Молдавчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсжээ

Ерөнхийлөгч Майя Сандуг огцрохыг шаардсан жагсаал Молдавын нийслэл Кишиневт болж байна. Жагсагчид улсын Ерөнхий прокурорын газрын үүдэнд эхлээд сөрөг хүчний улстөрчдөд тагнуул хийсэн хэмээн хилсээр гүтгэж эрүүгийн хэрэг үүсгэж байгааг эсэргүүцсэн бөгөөд улмаар зорилгоо өргөжүүлж, үнийн өсөлт, иргэдийн амьжиргаа муудаж байна хэмээн эрх баригчдын эсрэг ханджээ. РИА Новости энэ талаар мэдээллээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Дину Цуркану эрх баригчид Прокурорын байгууллагыг сөрөг хүчний эсрэг нохойд барьдаг мод болгож ашиглаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа аж.
Молдавын хуулийн байгууллага энэ сарын 25-ны өдөр сөрөг хүчний улстөрчдийг олноор нь хоморголон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, улс оронд тогтворгүй байдал үүсгэхийг оролдсон хэргээр олон хүнийг баривчилсан юм байна. Сөрөг хүчин “Шор” намын улстөрчид ихэвчлэн энэ мөрдлөгт өртсөн тул өнөөдөр ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлжээ.
Иргэдийн огцрохыг шаардаж буй, Молдавын одоогийн Ерөнхийлөгч Майя Санду барууны талыг тууштай баримтлагч нэгэн юм. Сүүлд ирсэн мэдээгээр, хууль сахиулагчид жагсаалыг тарааж, төв замуудыг чөлөөлөн автомашины хөдөлгөөнийг нээсэн байна. Жагсаалд 40 орчим мянган хүн оролцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.