ДЭЛХИЙЭнтертайнмент

Анни Эрнуа-Таамаг эвдэгч

Нобелийн утга зохиолын шагналыг энэ жил 82 настай франц зохиолч Анни Эрнуад хүртээсэн билээ.

Шагналтны нэрийг зарлахаас өмнө түүнийг хүртэнэ гэж төсөөлж байсан хүн цөөн. Нэр дэвшигчдийн дотор Мишель Уэльбек, Мариз Конде, Харуки Мураками, Маргарет Этвуд нарын зэрэг хавьгүй нэр хүндтэй зохиолчид байсан болохоор тэр байх.

Дэлхий дахины улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор улс төржсөн тодруулалт явах ч магадлал байсан ба тодорхой нэр хүртэл дуулдаж байлаа. Энэ жагсаалтад ОХУ-ын зохиолч, дайныг эсэргүүцдэг Людмила Улицкая, Украины зохиолч Сергей Жадан, Эгнэтхэг гаралтай Британи зохиолч Салман Рушди нарын нэрс яригдаж байв. Эхний хоёр нь ойлгомжтой бол Салман Рушдид халдсан этгээд  Ираны шашны удирдагч Али Хаменейн нөлөөгөөр хутгалсан тул Ираны эсрэг пи ар хийхэд ашиглах боломжтой. Сергей Жаданыг Польшийн шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн байв.

Ийм л содон нөхцөл байдлаас шинэ шагналтны нэр тодорсон нь Анни Эрно байлаа.

1974 онд анхныхаа номыг хэвлүүлсэн энэ зохиолч уран бүтээлдээ өөрийн амьдралд тохиолдсон бодит үйл явдал, төрсөн мэдрэмжүүдийг уран сайхантай сүлэн буулгадгаараа онцлогтой. Жишээ нь, зохиолчийн хамгийн алдартай бүтээл болох, Нобелийн хорооноос зарласан шагнал олгох болсон шалтгаанд дурдагдсан “Үйл явдал” романаа 1963 онд үр хөндүүлж байсан тохиолдлоосоо сэдэвлэн бичжээ.

Тэрбээр яг энэ жишээгээр “Охидын дурсамж” романдаа эцэгтэйгээ болон эрчүүдтэй харилцах харилцааг, “Эмэгтэй” романдаа Альцгеймерийн өвчнөөр өөд болсон эхийгээ дүрсэлсэн гэдэг.

Дээр Нобелийн нэр дэвшигчдийн талаар дурдахдаа улс төрийн ач холбогдлыг нь дэмий дурдсангүй. Анни Эрно 1963 онд Францад үр хөндөлтийг хуулиар хориглож байх үед үр хөндүүлж байснаа “Үйл явдал” романдаа бичсэн бөгөөд найруулагч Одри Деван үүнийг нь шүүрэн авч кино болгосон нь Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагнал хүртсэн байдаг.

Нобелийн шагналтныг тодруулах хороо Анни Эрнуаг онцолсон шалтгаандаа энэ номыг онцолсон нь АНУ болон бусад улс орнуудад өрнөөд буй үр хөндөлттэй холбоотой асуудалд нөлөөлөх оролдлого гэж харах хүн цөөнгүй байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button