ДЭЛХИЙ

Нэг дороос: 15 монгол иргэн хоригдоод буй "КК Парк" гадаадын иргэдийг залилж, боолчилдог

Азийн Тайланд, Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсын иргэдийг хулгайлах, ажилд зуучлах нэрээр залилан мэхлэх зэрэг арга замаар эрхшээлдээ оруулж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг “КК парк” гэх байгууллагын талаарх мэдээлэл олон улсад шуугиан тариад байгаа билээ.

Манай улсын иргэд ч энэхүү байгууллагын хохирогч болсон нь тодорхой болсон бөгөөд одоогоор 15 монгол хүн байгаа гэсэн мэдээллийг ГХЯ-наас мэдээлээд байгаа юм.

Тэгвэл Азийн бусад улсуудад иймэрхүү хууль бус байгууллагын хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа аж. Хамгийн сүүлд Камбож дахь Малайзын ЭСЯ-нд хохирогчдоос тусламж хүссэн мэдээлэл ирсэн тул Камбожийн эрх баригчидтай хамтарсан ажиллагаа явуулж, 158 иргэнээ суллаж авчээ.

Eguur.mn "КК парк" гэмт хэргийн байгууллагын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД ОРСОН НЬ БУЮУ ХОХИРОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

“КК парк” гэх энэхүү байгууллага нь Камбож, Тайланд, Малайз, Вьетнам зэрэг Азийн улс орны иргэдийг хулгайлах, хуурч мэхлэх замаар эрхшээлдээ оруулж, Камбож, Мьянмар дахь үйлдвэрүүддээ албадан хөдөлмөр эрхлүүлдэг болох нь тогтоогдоод байгаа аж.

Хохирогчоо орчин үеийн боолчлолд оруулдаг байсан үйлдвэрийн газрууд нь Мьянмар, Камбожоор тогтохгүй ч байж болохоор байгаа юм. Тус байгууллагын талаар Малайзын иргэн хоёр хөгшин анх олон нийтэд мэдээлснээр гэмт бүлэглэлийг илчилжээ.

КК парк, хохирогчдын эцсийн зогсоол

Тэдний 23 настай хүү нь интернэтээр танилцсан бүсгүйтэйгээ уулзахаар ганцаараа Тайланд руу яваад тэндээсээ “КК парк” бүлэглэлд хулгайлагдаж, Мьянмар дахь баазад нь боолчлогдож байгаад Тайландын Мае Сот эмнэлэгт нас барсан аж. Энэ эмнэлэг нь “КК парк”-ийн Мьянмар дахь үйлдвэрээс нэг голын цаана л байдаг газар аж.

Хүү нь энэ оны хоёрдугаар сард Тайланд яваад удалгүй тавдугаар сард нь нас барсан. Гуравдугаар сард эцэг нь нь нэг удаа залгахад “Ажил хийлгүй баашиллаа гэж зодуулж гэмтсэн, эмчлэхэд 80,000 ринггит хэрэгтэй” гэж ярьж байсан гэнэ.

Малайзаас “олзлогдсон” өөр нэг хохирогчийн ярьснаар, WeChat-аар танилцсан Малайзын иргэн Тайландад хөнгөн ажил хийгээд сарын 50,000 батын цалин (1300 ам.доллар/5900 ринггит) санал тавьж, Бангкокт ятгаж ирүүлсэн. Улмаар Мае Сотод аваачаад тэндээсээ хүчээр Мьянмар дахь бааз руу аваачсан гэнэ.

Бааз нь өндөр хашаагаар хүрээлэгдсэн, бүрэн зэвсэглэсэн 200 гаруй хүн манадаг. Тэрбээр уг бааз дээр өөр 200 малайз хүний хамт өдрийн 15 цагаар албадан хөдөлмөр эрхэлж байгаад гэр бүлтэйгээ холбогдож, 40,000 ринггитийн төлбөр төлж байж суллагдсан гэнэ.

"Ковид-19" цар тахлын улмаас ажлын байраа алдсан 29 настай ганц бие ээж мөн энэ байгууллагын хохирогч болжээ. Тэрээр мөн л Малайзын иргэнээр зуучлуулан Мае Сот, “КК парк”-ийн цогцолборт очсон аж. Тэндээ гурван сар маш хүнд хөдөлмөр эрхэлж байгаад мөн л хэнд ч хэлэхгүй гэж ам өчиг өгч, төлбөр төлж байж суллагджээ.

Цогцолбороос холгүй Тайланд, Мьянмарыг заагладаг гол байдаг, тэр голыг гарч Тайланд руу орсноор аврагдсан гэнэ.

“КК ПАРК” ГЭХ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ТУХАЙ

Малайзын Албаны эх сурвалжийн хэлснээр, “КК парк” гэдэг нь Мьявадди Шхве Кокко тосгонд байрладаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан казиногийн цогцолбор аж. Хохирогч болох хүмүүсээрээ цахим залилан, онлайн тоглоомын луйвраас авхуулаад төрөл бүрийн хөдөлмөр эрхлүүлдэг. Малайзын хуулийн байгууллага энэ газрыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн төв гэж үзэж байгаа аж. Одоогийн байдлаар хохирогчдын тоо нь 8000 давсан. Тэдгээрийн дотор монголын 15 иргэн байгаа гэдгийг Гадаад харилцааны яам өгөөд байгаа билээ.

Min.news гэх цахим хуудаст "КК парк"-ийг Зүүн өмнөд Азийн хүний наймааны гол цэг гээд "Эндхийнхэн хохирогчдыг "гахай" гэж нэрлэдэг. Мьянмарын KK Park-д одоо хүртэл олон мянган "гахай" хоригдож байгаа. Хохирогчдын эд эрхтнийг авч, олон улсын сүлжээгээр дамжуулан дэлхий даяар зардаг" гэх сэтгэл сэртхийлгэм мэдээлэл тавигджээ.

Эцэст нь, ТТГ-аас гаргасан сэрэмжлүүлэгт "Дээрх гэмт хэргээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна" гэснийг уншигчдадаа хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 14:25

Bolgooomj bolgooomj bolgoomj

Зочин
Зочин
2022-10-06 14:25

Ямар аймааар хүний царайт вэ

Зочин
Зочин
2022-10-06 14:25

Б�##�айр адгуус юм биш үү

Зочин
Зочин
2022-10-06 15:04

aimaaar arzagnuulmaaar medeee we burhan min gej

Зочин
Зочин
2022-10-06 17:47

Манайхан бас л тэнэгтээд о,сон уу

Batar
Batar
2022-10-06 23:09

Шадавын Баярмаа гэгч бас би Хөх хотод гуанзтай гэж хуурч тогооч авна гэж зар. өгөөд хужаа нарт зардаг үнэн хэрэгтээ хэн биш түрээсэр тэнэж явдаг биёэ үнэлэгч. Эрүү цагдаа. хүчныхэн судлаачээ. Олон охид хохироно шүү !!!!

Зочин
Зочин
2022-10-07 10:26

Зүүн өмнөд азийн орнууд, бас Хятад улсад муу муухай эвгүй бүхэн гарах юм. Муу муухайгийн х�##�двар их шүү,болгоомжтой бодолтой байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button