ЭДИЙН ЗАСАГ

2023 оны төсөв: Хэт өөдрөг төсөөлөл биелэхгүй, орлого тасрах эрсдэлүүд

Сангийн яамнаас 2023 оны Төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан билээ. Улсын төсөв өөрөө хууль. Хууль биелэх ёстой. Гэхдээ ирээдүйг яг таг таамаглах боломжгүй тул тодотгох шаардлага гардаг. Бодитой таамаглаж чадсан эсэхээс хамаараад тодотгох хэмжээ нь ялгаатай гардаг. Төсөв хараахан батлагдаагүй, хэлэлцүүлгүүд явах тул Eguur.mn төсөв тасрах эрсдэлүүд гэсэн сэдвийг хөндөж байна.

  1. ДАВУУ ТАЛ ОЛОНТОЙ Ч БИЕЛЭХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛ буюу УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслөө танилцуулахдаа,

• Их орлоготой бол их татвар төлөх

• Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л өгөх

• Суурь болон урсгал зардлыг огт нэмэхгүй

• Шинээр улсын төсвөөр орон нутагт барилга, байгууламж эхлүүлэхгүй

• Тамхи, цахилгаан тамхи, тансаг хэрэглээний автомашины татварыг нэмэх зэрэг онцлогуудыг дурдсан.

Сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн, 15 сая ба түүнээс дээш бол 15 хувийн, 10 сая хүртэлх цалинтай бол 10 хувийн ХХОАТ төлөхөөр тусгасан байгаа нь өмнө нь олон жил яригдсан, мөрөөдлийн гэмээр санаануудыг бодитоор хэрэгжүүлэхээр зориглосон хэрэг.

Гэвч амьдрал дээр биелэх магадлал маш бага харагдана. Учир нь, дээр жагсаасан нь цаанаа иргэдийн орлогоос хасаж, зарлага нэмэх, ажлын байр бий болгох боломжийг багасгах агуулгууд бөгөөд эдийн засаг хэвийн, иргэдийн амьжиргаа дориун байх үед хэрэгжүүлэх гэж оролдсон ч улс төрөөс нь айгаад хийж чадалгүй орхисон хүнд ажлууд байгаа юм. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох асуудал эцэстээ 91 хувь болсон нь үүний нэг жишээ бөгөөд хэлэлцүүлгийн явцад энэ маягаар өөрчлөгдөх магадлал өндөр.

Улс төрийн тогтвортой байдал амин чухал болчхоод буй энэ үед гишүүд улс төрийн амбийц, айдсаасаа салж чадах уу гэдэг эргэлзээтэй. Ялангуяа цагийн байдал цөвүүн, гуравдагч улсаас бужигнуулах, улс орныг талцуулах нөлөөлөл үзүүлэхээр оролдож байгаа энэ үед.

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ

2023 оны төсвийн 25 хувийг /4,909.5 тэрбум/ уул уурхайн салбараас олно. Төслөөс харвал экспортын хэмжээ болон үнийг хэтэрхий өөдрөгөөр тооцжээ. Нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонн, үнэ 110.8 ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн, зэсийн үнэ тонн тутамд 8386.7 ам.доллар, нүүрсийг тонн тутамд 110.8 ам доллар байхаар оруулж ирсэн.

Сангийн сайд өөрөө “Зэсийн үнэ буух төлөвтэй байгаа ч дунд, урт хугацаандаа өснө гэж төсөөлсөн, нүүрс 144 доллар дээр, алт 1800 орчим байна гэж харж байна” гэж хэлсэн. Бодит байдал дээр алтнаас бусад нь төсөөлсөн хэмжээнд байх магадлал бага байна.

ХИЛ ГААЛИЙН АСУУДАЛ

Албаныхан экспорт, төсөв, орлого ярихдаа “Хил гааль дээр ямар нэг асуудал үүсчихгүй бол” гэдэг тодруулга ёс юм шиг хийдэг болоод удаж байгаа. Бид энд хэчнээн тоо тавиад, “төсөөлөөд” БНХАУ нэг өдөр хилээ хаахад орлого тасалдана.

ЭТТ зэрэг зарим компаниуд төлбөрөө урьдчилж авч байгаа ч энэ нь эргээд өөрөө эрсдэл гэдгийг Монголбанкны зүгээс сануулж, урьдчилгаа авсан ч гаргаж байгаа нүүрснээс орлого тасралтгүй орж ирж байх нөхцөл бүрдүүлэхийг сануулж байсан удаатай.

Хил гааль ийм асуудалтай, тээврээ хүний оролцоогүй хийх боломж нөхцөл бүрдүүлж чадаагүй байж экспортын нүүрсийг 36 сая тонн гэж, дээд амжилт тогтоох тоо тавьсан нь өөдрөг. Манай улс түүхэндээ хамгийн дээд тал нь энэ хэмжээний нүүрсийг л гаргаж чадаж байсан юм.

ЭЦЭСТ НЬ...

Эцэст нь мэдээж, түүхэнд байхгүй зөрүүтэй төсөв болж, дунд нь урьд хожид байгаагүй том тодотгол хийгдэх магадлал өндөртэй. Сангийн сайд одоо 7600 ам.доллар байгаа гол нэрийн ашигт малтмалын үнийг тооцоо биш, төсөөлөл гэдэг үг ашиглаж байгаад 8400 ам.доллараар оруулснаа тайлагнаж байхад ингэж дүгнэж болох байх.

Төсөөлөл гэдэг нь төсвийн зарлагыг өндөр тавихын тулд орлогыг их гаргах гэж хичээснийг харуулна. Тодруулбал, тэтгэвэр нэмсэн, өөр бусад үзэгдэж харагдаагүй зарлагуудаа хэвээр барихын тулд /Дөрөвхөн жилийн өмнө манай төсөв орлого нь 7.2 их наяд, 9.65 их наяд байсныг сануулъя/ хэт өөдрөг ханджээ гэж дүгнэж болохоор байна.

Улс орны дотоод улс төрийн нөхцөл байдал ч ийм байхыг шаардсаныг үгүйсгэхгүй. Ингэж өөдрөг тооцсоноор эсрэг тохиолдолд төсөвт үзүүлэх сөрөг нөлөө нь маш их. Нүүрсний үнэ таван ам.доллараар буурахад 180 сая ам.доллар, нэг сая тонноор буурахад 110.8 сая ам.доллар гэх мэтээр тасалдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button