СПОРТ

Хөлбөмбөгийн санхүүгийн сурах бичиг буюу тоглогчдын халаасыг тэмтрэхүй

Хөлбөмбөгч шинэ багтай гэрээ байгуулсан талаар мэдээлэхдээ хэвлэлүүд “10 сая ам.доллараар худалдаж авсан, таван жилийн хугацаатай, гурван сая ам.долларын цалин авах гэрээ байгуулсан” гэх мэтээр гуравхан үзүүлэлтийг чухалчилдаг явдал түгээмэл. Үнэн хэрэгтээ бол хөлбөмбөгийн ертөнцийн санхүүгийн хуваарилалт маш төвөгтэй байдаг.  

Телевизээр хөлбөмбөгч инээмсэглэн байж нэг л хуудас цаасан дээр гарын үсэг зурахыг гаргадаг ч үүний цаана хэдэн зуун хуудас гэрээ, хэрвээ тоглогч дээд төвшнийх бол гэрээнээс гадна хэдэн зуун мессенжерийн яриа, цахим захидал, утасны яриа бий. Энэ бол та бидний нүднээс далд үлддэг, хөлбөмбөгийн  солилцоо наймааны далд хэсэг юм. Тэгвэл хүмүүсийн сонирхлыг маш их татдаг ч тэр бүр мэдэх боломжгүй нарийн ширийнийг дэлгэн өгүүлсэн нэгэн номноос уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Телевизээр хөлбөмбөгч инээмсэглэн байж нэг л хуудас цаасан дээр гарын үсэг зурахыг гаргадаг ч үүний цаана хэдэн зуун хуудас гэрээ, хэрвээ тоглогч дээд төвшнийх бол гэрээнээс гадна хэдэн зуун мессенжерийн яриа, цахим захидал, утасны яриа бий. Энэ бол та бидний нүднээс далд үлддэг, хөлбөмбөгийн  солилцоо наймааны далд хэсэг юм. Тэгвэл хүмүүсийн сонирхлыг маш их татдаг ч тэр бүр мэдэх боломжгүй нарийн ширийнийг дэлгэн өгүүлсэн нэгэн номноос уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Спортын салбарын хууль эрхзүйгээр дагнан мэргэшсэн Даниэль Жей уг номыг бичжээ. 90-ээд оны шилдэг хөлбөмбөгчдийн нэг Жанлука Виалли өмнөтгөл бичсэн уг номд хөлбөмбөгийн зах зээл, тоглогчдын шилжилт, зээл, цалингийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл багтсан нь хөлбөмбөг сонирхогчид төдийгүй хөлбөмбөгчдийн гарын авлага гэж хэлэхээр цаг үеэ олсон чанартай бүтээл болсон байна.

Доор бичигдсэн мэдлэгийг олж авснаар хөлбөмбөгчдийн гэрээ цалингийн талаар илүү ихийг мэдэж авах болно.  

ТОП БАГУУД ДҮРЭМ ЗӨРЧИЖ, ТОГЛОГЧИД ЦАЛИНГАА МЭДЭХЭЭ БОЛЬСОН ХӨЛБӨМБӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ 

Английн Премьер лиг, бусад топ лигүүдэд эхлээд худалдан авалтын мөнгөн дүнгийн 50 хувийг шилжүүлж, цаашид хагас жил тутамд 25 хувийг шилжүүлэх зарчим хэрэгждэг.

“Барселона” португал тоглогч Коутиньог “Ливерпүүл”-ээс худалдаж авсан жишээн дээр тайлбарлая. Хэвлэлүүдэд гэрээний үнийг 105 сая фунт гэж мэдээлсэн. Тэгвэл “Барса” шилжүүлгийн эхний төлбөр болгож “Ливерпүүл”-д ердөө 20.5 сая фунт шилжүүлсэн байдаг. Гэрээний нөхцлөөс шалтгаалаад Английн баг “Барса”-гаас 142 сая фунт салгах боломжтой байсан бөгөөд эцсийн дүндээ 120 сая орчмыг авчээ.

Тоглогч шилжүүлэхэд гарах зардал, иүнийн дүн нь дараах зүйлсээс хамаардаг:

  • -АШТ-д эзэлсэн байр /Худалдаж авсан, худалдсан аль алинд хамаатай/
  • -Амжилт: Цом, ангилал дэвшсэн, ангилалдаа үлдсэн гэх мэт.
  • -Тоглогчийн үзүүлэлт: Гоол, оролцсон тоглолтын тоо, шигшээ багт тоглосон тоглолтын тоо, хувийн шагнал /Жишээ нь “Алтан бөмбөг”/   

Сүүлчийнх нь бол ойлгомжтой. Харин эхний хоёрын тухайд, өөрөөр хэлбэл, шилжүүлгийн эцсийн дүн хөлбөмбөгчийг явуулсны дараа багийнх нь үзүүлсэн амжилтаас шалтгаалдаг нь утгагүй ч юм шиг санагдана.

Гэхдээ энэ бол яг одоо хэрэгжиж байгаа бодит зарчим. Жишээ авья. Наби Кейтагийн /2018 онд “Лейпциг”-ээс “Ливерпүүл”-д шилжсэн/ худалдан авалтын эцсийн дүн “Лейпциг” тоглогчоо явуулсны дараа Бундеслигт эзэлсэн байраас нь шалтгаалсан байдаг. Учир нь, худалдан авалт “Өвлийн цонх” буюу нэгдүгээр сард хийгдсэн ч тоглогч улирал дуустал хуучин багтаа үлдсэн учираас тэр юм. Гэрээнд хэрвээ “Лейпциг” Бундеслигт долоогоос доош байрт орвол тоглогчийн үнэ 48 сая фунт болно. Долоогоос дээш байр эзэлбэл 52.7 сая фунт байхаар заасан аж. Улирлын төгсгөлд “Лейпциг” зургадугаар байр эзэлснээр “Лейпциг” 52.7 сая фунт авахаар болсон байна.

ГЭРЭЭНИЙ УРАМШУУЛАЛ

Тоглогчид гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Коутиньо “Барса”-д ирснийхээ дараа гарын үсэг зурсны урамшуулалд 13 сая евро шаардсан талаар El Mundo” сонинд “Ямар ч боломжгүй зүйл нэхлээ” хэмээн бичиж байв. Ийм их хэмжээний урамшууллыг нэг дор төлсөн нэг ч тохиолдол байхгүй гэдгийг уг нийтлэлд онцолсон байсан юм.

Гэрээнд гарын үсэг зурсны урамшуулал нь шууд нэгмөсөн олгогддоггүй. Тухайн баг гэрээний хугацаанд тоглогчид тодорхой хувиар дэс дараатай төлдөг бөгөөд эхний урамшууллыг  гэрээ үйлчилж эхэлснээс хойш нэг жилийн дараа л өгдөг байна. Тиймээс гарын үсэг зурсны урамшууллыг “Үнэнч байсны урамшуулал” гэж нэрлэх нь ч бий. Жишээ нь, хөлбөмбөгч дөрвөн жилийн гэрээ байгуулаад нэг жилийн дараа өөр баг руу яваагүй бол урамшууллынхаа 25 хувийг авна. Дараа нь дахин нэг жил болоод 25 хувийг авах гэх мэтээр явдаг. Тоглогч гэрээнийхээ хугацааг дуустал тоглож байж л гарын үсэг зурсны урамшууллаа олж авч чаддаг гэсэн үг юм. Чадахгүй бол мөнгөө авахгүй.

Димитри Пайе

Франц тоглогч Димитри Пайе намар нь “Вест хэм”-ээс сая фунтын урамшуулал авчихаад өөр багт явуулахыг багаасаа шаардаж, бөөн юм болж байсан түүх бий. Эцэст нь тэрээр өвлийн цонхоор өөр баг руу явсан байдаг. Тэгвэл баг нь хөлбөмбөгчөө явуулмаар байхад хөлбөмбөгч багтаа үлдэж “үнэнч байсны” урамшууллаа авахыг хүсдэг инээдтэй тохиолдлууд ч бий. Багууд хөлбөмбөгчийг нэг ёсондоо гуйж гэрээ байгуулдаг учир ийм тохиолдолд хэрхэхийг гэрээнд тэр бүр тусгаж чаддаггүй байна.      

БАГУУД ЦААШИД ТОГТМОЛ ЦАЛИН ОЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Тоглогч гаргасан амжилтынхаа төлөө урамшуулал авах заалтыг гэрээндээ болгонд оруулсан байдаг. Ингэхдээ тогтмол цалинг тохирсон хэмжээнээс доогуур бодож, харин амжилтаас шалтгаалж нэмэлт урамшуулал боломжуудыг бүрдүүлдэг ажээ. 

Тоглогч долоо хоногт 50 мянган фунтын цалин авахыг хүслээ гэж бодъё. Тэгвэл багийн зүгээс долоо хоногт 35 мянган фунт, нэг бус урамшууллын нөхцлийг санал болгодог. Тоглолтод оролцсоны төлөө 15 мянга /дор хаяж 60 минут тоглосон байх ёстой/, баг хожсон бол 15 мянга, хувийн тоглолтын үзүүлэлтээс хамаарч 3 мянган фунт авахыг санал болгодог. Хэрвээ тоглогч сэлгээнд суух юм уу гэмтэл авбал долоо хоног бүр 35 мянгыгаа л авна. Талбайд гараад, өрсөлдөгчөө будаа болгоод, баг нь хожвол 70 гаруй мянгыг авна.

Ер нь бол хөлбөмбөгчдөд хувийн урамшуулал авах олон боломж байдаг. Тухайлбал:

  • -Талбайд гарсны урамшуулал. Ер нь талбайд гарна, багийнхаа төлөө тоглолтод оролцоно гэдэг бол цалинтай маш нягт холбоотой байдаг. Жишээ нь, Премьер лигт тоглогч 25, 50, 75, 100, 125, 150 тоглолт хийсний дараа долоо хоногийн цалин дээр нь 1500 фунт нэмэгдэж явдаг байна.     
  • -Хожил байгуулсны урамшуулал. Гараанд гарсан тоглогчдод өгдөг. Олгох зарчим нь мөн л төвөгтэй. Баг нь хүснэгтэд дээгүүр байрт бичигдэж байвал их урамшуулал авна, доогуур байрт байвал багыг авна. Д.Жейн бичсэнээр, Английн доод лигүүдэд нэг хожлын  урамшууллын хэмжээ хэдхэн зуун фунт байдаг бол Премьер лигт 10  мянга хүрдэг  байна.
  • -Гоол, дамжуулалт. Премьер лигийн багууд ерөнхийдөө гоол оруулсны төлөө урамшуулал олгохоос татгалздаг болжээ. Шалтгаан нь энгийн, тоглогчид шагналын төлөө улайрч, эгзэгтэй мөчид амин хувиа хичээснээс багийн амжилтад хохирол учруулах вий гэсэндээ тэр. Гэхдээ зарим багуудад одоо ч урамшуулал олгож байгаа бөгөөд хэмжээ нь янз бүр. Тоглогч байнга гоолддог бол гоол нэг бүрийнх нь урамшууллын хэмжээ өндөр байдаг.
  • Дамжуулалтын урамшууллыг бол харин баг бүр өгдөг бөгөөд хэмжээ нь ойролцоогоор гоолын урамшууллаас 30 хувиар бага байдаг аж.  
  • -“Хуурай” тоглолтын урамшуулал. Баг хэрвээ гоол алдахгүй тогловол гараанд гарсан хамгаалагч, хаалгач нарт урамшуулал олгодог. Хэмжээ нь 5000 фунт орчим байдаг аж.
  • -Улирлын дүнд үндэслэдэг урамшуулал, торгууль. Багууд улирлын өмнө тодорхой зорилго тавьдаг. Түүндээ хүрсэн бол тоглогчдоо урамшуулж, хүрч чадаагүй бол торгууль хүлээлгэх ч тохиолдол байдаг. Жишээ нь зарим гэрээнд ”Премьер лигээс хасагдвал” гэсэн заалт байдаг бөгөөд үүнээс болж тоглогч нийт цалингийнхаа 50 хувийг хасуулах тохиолдол ч гардаг байна.   

Хөлбөмбөгчдийн авдаг урамшуулал ингээд дуусахгүй. Хувийнхаас гадна багийн урамшуулал гэж бий. Зорилгодоо хүрсэн багийн эзэд тодорхой хэмжээний мөнгийг бүх тоглогчдодоо хуваарилдаг. Премьер лигийн муухан баг гэхэд л улирлын эцэст хоёр сая фунтыг тоглогчдодоо тараадаг байна. Гэхдээ яг тэнцүү хуваагаад өгчихгүй. Онооны систем ашиглана. Тоглогч нарт гараанд гарсан бол гурав, сэлгээгээр орсон бол хоёр, сэлгээний сандалд суусан бол нэг оноо өгдөг.

Нэг тоглолтод 43 оноог тоглогчдод тараах боломжтой /Гарааны тоглогчдод 33, сэлгээгээр орсонд зургаа, мэдүүлэгт багтсан ч сэлгээнд суусан тоглогчдод дөрвөн оноо/. Ингэснээр улирлын турш 1634 оноо тоглогчдод очсон байх бөгөөд хоёр сая орчим фунтээ тоглогчдод цуглуулсан оноонд нь тааруулж өгдөг. Нэг оноо 1200 орчим фунт байдаг.  

Жишээ: Тоглогч 20 удаа гараанд гарч, гурван удаа сэлгээгээр тоглон, хоёр удаа сэлгээний сандалд сууж, 13 тоглолтыг гэмтлийн улмаас өнжжээ гэж бодъё. Схемийн дагуу түүнд 68 оноо цуглах бөгөөд 83 000 фунт хүртэнэ гэсэн үг юм.

ТОП БАГУУДЫН ЭЧНЭЭ ТЭМЦЭЛ

Гэрээний заалтууд нь санхүүгээс гадна үр дүнтэй холбоотой байдаг. Жишээлбэл, топ багууд гэрээндээ “Аваргуудын лиг”-ийн эрх авч чадаагүй бол багийн зүгээс тухайн тоглогчийг явуулах эрхтэй" гэх мэт заалт оруулж өгдөг ажээ.

Гэхдээ зүгээр "Яв" гээд явуулчихгүй. Хааш нь очихыг нь ч заадаг аж. Өөрөөр хэлбэл, адил юм уу, илүү цалин санал болгоод авах эрхтэй багуудын нэрсийг гаргадаг гэсэн үг. Эсвэл авч болохгүй багийн нэрсийг оруулна. Гол өрсөлдөгчөө хүчирхэгжүүлэхгүй гэсэн атгаг санаа нь ингэж илэрдэг. Жишээ нь, Серхио Агуэрог Премьер лигийн багуудаас “Манчестер Юнайтед” л авч болохгүй байх жишээтэй.

Серхио Агуэро

Харин Жо Аллений “Суонси”-тай байгуулсан гэрээнд багаас явсан тохиолдолд очиж болох таван багийн нэр л байсан гэдэг. Тэр дунд нь “Ливерпүүл”-ийн нэр байсан учраас л Жо “Ливерпүүл”-д очсон юм. 

Гэхдээ ижилхэн гэрээ санал болгоод л авчихдаг гэвэл бас тийм биш. “Арсенал” 2013 оны зүн Луис Суаресыг авахаар 40 сая+1 фунтын санал тавьсан байдаг. Тэд Суарес, “Ливерпүүл”-ийн хооронд байгуулсан гэрээн дээр 40 сая цунт гэсэн тоо бичигдсэн байсныг мэдчихсэн байсан юм. Ингээд хэлэлцээр хийлгүй шууд авна гэдэгтээ итгэлтэй байсан ч эцсийн дүндээ Луис Суарес багтаа үлдсэн. Барууны орнуудад гэрээ байгуулах, хэрэгжүүлэхдээ хүн чанар, сайхан сэтгэл, шударга байдал гэх мэт ойлголтуудыг бас хэрэгжүүлэх ёстой үздэг.

Гэрээг зөрчихийн тулд хуйвалдах, заль мэх хэрэглэхийг таашаадаггүй. Тиймээс Мэргэжлийн тоглогчдын холбоо “Ливерпүүл”-ийн талд зогсч, “Арсенал” санасандаа хүрээгүй юм. А.Венгер хожим нь энэ талаар “Л.Суарес өөрөө “Арсенал”-д ирэхэд бэлэн байсан” гэж ам алдсан байдаг юм. “Redemption option” буюу худалдан авах сонголтын мөнгөн дүнг өөр ямар ч баг мэдэх эрхгүй байдаг. Тоглогч ч, менежер ч энэ мэдээллийг гадагш нь задруулж болдоггүй. 

Тухайн тоглогчийг өөр баг авахыг хүссэн тохиолдолд нөхөн төлбөр өгөх заалтыг баг бүр гэрээндээ оруулдаг. Гэхдээ хэмжээ нь улс болгонд ялгаатай байдаг. Испанид энэ хэмжээ маш өндөр /Жишээ нь Л.Мессиг өөр нэг баг авахыг хүсвэл “Барса”-д 700 сая евро төлөх хэрэгтэй болно/. Харин Премьер лигт тийм байдаггүй. Хэрвээ тоглогчийн зах зээлийн ханшаас хэт өндөр нөхөн төлбөр шаардвал хөлбөмбөгч багийн эзнээ шүүхэд өгөх эрхтэй. Хууль хөлбөмбөгчийн талд үйлчилдэг аж. Мөн Ла лигт нөхөн төлбөрийг худалдан авагч биш тоглогч өөрөө хийдэг онцлогтой. Жишээ нь Неймар. Мөнгө нь Катарын мөнгө байсан ч төлбөр Неймарын дансаар дамжин хийгдсэн.  

ТОГЛОГЧ АВАХЫН ТУЛД ГУРАВДАГЧ БАГТ МӨНГӨ ТӨЛӨХ ТОХИОЛДОЛ ЭЛБЭГ

Заримдаа шинэ тоглогч авахын тулд хоёр багт мөнгө төлөх шаардлага гардаг тохиолдол бий. Ла Маншийн хоолойд амь үрэгдсэн Эмилиано Салагийн хэрэг дээр энэ жишээ гарсан. “Кардифф” Э.Салаг “Нант”-аас 17 сая фунт стерлингээр худалдаж авсан бөгөөд Премьер лигт үлдэж чадвал нэмж гурван саяыг өгөх гэрээ хийжээ. Мөнгийг гурав тасалж шилжүүлэх байсан бөгөөд эхний зургаан сая еврог шилжүүлэх байсан ч хууль эрхзүйн зөвлөгөө авах нэрээр шилжүүлээгүй.

Гэтэл Э.Салагийн хуучны хуучин баг  “Бордо” маргаанд орж ирсэн. Тэд тоглогчоо 2015 онд “Нант”-д өгөхдөө өөр багт худалдвал үнийн дүнгийн 50 хувийг авна гэж гэрээлсэн аж. Тиймээс “Кардифф”-аас шилжүүлэх ёстой байсан зургаан сая фунтын хагасыг нь “Нант”-аас нэхэмжилжээ. Ирээдүйтэй хүүхдийг олж, өөр багт зарахдаа “Цаашид өөр багт очвол тэдэн хувийг нь авна” гэж гэрээлчихээд мөнгө цохиж суудаг багууд цөөнгүй бий.      

ЗЭЭЛ

Хөлбөмбөгийн ертөнцийн зайлшгүй нэг хэрэгцээ бол зээл юм. сэлгээнд сууж байгаа тоглогчоо зээлээр явуулж, цалинг нь суллаж авна. Явсан тоглогч тоглолтын практиктай, формтой болоод эргэж ирдэг. Тоглогчийг зээлээр авахдаа зээлдүүлсний төлбөр төлж, цалинг нь бас давхар хариуцдаг. Жишээ нь “МЮ” Фалькаог зээлээр авахдаа 10 сая фунт төлж, дээр нь долоо хоногт 265 мянган фунтын цалин олгож байв.

Зээлийн гэрээний ганц сул тал нь тоглогчоо зээлсэн, зээлдүүлсэн баг хоорондоо тоглох болбол яах вэ гэдэг асуудал байдаг аж. Премьер лигт бол энэ асуудлыг гэрээнд нэмэлт зөаалт оруулах байдлаар шийддэг ч үүнийгээ нуудаг. “Эвертон”-д зээлээр тоглож байсан Ромелу Лукаку үндсэн баг “Челси”-гийн эсрэг тоглолтод орохгүй болсныг мэдээд “Арсенал”-ын дасгалжуулагч А.Венгер ихээр бухимдаж, “шударга өрсөлдөөнийг үгүй болгож байна” гэж мэдэгдэж байсан удаа бий. Гэтэл үүний эсрэгээр “Манай тоглолгчийг манай эсрэг тоглуулж болно оо, гэхдээ мөнгө өгчих” гэх шуналын хүүдийнүүд ч байдаг аж.

“Челси” “Атлетико”-д зээлүүлсэн Тибо Куртуагаа 2013-2014 ионы улирлын “Аваргуудын лиг”-т өөрсдийнх нь эсрэг тоглуулж болно гээд, “Гэхдээ тоглолт нэг бүрийн төлөө таван сая евро өгчих” хэмээн испаничуудаас нэхсэн байдаг. “Атлетико” энэ талаар УЕФА-д гомдол гаргаснаар Тибо Куртуа үндсэн багийнхаа эсрэг ямар ч төлбөргүйгээр тоглож, улмаар багаа хожуулж /0:0, 3:1/ байв.

Тэгэхээр, топ биш хөлбөмбөгчийн шилжилт хөдөлгөөн ч маш их цаг авсан нүсэл ажил болдгийг та бүхэн ойлгосон биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-19 11:08

Gereeniii heleltseer hiisnii daguuu hen hen ni l hariutsalagtai handdag bailgvideee

Зочин
Зочин
2022-11-19 11:08

Яг ам�##�сан мөнгөө өгч чаддаг болов уу?

Зочин
Зочин
2022-11-19 11:09

Амьдр�##�иан энэ зүйлд зориулж байгаа хүмүүсээс юугнь харамлахуй өгөх л хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-19 11:09

Changa geree heleltseeriin daguu ywagddg bh l daa

Холбоотой мэдээ

Back to top button