Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: СЭМҮТ-ийн поликлиникийн тасаг сэтгэл гутралд орсон хүмүүсээр дүүрчээ

Сүүлийн жилүүдэд сэтгэл гутралын эмгэг, хам шинжтэй иргэдийн тоо эрс нэмэгджээ. Эдгээр иргэд сэтгэл зүйн асуудлаа шийдэхийн тулд СЭМҮТ-ийн поликлиникийн тасагт ихээр үйлчлүүлж байна.

СЭМҮТ гэхээр сэтгэцийн хувьд эрүүл бус хүмүүсийг хэвтүүлэн, эмчилдэг гэх ойлголт бий. Харин энд бидний мэдэхгүй олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг хийдэг.

Хөл гишгэх зайгүй сэтгэл зүйчдийн хэсэг

Манай сурвалжлах багийг очиход тус эмнэлгийн Поликлиникийн тасаг, тэр дундаа сэтгэл зүйчдийн хэсэг нь хөл гишгэх зайгүй олон хүнтэй байв. Тэнд найман настай хүүхдээс авхуулаад, наян настай буурай хүртэл сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн байлаа. Тус эмнэлэгт энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг зургаан эмч байдаг бөгөөд нэг эмч өдөрт 25-60 хүн хүлээж авдаг. Ингээд тооцоод үзэхээр сэтгэл зүйн асуудалтай 150-300 хүн өдөр бүр үйлчлүүлж байна гэсэн үг. 

Эхний өдөр бид Поликлиникийн эмч П.Энхчимэгтэй уулзаж мэдээлэл авахаар очсон боловч шил шилээ даран хүлээсэн олон үйлчлүүлэгчтэй байв.

Түүнийг хүлээх зуур хорь гаран насны л болов уу нэг эмэгтэй надаас дөрвөн ч удаа тамхи асуугаад амжив. Мөн түүнээс гадна 60 гаруй иргэн дотор дуугаа хураасан, ямар нэг юм ширтэж суусан, хэрүүл маргаанаасаа болоод эмчид хандахаар ирсэн хосууд гэх мэт олон хүн байв.

Бид сэтгэл зүйч биш учраас тэдэнтэй ярилцахаас зайлсхийв. Гэхдээ зарим нэг энгийн зүйлсийг асуусан юм. 

Иргэн Б.Д гуайн хувьд 80 настай бөгөөд коронавирусийн хөл хорионы үед  хань нь өнгөрч, улмаар сэтгэл гутралд орсон байна. Мөн түүнээс гадна гэртээ ганцаараа байсан нь хүнд нөхцөл байдалд оруулж хүүхдүүд нь зөвлөгөө авч эмчилгээнд оруулжээ. Одоогоор сэтгэл гутралаасаа гарахад ойрхон байгаа гэдгээ бидэнд хэлж байсан юм.

Харин иргэн Г.М-ийн хувьд найз залуугаасаа салснаар хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон гэдгийг түүний ээж хэлж байлаа. Одоогоор хоол идэхгүй, хүнд байдалтай байгаа аж.

П.Энхчимэг: Өдөрт 150-300 хүн үйлчлүүлдгийн 25 хувь нь сэтгэл гутралын шалтгаантай байна

Харин удаах өдөр нь ажлын цаг эхлэхийн өмнө дээр дурдсан эмчтэй хэдэн хором уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Танай тасаг их ачаалалтай байдаг юм байна? 

-Өдөрт 150-300 хүн үйлчлүүлж байна. Түүний 25 хувь нь сэтгэл гутрал гэдэг эмгэгтэй болж таарч байна. Цаашдаа ч нэмэгдэх бололтой. Уг нь сарын эхээр үзүүлэх хүн олон болоод сарын сүүлээр багасдаг юм. Гэтэл одоо ялгаагүй болж эхэлж байна.

-Ихэвчлэн хэдэн насны хүмүүс сэтгэл гутралд орж байна? 

-Бүх насны хүмүүс ирнэ шүү дээ. Харин сүүлийн үед залуучууд их ирэх болоод байгаа. Нийгмийн бухимдал, ажилгүйдэл стрессээсээ болдог байх. Мөн зарим нь ажлаа байнга бодсоор байгаад сэтгэл гутралд орсон хүн ч байна. Амьдралд нь ямар нэг үхэл, гарз тохиоход даван туулах явц нь удааширснаас болж сэтгэцийн эмгэгтэй болж байгаа хүн ирж байна. Өсвөр насны хүүхдүүд цахим орчноос дарамт мэдрэх зэргээс болоод сэтгэл гутралд ордог.

-Та залуучууд сэтгэл гутралд орох нэмэгдэж байна гэж онцоллоо?

-Тийм. Хос залуус их ирэх боллоо. Нэг нэгнээ ойлгохгүй байдлаас болж нэгнээ дарамтад оруулж, улмаар эмэгтэйчүүд нь сэтгэл гутрал, нойргүйдэлтэй болж ирэх болсон. Зарим нь амиа хорлох бодол төртлөө сэтгэл гутрал нь гүнзгийрсэн байх жишээтэй. 

Дээрээс нь ихэнх хүмүүс цахим орчноос болсон болоогүй зүйл олж уншчихаад өөрийгөө сэтгэл гутралтай гэж үзэн, улмаар жинхнээсээ сэтгэл гутралтай болж байна. Тиймээс түр зуурын сэтгэл гутрал, сэтгэл гутралын эмгэг гэдгээ ялгаж ойлгох чухал байна. Сэтгэлээр унах нь олон хоног үргэлжилж ажил амьдралд чинь нөлөөлөөд ирэх юм бол эмчид хандах нь зүйтэй.

Биднийг хэдхэн хором ярилцах хооронд ажлын цаг нь эхэлж үйлчлүүлэгч иргэдийн дараалал нэмэгдлээ.

Сэтгэл гутрал гэж юу вэ буюу сэтгэл зүйч Я.Батхүүгийн ярилцлага


Харин бид тус эмнэлгээс гараад сэтгэл гутралд орсон хүнд ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн даван туулж болохоос гадна ямар гарц шийдэл байж болох талаар сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа. 

-Сэтэл гутралд ороход ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ. Энэ нь аль ч насанд тохиолдож болох уу?

-Сэтгэл гутралд хүмүүс эмзэг дорой, сэтгэлийн хатгүйгээс болж өртдөггүй. Сэтгэл гутрал гэдэг нь яг л бие махбодын өвчний нэгэн адил хэлж бус хийсэж ирдэг өвчин юм.

Түүнчлэн сэтгэл гутрал хүмүүст харилцан адилгүй илэрдэг. Зарим хүний хувьд маш хүчтэй илэрч, өдөр тутмын хэвийн амьдралыг нь алдагдуулдаг бол зарим нь хэдэн сар жилээр чимээгүй шаналсаар явдаг. Хайртай дотнын хүний үхэл, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг амьдралын томоохон хүнд үйл явдлуудын дараа сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг хэдий ч зарим тохиолдолд ямар ч шалтгаангүйгээр сэтгэл гутралд орох нь ч бий.

Харин  аль ч насныханд тохиолддог. Өсвөр насныхны 10-20 орчим хувь нь дор хаяж нэг удаа хүчтэй сэтгэл гутралд өртсөн байдаг бөгөөд охидын тоо хөвгүүдийнхээс гурав дахин илүү байдаг.

-Сэтгэл гутралд орж буйгаа хэрхэн мэдэх вэ?

-АНУ-ын Сэтгэл судлалын холбооноос гаргадаг Сэтгэцийн эмгэг оношилгооны статистикийн гарын авлагад тусгаснаар, сэтгэл гутрал буюу “Depression disorder” нь 14 хоног ба түүнээс дээш хугацаанд дараах шинж тэмдгүүдийн дор хаяж тав, эсвэл бүр бүгд илрэхийг хэлнэ.

Үүнийг энгийн жишээгээр, өөрийн туршлагад суурилан тайлбарлавал:

1. Онцын шалтгаангүйгээр цухалдах эсвэл сэтгэл хөдлөлгүй хоосон хүн болж, зүгээр суухад хүртэл нулимс гарч, уйлж ч мэднэ. Чухам юунаас болоод уурлаад байгаагаа, хэзээ эхэлснээ хүртэл мартаж орхидог. Эмэгтэйчүүд үүнийг сарын тэмдгийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлттэй холбож ойлгодог ч энэ бол огт өөр зүйл юм шүү. Харин эрчүүдийн хувьд тамхи татан санаа алдах нь ихсэж, гөлрөх нь олширно.

2. Ямар ч сонирхол, амьдралын идэвхгүй болох: Ойр ойрхон гар хумхин сууж, өнгөрсөн, ирээдүйн тухай бодож, үе үе хүчтэй санаа алдах болох. Энэ үед өөрийнхөө алдаагаар дүүрэн лабирантаар аялж байгаа мэт санагдана. Харамсалтай нь энэ үед одоо цаг байхгүй болсон байдаг. Нэг давхар байшинтай дүйцэхүйц асуудлууд болчихсон, өөрөө доор нь суугаад л телевизийн суваг солин, фэйсбүүк, инстаграм зэргээс ямар нэг зүйлийг эрнэ.

3. Хоолны дуршил муудаж, нэг бол хэт их идэж аль эсвэл хоолноос гарна. Мэдээж өлсөж үхнэ гэсэн үг биш. Хооллож байхдаа юу идэж буйгаа төдийлөн анхаарахгүй. Миний хувьд заримдаа идэхээ бүр мартчихсан мэт гэнэт л унтахын өмнө идэж гардаг байв. Саяхан идсэн хэрнээ өлсгөлөн араатан шиг л дайрна. Гэхдээ дараа нь юунд ингэв дээ гэж заавал харамсахыг яана.

4. Нойрны хэмнэл өөрчлөгдөх: Өглөө сэрээд л өнөөх унтаа горимдоо орно. Зарим хүн хар үүрээр сэрчихдэг. Яг энэ байдлаараа улаан нүдэлсэн амьтан ажил дээрээ очдог.

5. Үйлдэл бүхэн өөрчлөгдөх: Бүр нэг хөдлөхөөс дургүй хүрч, өмнө ам уралдан ярьдаг байсан сонирхолтой сэдвийн талаар хэн нэгэн утгагүй юм ярьж байхад хүртэл зөв бурууг дэнслэх хүсэл төрөхгүй байхыг хэлнэ.

6. Ядаргаанд орох, эрч хүчээ алдах: Ядартлаа их ажиллаагүй атал эвшээлгэж, доод зовхи, шөрмөс татна. Гэвч та сайхан амрах тухай бодох бус мөнөөх л өнгөрсөн, ирээдүй цагийнхаа шаналгаанд автсаар байх болно.

7. Үнэ цэнэгүй, гэм буруутайгаар өөрийгөө мэдрэх: Гутрал “эго” буюу “би”-ийн алдагдлаас үүдэлтэй үзэгдэл юм. Хүн цаг үргэлж бусдаас өөрийгөө хайж байдаг. Харин тэр үнэ цэнтэй мэдрэмж буюу өөрийг тань тодорхойлох бусдын үг, үйлдэл, мэдрэмж, харилцааны илэрхийлэл тоогүй байх тусам улам бүр үл тоосон, үзэн ядсан шинжтэй мэт санагдаж эхэлнэ.

8. Анхаарал: Анхаарал байнга л өөр хаа нэгтээ байна. Толинд хараад зогсож байхдаа, ер нь хаа ч явсан өнөөх асуудлаа бодно. Бодолдоо автаад хийж байгаа зүйлээ, яах гэж хийж буйгаа ч мартах нь түгээмэл болдог.

-Сэтгэл гутралд орсон бол ямар зүйлд анхаарлаа хандуулж, хэрхэн эмчлэх вэ?

Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл тархсан, хүндэрвэл ноцтой хор уршиг дагуулдаг эмгэг. Сэтгэл гутрал нь хувь хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлөх ба удаан үргэлжилбэл хөдөлмөрийн чадамжийг бууруулах өндөр эрсдэлтэй. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 15-65 насны нийт хүн амын 6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байсан байна.

Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй удах үед бие махбод өвдөх, сэтгэл санаа хямрах, дархлаа унах зэргээр олон өвчний суурь тавигддаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс тэр бүр нээлттэй ярилцаад байдаггүй бөгөөд асуудал бүхнийг хуримтлуулсаар нэг л өдөр маш том асуудал болж хувирдаг. Магадгүй та эрэгтэй хүнийг уйлж болохгүй, хатуу чанга бай гэсэн уламжлалт үг хэллэгийг өмнө нь олон сонссон байх. Гэхдээ хүн л юм чинь сэтгэл хөдлөлөө уйлж илэрхийлэх эрх хэн бүхэнд бий. Тиймээс та уйлмаар санагдвал хэн ч танд саад болохооргүй газар очиж, сэтгэлээ онгойтол уйлаарай. Бас идэвхтэй хөдөлгөөн хийх нь таны стрессийг бууруулж, сэтгэл санаа өөдрөг байхад сайнаар нөлөөлнө.

Эрэгтэй хүмүүс багаасаа л уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой, эр хүн шиг бай гэх мэт үгсийг сонсож өссөнөөс болж өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө тэр бүр гадагш нь илэрхийлээд байдаггүй. Үүнээсээ болоод маш их бухимдал, сэтгэл гутрал, гомдол, хэцүү бүхнээ дотроо тээж явдаг.  

Гэтэл сэтгэл гутрал гэдэг зүйл хэзээ ч аяандаа зүгээр болдоггүй.  Өөрт төрж буй таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж, тайвшрахгүй явах нь тухайн хүний бүхий л хэсэгт сөргөөр нөлөөлдөг.

Өөрт ямар нэг асуудал тохиолдоод байгааг анзаарсан бол та бусадтай, ялангуяа мэргэжлийн хүнд хандаж, асуудлаа хуваалцах нь хамгийн зөв юм. 

Мөн асуудлаа бусадтай хуваалцдаг байх хэрэгтэй. Асуудлаа дотроо удаан тээгээд хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Ганцаараа удаан тээлээ гээд та хүчтэй мундаг гэсэн үг биш ээ. Ярилцах буюу сэтгэлээ хуваалцах нь хамгийн үр дүнтэй арга юм. 

Өөрийгөө буюу үйлдэл, бодлоо маш сайн анзаардаг байгаарай. Яг ямар үед та уурладаг, уурлахаараа яадаг, ямар үйлдэл хийдэг гэх мэт. Тэр үйлдлийг хийчихээр ямар мэдрэмж төрдөг, хийхгүй байхаар яадаг зэргээ сайн бичиж, тэмдэглэж байгаарай. 

Асуудалдаа цаг гарга, асуудлаа эхлээд хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй удах үед бие махбод өвдөж эхэлдэг тул хэцүү байвал дотроо онгойтол чангаар уйлахыг, идэвхитэй хөдөлгөөн хийж дотор хуримтлагдсан сөрөг энергийг биеэсээ гадагшлуулахыг зөвлөж байна.

-Сэтгэл гутралд орж, амиа хорлох бодол төрдөг талаар?

-Хэдийгээр сэтгэл гутрал нь уйтгар гунигийн шинжтэй юм шиг харагддаг ч, сэтгэл гутрал болон уйтгар гуниг нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Гуниглал бол хүнд байх, зовлон шаналалд үзүүлэх төрөлхийн хариу үйлдэл ба хүн бүр асуудалтай үедээ гунигийг түр мэдрээд өнгөрдөг. Харин сэтгэл гутрал нь зүгээр нэг таагүй сэтгэгдлээс илүүтэйгээр олон шинж чанарыг агуулсан долоо хоног, бүр хэдэн сар жилээр ч үргэлжилдэг өвчлөл юм. Гуниглах үед хүнд, хэцүү мэдрэмж төрдөг ч цааш амьдарсаар л байдаг бол сэтгэл гутралд орсон хүн яахаа мэдэхээ байж, итгэл найдваргүй болж, амиа хорлох хүртэл үйлдлийг хийдэг байна.

Хамгийн харамсалтай нь үхлийн тухай бодол төрж амиа хорлох үйлдэл хийхэд хүргэдэг. Хүн хэзээ ч одоо үхье гээд үхчихдэггүй. Хүрээлэл нь тухайн хүнд таагүй мэдрэмжийг хэдэн зуу, магадгүй хэдэн мянган удаа өгнө. Олон бодол дундаас нэг нь үйлдэл болж хэрэгждэг. Тэр нь амиа егүүтгэл.

Энэхүү эмгэгийн хамгийн хүнд, харамсалтай үр дагавар нь амиа хорлох явдал юм. Дэлхий нийтэд сэтгэл гутрах эмгэгтэй гурван зуун сая хүн байдаг бөгөөд үүнээс жил бүр 800,000 орчим хүн амиа хорлож, 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэх оролдлого хийдэг байна. Дэлхийн 17 улсад явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүний нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тодорхойлогдсон байдаг. Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд хийсэн судалгаагаар Монгол улс сэтгэл гутрах эмгэгийн өвчлөлөөр, Австрали, Шинэ Зеландын дараа гуравдугаарт 183 орноос 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшингээрээ Шри Ланка, Гайанагийн дараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Эцэст нь сэтгэл судлаачдын хэлсэнчлэн “Хавдраар өвчилсөн хүнийг гарч яваад эдгээд ир” гэж хэлдэггүй. "Хэрэв таны эргэн тойрны хэн нэгэн таныг утгагүй зүйлээр шаналж байна хэмээн үл тоож, ам мэдэн зэмлэхээсээ өмнө тэврээд “Бүх зүйл сайхан болно. Би дэргэд чинь байгаа шүү” гэж хэлээд үзээрэй. Хийхэд хэцүү биш энэ үйлдэл хэн нэгний амь насыг аварч мэдэх юм. Гутралаас гарах хүчийг зөвхөн хүн л хайрладаг гэдгийг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 09:21

Сэтгэл санаа унаад бвл хар шоколад банана идэж бгаарай,серотонин эндорфин даавар ялгаруулахад нэмэртэй ер нь мэдээд авахад илүүдэхгүй байхаа ????

Зочин
Зочин
2022-09-26 09:21

Хүн болгон амьдр�##�ынхаа �##�ь нэг үедээ сэтгэл гутр�##�д өртдөг санагдсан

Зочин
Зочин
2022-09-26 09:22

Зарим Эрчүүдээ өөрсдөдөө жоохон анхаардаг баймаар юм.Эмэгтэй хүн өөрсдийнхөн төлөө гээд үг хэлэхээр үглээ авгай гэхээс өөр юм байхгүй...Хааяа дэндүү ухаан муутай санагддаг шүү!!!!

Зочин
Зочин
2022-09-26 09:22

Икигай гээд ном уншаарай. Япончуудын урт насл�##�тын тухай ном байгаа. Номонд хүмүүс �##�ь болох олон нийт, нийгэмтэйгээ тогтмол харилцаж байсанаар сэтгэл санаа сайхан, урт нас�##�ж байгааг дурьдсан байдаг. Хосын харилцаанд ч тэр, зөв хүнээ олоод хань ижилтэйгээ сэтгэлийн жарг�##� зовлонгоо хува�##�цах тусам аз жарг�##�тай байдаг. Ганцаараа байх нь болоод байна, жарг�##�тай байна гэж бодож байгаа ч цаагуураа хүн л болсон хойно ганцаардаж сэтгэл гутр�##�д орсон байдаг.

Зочин
Зочин
2022-09-26 09:23

Argagui bailguidee erchuud dendvv dotogshoogoo bdg ym shig sanagddag.

Зочин
Зочин
2022-09-26 09:23

Eregtei emegtei geltgui mongold 2hvnii 1n Setgel gutraltai bn gesen sudalgaa bn mash ayultai. Uursdin setgel zvigee anzaardag hetsvv ved hurdhan garch chaddag bh heregtei.Bvvr bolohgui bolohgui setgel zasalch Emch gj bdg tiim hvn deer ochdog bh heregtei....

Зочин
Зочин
2022-09-26 09:25

yr ni manai mongolchuud setgel zuich gdeg zuiliig mededguin haeamsaltai

Зочин
Зочин
2022-09-26 10:33

Bidnii amidarch bui orchin niigemees bas ih bolj bgaa mash ih buhimdah ih baidag

Зочин
Зочин
2022-09-26 10:34

Өөр өөртөө л хайртай байхгүй бол хэцүү хэцүү

Зочин
Зочин
2022-09-26 15:56

СЭМҮТ-д хөл гишгэх зайгүй сэтгэл зүйчдийн хэсэг гэж байхгүй. Хэсэг битгий хэл сэтгэл зүйчийн орон тоо байхгүй! Эх сурв�##�жаа сайн нягт�##�на уу

Холбоотой мэдээ

Back to top button