НийгмийнНИЙГЭМ

"Үнэгүй манаач"

-“Хөдөлмөр хийхгүй, хийсэн ч ашиглуулаад л өнгөрдөг юм билээ” гэсэн бодтолтой иргэд захын хорооллуудаар өсч өндийж байна-

Саяхны нэг амралтын өдрөөр амьдарч байсан хуучин бууриа эргээд ирлээ. 2000-аад оноос хойш арван хэдэн жил Орбитын айл болж амьдарч байсан юм. Хотын төвийн байраа арай хямд байраар солин Сонгинохайрхан дүүргийн иргэн болсон нь тэр. Зөрүү мөнгөө өсгөж арвижуулах гээд чадаагүй юм. "Чадахгүй юмаа хийх гэж зүтгээд байршлаа дордуулчихлаа" гэж хааяа бухимдан боддог байлаа. Тэр үедээ хөршүүдтэйгээ танилцсаныхаа дараа шалтгаан нь өөр, өөр ч надтай адилхан замаар тэнд ирсэн болохыг нь мэдэж, гайхаж байж билээ.

Тагнуулын газар хурандаа явсан Цэвгээ гэх эр том хүүгээ гэрлэхэд "Төмөр зам" дахь гурван өрөө байраа зарж тусад нь гаргаад одоо байгаа байраа авсан байхад Лхамаа хэмээх хижээл авгай зөрүүнд ирсэн мөнгөөрөө хөдөө амьдардаг хүүгээ малжуулсан байх жишээтэй. Зүйрлэж хэлбэл, үр хүүхдэдээ хөрөнгө тасалсандаа сэтгэл хангалуун ч, амьдралын түвшингээ нэг шат доошлуулаад бухимдаж байгаа улс байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа, орчинтойгоо танилцаад “Бид бас ч гайгүй юм байна” гэж бодоход хүргэсэн нэг үнэнийг мэдсэн юм.

Манайд байраа зарсан авгай гэрээр байнга орж гарна. Тэднийх Найрамдал зуслангийн орчимд байх Цэнхэр дэлгүүр гэдэг газар хашаа байшин аван төвхнөсөн гэнэ. Тэдний хөршүүд нь байранд байхад мөн л хөрш байсан айлууд байдаг гэнэ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Төвөөс зугтах хүч шиг цалингаараа амьдардаг иргэд хотын зах руу шахагдсаар байгаа юм байна. Тэдний ихэнх нь “Байраа хэрэггүй зарлаа” гэж байхад “Байраа шууд зараад аргаа бодсон нь их юм. Барьцаалж зээл авсан бол юу ч үгүй үлдэх байсан” гэж ярих нь ч байх.

Сая хуучин нутгаараа очоод бүх юм яг хэвээрээ байгааг хараад гайхав. Хотын төвөөс байраа зарсан иргэд нүүж ирж, харин манайхыг амьдарч байх үед байсан иргэдийн зарим нь гэр хороолол руу нүүжээ. Ийм байдлаар бараг таних хүнгүй шахам болж.

"Найман нэрийн барааны дэлгүүр" ажиллуулдаг Жаамаа гэх эмээтэй уулзаж ярьж суулаа.

Анх хараад их л бийлэгжүү болов уу гэж бодож байсан тэр эмээ байраа барьцаанд тавиад Толгойтод найман нэрийн дэлгүүр ажиллуулсан ч зээлээ төлж чадалгүй сая гаруйхан төгрөгөнд тавиад туучихсан гэдгээ гунигтай аргагүй хүүрнэж байна. Би эмээг өрөвдөж байхад эмээ харин өөр хүмүүсийг өрөвддөг гэхийг сонсоод гайхлаа.

Эмээгийн дэлгүүрт өдөр шөнийн аль ч үед орсон 2-3 залуу бие хамгаалагч аятай байнга зогсож байдаг. Захын хороолол учир элэг барих гэсэн увайгүй этгээдүүд энд цөөнгүй. Тиймээс залуус дэлгүүрт бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, эмээ хариуд нь бага сага зээл өгч, бие биедээ тус дэмтэй явдаг юм байх.

“Ийм сайхан залуусыг “Ажил хий” гэж загнахын оронд дэлгүүртээ байлгаад…” гэж бодсоныг минь таасан юм шиг Жаамаа гуай “Энэ гурав маань ажилд орлоо л гэдэг юм. Төд удалгүй 2-3 долоо хонгийн дараа “Ажлаасаа гарчихлаа. Цалингаа авч чадсангүй" гэсээр ирдэг” гэсэн юм.

Эмээгийн энэ яриа олон зүйлийн тухай эргэцүүлэн бодоход хүргэв. Иргэд байраа зарж хотын зах руу нүүж байгаа нь бага хэрэг. Цалингаараа амьдраад юунд ч хүрэхгүй гэдгийг тэд ядаж ойлгосон байна. Гэтэл ирээдүйг цогцлоох учиртай залуучууд маань ажилласан хэрнээ цалингаа авч чадахгүй дэлгүүр манаж зогсоно гэдэг эмгэнэл билээ.

Хөдөлмөрийн шинэ хуульд ажил олгогч гэрээ хийлгүйгээр ажилчин ажиллуулахыг хориглосон. Гэсэн ч ажил олгогчид давуу тал байсаар л байна. Хүмүүсийн ярих нь, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж байгаад “Үгүй” гэж хэлдэг, үүндээ бүр гаршсан жижиг дунд үйлдвэрлэгчид үнэхээр байдаг аж.

Ажлын хөлсөө өгдөггүй ААН-ийн мэдээллийг авах тусгай дугаар бий болсон. Гэхдээ авч байгаа арга хэмжээ нь олон нийтэд ил биш байгаа нь дараа, дараагийн хохирогчид бий болох хөрсийг бэлдээд байна уу. Төр засгаас иргэдэдээ төлөвшүүлэх гэж ядаж байгаа "Хөдөлмөрт дурлах" сэтгэлийг “алж"явдаг энэ мэт хувь хүн, байгууллагуудад төрийн "төмөр нүүр"-ийг үнэхээр бодитойгоор үзүүлж, нэр устай нь олон нийтэд зарлаж баймаар байна.

Нөгөөтэйгүүр, бидний “Дэлгүүр, баар, гуанз ажиллуулдаг юм чинь энэ баян” гэсэн ойлголт хуурамч юм байна. Тэдний ихэнх нь байрны эзний аманд багтаж явдаг түрээслэгчид л юм байна шүү дээ. Нийслэлд өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болж. Тэр ч бүү хэл айлууд хүртэл байр, халаасны өрөөгөө түрээслүүлнэ.

Төрдөө нэгэн "Өрх" гэж бүртгэгдсэн гэр бүлүүдийн багагүй хувь нь төрхөмдөө, эсвэл түрээсийн байранд толгой хоргодож байна гэсэн харамсалтай судалгаа ч байна. Зарын сонины ихэнх хуудсыг түрээсийн зар дүүргэж, хаана л бол хаана “Түсээслүүлнэ” гэсэн зар өлгөөстэй байх болжээ. Ийм эгзэгтэй үед төр засаг хотын төвийн айлуудын газрыг 100 саяар худалдаж авч барилгажуулснаас хотын захын хямдхан газар руу барилгын компаниудын анхаарлыг татах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлмээр санагдана. Тэгэхгүй бол “Хөдөлмөр хийхгүй, хийсэн ч ашиглуулаад л өнгөрдөг юм билээ” гэсэн бодолтой иргэд захын хорооллуудаар өсч өндийж байна.

Нэгэн үе "Тэнэмэл хүүхдүүд ажил хийх сонирхолгүй учир том болоод гэмт хэрэг хийнэ, яана" гэсэн айдас, болгоомжлол байсан бол одоо "үнэгүй манаач" хийгээд байгаа залуус гэр бүлтэй, элэг бүтэн айл өрхийн гишүүд байгаа нь сонин. Нэгэнт ажил хийхгүй гэсэн бодолтой болсон тэд ирээдүйд юу хийж орлого олох бол гэхээс нуруу хүйт оргино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-04 00:38

Гэрээгүй туршилтаар ажиллаж байгаагаа эхэлж хэлж мэдэгдэж бат##гаажуулдаг газар баймаар юм. Тэгээд гурван т##т гэрээ хийдэг ч юмуу. Хийхгүй бол нь ц##ингүй ажиллуулах нь тодорхой учраас больчиход л болно.

Зочин
Зочин
2022-12-04 09:28

З##хуу нөхдүүд л байхгүй юуудаа

Зочин
Зочин
2022-12-05 15:41

Барилгын компаниуд л гол төлөв ийм байд## их үүсгэж ц##ин мөнгийг нь хулхиддаг гэж боддог

Холбоотой мэдээ

Back to top button