ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Алтны ханш "авирч" эхлэх нь цаг цөвүүн болсныг илтгэдэг

Манай улсын орлогын гол эх сурвалжийн нэг болсон алтны үнэ унци тутамдаа 1700 ам доллараас давж, хагас жилийн өмнөх дээд амжилт руугаа улам дөхсөөр байна. Ингэж өсөж байгаагийн шалтгааныг харин Европт өрнөж буй дайн, Иран АНУ-ын сөргөлдөөн гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.

АЛГА БОЛДОГГҮЙ АЛТ

Хамгийн хүнд, хамгийн уян, хамгийн сунамтгай зэрэг олон онцлог чанартай энэхүү ховор металлын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Сан-Франциско, Мельбурн зэрэг томоохон хотын анхны оршин суугчид нь алтны орд нээж баяжих хүсэлтэй “адал явдалд дурлагчид” байлаа. “Алтны эргүүлэг” гэгдсэн тэр цаг хугацаанд шинэ тивүүдэд мянга, мянган хотууд шинээр бий болсон түүхтэй. Харин дараа нь алт эдийн засагт илүү олон үүрэгтэйгээр оролцож эхэлсэн юм.

Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлжээ. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай түүхий эд.

“Алт хэзээ ч алга болдоггүй юм. Дэлхий дээр эрт үеэс эдүгээ хүртэл олборлогдсон бүх алт одоо ч гэсэн хаа нэг газар хадгалагдаж л байгаа” гэж нэгэн нэртэй банкир хэлсэн гэдэг. Үнэхээр ч техник, технологид хэрэглэгдэж байгаагаас бусад алт хаа нэгтээ байгаа л байж таарна.

ХАНШ НЬ ЦӨВҮҮН ЦАГТ ӨСДӨГ

Онцгой гэхэд онцгой чанартай энэ металл үнэ ханшийн хувьд харин цаг цөвүүн болоход өгсч, тайван цагт унадаг сонин зүй тогтолтой аж.

Эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын хандлага гэд алтны ханшийг тодорхойлоход оролцдог хүчин зүйлүүд олон ч ерөнхийдөө үнээ барьдаг.

ЗХУ Афганистанд цэрэг оруулж, АНУ капиталист орнууд Москвагийн олимпыг бойкотлосон 1980 онд алтны ханш хамгийн анх 850 ам,долларт хүрсэн. Энэ бол тухай цаг үедээ ухаан санаанд багтамгүй өндөр ханш байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж цагийн байдал зөөлрөх шинж илэрсний дараа ханш нь тогтмол уруудсан байдаг.

Алтны ханш унци тутамдаа 53 ам,доллар болтлоо уруудаж явсан үе бий. Харин 2001 онд 9/11-ний халдлагын дараа бага багаар өссөөр 2006 онд 715 ам,долларт хүрсэн. 2008 оны гуравдугаар сарын 17-нд анх удаа 1000-ын босгыг давсан түүхтэй.

2009 онд дэлхий хамгийн хүчирхэг АНУ-ын эдийн засаг ганхаж, төрөөс хувийн компаниудад их хэмжээний мөнгөн тусламж үзүүлсний дараа хөрөнгө оруулагчдын хувьд алт бол хамгийн чухал хэрэгцээтэй эд болж хувирсан юм.

Өөрөөр хэлбэл, цагийн байдлыг мэдэрсэн л бол мөнгөө шууд л алт болгоод цүнхэлчих нь хамгийн эрсдэл багатай арга гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгож эхэлсэн билээ. Яг одоо үргэлжлэн явагдаж байгаа ханшийн өсөлт ч энэ хүчин зүйлсээс л болж байгаа.

УЛС ОРНУУД АЛТНЫ НӨӨЦӨӨ НЭМЖ БАЙНА

Хөрөнгө оруулагчид ч биш, улс орнуудын Төв банк алт худалдаж авч эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжүүлдэг нь ханш өсөх хамгийн том шалтгааны нэг юм.

Том гүрнүүд ч гэлтгүй дэлхийн бүх л улсын төв банкууд их бага хэмжээгээр алтны нөөцөө нэмэгдүүлж буй нь алтны үнэ өсөх шалтгаан.

Евро, доллар, фунт зэрэг валютын ханш тогтворгүй, хувь заяа нь “эргэлзээтэй” байгаагаас ингэх болсон гэж тайлбарлаж ч болно. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унах үед иргэд хадгаламжаа ам.доллар, евро гэх мэт хатуу валютад шилжүүлдэг.

Манай улсад ч иргэдийн хадгаламж “долларжиж”, нөөцөд сөргөөр нөлөөлж байгааг Төв банк сануулж буй. Тэгвэл үнэ цэнээ хадгалах тал дээр алт нь ам.доллар, фунт мэтийн цаастай зүйрлэшгүй учир цаг цөвүүн болоход эрсдэлтэй улсын мөнгөн тэмдэгт эрчимтэй алт болж хувирдаг байна.

10 хүрэхгүй жилийн өмнө Арабын орнуудад өрнөсөн хувьсгал алтны ханшийг хөөрөгдсөн жишээг энд дурдаж болж байна. Тодруулбал, АНУ-ын далдаас удирдсан гэгддэг “Facebook хувьсгал” нь египет, ливи, сирийн мөнгөн тэмдэгтүүдийг богино хугацаанд ам.доллар, евро, фунтээс гадна алт болгож орхисон байдаг.

Удахгүй цаас болж мэдэх мөнгөө хатуу валют, хэзээ ч үнээ алдахгүй хөрөнгө болгохоор уралдсанаас ийм зүйл болсон.

ХАНШ НЬ ЦААШИД Ч ӨСНӨ

Дээрх баримтуудаас үндэслээд нэг л дүгнэлт гарч ирж байна. Улстөрийн байдал тогтворгүй байгаа тохиолдолд (валютын ханш илүү тогтворгүй байгаа тохиолдолд гэвэл илүү тохирох ч байж магадгүй) алтны ханш цаашид ч өссөөр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button