Who is Who?ДЭЛХИЙ

Себастьян Сальгаду: Матарнууд зургаа авахуулах гэж цөөрмөөсөө инээмсэглэн гарч ирээд...

-ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНААС ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН БОЛСОН ЭРИЙН ЭГЭЛ БИШ ТҮҮХ-

Гэрэл зургийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх нэгэн эрхмийг Eguur.mn онцолж байна. Өнгөрсөн зууны 60, 70-аад он бол олон шилдэг гэрэл зурагчид уран бүтээлээ ид туурвиж, физикчид энэ салбарт үсрэнгүй хөгжлийг бүтээж байсан түүхэн цаг үе байлаа. Энэ үед амьдралын өвөрмөц, адармаатай түүхтэй нэгэн эр гэрэл зургийн салбарт орж ирсэн нь Себастьян Сальгаду байсан юм.       

ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ ТЭМЦЭГЧ

Себастьян Сальгадугийн Францад цагаачилж гарснаас нь өмнөх амьдрал тун ч бүрхэг. Өөрөө ч “Дарангуйллын жилүүд байсан учраас дүрвэхээс өөр аргагүй байсан юм” гэхээс өөрийг хэлдэггүй.

Ямартай ч түүний амьдралыг гурван үед хувааж болмоор санагддаг. Эхний үе нь эх орон Бразилдаа өнгөрүүлсэн үе.Энэ үед тэрээр Сан Паулугийн Эдийн засгийн их сургууль төгсч, бас Бразилд ноёрхож байсан дэглэмийн эсрэг тэмцсэн байдаг. Эрх баригчдаас дарамт ирж, дүрвэхээс өөрцгүй болсон гэхээр бас ч гэж тэмцэгчид дундаа гайгүй кадр байсан нь харагддаг. Франц рүү дүрвэснээр түүний тэмцэгчийн замнал өндөрлөсөн юм. 

ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН

Хүмүүнлэгийн үйлстэн, хүн, байгаль дэлхийг үнэн зүрхнээсээ хайрлагч, энэ хайр нь дарсан кадр бүрээс нь нэвт мэдрэгддэг энэ эр амьдралынхаа хоёрдугаар үед хитман буюу эдийн засгийн алуурчин байсан юм.

Эхнэр Лелигээ дагуулаад Парист дүрвэж ирэхдээ тэрээр дөнгөж 25-тай байжээ. Гэсэн ч эдийн засгийн боловсролдоо түшиглэн Дэлхийн банкинд ажилд орж, тэр үед уул уурхай цэцэглэн хөгжиж асан Африкийн орнуудад томилогдон эдийн засгийг нь “алах” ажиллагаанд биечлэн оролцсон байна.

Тухайн үед колоничлолоос ангижирсан “Хар тив”-д уул уурхай цэцэглэн хөгжиж, иргэд аз жаргалтай ирээдүйдээ итгэн, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн зурвас үе тохиож байв.

Дэлхийн банк гэх мэт “олон улсын” гэсэн нэртэй ч хэрэг дээрээ АНУ тэргүүтэй хэдхэн орны мэдэлд байдаг санхүүгийн байгууллагууд тэр үед Африкт идэвхийлэн ажиллаж, өр ширэнд оруулж байв. Баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн өнөөгийн Африк тивийн дүр зураг тэр үед бүрэлдэж байжээ. Гэвч тэр үед эхнэр Лелияд нь тохиолдсон гэнэтийн уй гашуу, түүнтэй холбогдон гаргасан мэргэжлээ солих гэнэтийн шийдвэр, бас эхнэрийнх нь худалдаж авсан гэрэл зургийн аппарат С.Сальгадугийн амьдралд гурав дахь үеийг авчирсан юм. 

Францад дүрвэж очсоныхоо дараахан эцэг, эх өөд болсон харамсалтай мэдээ авсан Лелия сэтгэл санааны цочролд орж, мэргэжлээ орхижээ. Уг нь тэрээр барилга архитектурын шийдлүүдийг буулгах зорилгоор гэрэл зургийн аппарат худалдаж авсан бөгөөд тэрхүү аппаратыг Лелия биш, нөхөр нь илүү ашиглах болсноор амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж, басхүү алдрын замналынхаа үүдийг тавьсан байдаг.

КОММУНИЗМЫН НҮҮР ЦАРАЙГ ТАНИВ

Үүнээс өмнө коммунист болохыг хүсч, ЗХУ-д суурьшихаар оролдож байсан сонин түүх ч бий. Африкт ажиллаж байхдаа үзсэн баян хоосны ялгаа нь Себастьяны сэтгэлийг эмзэглүүлж, “Би энэ зовсон ард түмнийг илүү дор болгох ажлыг хийж байгаа шүү дээ” гэсэн эмзэглэлийг төрүүлсэн, энэ нь явсаар хүн бүрийг тэгш амьдруулах туйлын зорилго бүхий коммунизмд татагдах шалтгаан болсон ч байж мэдэх юм.

Тэрээр “Генесис” төслийнхөө үзэсгэлэнд гаргахаар 2016 онд ОХУ-д очоод байх үедээ энэ талаар “Лелияд тохиолдсон явдал надад ч хүчтэй нөлөөлсөн. Эдийн засгийн мэргэжил маань таалагдахаа больсон байлаа. Бид хоёр ЗХУ-д суурьшиж, Патрис Лумумбын нэрэмжит олон улсын энхтайвны их сургуульд суралцахыг мөрөөдөх болсон. Уг нь би Парист эдийн засаг, статистикийн мэргэжлээр суралцаж, муугүй боловсрол олсон байсан юм. Тэгээд 1970 онд Прага орж, тэндхийн нэг коммунисттай уулзсан.

Тэр биднийг ЗХУ-д оруулж өгнө гэж амласан байв. Гэвч яг уулзсаныхаа дараа “Та хоёр залуу байна. Коммунист үзэл санааг талархаж байгааг чинь би буруутгахгүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд ЗХУ-д цаашдаа үзэл санаа, үнэт зүйл гэж үгүй болсон. Тэд коммунизм байгуулахаа больсон, эрх баригчид ард түмнийг тогтолцооны ачаар л тогтоон барьж байна. Хэрвээ үнэхээр хүний сайн сайхны төлөө амьдралаа зориулахыг хүсээд байгаа юм бол энд үлдэж, дүрвэгсэдтэй ажилла” хэмээн анхныхаасаа огт өөр зүйл ярьж билээ.

Хэрвээ тэр үед миний хүсэл биелсэн бол би өдийд жирийн нэг орос өвгөн байх байсан биз. Чехээс буцаж ирээд Лелия архитектурын чиглэлээр суралцах болж, барилгуудын зургийг авах зорилгоор гэрэл зургийн аппарат худалдаж авсан юм. Тэгэхэд л би анх удаа гартаа аппарат барьж үзсэн. Одоо ч сайн санаж байна. “Пентакс” гээд жижигхэн аппарат байсан. Тэгээд эгзэгтэй агшин ангуучилсан эхний хэдэн хоромдоо л  үүнийг ашиглаад амьдралаа өөрчлөх боломжтойг ойлгосон юм.

Гэрэл зураг намайг бүрэн эзэмдэж, хоёр жилийн дараа гэхэд мэргэжлийн зурагчин болсон доо” хэмээн ярьсан байдаг. Энэ бол 1970 он байлаа.  

ГЭРЭЛ ЗУРАГТ ОРЖ ОРГИЛД НЬ ХҮРЭВ

Гэрэл зурагчны ажлын гараагаа тэрээр сурвалжлагчаар эхэлжээ. Хэвлэлийнхнийг “Хөлөөрөө хоолоо олж иддэг” гэж ярьдаг. Себастьян ч энэ жишгээр уйгагүй хөдөлмөрлөж, хэвлэлийн цаг наргүй ажилд зүтгэхийнхээ хажуугаар 1986 онд АНУ-ын “Оны шилдэг гэрэл зурагчин” шагналыг өөрт нь авчирсан “Бусад америкчууд” хэмээх цомгийнхоо зургуудыг авч байв. Салбартаа ч хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн хамгийн нэр хүндтэй агентлаг болох “Магнум фото”-гоос урилга авчээ.

Тэрээр “Магнум фото”-гийн шилдгүүдийн нэг болж, 1994 он хүртэл ажилласан юм. 1994 он гараад эхнэртэйгээ хамтран Парист “Amazonas Images” агентлагаа нээжээ.

Түүний гэрэл зургуудаас хүн төрөлхтний өмнө тулгамдсан зовлон бэрхшээл, шийдлээ хүлээж буй асуудлуудыг олж харах болно. Бүтээлээ зөвхөн хар, цагаанаар буулгадаг нь энэ санааг нь улам жинтэй болгож буй мэт санагддаг.

“Үзэсгэлэнд минь орж ирсэн хүн гарахдаа орж ирснээсээ өөрчлөгдсөн байгаасай гэж хүсдэг”, “Дундаж хүн бусдад эд материалын тусламж үзүүлж, асуудлыг нь шийдэж чадахгүй л дээ. Гэвч бусад хүн ямар амьдралаар амьдарч, нийгэмд, дэлхий ертөнцөд юу өрнөж байгааг олж мэдсэнээрээ тэрхүү асуудлыг шийдэхэд маш том нөлөө үзүүлэх чадвартай” гэсэн түүний үгэнд ажлынх нь утга учир, тэгтлээ хүсээд, хийгээд яваа зүйлсийнх нь шалтгаан бүхэлдээ оршиж байх шиг санагдана.

Тийм ээ. Тэр ертөнцийн хязгаарт ч бядан хүрч, хүн төрөлхтөнд хэн байсан бэ, цаашид яах ёстой вэ гэдгийг сануулсаар явна.

1986 онд гарсан анхны цомог “Бусад Америк” Өмнөд Америкийн ядуу ард иргэдийн аж байдлыг харуулдаг бол мөн онд үзэгчдийн хүртээл болсон “Сахель: Зовлонд унасан хүн” үзэсгэлэнгээрээ Хойд Африкт болсон ган гачиг ард түмнийг хэрхэн үгүйрүүлэн хоосруулсныг дэлхий нийтэд харуулсан юм. 

1986-192 он хүртэл дэлхийн олон орноор явж, “Ажилчид” хэмээх цомгийнхоо зургийг авчээ. 1993 оноос дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж, 2000 онд “Дүрвэлт ба хүүхдүүд” хэмээх алдартай цомог, үзэсгэлэнгээ гаргасан байна.

Үзэсгэлэнгийнхээ танилцуулганд тэрээр “Хүн төрөлхтний арьсны өнгө нэг юм гэсэн бодол өмнө нь надад орж ирж байгаагүй ээ. Гэхдээ, хэдий арьсны өнгө, шашин соёлын хувьд ялгаатай ч авах мэдрэмж, хариу үйлдэл нь адилхан юм. Хүмүүс дайнаас зугтах гэж, үхлээс аврагдах гэж, амьдралаа сайжруулах гэж шинэ газар орныг зорьдог ч улам их зовлонг амсч байгаа нь харамсалтай” хэмээн бичиж байв. Түүний бүтээлүүд үзэгчдэд бүхэлдээ шударга бус байдал, дайн, хүчирхийлэл, баян хоосны ялгааг харуулж, энэ сөрөг явлыг үгүй болгох шийдлийг өөрийн эрхгүй эрэлхийлэх сэдэл төрүүлдгээрээ гайхалтай юм.

МАТАРНУУД ЗУРАГАА АВАХУУЛАХ ГЭЖ ЦӨӨРМӨӨС ИНЭЭМСЭГЛЭН ГАРЧ ИРЭЭД...

Өнгөрсөн хугацаанд Себастьян Сальгаду нэр алдарт хүрч, НҮБ-ын Хүүхдийн сан, Дүрвэгсдийн комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт олон байгууллагатай нягт хамтран ажиллаж иржээ. Өөрсдөө ч зүгээр суудаггүй. Гэргий Лелия Ваник Сальгаду нь нөхрийнхөө үзэсгэлэнг зохион байгуулахынхаа хажуугаар төрөлх Минайс Жерайс муждаа ядуучуудын амьжиргааг сайжруулах төсөл хэрэгжүүлдэг. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд Дауны өвчтэй бага хүү нь эдүгээ эцгээ даган гэрэл зураг авах урлагийн нууцыг нээж яваа аж. Сүүлийн жилүүдэд тэрээр сурсан дадсан нийгмийн сэвдээсээ хөндийрч, байгалийн зураг авах болжээ.

Хэн ч олж үзээгүй газрыг хүн төрөлхтөнд нээх хүсэлдээ хөтлөгдөн эхлүүлсэн “Женесис” төслийнхөө хүрээнд дэлхийн 100 гаруй улсад очиж, хамгийн нууцлаг газар орноор нь явж зураг авсан хөдөлмөрийг нь бодохоор үнэлэхгүй байхын аргагүй.

Түүнээс байгалийн зураг авах болсон талаар нь нэгэн сэтгүүлч “Та өмнө нь хүмүүсийн зураг авдаг байсан. Тэд таныг юу хийж байгааг ойлгож, дуран руу харж, тэр ч байтугай байрлал авч өгдөг ч байсан байж магадгүй. Гэтэл одоо та амьтдын зургийг авч байна. Тэд зургаа авахуулахдаа хүн шиг дуртай байдаггүй байлгүй” гэхэд “Хүнийг хамгийн ухаантай амьтан гэдэг ч амьтад ч дутахгүй ухаантай шүү. Үнэхээр хүсэх юм бол оюун ухаанаараа харилцаа тогтоож болно. Бразилд нэг удаа матарнуудын зургийг авахад тэд цөөрмөөсөө инээмсэглэн гарч ирээд ажлыг минь хийлгэсэн юм шүү. Үнэн үг. Тэд миний юу хийж байгааг төгс ойлгосон” хэмээн итгэлтэй ярьж байв. Тэрээр хийж буй ажилдаа маш итгэлтэй ханддаг нь энэ үгнээс мэдрэгдэж байгаа биз ээ.   

20 ЖИЛД 2 000 000 МОД...

2018 онд дэлхий дээр 12 сая га халуун орны ой модыг тайрч устгажээ. Цаг хугацаагаар яривал минут тутамд хөлбөмбөгийн 30 талбайтай тэнцэх ойг хүн төрөлхтөн устгаж байгаа гэсэн үг. Талбайн хэмжээгээр Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцэх ойг нэг жилд үгүй хийсэн байна.

Манай өгүүллийн гол баатар арвин баялаг намтрын төдий сонирхолтой биш боловч магадгүй хамгийн ариун үйл нь энэ ч байж мэднэ, тэрээр эхнэрийн хамт сүүлийн 20 жилд  2 000 000 гаруй мод тавьж ургуулсан юм. Байгаль эхийн төлөөх санаа зовинол, экологийн сүйрэл бодитой гэдгийг бусдаас илүү мэдэрсэн хүн л ингэж тууштай ажиллаж чадах биз.

Түүний тухай өгүүлсэн “Газрын давс” киноны өмнөтгөлд “Түүний зүрх хүмүүсийн төлөө өвдөж байна... Хүмүүс газрын давс юм...” хэмээн өгүүлсэн нь чухамхүү нүдийг нь олж хэлсэн гэлтэй. С.Сальгаду ер нь байнга л эх дэлхийнхээ төлөө, хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээж, уран бүтээлээ ирээдүйн сайн сайхны зүгт чиглүүлдэг билээ.   

С.Сальгаду Руандагаас эх нутагтаа буцаж ирээд 1994 онд болсон аймшигт геноцидыг хүн төрөлхтөнд харуулах шинэ цомог дээрээ ажиллаж байх үедээ “Газрын хүрээлэн” (The Instituto Terra) ТББ-аа байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллахдаа дээр өгүүлсэн амжилтад хүрчээ. Эхнэр Лелия нь анх санаачилга гаргаж, мань хүн дуун дээр дэмжсэн гэдэг юм.    

НЭГ НАСАНД ХЭД АМЬДАРЧ БОЛДГИЙГ С.САЛЬГАДУ ХАРУУЛСАН

Амьдрал баян. Хэн ч юу ч болж өсч болно. С.Сальгаду хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа эцэг нь нэгэнтээ хүүдээ “Чи өнөөдөр Парист амьдардаг, дэлхийд алдартай гэрэл зурагчин болжээ. Гэхдээ тэр нэгэн цагт би фермээ худалдаж хилийн дээс алхуулаагүй бол чи өнөөдөр хэн байх байсан бэ” хэмээн хатуу үг хэлж байсан тухай дурсаад “Амьдрал сонголт ихтэй. Би Парист эдийн засгийн ухаанаар эрдмийн зэрэг горилж байсан.

Дэлхийн банкны шугамаар Вашингтонд шилжиж ажиллах санал авч байлаа. ЗХУ-д ч амьдрах магадлал байсан. Гэвч би өөр замаар явсан. Гэхдээ л энэ бүхэн бүгд л надад хэрэг болсон. Зэрэг горилохын тулд хэд, хэдэн шинжлэх ухаан судалж, коммунизм, Лениний онолыг ч заалгасан. Дэлхийн өнцөг булан бүрт очиж зураг аваад явахад энэ мэдлэг маань хэрэг болдог.

Би одоо шавь нартаа хэлдэг юм. “Туршлага сайн хуримтлуул” гэж. 22 нас сонголт хийхэд балчирдах нас шүү” хэмээн захисан байдаг билээ.

Зарим нэгний хувьд бүх нас нь ч багадахаар адал явдалтай, амжилттай амьдралыг үзэж өнгөрүүлсэн хойноо дахин сонголт хийж, амжилтад хүрсэн түүний түүх давтагдашгүй билээ.   

НЭРИЙН ХУУДАС:

Себастъян Рибейру Сальгаду. Бразилийн гэрэл зурагчин, сурвалжлагч. “Amazonas Images” агентлагийг эхнэр Лелия Ваник Сальгадугийн хамтаар үүсгэн байгуулсан.

1979-1994 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй агентлаг “Magnum Photo”-д ажиллаж байв.

Гэрэл зурагчны хувиар олон шагнал хүртсэний дотор Олон улсын гэрэл зургийн төв (International Center of Photography, Нью-Йорк)-ийн “Оны шилдэг зурагчин”-аар хоёронтаа тодорчээ. 2001 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болсон. АНУ-ын Шинжлэх ухаан, урлагийн академийн хүндэт гишүүн Их Британийн Эзэн хааны гэрэл зургийн нийгэмлэгийн 100 жилийн ойн медалиар шагнуулсан. 

Вим Вандерс түүний бүтээлүүдээр “Газрын давс” нэртэй баримтат киног 2014 онд бүтээжээ.      

С.САЛЬГАДУГИЙН ГАРГАСАН ҮЗЭСГЭЛЭН, ЦОМГУУД

  • ·         Other Americas (1977-1986)
  • ·         Sahel: l’homme en détresse (1986)
  • ·         Sahel: el fin del camino (1988)
  • ·         An Uncertain Grace (1992)
  • ·         La Main de l’Homme (1993)
  • ·         Workers (1993)
  • ·         Terra (1997)
  • ·         Migrations and Portraits (2000)
  • ·         The Children: Refugees and Migrants (2000)
  • ·         L’homme et l’eau (2005)
  • ·         Africa (2007)
  • ·         Genesis (2013)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-24 19:39

Эгүүр.мн сайтын мэдээллийг уншддаг. Орчуулагч Батсайханы дэлхийн шилдэг фотосэтгүүлч Себастъян Рибейру С�##�ьгадугийн амжилтыг олонд хүргэсэнд т�##�архаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button