Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш 132 хүн амь насаа алджээ

Иран улсад эсэргүүцлийн хөдөлгөөн 15 дахь хоногтоо үргэлжилж буй иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн хоёр хоног нам жим байснаа өчигдрөөс дахин сэргэжээ.
Нийслэл Тегераны нэгэн их сургуулийн ойролцоо үзэл бодлоо илэрхийлж байсан оюутнууд хууль сахиулагчидтай тулж, улмаар мөргөлдөөн үүсгэсэн байна. 1500tasvir хаягтай хэрэглэгчийн Твиттер хуудастаа оруулсан видео бичлэгт Шарифын их сургуулийн ойролцоо хүчнийхэн оюутнуудад хүч хэрэглэж, нулимс асгаруулагч цацаж буй байдал буужээ. Ням гарагт Шарифаас гадна өөр олон их сургуулийн гадаа иймэрхүү үйл явдал болж өнгөрсөн аж.
Тодруулбал, Тегеран, Йезд, Керманшах, Санандадж, Шираз, Мешхед хотуудад оюутны эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Жагсагчид “Тусгаар тогтнол”, “Эрх чөлөө”, “Али Хаменейд үхэл” зэрэг уриа үгс хашхирч байсан гэж барууны хэвлэлүүдэд бичиж байна.

Ираны албан ёсны хэвлэлд ч болсон явдлыг үгүйсгээгүй бөгөөд хуулийнхан нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа гэж бичжээ. Норвегид төвлөн үйл ажиллагаа явуулдаг Ираны хүний эрхийн байгууллагын бичсэнээр, өнгөрсөн 15 хоногт өрнөсөн жагсаал, цуглаан, мөргөлдөөний улмаас амиа алдсан иргэдийн тоо 132-т хүрээд буй аж.
Үүний 40 гаруй нь өнгөрсөн долоо хоногт Систан мужийн нийслэл Захедан хотод болсон жагсаалын үеэр амиа алдсан аж. Ираны телевизүүдийн мэдээлж байгаагаас үзвэл, өнгөрсөн хугацаанд хууль хүчний байгууллагын алба хаагчдаас 40 гаруй хүн амиа алджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.