ДЭЛХИЙСонин хачин

Ф.Комаров: Газар нутаг бол эмэгтэй хүнтэй адилхан, хөөрхөн байлаа гээд хүчээр оронд оруулах амаргүй

Швейцарийн нэгэн агентлаг дэлхийн бүх том аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь 147 толгой компанийн эзэмшилд байдаг гэсэн сонирхолтой судалгааны дүнг хэдэн жилийн танилцуулж байсан билээ. Банк, үндэстэн дамнасан корпорациудын хүчирхэг боссуудаас бүрдсэн нууцлаг байгууллага дэлхийн түүхийг бичдэг гэсэн домог шиг яриа үнэний хувьтайг энэхүү судалгаа харуулсан. Тэгвэл үүнтэй төстэй маш нөлөө бүхий хүмүүсийн клуб олон байдаг бөгөөд хамгийн алдартай нь хөрөнгөтнүүдийн дунд амьд домог болсон Рокфеллерийнхний клуб юм. Энэхүү клубын гишүүн болж чадсан цорын ганц орос хүн Феликс Комаровын онц сонирхолтой яриаг товчлон хүргэж байна.

Феликс Комаров 1990-ээд оны үед Оросоос гарч явжээ. Тэгээд Нью Йоркт очиж Манхэттэний тавдугаар гудамжинд «Russian World Gallery» нэртэй уран бүтээлийн галерей нээж их амжилт олсон байна.

Түүний Москва дахь өргөө нь Манхэттэнд байдаг галерейтэй нь маш адилхан бөгөөд Эрнст Неизвестныйн баримал, Дзержинский цээж хөшөө байх аж. Феликс Эдуардовчийн тэрхүү хүрэл баримал Москвагийн нэгэн метроны буудлын хажууд,  “Детский мир” дэлгүүрийн ойролцоо байдаг байжээ. “Хуучны юм ул болж шинэ юм зул болж” асан 90-ээд оны бужигнант жилүүдэд тэрбээр амьдайгийнхаа баримлыг олж авсан байна. Тэрбээр Высоцкийн хөргийг ширтэн “Бид нэг өдөр төрсөн хүмүүс юм. Бас яг нэгдүгээр сарын 25-нд танилцсан. Цыганууд надад баяр хүргэж “Феликс хонгор минь” хэмээн дуулж байлаа. Ресторанд бидний хэдэн нөхдөөс гадна хоёрхон хүн байсны нэг нь над руу хүрч ирээд “Чиний төрсөн өдөр болж байгаа ювм уу. Минийх ч бас. Би чамд дуу дуулж өгөх үү” гэж байж билээ. Тэр хүн Высоцкий байсан юм юм” гэж ярив.

Тэгснээ чи надаас яагаад мэлхийнүүдийн минь тухай асуухгүй байна. Надад бараг 16000 байгаа шүү. Нью Йоркт очсоноосоо хойш л цуглуулж эхэлсэн юм. Нэг дэлгүүрт ортол худалдагч нь орос охин байсан. Тэгээд ямар нэг юм авмаар санагдаад хүрлээр цутгасан мэлхийний хятад баримал авснаас хойш цуглуулдаг болсон юм. Надад 17 тонн жинтэй мэлхийний баримал бий. Бас солирын чулууг перу барималчинд өгч урлуулсан гайхалтай эд ч байгаа. Түүнийг гартаа авч нүдээ аниад хүслээ хэлэх хэрэгтэй. Биелэх болно. Үнэн шүү”. Би огт өөр юм яриулах зорилготой ч энэ яриа надад санаачлагыг гартаа авах боломж олголоо. Ингээд би асуултаа тавьж эхлэв.

-АНУ-д олигарх болж чадсан нь одоо л ойлгомжтой боллоо?

-Би шууд утгаараа, тэрбум ам.доллартай олигархи биш ээ. Харин урлагийн олигархи. Минийхээр бол энэ маш сайхан нэр юм шүү. Орос тэрбумтнууд сүүлийн үед урлагийн бүтээл, хөлбөмбөгийн баг, үнэтэй харшуудыг худалдаж авч байгаад би баяртай байдаг. Энэ нь Оросын хувьд ашигтай, барууныхны хувьд ашиггүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Манай бизнесмэнүүд зөвхөн худалдааны бараа таваарыг биш эдийн засаг, урлагийн жинхэнэ брэндийг худалдаж авч байна.

-Гэхдээ одоогоор таниас өөр нэг ч хүн Рокфеллерийн клубын гишүүнчлэлийг “худалдаж авч” чадаагүй л байна?

-Таньдаг банкир маань Рокфеллерийн төвийн пентхауст үдшийн зоог барихыг санал болгосон юм. Тэнд үнэхээр гайхалтай хүмүүс байлаа. Клубт хэрхэн элсдгийг асуугаад таван шалгуур давах ёстой, клубын захиралтай ярилцах нь шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг мэдсэн. Би ч над шиг хүн бол бүтэхгүй юм байна гээд мартаж орхисон юм. Гэтэл надад боломж гарсан.

«Роллс-Ройс» компанийн эзэн Питер Кевиан надаас Москвад салбараа нээхэд туслахыг хүссэн юм. Би бүгдийг зохион байгуулсан. Нээлтийн ёслолд нь томчууд бараг бүгд ирсэн ч бүх юм өө сэвгүй байсан юм. Хатан хаан Элизавета II л бие нь өвдсөн учир орондоо нэг хамаатнаа явуулсан байж билээ.

Энэ бүхэнд сэтгэл нь хөөрсөн Питер Кевиан намайг клубын гишүүн нэг найздаа рекламдчихаж л дээ. Тэгээд тэр найз нь намайг далайд гарч аварга загасны ан хийхийг урьсан юм. Дараа нь виски уусан. Энэ үед тэр ямар ч асуудлаар туслана гэж ам гарсан. Ингээд л Рокфеллертэй уулзсан юм. Маргааш нь тэр намайг өөрийнхөө албан тасалгаанд өглөөний зоогт урьсан. Тэгээд гарыг минь атгаад “Баяр хүргэе. Та өнөөдрөөс миний клубын гишүүн боллоо” гэж хэлсэн дээ.

-Гишүүнчлэлийн татвар нь овоо юм байдаг байх даа?

-Гайгүй ээ. Нэг жишээ хэлье. Би өөр хоёр ч хаалттай клубын гишүүнчлэлтэй. Нэгнийх нь татвар 30 дахин, нөгөөгийнх нь 20 дахин үнэтэй. Рокфеллерийнхэн их хуучинсаг хүмүүс. Гэхдээ би тэднийг галейрейдаа зочлуулж чадсан шүү. “Битгий ай. Зүгээр л Орос үдэш. Хөгжим, бин, түрс...” гэж хэлсэн. Үнэхээр гайхалтай үдэш болж билээ.

-Дараа нь тэд танд дэлхийг удирдах ямар нэгэн албан тушаал санал болгоогүй юу?

-“Рокфеллерийн клуб”-ын “Оны хүн” гэдэг шагнал өгсөн. Дэлхийг захирахын тухайд масоны тухай домогтой хольж хутгах хэрэггүй. Намайг клубт элссэнээс хойш байдал их өөрчлөгдсөн. Өмнө нь АНУ дэлхийн хамгийн хүчирхэг улс байсан бол одоо Бээжин, Шанхай улс төр эдийн засгийн гол төв болж хувирч байна. Би одоогийн БНХАУ-ын удирдагчдыг мэднэ. Хэргийн учир нь дэлхийн эрх мэдэл хаана байгаа гэхээс илүү хүч чадал хаана байна вэ гэдэгт байна. Дэлхий яг л хорих камер шиг. Хэн хүчтэй нь захирна.

Дэлхийн анхны ам.долларын тэрбумтан Жон Рокфеллер

Намайг залуу байхад хилийн газраас нэг метр ч битгий өг гэж ярилцдаг байлаа. Гэтэл одоо надад Орос Хятадын хилийн заагт бараг дөрвөн километр газар бий. Хилийн заагт хэрэгжүүлэх  «Забайкальск – Манжуур-Оросын дорнод хаалга» нэртэй төслийн санаачлагч, эзэн нь би. Надад ХКН-ын удирдлагуудтай байгуулсан гэрээ ч байгаа. Энэ гэрээний дагуу жилд 2.5 саяас багагүй хятад иргэд манай эх оронд жуулчлах боломжтой болж байгаа юм.

Хятадууд манай улсад газар нутгийн сонирхолтой гэсэн яриатай би санал нийлдэггүй. Оросын газар нутаг сайхан л даа. Гэхдээ зөвхөн хятадуудад зориулагдаагүй.

Газар нутаг бол эмэгтэй хүнтэй адилхан. Хөөрхөн хүүхэн байлаа гээд хүчээр оронд оруулах амаргүй шүү дээ. Харин бүсгүй өөрөө өвдгөө ил гаргаж, даашинзаа сөхвөл асуудал өөр болно. Тэгэхээр энэ тухай бодох шалтагийг бусдад олгохгүй байх хэрэгтэй. 

-Та Манхэттэнд галерей нээснээсээ хойш алдартай болсон. Өдөр болгон алдартнуудын зураг дарах боломжийг олгосонд папарацци нар танд баярлаж явах ёстой болсон ч гэж хэлж болно. Галерейд тань Хиллари Клинтон хамгийн түрүүнд очсон байх аа?

-Тэр үед тэргүүн хатагтай байсан юм. Зүгээр ирээд зогсоогүй Б.Клинтоны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохыг урьсан шүү. Ёслолын ажиллагааны хуваарь, буух зочид буудал гээд бүгдийг төлөвлөсөн байдаг юм билээ. Би хүүтэйгээ Вашингтонд нисч очоод маргааш нь таксигаар Капитоль ордон руу явсан. Цагдаа нар биднийг зогсоогоод найман пост дамжуулж шалгасан гээд бод. Урилга харчихаад гайхаж хаашаа ч юм залгаад л. Ордны үүдэнд А.Гортой таарсан. Машингүй ирсэнд маш их гайхаж байсан. Тэнд бас Диана, Доди аль Файед нар ч ирсэн. Надад тэр үед авахуулсан маш гоё зураг байдаг юм. Нэг хүн тэрийг хараад “Ямар гайхалтай зураг вэ” гэхэд нь би “Энэ зураг биш ээ, харилцаа холбоо” гэж хариулсан.

-Зураг дээр хэн хэн байсан юм бэ?

-Би “Босс” гэж нэрлэж байсан цорын ганц хүн болох Аркадий Хайт, ЗХУ-ын үед би түүний уран зохиолын зөвлөх байсан юм. Хамба лам Иоанн Павел II, намайг ямар ч билээ одонгоор шагнаж байсан.

Холливудын одуудтай бол зөндөө л уулзаж байсан. Хамгийн инээдтэй танилцсан нь С.Сталлоне. Тэр манай галерейгаас зураг сонгох гэсэн ч мөнгөндөө татганаад зогсоод л байсан. Тэгээд маш хямд үнэ хэлэхээр нь би түүнд “За би ингэж наймаа хийснээс чамд бэлэглэчихсэн нь дээр юм байна даа” гээд танилцаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэцэг
Цэцэг
2022-11-10 13:02

Эд хөрөнгө шүтсэн өчүүхэн сэтгэлгээ доройтол

Холбоотой мэдээ

Back to top button