ДЭЛХИЙЭнтертайнмент

“Гялалзагч бяцхан сувд” Эмилиа Кларкийн будаггүй хөрөг

“Эмэгтэй хүн, үнэт чулуу хоёр жижигхэн байх тусмаа чамин“ гэдэг үг бий. Өнөө цагийн эмэгтэй жүжигчдийг авьяас чадвараараа ч,гоо үзэсгэлэнгээрээ ч бүдгэрүүлж буй Эмилиа Кларкд энэ тодорхойлолт яг тохирно. Яагаад тохирно гэж итгэлтэй хэлснийгээ баталья.  

Эмилиа 157 см өндөр, 52 кг жинтэй нь европ бүсгүйчүүдийн хувьд маш жижигтээ орно. Гэсэн ч энэ жижигхэн бүсгүй 2015 онд “Дэлхийн хамгийн хүсэмжит эмэгтэй”-гээр өргөмжлөгдөж байлаа.

Зан чанарын хувьд нээлттэй, хамгийн гол нь “эвдрээгүй” гэж найз нөхөд нь дүгнэдэг юм билээ. Бага насаа Беркшир гүнлэгийн буйдхан хотод өнгөрүүлсэн нь “унаган зан”-гаа хадгалахад нь тус болсон гэлтэй. Монголынхоор бол “хөдөө өссөн” тэрбээр гурван настайгаасаа ээжтэйгээ хамт “Show boat” мьюзиклд тоглож, урлагийн анхны ойлголтоо авч байжээ.

Эмилиягийн багын төрх

Аав нь тэр үед мьюзиклийн дууны найруулагчаар ажиллаж байсан бөгөөд охиноо ийнхүү "арын хаалга"-дсан нь Эмилиад урлагийн хүн болох анхны сэдлийг өгсөн гэдэг.

Ах Бен Кларкийн хамт

Эцэг, эх нь охиндоо чанартай боловсрол эзэмшүүлсэн. Эмилия Кларк Гэгээн Антониягийн дунд сургууль, Оксфордын Гэгээн Эдвардын сургуульд суралцаж төгссөн юм. Тэнд суралцахдаа сургуулийнхаа урлагийн тайзан дээр гарч, “авьяастай гэдэгтээ анхлан итгэж байсан” хэмээн өөрөө ярьдаг.

Мэргэжлийн хувьд ч тэрбээр жүжигчин бүрд байдаггүй “төгс” гэмээр намтартай.

Лондоны драмын төвийг жүжигчин мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа театраас эхэлсэн байдаг.

Лондоны театрын тайзан дээр...

Оюутан ахуйгаасаа тайзанд гарсан түүний уран бүтээлийн ганзаганд А.П.Чеховын “Зэрлэг зөгийн бал”, Бернард Шоугийн “Пигмаллион”, У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд”, “Хамлет” жүжгийн гол дүрүүд бий.

Театрын жүжигчдийн мөрөөдөл болсон Бродвейн театрын тайзан дээр тоглосныхоо дараа мэргэжлийнхээ бас нэгэн оргил болох кино урлагт өөрийгөө батлахаар эрс шийдсэн гэдэг.

Тэрбээр тайзан дээрээс үзэгчдийг байлдан дагуулж чаддаг байжээ...

Өмнө нь “Эмч нар” гэх цувралд жижигхэн дүрд тоглоод амжилт олоогүйдээ шаралхан дэлгэцийн жүжигчин болохоор эрс шийдсэн Мили 2009-2011 оны хооронд хэд, хэдэн төсөлд оролцсон ч бас л гавьсангүй.

Харин 2011 оны тэр нэгэн өдөр аз нь гийснээр “Хаадын тоглоом” киноны Дайнерис Таргартен буюу Лууны эхэд сонгогдсоноор супер од болох эхлэл нь тавигдсан юм.

"Хаадын тоглоом"-ын анхны цувралд сонгогдохдоо ийм байжээ

Батлах гээд байгаачлан, Мили бол маш үзэсгэлэнтэй бүсгүй. Авсаархан бие, зөв царайг нь хүрэн бор үс, гүн ногоон нүд чимдэг. Алдартай сайхан бүсгүйг эрчүүд хүрээлдэг юм хойно, тэрээр өнгөрсөн жилүүдэд гарын хуруунд багтахааргүй эрчүүдтэй үерхжээ.

Найруулагч Сет Макфарлейн, жүжигчин Жеймс Франко, Кори Майкл, Жай Кортни, Китт Харрингтон гэх мэтээр үргэлжилнэ. Эндээс харахад эл бүсгүй уншигч танд ээлжит эр хүнээ маш амархан олдог, хөнгөн хийсвэр юм шиг санагдаж магадгүй.

Сет Макфарлейны хамт

Гэвч үнэндээ бол юу ч болоогүй мэт, найзын ёсоор хагацдаг холливудын “хүйтэн” гоо үзэсгэлэнтүүдийн дэргэд учрал бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг, салалт болгоныхоо дараа гуньдаг, үүнийгээ хэнээс ч нуудаггүй гэнэн хонгороороо нэгэн.

Салсан залуустайгаа найзын харилцаатай үлдэж чаддаггүй нь ч үүнийг батална. Гэхдээ гэнэн хонгор Эмили өнөөдөр том болж байна. Удахгүй 36 хүрэх /1986 оны аравдугаар сарын 23-нд төржээ/ тэрбээр ухаажиж, карьераа өсгөхөөр уйгагүй ажиллаж буй. 2017 онд “Чулууны дуу хоолой” зэрэг гурван ч кинонд тоглосон бол 2018 онд “Хане Сологийн нэргүй төсөл” кино нь дэлгэцэд гарсан. 2019 онд хоёр кинонд тоглоод цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст энэ жилд “Нууц дайралт” /”Secret invasion”/ кинонд дүр бүтээжээ.  

Санаа зовоосон нэг асуудал бий нь түүний эрүүл мэндтэй холбоотой. "Хаадын тоглоом"-ын эхний бүлгийн зураг авалтын үеэр тархинд нь бага зэрэг цус харваж, эмнэлэгт хүргэгдэж байв. Түүнээс хойш хоёр ч удаа тархиндаа мэс хүргүүлжээ.

Эцэст нь, Эмилия амьтанд маш хайртай. Рокси нэртэй нохойдоо бүр ч хайртай гэнэ. Ийм л нэгэн энгийн, даруухан, сувд шиг жаалхан бүсгүй эрчүүдийн сэтгэлийг эзэмдсээр ирээдүйгээ бүтээж явна.

Төсөөлөлд нэмэрлэх нь: Эмилиа Кларкийн ярилцлагаас түүсэн эшлэлүүд

“Аав маань зурагтыг номын тавиураас илүүд үздэг хүмүүст хэзээ ч битгий итгэж байгаарай гэж байнга хэлдэг байсан. Тийм ч учраас би зурагт үзэхээс илүү уншихыг хичээдэг”

“Өмнө нь би хүссэн зүйлээ хийхийн тулд нэг зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж боддог байлаа. Одоо харин амьдралд бүх зүйл хүссэнээр болдоггүй гэдгийг ойлгосон. Хэрэгтэй хүмүүс нь нэг дор цугласан цагт болох ёстой зүйл болдгоороо болно гэж өөртөө итгүүлэх дуртай”

“Хэв маяг гэдэг миний хувьд их олон зүйлийг илэрхийлдэг. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байх боломжийг олгодог”

“Хүчтэй гэдгээ харуулахын тулд заавал луу унаж нисэх, роботуудтай тулалдах шаардлагагүй”

“Би нэр алдраас айдаг. Надад миний өөрийн гэсэн амьдрал л таалагддаг учир юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Би гэр бүлтэйгээ маш ойрхон байдаг. Ах минь миний хамгийн сайн найз, харин аав маань хэрэгтэй бүх зөвлөгөөг өгдөг”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чавганц шиг инээдтэй орчуулна ???
Чавганц шиг инээдтэй орчуулна ???
2022-10-02 15:34

Монголынхоор бол хөдөө ч гэх шиг ! Чи эхлээд бичгийн хэл ярианы хэл 2-оо ялгаж сураач !

Холбоотой мэдээ

Back to top button