“Ташкент 2022”: Э.Сумьяабазар Ян Юун Вейтэй барилдана
Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн таван тивийн 82 улсаас эрэгтэй 310, эмэгтэй 261 тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг бүх жинд 18 /эрэгтэй эмэгтэй тус бүр есөн тамирчин/ оролцож байна. Өнөөдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
ӨНӨӨДӨР БАРИЛДАХ МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ
Эрэгтэй 60 кг:
ОУХМ Энхтайваны Ариунболд C хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд Чехийн Давид Пулкрабектэй барилдана. Түүнийг ялбал гүрж гаралтай Нидерландын жүдоч Торнике Тчакадой хүлээж байна. Энэ хэсэгт Бельгийн Йорре Вестратен, Италийн Анжело Пантано, Казахстаны Магжан Шамсадин нарын хүчтэй тамирчид багтжээ. Э.Ариунболд нидерланд жүдочийг ялбал дээрх гурвын нэгтэй хэсгийн аваргын төлөө барилдана.
ОУХМ Энхтайваны Сумьяабазар эхний тойрогт Египетийн Ёссри Самитай таарч, цагийн төгсгөлд вазари үнэлгээ авч ялсан. Хоёрдугаар тойрогтоо Мороккогийн Янис Садикийг ялж, Тайванийн бөх, олимпын мөнгөн медальт Ян Юн Вэйтэй барилдах боллоо.
Эмэгтэй 48 кг:
ОУХМ Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогт хийлээд АНУ-ын Жиованна Прадотой барилдана. Ялбал Рубыний А.Поп, Сербийн Милица Николич нарын ялсантай хүч үзнэ. Энэ хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч, франц бөх Ширине Боукли багтжээ.
ОУХМ Ганбаатарын Наранцэцэг мөн эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт АНУ-ын Мариа Селиа Лабордетай учраа таарсан. Энэ бөх Кубын нэрийн өмнөөс барилдаж байхдаа 2014 оны Челябинскийн ДАШТ-ээс хүрэл медаль авч байсан юм. Ялбал манай бөх Австрийн Катарина Танзер, Италийн Франческа Мелани нарын нэгтэй таарна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.