Катар 2022СПОРТ

Эннер Валенсиягийн “кино цаашаа” адал явдалт амьдрал

ДАШТ-ий эхний өдрийн чимэг, нээлтийн гоолыг оруулсан Эннер Валенсия Эквадорын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, улсынхаа хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг төдийгүй, хувийн амьдрал нь адал явдалт кино гэмээр, тун чиг адармаатай түүхтэй ажээ.

Нас барсан хамтрагчийнхаа оронд шигшээ багтаа дуудагдаж ДАШТ-ий утааг анх “үнэрлэсэн”, хөлбөмбөгийн талбайгаас түргэний тэргээр цагдаа нараас зугтсан, хулгайлагдсан эгчийгээ ширэнгэн ойгоос аварсан гэх мэт адал явдлаар дүүрэн Эннерийн амьдралын талаарх нийтлэл хойд хөршийн спортс.ру цахим хуудаст гарсныг уншигчдадаа товчлон хүргэж байна.

Кристиан Бенитесийн үхэл дээр цэцэглэсэн замнал

Эннер Валенсия бол Эквадорын хөлбөмбөгийн амьд домог. Олон улсад төдий нэрд гараагүй байж болох ч улсдаа нэр хүндээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн. Английн “Брайтон”-д гялалзаж буй Мойзес Кайседо, Первис Эступиньян нар л нэр хүндээрээ түүнтэй ойртож ирж буй. Тэрбээр Катарын хаалганд дубльдсэнээр улсынхаа түүхэнд ДАШТ-ий шигшээ тэмцээнд таван гоол оруулсан анхны хөлбөмбөгч болсноор нэр хүндээрээ дахин тасрах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Сорилгод Колумб, Чилийг мулталсныг нь үл харгалзан мэргэжилтнүүд Эквадорыг хэсэгтээ “сүүл мушгина” гэж тооцож байсан бол эздийг хожсоны дараа байдал өөрчлөгдөөд байна. Түүний энэ гайхалтай замнал харамсалтай нь нэг эмгэнэлт явдлаас үүдэлтэй боллхыг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Кристиан Бенитес

Эннер анхны ДАШТ-дээ нас барсан хамрагчийнхаа оронд оролцож байжээ. Тухайн үед тэрбээр /2013 онд/ “Эмелек” багтаа улиралд 10-аас дээш гоол оруулдаг болчихсон байсан ч шигшээ багт багтах болоогүй л байв. Тэр үед 27 настай Кристиан Бенитес ид гялалзаж, Эквадорын түүхэн дэх топ 3 довтлогчийн нэг болон, шигшээ багийн гарааны довтлогчийн эрхийг бат атгаад байжээ. 2013 онд “Америка” багт тоглон Мексикийн АШТ-д түрүүлээд Катарын “Эль Жаиш”-т очсон тэрбээр долоодугаар сарын 29-ний өдөр гэдэс нь хүчтэй өвдсөн зовуурьтайгаар эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч амжилгүй зүрх нь зогссон юм.

Эквадорын хөлбөмбөгийн түүхэнд нэг тийм харамсалтай үйл явдал болсон байдаг юм. ДАШТ-ий сорилго шийдвэрлэх үедээ тулсан, сайн довтлогч байгаагүй тул дасгалжуулагч Эннер Валенсияг дуудаж, жигүүрийн довтлогч түүнийг төвд тавиад сорилгыг дуусгасан байдаг. Гайхалтай нь, Эннер сорилгын сүүлийн таван тоглолтод дөрвөн гоол оруулж, “ӨАБНУ 2014” ДАШТ-д гурван гоол оруулж ялгуусан замналаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр өчигдөр Катарын хаалганд гоол оруулчхаад хийсэн үйлдэл нь Кристиан Бенитесийг дурссан хэрэг байжээ. Яг нас барсан Катарт нь гоол оруулж энэ тэмдэглэгээг хийнэ гэж төлөвлөсөн байсан гэнэ.

Цагдаа нараас зугталтын мастер

Байнга биш ч нэг удаа ийм тохиолдол гарч байжээ. Тэрбээр 2016 онд хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгөхгүй удаасан тул цагдаа нар эрэн сурвалжилж эхэлсэн аж. Улмаар баривчлах шийдвэр гаргаж, Эквадор, Чилийн багийн тоглолтын үеэр шууд дайчлан баривчлахаар болсон юм байна. Үүнийг мэдсэн Эннер тоглолтын 82 дахь минутад гэмтэл авч, дамнуургаар талбайгаас гаргуулангуутаа түргэн тусламжийн машинаар зугтсан аж.

Түүнийг эл үйлдлээ хийхдээ гэмтэл ч аваагүй байсан гэсэн таамаглал Эквадорын хэвлэлүүдээр тухайн үед их бичигдсэн гэдэг. “Би охинтойгоо харилцах хүсэлтэй ч эхнэр асан маань надтай уулзуулдаггүй. Би сар бүр 30 000 ам.долларын тэтгэмж төлсөөр байхад тэр намайг Эквадорт байх үед охинтой минь уулзуулахгүй байсан юм. Тиймээс хүүхдийнг тэтгэмжийг төлөхөө больсон, одоо би өөрөө шүүхэд хандана” гэж тэрбээр болсон явдлыг тайлбарласан байдаг.

Сүүлд хуучин эхнэр нь шинэ найз залуутайгаа АНУ-д аялж явахдаа Бейра охиныг машинд олон цагаар түгжээтэй орхиж, өөрсдөө “Хард рок” бааранд зугаацсан тул Шүүхээс эх байх эрхийг нь хассан аж. Одоо Эннер өөрөө охиноо өсгөж байгаа ажээ.

Эгчийгээ ширэнгэн ойгоос аврав

2020 онд эквадорчууд 10 хоногийн турш улс даяараа Эннерийн эгч Эрсигийн амь нас эрүүл мэндийн төлөө залбирсан удаа бий. Эрсиг зэвсэглэсэн этгээдүүд ширэнгэ ой руу хулгайлж одсон бөгөөд 10 хоногийн турш барьцаалсан байдаг. Эннер тэр үед Туркийн “Фенербахче” багт тоглож байсан аж.

Бүсгүйг чөлөөлөх ажиллагааг Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено биечлэн зохион байгуулж, амжилттай болгосон юм. Эрсиг “Колумбийн хувьсгалт арми” гэх зэвсэгт бүлэглэлийн нэг жигүүр болох “Оливер Синистеррын фронт” хулгайлж, Эннерээс хоёр сая ам.доллар нэхэж байсан гэдэг.

ДАШТ-ийг чимж буй Эннер Валенсия хэмээх тоглогчийн түүх нэг иймэрхүү.

Тэрээр энэ жил Туркийн лигт 12 тоглолтод 13 гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 15:14

Үнэхээр төрцөн гоё тоглогч байна лэ

Холбоотой мэдээ

Back to top button