохион бүтээгчид яаравчлан ажилдаа орж, зургаахан жилийн дотор нисдэг машин бүтээгээд орхисон. Гэвч нисдэг машин гэхээсээ илүү “Машин дээр онгоц ачсан” эсвэл “Онгоцны доор машин наасан” гэж андуурахаар болжээ.

1946 оны долоодугаар сарын 12-нд, монголчууд Үндэсний баяр наадмаа тэмдэглэж ахуйд АНУ-д “Convair 116” гэж нэрлэгдсэн хамгийн анхны нисдэг машины туршилт амжилттай явагдаж байв. “Convair 116” агаарт нэг цаг орчим нисэхдээ 72 км зам туулж, таван литр шатахуун зарцуулсан байна. Амжилтдаа урамшсан тэд илүү сайжруулсан “Convair 118” загварыг гаргасан ч туршилтын үеэр сүйрч, хөрөнгө оруулагчдынх нь итгэл алдарснаар энэ төсөл зогсжээ.

“SAMSON MOTORS”, “SAMSON SWICHTABLE”

АНУ-ын старт ап компани “Samson Motors” спорт загвартай, “Switchblade” хэмээх нисдэг машины загвараа туршжээ. Туршилтаар уг загвар 141.5 км/цаг хурдалсан гэнэ. Уг загвар эвхэгддэг далавчтай бөгөөд үүнийгээ ашиглан хөөрдөг бололтой.

Тус компанийнхан өөрсдөө энэ машинаа “Дэлхийн анхны спорт загварын нисдэг машин” хэмээн заль гаргасан. Үнэндээ спорт загварын гэдгээрээ л биш бол тэднээс өмнө олон компани нисдэг загвар дээр ажилласан байдаг.

MOLLER

Роберт Земекисийн “Ирээдүй рүү рүү буцсан нь” кинонд доктор Браун “Бидний очих тэр газарт зам хэрэггүй” гэж хэлдэг. Тэр үгийг бодит болгохоор Пол Мюллер гэгч зохион бүтээгч зориглож, 1989 онд “M200X” гэж нэрлэсэн нисдэг аппаратыг зохион бүтээсэн юм.

Таваг хэлбэрийг уг аппарат газраас гурван метрийн өндөрт хөөрч, нэг цэнэглэлтээр 1000 км зам туулах чадалтай агуу эд байсан ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй л байна.

MOLLER M200X - 1999 MOLLER FLYING CAR : M400 SKYCAR - 1999

Пол Мюллер сүүлд хятадуудтай хамтарч “Skycar” нэрээр хэд, хэдэн нисдэг төхөөрөмж зохион бүтээсэн ч бүгд туршилтын шатаа даваагүй байгаа юм. Пол Мюллер эхэндээ хугацаа заан мэдэгдэл хийж, хүмүүс ч ихэд итгэн хүлээдэг байсан бол одоо ингэхээ больжээ. Гэсэн ч Пол мөрөөдлөө одоо ч орхиогүй, 13 тэрбум ам.доллартой байхад хийчихнэ хэмээн хөрөнгө оруулагчдыг ятгасаар яваа.

TERRAFUGIA  

Нисдэг машин бүтээх ажилд америкчууд бусдаас илүү хөрөнгө хүч зарцуулж ирснийг та анзаарсан биз ээ. Тэдгээрээс хамгийн амжилттай яваа нь “Terrafugia” компани. Тэд эвхэгддэг далавчтай “Transition” загвараа 2006 онд гаргасан юм. Газраар 110 км/ц, агаарт 185 км/ц хурдалдаг энэ эд гэхдээ хөөрөхийн тулд 800 метр гүйлт хийдэг дутагдалтай байсан.

Үүнийгээ засаж, далавчны оронд сэнс байрлуулсан “TF-X” хэмээх өөр нэг загварыг 2014 онд амжилттай туршин үнэ ханшаа хүртэл (279 000 $) тогтоосон ч аль, аль нь одоо болтол худалдаанд гаргаагүй байна.

Компанийнхан эхлээд 2013 онд гэсэн, дараа нь 2015 онд гэсэн. Тэрнээс хойш тодорхой цаг хугацаа хэлэхээ больсон ч судалгаа туршилтаа үргэлжлүүлсээр байгаа юм.

AEROMOBIL

Нисдэг машин үйлдвэрлэх өрсөлдөөнд нэлээд дээгүүр давхиж байгаа компани бол Словакийн “Aeromobil” юм.

Тус компанийн бүтээсэн “AeroMobil 3.0” загвар 2017 онд худалдаанд гарахаар хүлээгдэж байсан ч өнгөрсөн тавдугаар сард туршилтын үеэр сүйрснээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ бол хамгийн ойрын үед худалдаанд гарах ёстой нисдэг машин байсан билээ.

Дашрамд сонирхуулахад, жолооч бүр нисдэг машин унаж үзэхийг хүсдэг ч яг хэзээ вэ гэдэг дээр итгэл тийм ч сайн биш байдаг нь санал асуулгаар тогтоогджээ.

2017 онд явагдсан нэгэн санал асуулгад оролцогчдын дөрөвхөн хувь нь л 2020 он гэхэд нисдэг машин худалдаанд гарна гэдэгт итгэж байсан бол 22 хувь нь 2050 онд мөрөөдөл нь биелнэ хэмээн хүлээж байжээ. 13 хувь нь 2100 он гэсэн хувилбарыг сонгосон бол 3783 хүн буюу санал асуулгад оролцогсдын 61 хувь нь “Ангараг дээр төмс тарих нь илүү амар” гэсэн өөдрөг бус хариулт өгчээ.

Нисдэг машин бүтээх тал дээр америкчууд илүү хүчин чармайлт гаргадаг гэж дээр өгүүлсэн. АНУ-ын холбогдох хууль тогтоомжид газрын гадаргаас дээш гурван метрт хөөрдөг бол “нисдэг төхөөрөмж” буюу онгоц гэж тооцно гэж заасан байдаг аж. Пол Мюллер нисдэг тавгаа машин гэж тооцуулахын тулд "газраас гуравхан метр өндөрт хөөрдөг" гэж тодорхойлсон нь чухам энэ заалтаас болсон хэрэг.

Мөн “Terrafugia Transition”-ыг гарсны дараа АНУ-ын Иргэний нисэхийг удирдах холбооны газар (FAA), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний агентлаг (NHTSA)-ийн хооронд маргаан дэгдэж, олноор нь үйлдвэрлэх эрхээ аваагүй байгаа учраас түр орхисон түүхтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 11:09

Oroldlogo hiij bga ni ng l odor amjiltand hurgene dee

Зочин
Зочин
2022-11-18 11:10

Техник технологи их хөгжиж байгаа үед нэг л өдөо бүтнэ дээ

Зочин
Зочин
2022-11-18 11:10

Neeh saihn nartai odor nisdeg mashintai boloh l blgvi

Холбоотой мэдээ

Back to top button