Франц түрүүлбэл К.Бенземад ДАШТ-ий алтан медаль өгнө

Францын баг дэлхийн аварга болбол Карим Бенземад алтан медаль олгоно гэж “RMC Sport” мэдээлэв. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан мэдэгдэлд "Карим Бенземагийн нэр Францын багийн албан ёсны мэдүүлэгт байгаа тул аварга болсон тохиолдолд тэрбээр багт олгох 26 алтан медалийн нэгийг хүртэнэ" гэжээ.
Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө гэмтэл авч, ДАШТ-д тоглох боломжгүй болсон билээ. Түүний оронд “Манчестер Юнайтед”-аас Антони Марсьялийг дуудна гэж байсан ч дасгалжуулагч Дидье Дешам оронд нь тоглогч дуудахгүй гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн /Энд дарж үзнэ үү/. Тэгвэл энэ нь Карим Бенземад боломж олгосон хэрэг байжээ.
Францын шигшээ баг “Катар 2022” ДАШТ-ий D хэсэгт Дани, Тунис, Австралийн багтай өрсөлдөж буй бөгөөд хоёр тоглолтын дараа зургаан оноотой, нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Дэлхийн аваргууд хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 30-нд Тунисын багтай хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.