Who is Who?ДЭЛХИЙ

Коммунизмын голомтод үүрээ зассан мафийн толгойлогч эмэгтэй

-Худалдааны гавьяат ажилтан эмэгтэй Коммунист намын дарга нарын “түрийвч” болж, цаазаар авахуулсан түүх-

Геленжикийн нийтийн хоолны газруудын удирдах газрын дарга эмэгтэй ЗХУ-ын үед цаазаар авахуулсан гуравхан эмэгтэйн нэг болсон юм. Яагаад гэдгийг дор өгүүлнэ.

НАМЫН ДАРГЫН "ТАТААС"-ААР ЭХЭЛСЭН АМЖИЛТ, АЛДРЫН ЗАМНАЛ

Берта Наумовна Бородкина амжилт, алдрын замналаа 1951 онд буфетын худалдагчаар эхэлжээ. Хуримлаж очсон авааль нөхөр нь нас барснаас хойш энэ эмэгтэй ажилдаа хамаг анхаарлаа хандуулж, албан тушаалын шатаар өгссөөр 1974 онд Геленжикийн нийтийн хоолны удирдах газрын дарга болсон байна. Бүрэн дунд боловсрол ч эзэмшээгүй бүсгүй ингэж цойлсонд шургуу хөдөлмөрч зан, овсгоо самбаанаас гаднга хотын намын хорооны дарга Николай Погодины оролцоо их байв. 10 дугаар анги төгсөөгүй хүнийг өндөр албан тушаалд томилох нь Н.Погодины л чадах ажил байв. Тэрээр Бертаг дэвшүүлсний нууц нь найман жилийн дараа тодорхой болсон юм.  

Геленжикт төрийн өндөр албан тушаалтан ирж гэмээ нь банкет, үдэшлэгээ зөвхөн Беллагийн ресторанд л хийдэг байжээ.

Берта ажлаа мэддэг нэгэн байсан тул ширээнүүдийг тансаг амттанаар дүүргэж, үйлчилгээг үзүүлэх шиг болдог байсан аж. Тэнд яригдаж буй албан тушаалын наймаа, лоббиг тэрээр харж сонсдог, хариуд нь томчууд албан тушаалд нь байлгаж, дураараа авирлахыг нь нүдээ аниад өнгөрүүлдэг байжээ.  

ХУЛГАЙ, ЛУЙВРЫН ХАР МӨР

Белла нийтийн хоолны салбарт хамгийн бага тушаалаас нь эхлэн ажилласан гэдгийг дээр дэмий нэг хэлсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэр “Зөвлөлтийн гал тогоо”-ны зохион байгуулалтыг давхарга бүрээр нь нэвт шувт мэддэг нэгэн байжээ. Доороос эхэлсэн шат дамжлага бүрт тэрээр санаатай санаандгүй ажиглалт хийсээр асар үнэтэй туршлага хуримтлуулжээ. Тухайн үед хоолыг стандартын дагуу бүрэн порцолдог газрыг олоход хэцүү байсан бөгөөд үйлчлүүлэгчид ч хоолоо жинлэж үздэггүй байв. Тэр тусмаа Хар далайн эрэгт орших амралт сувиллын хотод өдөр бүр л баяр ёслолын байдалтай өнгөрч, жуулчид, мөнгө төгрөгөөр бялхдаг тул порц бага байгаа талаар хэн ч гомдол мэдүүлдэггүй байв.  

Чухам энэ нөхцөл байдал Бертагийн толгойг ажиллуулж, хууран мэхлэх замаар “мөнгө хийх” аргад гаршин, амташжээ. Удирдах албан тушаалд очсон хойноо ч Берта конъякийг хямд архиар, цай кофег түлсэн элсэн чихрээр хэрхэн шингэлэхийг ажилчдадаа зааж сургаж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний хэрхэн хууран мэхэлж, халаасыг нь хоослохыг заадаг байжээ.

Түүний удирддаг трестийн харъяа гуанз, ресторан, уушийн газрууд өдөр бүрийн орлогоосоо Бертад хувь өгдөг жишиг тогтсон байж. Зөөгч, бармен, гуанзны эрхлэгч, орлогч гээд түүний удирдлагад байсан  нийтийн хоолны газрын бүхий л хүмүүс “энэ таатай” ажил дээрээ  оршин тогтнохын тулд тодорхой хэмжээний мөнгө /авлига/ өгөх ёстой, ийм журам тогтоожээ. Орж ирсэн мөнгөний тодорхой хэсгийг Берта “дээш нь” бас явуулна. Ингэж албан тушаалаа баталгаажуулдаг байж. Ийм байдлаар 1982 он хүртэл явжээ. Энэ хүртэл тэрээр хар далайн эрэг дээрх Геленжик хотын зоогийн газар, гуанзнуудын трестийг найман жил удирдаж “Төмөр Белла” хэмээн алдаршаад ЗХУ-ын Худалдааны гавьяат ажилтан хүртэл болчихоод байв.

Гэтэл гэнэт 1982 онд огт өөр зүйл ангиар буюу “Насанд хүрэгчдийн киног ашиг оллох зорилгоор олон нийтэд үзүүлсэн” гэдэг хэргээр баривчилсан байна. Энэ бол Белла шиг өргөн хүрээнд ажилладаг хүний хувьд өчүүхэн жижиг шалтаг байв, гэхдээ мөрдөгчид хэргийн углуургыг олж дөнгөжээ.

МӨНГӨ ХААНА, БЕЛЛА ТЭНД...

1982 онд ЗХУ-д видео магнитофон /приставка/, видео кассет дэлгэрч кино үзүүлэх бичил бизнес хүчээ авсан байж. Киноны хорхойтнууд тулаант кино үзэхийн тулд мөнгө төлөхөөс татгалздаггүй байсан бол насанд хүрэгчдийн кино үзэхийн тулд түүнээс хэд дахин ихийг төлөхөөс буцдаггүй байжээ. Гэхдээ үүнийг гэмт хэрэгт тооцож, зохион байгуулсан хүнд шийтгэл оноодог байсан юм. Гэтэл, мөнгө хаана, Белла тэнд байдаг хойно... Геленжикийн нэгэн кафед хэдэн жуулчин кино үзэж байгаад баригдаж, төлгийг “Төмөр Белла” дээр буулгаснаар асар өндөр орлоготой мафийн толгойлогч хатагтай баривчлагдах нь тэр...

Ю.Андропов

Эхэндээ түүнийг нэг их удахгүй гараад ирнэ гэж бодож байлаа. Гэтэл суллагдсангүй. Чулууг бүр дээрээс шидсэн болох нь тодорлоо. Өөрөөр хэлбэл, Ю.Андропов ЗХУКН-ын Төв хороны нарийн бичгийн дарга болсныхоо дараа Л.Брежневийн үеийнхнийг шахан зайлуулж эхэлсэнтэй холбоотой болж таарав.

Ю.Андропов төрийн эрх мэдлийг авмагцаа "Кубань дахь авлига хээл хахуулийн хэрэг" гээчийг гаргаж иржээ. Краснодарын хязгаарын намын хорооны дарга С.Медунов Л.Брежневийн ойрын хүн байсан тул түүнийг болон тойрон хүрээлэгчдийг нь Прокурорын газраас байсгээд л шалгадаг байж. “Төмөр Белла” тэр тойрогт буюу С.Медуновын хүрээнд байсан тул баригдсан нь тэр аж.

Мөрдөгчид баривчлахаар ирэхэд Белла огтхон ч гэмшсэн шинжгүй, өөртөө бат итгэлтэй байсан гэдэг. Гэвч тэр эргэж гарч ирээгүй байсаар дууссан билээ. Кино үзүүлсэн хэрэг өргөн хүрээг хамарсан, асар их хохиролтой луйврын хэрэг болж өргөжив. Мөрдөн байцаалтын явцад өөрийн засаглалын үеэд тэрээр зоогийн газар, гуанзнуудаас нэг сая рубль шамшигдуулан завшсан нь илэрчээ. Энэ бол зөвлөлтийн үед дундаж цалин 200 рубль байсан гэхэд ёстой толгой эргэм их мөнгө.   

"ТӨМӨР" БЕЛЛА ХОЧТОЙ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ

Бородкинаг буруутгасан шүүхийн тогтоолд “Дээрх хугацаанд /1974-1982 он/ тэрээр өөрийн доор ажиллагсдаасаа албан өрөөндөө олон удаа авлигал авч байсан нь тогтоогдсон. Мөн төрийн өндөр албан тушаалтанд олон удаа авлигал өгч байсан нь нотлогдсон байна. Тухайлбал, Геленжик хотын намын хорооны дарга Николай Погодинд зөвхөн сүүлийн хоёр жил 15 000 рубльтэй тэнцэх авлигыг бэлэн мөнгө, бараа материал хэлбэрээр өгсөн” хэмээн дурджээ. 15 000 гэдэг бол тухайн үед “Жигули” суудлын автомашин гурвыг худалдаж авах мөнгө байв. 
Б.Бородкина өөрийн удирдлагад байсан “Кавказ”, “Южный”, “Платан”, “Яхта” зэрэг ресторан, гуанз, уушийн газар, шорлогны мухлагуудад хэрэгжүүлж байсан луйврын схемийг хавтаст хэрэгт нь тодорхой бичжээ.

Кубанийн түүхч, энэ хавтаст хэргийг нэгд, нэгэнгүй судалсан Владимир Руновын ярьснаар, Төмөр Беллагийн доор ажиллаж байгаа бүх хүн, зөөгч тогоочоосоо эхлээд толгой дараалан удирдагчид татвар төлөх ёстой. Хэдийг төлөх, төлөөгүй тохиолдолд юу болохыг бүгд мэддэг байсан гэнэ.

ЛУЙВРАА ХЭРХЭН ХИЙДЭГ БАЙВ?

Б.Бородкина ресторан, зоогийн газруудаар өөрөө биечлэн явж, зохиосон луйварынхаа хэрэгжилтийг шалгахын ялдамд удирдлага зааварчилгаа өгдөг байж. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын газарт 1979-1991 он хүртэл ажиллаж байсан Владимир Калиниченко Төмөр Беллагийн мөнгө хийх аргуудын талаар доорх зүйлсийг ярьжээ.

Мөнгө хийх хамгийн энгийн, түгээмэл арга нь зөөхийг усаар шингэлэх болон шингэн цай, кофег түлсэн сахараар өнгө оруулах. Хамгийн ашигтай нь махан таташийг талхны үйрмэг юм уу буудайны нухашаар арвижуулах явдал байв. Ингэж хэмнэсэн махаа шорлогны газар “угаадаг” байж. Зөвхөн энэ аргаараа тэрээр хоёр жилийн дотор 80 000 рубль олсон байжээ. 

Бородкинагийн хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч Борис Абакумовын хэлснээр, орлогын бас нэг том эх үүсвэр нь согтууруулах ундааны худалдаа байв. Гэхдээ луйварт нь онцгой юм байсангүй. Дутуу хундагалах, хатуулаг дээр “ажиллах” арга л хэрэглэдэг байв. Мөн өндөр үнэтэй армян коньякийг алим, лийрний модны навчаар нэрсэн хямд архиар шингэлэх нь маш ашигтай байжээ. Калиниченкогийн хэлснээр ингэж хольсон хуурамч коньякийг мэргэжилтэн ч мэдэхэд хэцүү гэнэ.    

Хар далайд жил бүр ЗХУ-ын өнцөг булан бүрээс 10 сая гаруй жуулчин амьдралын сайн сайхныг амтлахаар ирнэ. Чухам тэд эргийн мафийн санхүүгийн ширгэшгүй эх ундарга болдог байж.  

ТОМЧУУДЫН ТОХЬ ТУХЫГ ХАНГАГЧ

Сочигийн сэтгүүлч Игорь Сизовын хэлснээр, Бородкина ирээдүйн нөлөөтэй ивээн тэтгэгчдийг олохын тулд амрахаар ирсэн томчуудыг үнэхээр мартагдашгүй сайхан байлгаж чаддаг байж. Ширээг ховор амттан, шимттэнээр дүүргээд зогсохгүй “Эрчүүдийн зугаалга” хийхэд нь зохион байгуулж, залуу бүсгүйчүүдийг ч дуудан авчирч чаддаг байжээ. Ингэснийхээ төлөө намын данснаас нэг ч рубль авч байсангүй. Гэхдээ өөр аргаар зардлаа хангалттай нөхдөг байв. Краснодарын хязгаарын намын хорооны дарга С.Медуновын анхаарлыг ч ингэж л татаж, тойрон хүрээлэлд нь орсон гэдэг. Бородкина тэр байтугай ЗХУ-ын Дээд зөвлөлийн гишүүн, ЗХУКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Федор Кулаковт ч нөлөөлдөг байсан гэдэг. Ф.Кулаковыг нас барахад оршуулах ёслолд нь Краснодараас хоёр л хүн уригдсан нь С.Медунов, Б.Бородкина нар байсан гэдэг.  

Б.Бородкинагийн гэрт нэгжлэг хийхэд асар их хэмжээний гоёл чимэглэлийн зүйл, арьс, үслэг эдлэл, болор сав, маш их бэлэн мөнгө гарсан гэдэг. Цаасан дэвсгэртийг хивсэн дороо, халаагуурын батарей, шилэн саванд, хашаан дотор тоосгон дунд нуусан байсан нь 500 гаруй мянга болжээ. Нэгжлэг хийсэн цагдаа нар тэр эд баялгийг хараад ухаан алдах шахаж байсан гэдэг.

ЗОЛИОС БУЮУ МӨСӨН УУЛЫН ОРОЙ

Хэрэг нь хүндэрснийг мэдээд Б.Бородкинагийн ааш омог дарагджээ. Жил гаруй хоригдсоныхоо дараа тэрээр шизофрени өвчтэй болж жүжиглэсэн байна. Түүнд эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Чернов Бородкинаг энэ тал дээр маш авьяастай байсан хэмээн дурсжээ.

Эцэст нь тэрээр 561 834 рублийн авлига авснаа хүлээн зөвшөөрсөн тул авлига авсан /ЗХУ-ын Эрүүгийн хуулийн 2-ын 173/, онц их хэмжээний өмч шамшигдуулсан /93.1/ хэрэглэгчдийг залилан мэхэлсэн /2.156/ хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ялыг давж заалдах, өршөөл үзүүлэх боломжгүйгээр оноосон юм.

"Төмөр" Белла томчуудаар хүрээлүүлсэн хүн байсан. Тийм ч учраас заавал цаазлуулахгүйгээр өнгөрөх боломж байв. Ерөөс ЗХУ оршин тогтносон хугацаанд эмэгтэй хүнд цаазаар авах ял оноосон тохиолдол гуравхан удаа л гарсан.

Антонина Гинзбург буюу Парфенова нь 1500 гаруй хүнийг хороосон ч 168-ынх нь л нэр усыг тогтоож чадсан байдаг. Нөгөө нэг эмэгтэй нь Тамара Иванютина хэдэн арван хүнийг хордуулж алсан алуурчин. Гэтэл ийм хэрэгтнүүдтэй нэгэн зиндаанд аваачиж, буудан хороосон нь Б.Бородкина томчуудын талаар хэтэрхий ихийг мэддэгтэй нь холбоотой байсан гэж одоо дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-03 12:51

Энэ сэдвээр бас баримтад кино бг.

ZOCHIN
ZOCHIN
2022-12-03 14:44

HUN ER N BUHNIIG DIILJ BGAA UEDEE ,,,,BURUUDAH UEE CH GESEN BODOJ BH N L CHUHAL YMUUDAA.... BI ......

Монгол
Монгол
2022-12-05 10:45

Ард түмэнд хэрэггүй дэмий б�##�ай юм бичихээ боль. Луйвар ингэж хий гэж хичээл зааж бна .

Холбоотой мэдээ

Back to top button