ДЭЛХИЙ

Италид "пост фашист" нам 100 жилийн дараа Засгийн эрхэнд гарлаа

Өчигдөр болсон Италийн Парламентын ээлжит бус сонгуульд “Италийн ахан дүүс” нам тэргүүтэй хэт барууны үзэлтэй эвсэл ялалт байгуулжээ.

Энэхүү намын угшил нь Бенито Муссолинигийн үеэс эхтэй тул барууны хэвлэлүүдэд “Италид фашистууд засгийн эрхэнд гарлаа”, “Италид эрин үе солигдож байна” гэхчлэн бичиж байна.

Жоржа Мелонигийн “Лалын ахан дүүс” нам энэ сонгуульд Дотоод хэргийн сайд асан Маттео Сальвинигийн тэргүүлдэг хэт барууны үзэлтэй “Лига” нам, Ерөнхий сайд асан Сильфио Берлусконийн баруун төвийн үзэлтэй “Урагшаа Итали” намтай эвсэж орсон. Саналаас харвал Жоржа Мелонигийн нам сонгогчдын 22-26 хувийн саналыг авсан бөгөөд нөгөө хоёрынхтойгоо нийлээд 41-45 хувь болж, Парламентын Дээд, Доод танхимд хоёуланд нь хяналт тогтоож буй.

Зүүн гараас М.Сальвини, С.Берлускони, Ж.Мелони

Өмнөх Засгийн газар нь үндсэндээ ОХУ-тай үүсгэсэн зөрчлөөс үүдсэн үнийн өсөлт, амьжиргааны түвшин доройтлын “давалгаанд” цохиулж огцорсон бөгөөд эрх баригч эвсэлд багтаж байсан намууд нь Москватай харилцах харилцааны төлөвлөгөөний асуудлаар дотроо хагарч, улмаар Засгийн газраа унагасан.

Тиймээс Европын гурав дахь том эдийн засаг, Европын холбооны нөлөөтэй гишүүн Италийн шинэ Засгийн газар Украин, ОХУ-ын асуудалд хэрхэн хандах нь олон улсын анхаарлыг татаж байна.

Огцорсон Ерөнхий сайд Марио Драги ОХУ, В.Путинтай ойр харилцаатай байсан ч асуудал хурцдахад Украиныг хоёр гараа өргөн дэмжсэн. Одоо эрх баригч эвсэлд орж ирсэн Сильвио Берлускони ч сонгуулиас гурав хоногийн өмнө В.Путины талаар “Түүнийг эргэн тойрныхон нь л дайнд түлхсэн. Тэр харин Украины эрх баригчдыг солихыг л хүссэн. Энэ хүсэл нь биелээгүй болохоор л дайн хийж байгаа” гэсэн утгатай ярилцлага өгсөн ч олон нийтийн хандлага таагүй эргэмэгц “Бид Европын холбоо, УАЦЭ-ийн талд тууштай зогсох болно” гэж мэдэгдсэн юм.

“Италийн ахан дүүс” тэргүүтэй эвсэл ялснаар тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсныг энд мөн дурдах ёстой. Жоржа Мелони нь улс төрийн замналаа 2006 онд эхлүүлж, 2009-2011 онд Өсвөр, залуу үеийнхний асуудал хариуцсан сайдаар ажиллаж байжээ. Түүний тэргүүлдэг “Италийн ахан дүүс” намыг дарангуйлагч Бенито Муссолинигийн үеийн гудамжны хөдөлгөөнөөс угшилтай гэж шүүмжилдэг ч улс төрд амжилттай тоглолт хийсээр ирсэн юм байна.

100 ЖИЛИЙН ДАРААХ ЭРГЭН ИРЭЛТ

Италид Бенито Муссолинигийн үеэс хойш анх удаа хэт барууны үзэлтнүүд төөрийн эрхэнд гарч байгаа нь энэ юм. Бенито Муссолини одоогоос яг зууны жилийн өмнө 1922 онд хэт барууны үзлийг тунхаглан төрийн эрхэнд гарч, дарангуйлал тогтоон 20 жил засагласан байдаг. Харин Жоржа Мелони энэ удаа ингэж олон жил засаг барьж чадахгүй нь тодорхой. Итали улс Европын холбоонд дотроо улс төрийн хувьд хамгийн тогтворгүй нь бөгөөд сүүлийн 30 жилд 20 дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 10:57

фашист нам төр барих нь. Ит##и өнгөрчээ

Зочин
Зочин
2022-09-26 11:14

Дэлхийн 3-р дайн дөхөж байгаа юм бнөө!!!

Үнэн үг
Үнэн үг
2022-09-27 17:09

Европын холбоо, АНУ, Их британи, Ит##и, Швед гээд дандаа ширүүн гарын эмэгтэйчүүд гараад ирлээ. Францд Ли Пен гаран ##дсан. Цаг үеийн шаардлага юм байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button